ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.25 04:05

Б.Сарантуяа: Би мюзиклд дуулахыг мөрөөддөг байсан


Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай “Гэгээн муза” хүртсэнийх нь дараа ярилцлаа.

-Мюзиклд тоглож, шил­дэг туслах дүрээр “Муза” хүртэж, энэ жилийн драмын урлагийн наадмыг та нэлээн өргөж өглөө. Арав гаруй удаа болохдоо энэ наадам сүүл рүүгээ уйтгартай болж ирсэн л дээ. Өнөөдөр “Гэгээн Муза”-гийн онцлох үнэ цэн нь байсанд тань баяр хүргэе. Мюзиклд тоглох танд ямар байв?

-Би мюзиклд дуулах юмсан гэж мөрөөддөг байсан л даа. Оросын ч юм уу барууны одуу¬¬дыг хараад байхад дуу­лах гэсээр байтал нас нь явчих¬даг, дүр нь таарахгүй зэрэг асуудлууд байдаг юм билээ. Мюзиклд ер нь алдар­тай дуучид дуулдаггүй л дээ. Манайд бол хошин урлагт цөөн тооны алдартай жүжигчид, тэднийгээ тойроод   бусад туслах шинэ жүжигчид оролцдог шиг тиймэрхүү хувил­¬бараар мюзикл явах ёстой юм шиг надад санагддаг. Энэ үүднээсээ манай Драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах, дуурийн Ч.Түмэн­дэмбэрэл, Цогтдэлгэр гээд нэг ёсондоо урлагийн тайзнаа нэлээн туршлагатай хүмүүсийг сонгосон байна. Ромеод тоглосон “Акапелла” хамтлагийн дуучин, жүжигчин Мөнх-Од бол бас л олон кино сериалуудад тоглосон жүжигчин. Иймэрхүү турш¬ла¬гатай, бас хоолойтой дууч¬дыг сонгосон Лхагвадорж най­руулагчийн сонголт их зөв байжээ гэж бодсон. Бүх цэргийн дуу бүжгийн чуул¬гыг түшиглэсэн нь ч бас зөв болсон. Мөн Тебальдад тогло­сон Гантулга бол “Сити” дээд сургуулийн яг мюзиклийн ангийг төгссөн, үүнээс өмнө бас мюзиклд дуулчихсан, Монголынхоо хэмжээнд турш¬лага¬тай дуучин орж ирсэн. Ингээд уран бүтээлчдийн хувьд их сайхан цогц бүрдэж чадсан. Олон байгууллагын болон хувь уран бүтээлчид нэг баг болж ийм том цар хүрээтэй мюзиклийг гурван удаа тоглосон нь том ажил гэж би бодож байгаа. Ер нь анх удаа нэр дэвшиж байгаа уран бүтээлчид Гэгээн Муза хүртэнэ гэж бараг байдаггүй юм шиг байна л даа. Миний хувьд их азтай тохиолдол болсон юм болов уу. Уран бүтээлдээ гаргасан өөрчлөлт гэмээр ч юм шиг. Дандаа эстра¬дын дуу дуулдаг хүн дүр бүтээж, диалоги уншаад л. Өрлөг эх бол их өргөн дүр юм. Зодолдоно, уйлна, аргадна. Сүүлдээ инээдэмтэй ч юм шиг санагдаж байв. Анх Лхагвадорж найруулагч надад санал тавихад нь “Би ийм настай хүний дүр бүтээж чадахгүй байх, уучлаарай” гэсэн л дээ. Болдог бол хатаг­тай Капулетт юм уу Монтеки болчихмоор ч юм шиг санаг­даж байлаа. Эхэндээ тэр өрлөг эхийн дүрийг ямар өргөн болохыг нь би ойлгоогүй бай­лаа л даа. Гэтэл найруулагч маань юу ч гэсэн та линкээр ороод энэ мюзиклийг франц хувилбараар нь үзчих гэсэн юм. Мюзиклээ бүтнээр нь үзлээ. Тэгээд “Уучлаарай, миний алдаа байжээ. Би дуулъя” гээд саналыг хүлээж авсан. Дуулалт жүжгийн төрөлд туслах эмэгтэй дүр гээд нэр дэвшихэд хүртэл би маш их баярласан. Намайг маш их тоолоо гэж урам орж байлаа л даа. Дуучид бид бол муза авах байтугай нэр дэвшихэд “ээ, бурхан минь” л гэж бодно шүү дээ. Гэтэл авчихсан чинь их гоё байна. Мюзикл дуулалт жүжиг хоёрыг салгаж авч үзэх ёстой гэсэн яриа мэр сэр гарч байсан ч тэр нарийн ширийн юманд нь би нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Анх удаа нэр дэвшээд авч байгаа энэ шагнал бол ганцхан миний шагнал биш шүү дээ. Мюзиклдээ өгч байгаа шагнал юм.  

-Мюзикл тоглох танд ямар байв?

-Гайхалтай гоё байсан. Бэлтгэл сургуулилт дээрээ бүр уйлж байлаа. Анх удаа сонгодог, Шекспирийн бүтээлд дуулж, дотор нь ороод Меркусио алагдаад, Тебальд өнгөрөөд, хоёр хосын өмнөөс бас харамсаад би уйлсан. Тайзны ард нулим­саа арчаад зогсч байлаа. Гол нь Францын тэр агуу хөгжмийн зохиолч байна л даа. Тэр хүний аялгуунд нь би бүр автсан л даа. Агуу их, жинхэнэ уран бүтээл гэдэг хүнийг өөрийн эрхгүй татаад байдаг юм байна. Ярьж байгаа яриа маань нэг л үнэмшилгүй санагдаад би эхэндээ жаахан сандарсан. “Ромео чи Жульеттад хайртай юу?” гэх жишээтэй өөртөө би нэг л үнэмшилгүй санагдаж байлаа л даа. Миний хувьд анхны мюзикл болохоор мар­таг­дашгүй туршлага боллоо. Цаашид дахин ийм сонирхолтой дүр авч мюзиклд дуулах юмсан гэсэн бодол үлдсэн шүү. Үзэгчид маань ч их урам хайрлалаа. 

-“Муза”-гийн тайзан дээр та юу мэдрэв? 

-Жүжигчдийн дунд ороод харж байхад рок, попынхныг бодвол их эмоцитой улс шиг санагдсан. Жүжиглэлт гэдэг хүний сэтгэл зүрхнээс маш их хөдөлгөөн гаргадаг юм байна. Жишээ нь, би бүтэн концерт дуулахдаа бүх дуун дээр өрлөг эх шиг сэтгэл зүрхээрээ догдлохгүй байх. Өрлөг эхээс арай бага догдлох байх аа. Жүжигчин хүн зүрхээ хайрлаж байх ёстой гэдэг үнэн л юм байна. Маш их эмоци, дотоод сэтгэлгээ, гаднах тоглолт, дотоод тоглолт их шаарддаг юм байна. 

-Ерэн хэдэн он руу эр­гэж орцгооё л доо. Та ерэн зур­гаан онд ардын дуунд хандсан модерн этник маягийн тоглолт СТӨ-нд хийж, орчин үеийн хөгжимд том үсрэлт, тэсрэлт хийсэн. Тэр бол жинхэнэ монгол поп байж л дээ. Үйл явц чухам яаж эхэлсэн юм бэ?

-Би орос сургууль төгссөн хүүхэд, ээж минь якут. Монгол гэдэг юм надад бага байлаа л даа. Хэдийгээр эмээ өвөө дээрээ өссөн боловч орос сургуульд сурч, гэртээ оросоор ярьдаг, тухайн цаг үе маань ч тиймэрхүү орос соёлын нөлөө ихтэй. Хүн ер нь явж явж өөрийнхөө хамгийн муу мэддэг салбар руугаа явдаг юм байна л даа. Би эстрад дуу, барууны тэр үеийн ихэнх поп дуунуудыг цээжээр мэддэг байсан боловч ардын дуу байтугай ер нь монгол дуугаа дуулахдаа гадаад хүн шиг дуулдаг байлаа. Тэгээд ер нь энэ дуунуудыг дуулах юм сан гэсэн бодолтой яваад байсан. “Аргагүй амраг”-ийг бол аялах дуртай байсан юм. Яг юунаас эхэлсэн юм бэ дээ. “Зүүдний говь” гэдэг дууг ардын жүжиг­чин Чимэдцэеэ гуайн дуулсан нэг баримтат киног би үзсэн юм. Чимэдцэеэ гуай Элсэн тасархайн элсэн дээр зогсоод дуулдаг хэсэг бий. Тэр хэсгийг гэртээ магнитофонд хуулж аваад энэ дууг дуулъя гэж шийдсэн. Яг эндээс л эхэлсэн юм. Хөгжмийг нь Г.Пүрэвдорж гуай найруулсан юм. тэр бол хөгж¥мийн зохиолч Пүрэв­дорж гуай уянгын этник маягийн бүтээл хийж эхэлсэн үе л дээ. Дараа нь “Буян” компанийн дэргэд манай “Хөх тэнгэр” хамтлаг байгуулагдсан. Баруунд гарах зорилготой бай­гуулагдаж байлаа. Хөгжмийн зохиолч Пүрэвдорж, Энхбаяр, дуучин Ганхуяг, дараа нь Дашдондог, Өлзий-Орших, Цогоо бид хэд. Ая зохиогч Сансар ахтай монгол попын анхны “Хархорин” гэдэг дууг хийсэн юм. Поп стильтэй мөртлөө монгол пентатоник аялгуутай дуу. “Эрдэнэ зуу” байна. Энэ бүхэн эхлэл бай­сан байхгүй юу. Монгол попын суурь тэгж тавигдсан юм. М.Цэдэндорж гуайн шүлэг морин хуурын тухай дуу байна. Ингээд зөндөө дуу­нуудыг бид “Хөх тэнгэр” хамтлагтаа дуулсан. Ийм гоё гоё дуунуудыг дуулаад надад суурь нь тавигдчихсан байсан л даа. Тиймээс ардын дууг яагаад дуулж болохгүй гэж гэсэн бодлоор зориглож орсон л доо. 

-Ардын дууг ер нь дуу­лаад үзье гээд сурч эхэлсэн тухайгаа хэллээ. Гэтэл цаана нь монгол хөгжмийн таашгүй өргөн соёл өмнө тань гараад ирсэн байх. Үүнийг тухайн үедээ та ухаарч, анхаарч харсан байлгүй?

-Дууг нь анх бичээд авчих­сан байсан үе. Яагаад гэвэл, 1995 онд би “Инээмтгий хүн” цомгоо гаргачихсан бай­сан. Попыг үндсэндээ дээд хэмжээнд нь дуулчихсан бай­сан учраас цааш нь эрэл хайгуул хийж байсан үе л дээ. “Аргагүй амраг” дээр ч “Хайрын бурхан” гэхчлэн поп дуунууд орсон шүү дээ. Гэсэн хэрнээ өөрийн эрхгүй ардын дуунууд, хуучны киноны дуунуудыг дуулах хүсэл төрсөн хэрэг. “Баян Монгол” чуулгын дуу­чин, “Намуун байгаль”-ийг дуулдаг Эрдэнэчимэг найзтайгаа нэг удаа цагаан сараар ах эгчийнд нь очиж золгоод “Нүдний үзүүрт цэнхэртсэн…” гэж ирээд хоёр хоолойгоор дуулав. Тэндээс ер нь иймэрхүү дуунуудыг дуулбал яасан юм бэ гэсэн санаа төрж, Лувсаншарав гуайн “Холоос гүйдэлтэй борлог минь…” дуунаас эхэлж дуулсан даа.  

-“Нүгэл Буян”-г та үнэн­хүү гоё дуулсан. “Гоо¬лин­гоо”-д гэхэд л хоёр гуравхан хүн хандсан бай­даг. Ичинхорлоо гуайн хүрээ стиль, дараа нь Норов¬бан­зад гуайн сон­годог дэг, дараа нь таны модерн ханд¬лага байна. Тэр чинь бараг дангаараа манай хөгжмийн нэг том үзэл санааны чиг хандлага байж байгаа. Үгийг нь та сүүлийн хэсгийг нь өөрчилж дуулсан байх аа?

-Үгийг нь надад И.Цоодол гуай бүрэн эхээр нь зааж өгөө¬гүй шүү дээ. Уртын дуучин Цоодол гуай. Тэр хүнийг зураач Тэнгис-болд надад зааж өгсөн юм. Энэ сайхан дууг заалгаж ав гэж. Цоодол гуай ч надад шууд заагаад өгчихөөгүй. Энэ юу хийх гээд байгаа хүүхэд юм бол гэсэн үүднээс жаахан харзнасан байх. Би нэг дууллаа. Тэрийг маань диктофон дээр бичиж авсан. Намайг бодоод үгийг нь их зөөлнөөр аргалж хийж өгсөн юм. Залуухан, тэнэгхэн явсан юм чинь би тэр дууны нарийн ширийнийг мэдэхгүй л яваа хэрэг. Цоодол гуай надад “Аргагүй амраг”-ийн нугалааг зааж өгсөн, “Өнчин цагаан ботго”-ыг зааж өгсөн юм. Сүүлд 2001 онд “Өнчин цагаан ботго”-ыг би Норовбанзад гуайтай хамт тайзнаа гарч дуулсан шүү дээ. Тэр бол гайхалтай үйл явдал болсон.

-Бичлэг нь байгаа байх. Цомогтоо оруулах уу?

-Телевизийн бичлэг нь байдаг. Үүнийгээ сэргээнэ л гэж боддог. 

-“Аргагүй, амраг”, “Нүгэл буян” зэрэг ардын дуу­гаар эхэлсэн модерн этник хэв шинжээ та хэрхэн үргэлжлүүлэв. Орхиогүй биз дээ?

-Алдаагүй. 1996 оноос хойш “Салхины хээ”-гээр үргэлжлүүлсэн. 

-“Ихэр саран” байна?

-Тийм. Ингэж үргэлжилж явсаар байгаад “Аргагүй монгол аялгуу”-гаа нэгтгээд, бас хуучны бичлэгүүдээ өөрч¬лөөд үндэсний амьд хөгжим оруулж өгсөн юм. Үүний дараахнаас шанзны тоглолт моодонд их оров доо. “Аргагүй амраг”-ийг амьдаар тоглуулснаас хойш шанзны гурвал эд нар тувт тэрийг л тоглодог болсон байна лээ. “Гоолингоо” дээр хуучир оруулсан. Үнэхээр гайхалтай дуугарсан. 

-“Ихэр саран” бол онцгой сэтгэл татам дуу шүү дээ. Ямар нэг домог цаана нь бий юу. Шүлэг, хөгжмийг нь хэн бичсэн юм бэ?

-Ш.Гүрбазар гуай үгийг нь, хөгжмийг нь Б.Балхжав гуай зохиосон юм. Клипний зургаа зарим хэсгийг нь Хандгайтад, зарим хэсгийг нь Хөвсгөлд авсан. Одоогийн энэ “Х ТҮЦ”-ийн Бархүү цаатан залууд тоглосон байгаа шүү дээ. 

-Айхтар том том тоглолтууд, орчин үеийн хөгжмийн шинэ урсгалыг гаргаж тавьж байсан тэр үедээ та яг хэдэн настай байсан юм бэ. Гуч хүрээгүй байсан уу?

-Хорин тав, зургаатай л байсан. Ер нь хүн сайн үр суулгасан бол шимийг нь хожмын цагт ч хүртээд явдаг нь агуу л юм билээ. Юу ч гэмээр юм. Сарантуяа өөрийгөө шавхчихлаа гэж үзэж болохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, бүр цоо шинэ рүү яваад байхаар хуучнаа үгүйсгэж мартагнуулах муу талтай гэдгийг би ойлгож бодож явдаг л даа. 

-Х.Лхагва та хоёрын хам­¬¬тарч дуулсан “Анхны хайр” гэж гоё дуу байна. Үүнээс өөрөөр та хоёр хамт дуулаагүй юм байна, тийм ээ?

-Бид хоёр Өлзий-Оршихын тоглолт дээр нэг удаа хамт дуулсан. “Анхны хайр” гэдэг дууг миний “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт дээр Лхагва ханхүү болж дуулсан байгаа шүү дээ. 

-Цагийг эзэлсэн хоёр дуу­чин нэг дууг хамтарч дуулсан нь поп рокийн нэгэн цагийн түүхэнд том үйл явдал, сон­согч фэнүүдэд их том бэлэг юм. Дахин хамт дуулах бодол бий юу?

-Олуулаа дуулсан дуунд бид хоёр зөндөө дуулсан байх. Харин хамт дуулах өөр санал одоогоор ирээгүй байгаа. Би олон эрэгтэй дуучинтай хамтран дуулсан байдаг. Энэ дундаас Төмөрцог бид хоёрын дуэт, Ганхуяг бид хоёрын дуэт их сайхан санагддаг. “Анхны хайр” гэж Өөжгийгийн зохиосон дууных нь фактур ч гэсэн яг Лхагвааг бодож, Сарааг бодож, бид хоёрт зориулж зохиосон болохоор хүмүүст онцгой сэтгэг­¬дэл төрүүлэхээр болж чадсан байх аа. Бид залуу байсан, оргилуун сэтгэлтэй, гэнэн байсан тэр үеийг л харуулсан дуу юм.  

-Рок, поп хөгжимд Сараа, Лхагвагийн дараагийн үе, та хоёр шиг хүчтэй дуучид гарч ирэхгүй байх шиг. Юутай хол­боотой гэж та боддог вэ?

-Амьд хөгжимтэй тоглосон дуучид урт настай байдаг юм болов уу гэж би боддог. Залуу дуучдыг хараад байхад авьяас нь хангалттай байгаа боловч ур чадвар, хувийн зохион бай­гуулалт их дутагдаж харагд¬даг. Хөгжихгүй байна л даа. Чадалтай чадалтай хүүхдүүд орж ирээд л унтраад байгаа байхгүй юу. Час гээд асаад л шүдэнз шиг унтраад байгаа юм. Хүчтэй үе гарч ирэхэд маш их тэвчээр, хөдөл­мөр шаардана. Багтай хамтран ажиллах чадвар, өөрийгөө боловсруулахдаа байнга бусад­-тайгаа хамтарч баг болж явж боловсрох шаардлагатай бай­даг. Ганцаараа буланд суугаад боловсрохгүй шүү дээ. Сайн уран бүтээлчид бол байна.

Н.ПАГМА 

Онцлох нийтлэлүүд