ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.06 09:09

Б.Тулга: Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан иргэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж шүү дээ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-МАХН Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэлээд бэлдсэн. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан л даа. Нөхөн сонгууль ирэх он хүртэл хойшиллоо. Хугацааг нь наашлуулах боломж байгаа юу?

-УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг Үндсэн хуулийн Цэц өөрийг нь удирддаг бүлэглэлийн даалгаврын дагуу зөрчлөө. Үндсэн хуулийн Цэц бүлэглэлийн захиа даалгаврыг, бүлэглэлийн өөрсдийнх нь оролцоотойгоор Үндсэн хуулинд заагдсан “төрийн эрхийг барих” эрхийг эрээ цээргүйгээр зөрчсөн шийдвэр гаргалаа.

-Яагаад?

-Учир нь Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан төрийн албан хаагч гээд байгаа иргэн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж шүү дээ. У.Хүрэлсүхийн албан тушаалын эрхийг нь хангахын тулд Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн нь үнэн. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог үнэхээр барцадтай байна л даа. Тус тойргоос сонгогдсон гишүүн нь хэрэгт холбогдсон тул тойргийнх нь иргэд бүтэн жил бараг төлөөлөлгүй байсантай ялгаагүй явж ирсэн. Үүнийг нь дахиад нэг жилээр сунгана гэдэг бол үндсэндээ Хэнтий аймаг төрийн эрх барих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Энэ хямралт байдал руу Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж буй Д.Одбаяр түлхсэн. Энэ хүн МАН-ын томилгоогоор очсон хүн. Үндсэн хуулийн Цэц нь Цэц шиг байгаад тэнд чадвартай хүмүүс очсон бол Сонгуулийн тухай хуулинд байгаа нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө гэдэг заалтыг хүчингүй болгосон бол У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь МАН-аасаа нэр дэвшин өрсөлдөөд бусад намуудаас хүмүүс нь нэр дэвшээд, хамгийн гол нь Хэнтий аймгийн иргэд Үндсэн хуулинд заасан төрийн эрхийг барих эрхээ эдлэх боломжтой байлаа. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа барихыг хүсээгүй. Тиймээс нөхөн сонгуулийг хойшлуулж өөрийг нь удирддаг бүлэглэлд үйлчилсэн.

Монгол Улсад өнөөдөр шүүх, Үндсэн хуулийн Цэцээс эхлээд төрийн байгууллагууд хэний төлөө шийдвэр гаргаад байна вэ гэдгийг дүгнэх цаг болсон. Хэрээс хэтэрлээ. Хүүхэд хүчиндүүлээд амиа алдахаар хүүхдийн буруу, Их хурлын гишүүн хүчингийн хэрэгт холбогдохоор хуулийн мухардалд ордог ийм байдал газар авлаа. Монголын ард түмэн тэнэг биш шүү дээ. Бүгд харж байгаа. Хямрал дээд цэгтээ хүрч байгаагийн илрэл. Энэ бүгдийг засахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Цэцийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох ёстой. Хэнтий аймгийн иргэдийн эрхээ эдлэх бололцоог засч гаргах хэрэгтэй. Үүнийг МАХН шахаж шаардана.

-Ирэх оны зургадугаар сард ч гэсэн нөхөн сонгууль явуулахгүй байх хүсэл МАН-д байгаа юм биш үү. 2020 оны УИХ-ын сонгууль болтол 42 дугаар тойрог эзэнгүй байх юм биш биз?

-МАН-ынхан манай намд 64, 65 гишүүний ялгаа байхгүй гэж яриад байгаа юм. УИХ-ын гишүүн гэдэг чинь Хэнтий аймгийн 17 мянган иргэний төр барих эрх болохоос 64, 65 гишүүний ялгаа биш. Ингэж болохгүй. МАН тэр дундаа У.Хүрэлсүх нөхөн сонгууль явуулахгүй гээд байгаа гол шалтгаан нь ард түмэнд дүнгээ тавиулахаас айж байна. 60 тэрбумын асуудал, төрийн яаман дээр түшмэдүүд нь бие биенийхээ амийг хохироосон. Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт нь үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдалтай талийгаачийн буруу болоод гарч байна. Үүнийг ч гэсэн ард түмэн харж л байгаа шүү дээ.

Өмнө нь эрх баригчид нэр дэвшигчийг нь сонгуульд оруулахгүй хасдаг байсан. Дараа нь нэр дэвшиж байгаа намыг нь хасдаг болсон. Одоо сонгуулийг нь хасдаг боллоо. Хэрээс хэтэрсэн үйл явдал болж байна. Хэрэв бид засаг шиг засаг, төр шиг төртэй байсан бол хэзээ ч Үндсэн хуулийн Цэцийн дарга ийм шийдвэр гаргаад сууж байхгүй. Бидэнд нүүрлэсэн засаглалын хямрал, 60 тэрбум ингэж нөлөөлж байгаа юм.

-МАХН өнөөдөр (өчигдөр) Бага чуулганаа хуралдуулж байна. Хэрэв нөхөн сонгууль болохгүй гэчихсэн байхад МАХН заавал Бага чуулганаа хуралдуулах шаардлага байв уу?

-МАХН-ын үйл ажил-лагаа Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн удир-дамжийн дагуу ажлаа төлөвлөсөн. Энэ хүрээнд Бага чуулганаа зарласан байсан. Бага чуулгандаа оролцохоор Монгол Улсын аймаг бүрээс ирдэг. Тиймээс яалт ч үгүй хуралдаж байна. Бага чуулганаараа бид өнөөдөр үүссэн энэ завхралыг авч хэлэлцэнэ. Тэр нь ҮХЦ, МАН, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа юм.

-Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль яг болох уу?

-Болох ёстой. Аравдугаар сард л нөхөн сонгууль болохыг хойшлуулсан болохоос ирэх оны зургадугаар сард сонгууль явуулахыг хориглоогүй. Бүтэн жил иргэдийн сонгох эрхэд халдаж болохгүй. Хэнтий аймгийн иргэд УИХ-ын гишүүнээрээ дамжуулан төсөв хуваарилахаас эхлээд төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Ямар хүмүүс нь тэр эрхээ эдлээд ямар нь эдлэхгүй байдаг юм. Ганцхан У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж гэдгээр нь тэр хүний эрхийг хамгаалдаг, тэнд амьдарч байгаа 17 мянган иргэний эрхийг хөсөр хаяж болохгүй л дээ. Уг нь Үндсэн хуулийн Цэц энэ заалтыг нь болиулах ёстой байхгүй юу. Хэзээ орно, гарна, түүн дээр хэзээ ч нөхөн сонгууль явуулж болно шүү дээ. Заавал аравдугаар сарын эхний долоо хоног байх ёстой гэж. Яагаад бусад өдөр болдоггүй юм. Багш нар, эрдэмтдийг сонгуульд оруулахгүй зорилгоор энэ заалтыг хийсэн байхгүй юу. Үндсэн хуулийн Цэц хүний сонгох, сонгогдох эрхийг бодож байсан бол уг заалтыг хүчингүй болгох ёстой байсан. Энэ завхралаа арилгаад ирэх оны зургадугаар сард биш, энэ онд багтааж нөхөн сонгуулиа явуулах ёстой. УИХ нэг өдөр хуралдаад нэг тоо солиод л болох асуудал. Гол нь хүсэхгүйдээ байгаа. МАН-ынхан өөрсдөдөө итгэхгүй байгаагаа мэдэж байна.

-У.Хүрэлсүх гэдэг ганц хүний албан тушаал, эрх мэдлийг авч үлдэхийн тулд ингээд байна уу. Ёс зүйгүй үйлдэл мөн үү?

-Өөр яана гэж. Ёс зүйгүй байтугай Үндсэн хуульд төрд байж болохгүй зүйл. Бүх хүн энэ Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Сүүлдээ бүлэглэл өөрсдөдөө зориулсан, өрсөлдөгчдөө зориулж хориглосон, хаасан хууль баталдаг болсон. Нэг хүнд зориулаад яаж Эрүүгийн хуулийг хойшлуулж байлаа даа. Монголын төрийг нэг бүлэглэл удирддаг болчихож ээ. У.Хүрэлсүхээс эхлээд бүгдээрээ энэ бүлэглэлийн эрэг шураг болчихсон. Тиймээс үүнийг засах ёстой. Тэр нь Үндсэн хуулийг өөрчлөх. 1992 онд баталсан Үндсэн хууль маань үүргээ гүйцэтгэжээ. Үндсэн хуулийн цоорхойг далимдуулаад бүлэглэл бидний дээр гараад суучихлаа. Өөрсдөдөө зориулж хууль гаргуулдаг, Үндсэн хуулийн Цэцээр шийдвэр гаргуулдаг. Үүнийг засахын тулд ард түмэн маань Үндсэн хуулийг өөрчлөх бидний зорилгод нэгдээсэй. Бид БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулаад бүх шатны төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Бүх ард түмэн маань унших ёстой.

-Бага чуулганаар ямар асуудал хэлэлцэж байгаа юм бэ. Ирэх оны зургадугаар сард болох нөхөн сонгуульд нэр дэвшигчээ сонгох гэж байгаа юм биш биз дээ?

-Энэ удаагийн Бага чуулганаар хэлэлцэх асуудлаас нэр дэвших асуудлыг хойшлуулна. Бидэнд Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгуулийг зохион байгуулах бололцоогүй боллоо” гээд бичиг ирсэн. МАХН энэ ондоо багтаж нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуул гэсэн шаардлага гарах байх.


Онцлох нийтлэлүүд