ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.10.19 09:10

Б.Түвшинтөгс: Сошиал бол мэдээлэл дамжуулах хурдтай болохоос орлого оруулах хурдтай биш


“Үндэсний маркетингийн агентлаг”-ийн захирал, маркетингийн зөвлөх Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Техник технологийн дэвшилтэй уялдаж сошиалаар худалдаа наймаа эрхлэх явдал нэмэгдэх боллоо. Энэхүү маркетинг үнэхээр үр ашигтай байж чадах уу?

-Маркетингийн менежерүүд бараа бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд дүрийг бүтээдэг. Олны танил эрхмүүдийн ард тусгай баг бүрэлдэхүүн, продюсер ажилладаг гэсэн үг. Урлагийн менежмэнт өөрөө дүрийг бий болгоод тэр дүрийнхээ зураг, цомгийг зарж борлуулдаг. Ерөөс дүрийн бизнес нь сошиал медиа болсон гэсэн үг. Ерөнхийдөө маркетингийн менежмэнтийн ирээдүй нь дүрийн бизнес болж хувирч байгаа. Өмнө нь продюсер, стильст зэрэг нийлж ажилласны үндсэнд дүрийг бүтээдэг байсан. Харин одоо эдгээр хүмүүсийн хөдөлмөр нь өөрөө дижитал болж хувирсан. Энэхүү мэргэжилтнүүд нэгдсэнээр дижитал зах зээлд тодорхой орон зайгаа тавьж өгч байна. Гэхдээ энэ мэргэжлүүд устаж байна гэсэн ойлголт биш. Хэдийгээр хувь хүн бие дааж сошиал платформуудыг ашиглаад “од” болсон ч бай үүний ард заавал мэргэжилтнүүдийг шаарддаг. Мэдээж хувь хүн ганцаар энэ олон ажлыг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр олны танил эрхмүүд мэргэжилтнүүдийн тусламжтайгаар илүү хүчтэй “од” болж чадна. Фэйсбүүк, твиттер байхад найруулагчаар яах юм бэ, инстаграм байхад стильст шаардлагагүй гэвэл өрөөсгөл ойлголт болно. Яг үнэндээ инстаграм таны нүүрийг будаж, дүрийг тань тодорхойлж чадахгүй л болов уу. Тэгэхээр ухаалаг нөлөөлөгч нар эдгээр хүмүүсийн хэрэгцээг мэдэрдэг. Продюсер, найруулагч, зураглаач зэрэг мэргэжлийн баг хамт олны хүчийг ашигласан дүрүүд бизнест илүү ашиг өсгөж чадна. Энэ хүмүүсийн хэрэгцээг үнэлээгүй нөлөөлөгч таны борлуулалтыг өсгөх нь юу л бол. Сошиал медиад олны танил болсон хүмүүс нөлөөлөгч мөн үү ... Мэдээж мөн. Гэхдээ хагас нөлөөлөгч гэсэн үг.

-Тэгвэл эд бараагаа зарах сонирхолтой бизнесийнхэн олон мянган дагагчтай хэн нэгэнд найдаж хэдэн сая төгрөг цацах бус мэргэжлийн багт найдсан нь илүү үр нөлөөтэй гэсэн үг үү?

-Багийн тусламжаар л тухайн бизнесийн эздийн хүсэж байгаа үр дүнг бий болгож чадна. Бидэнд аль хэдийнэ танил болсон дуучин инстаграмдаа 300 мянган дагагчтай байлаа. Түүнд “Энэ усыг рекламдаад өгөөч ээ” гэж хэлээд хоёр тал тохиролцоод 10 сая төгрөг өгсөн байя. Тэр усыг нэг удаа ууж харагдахад фенүүд нь бүгд тэр дуучныг шууд даган дуурайх нь юу л бол. Хэрэв менежмэнт маркетингийн багтай, найруулагчийн тавилттай, эх зохиогчтой ийм инфлюенсертэйгээр тэр барааг сурталчилбал арай өөр дүр зураг ажиглагдана. Хэзээ худалдан авалт өсөхийг маркетиорууд тооцно. Тухайн дүрийг ямар үед яаж харагдуулахад нь стильстүүд анхаарна.

-Олон мянган дагагчтай олны танилууд худалдан авагчдад нөлөөллийг бүрэн гүйцэд өгч чадахгүй байх нь. Тэгэхээр бизнесийнхэн тэдэнд мөнгө төлж сурталчилгаа хийлгэх нь ашигтай ажиллагаа болж чадах уу?

-Олны танилуудыг нөлөөлөгч хэсэг гэж андуурах тал байна. Тэгэхээр бизнесийн байгууллагууд тухайн нөлөөлөгчийг тодорхой менежмэнттэй юу гэдгийг ялгаж салгаж харах хэрэгтэй. Ингэж чадвал аль нөлөөлөгчид хэдий хэмжээний мөнгө төлөх вэ гэдэгт хариулт олно.

-Тэгвэл зарим хэсэг нь хулхины live явуулаад байна уу даа?

-Менежмэнтийн ямар ч баггүй, бизнесийн байгууллага нь хараат бус болчихсон ийм бизнесийн хувьд нөлөөлөгчийг шууд сонгох нь эргээд эрсдэл, алдагдал болно. Тэрхүү нөлөөлөгчид дор бүрнээ 300 мянган үзэгч, сонсогч, дагагчдаа зарж байна гэсэн үг. Тэдгээр дагагчдынх нь дунд судалгаа хийж үзэх хэрэгтэй. Мэдээж дуунд дуртай хүмүүс л тухайн дуучныг дагана. Түүнээс биш сурталчилж буй барааг нь харах гэж биш. Өөрөөр хэлбэл, өөр зорилготой цугласан 300 мянган хүн байгаа. Тэгэхээр таны рекламдсан бүтээгдэхүүнийг үнэхээр сайн гэдгийг нь мэдээд, шүтээд, ухамсарлаад хэрэглэж байгаа хүмүүсийг цуглуулна гэдэг амаргүй. Яагаад ч нэг дуучны бүх дагагчдыг тэр барааг хэрэглэхэд хүргэхгүй. Харин тухайн бүтээгдэхүүн нь өөрөө хүмүүсийг дагуулах ёстой. Тиймээс ч үүнд жинхэнэ контент менежмэнт хэрэг болно. Манайхан бүх зүйлийн араас л маркетинг гэдэг үгийг залгаж байна. Яг үнэндээ фэйсбүүк маркетинг гэж юу байхав. Урьд нь телевиз, радио эсвэл өдөр тутмын сонины маркетинг гэвэл тухайн сониныг яаж олон хүнд захиалуулах вэ гэдэг санаа биз дээ. Фэйсбүүк бол дижитал мэдээллийн суваг болохоос маркетингийн загалмайлсан эцэг биш. Энэ бол онолын мэдлэгийн зөрүү байхгүй юу. Өөрөөр хэлбэл, маркетингийн тусдаа салбар биш, зүгээр л мэдээллийн нэг суваг. Фэйсбүүкийг маркетингид хэрхэн ашиглах вэ гэх болохоос биш, энэ нь өөрөө маркенг биш. Тодруулбал, сошиал нетворк платформыг маркетингдаа хэрхэн ашиглах вэ гэвэл зөв болно. Түүнээс биш инстаграм маркетинг гэж яривал инстаграм гэдэг компанийг яаж гоё болгох вэ гэдэг юм болчихно. Твиттер маркетинг гэдэг ойлголт байхгүй. Энэ нь өөрөө мордохын хазгай болно.

-Тэгвэл сошиал сувгийг маркетингдаа хэрхэн ашиглах вэ ?

-Сошиал сувгаар маркетингийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь гэдэг ч юм уу ийм хэллэг байж болно. Ер нь бол сошиал сувгуудын нөлөөлөл 0.02-хон хувьтай байдаг. Та бүхэн инстаграмд 100 мянган хүн үзсэн бизнесийн зорилготой контентын комментыг нь тоолоод үзээрэй. Тухайн бичлэгийг бүхэл бүтэн 100 мянган хүн үзчихээд байхад үсрээд л 200 хүн коммент бичсэн байгаа. Энэ нь 100 мянган үзэгчдээс 200 хүн нь үйлдэл хийснийг илэрхийлж байгаа юм. Тэрхүү 100 мянган үзэгчтэй бизнесийн зорилготой видеоны доор “Би энэ барааг авъя” гэж 200-хан хүн коммент бичсэн байна. Гэтэл яг бодит худалдан авагч нь 100 гаруй хүн байна. Тэгэхээр нөлөөлөл нь маш бага байгаа биз. Сошиал медиа бол мэдээлэл хүргэдэг хэрэгсэл мөн үү ... Мэдээж мөн. Харин худалдаж чадаж байгаа суваг мөн үү гэвэл сонин, телевизийг яагаад ч гүйцэхгүй. Сүүлийн жишээг хэлэхэд, KFC компанийн “Өлөн бай” гэх сурталчилгаа сошиалаар явсан уу, үгүй. Энэ том самбаруудаар дамжуулан хүргэсэн шүү дээ, тэр самбарууд тэгж нөлөөлсөн байх нь. “Өлөн бай” гэдгээр дамжуулан самбарын хүч хэвээр байсаар байгааг харууллаа. Одоо ч гэсэн сошиал хэрэг алга, ямар ч үр дүнгүй баахан мөнгө гарздаад гэсэн захирлууд нь буцаад телевиз, сонин руугаа рекламаа өгөөд эхэлсэн. Тэгэхээр энэхүү нөлөөллийг тэнцвэртэй түвшинд барих ёстой. Өөрөөр хэлбэл, сошиалыг орхиж огт болохгүй, гэвч 100 хувь үүнд найдаж хэрэггүй гэсэн үг. Угаас 100 мянган хүн үзэхэд 200 хүрэхтэй үгүйтэй хүн л худалдан авалт хийх нөлөөллийн суваг шүү дээ. Сошиал бол мэдээлэл дамжуулах хурдтай болохоос орлого оруулах хурдтай биш.

-Үзэгчид 100 мянган дагагчтай олны танил нөхрийн үйлдлийг сонирхохоос биш, тухайн сурталчилж буй барааг тогтож сонирхох уу гэдэг нь эргэлзээтэй байх ?

-Энэ чинь нөгөө л 0.02 хувь байхгүй юу. Би сошиал медиаг үгүйсгэхгүй. Энэ бол яг мэргэжлийн хэлээрээ “Сошиал медиа” буюу мэдээллийг суваг. Яг хэдэн хүн үзэж харсан гэдэг хэмжүүр байгаа нь сошиал медиагийн давуу тал болно. Тиймээс бизнесийнхэн хэмжүүртэй, ухаалаг мэдээллийн суваг руу хошуурахаас аргагүй. Сошиал медиагаар цацаад л тухайн рекламыг дуустал нь хэдэн хүн үзэв, эерэг сөрөг коммент хичнээн байгаа зэргийг цаг минутаар нь салгаад харуулж байна шүү дээ. Тиймээс сошиал медиаг сайлж муулахаас илүү үүнтэй өрсөлдөж ажиллах хэрэгтэй.

-Сурталчилгааны цаана бүхэл бүтэн баг ажиллах ёстой гэж ярилаа. Тэгвэл сошиал медиа ганц хүн утасныхаа цаанаас бараагаа сурталчлаад захиалга авах бүрэн боломжийг олгосон юм биш үү. Тэгэхээр бараагаа сурталчлуулж байгаа компани нэг хүнд найдах цаг үе ирсэн байна, ганц хүнд л мөнгө өгчихвөл зарлага багатай байх болов уу ?

-Үгүй л дээ. Контентууд зөвхөн студи, зөвлөх менежерүүдийн гарт байсан бол одоо контентыг дурын хүмүүс нь хийх бололцоог технологи бий болгосон. Гэвч нөлөөтэй контент гэж юу вэ гэдгийг мэддэг хүмүүс амьд хэвээр байгаа. Контент гэдэг бол жирийн нэгэн хүний бодлоос үүссэн ажил огтхон ч биш. Үзэгчдэд нөлөөлөх контентыг хэрхэн хийх вэ гэдгийг мэддэг эх зохиогч, найруулга зүйн мастерууд, өнгөний нөлөөллийг мэддэг зураачид дижитал платформуудыг эзэмшсэн сууж байгаа. Тэд ямар ч тохиолдолд сонирхогчдыг гүйцэх нь тодорхой. Тэгэхээр эргээд л менежмэнтийн багийг шаардах асуудал гэсэн үг. Магадгүй хүн болгонд контентыг үнэгүй хийж болох юм шиг санагдаж байгаа. Яг үнэндээ ялсан контент хийнэ гэдэг нь угаас мэргэжлийнхний ажил. Зах дээр бараа зарах, томоохон сүлжээ дэлгүүрт өрөлт хийж, зааланд хүмүүс ажиллах хоёр чинь зөрүүтэй ойлголт шүү дээ. Сошиал медиа одоогоор хар зах шиг байгаа боловч ирээдүйд мэргэжилтнүүд ялах нь тодорхой. Хамгийн гол нь контент менежмэнттэй сошиал медиа менежмэнтэд манай бизнесийнхэн хөрөнгө оруулахгүй байгаад л асуудал бий. Хэрвээ би мэдээллийн группийн удирдлага байсан бол сошиал медиа менежмэнтийн багт хөрөнгө оруулаад ялах байсан. Цорын ганц инфлюенсерт мөнгө төлбөл ялалт амархан ирэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, нэг нөлөөлөгч бус, нийт нөлөөлөгчдийн багт захиалга өгвөл илүү үр дүнтэй гэсэн үг. Жишээ нь, бүх телевизээр цацаж, бүх сонин дээр нийтлэхэд үр дүн нь өндөр байдаг шүү дээ. Яг түүн шиг бүх инфлюенсерүүдэд хандахаар бас л үр дүн өндөр байна.

-Хэдийгээр фэйсбүүк, инстаграмд хар захын наймаачид байгаа ч үзэгчид мэргэжлийн сурталчилгааг хүсэх нь тодорхой гэж хэллээ. Тэгвэл сошиалын сурталчилгаа баталгаагүй учраас бүх барааг зарах найдваргүй гэсэн үг үү?

-Бараагаа заруулж буй байгууллагад ашигтай бус гэж хэлж болохгүй. Энэ нь хүн болгоны мэддэг компаниудад л ашигтай. Харин хүмүүсийн огт мэдэхгүй компаниудын хувьд зөвхөн танигдах ашигтай болохоос биш худалдагдах ашигтай биш. Жишээ нь, Мобикомын талаарх мэдээллийг нэг инфлюенсер хэлэхэд энэ дугаарыг хэрэглэдэг олон хүнд маш хурдан нөлөөлнө. Тэгэхээр танигдсан бизнесүүдэд борлуулалтын ашигтай. Харин танил бус бизнесийн хувьд танигдах магадлал өндөртэй болохоос биш худалдагдах магадлал бага байдаг. Тэгэхээр тухайн бизнесийн наснаас хамаарна. Үүнийг шууд үгүйсгэж болохгүй.Сошиал нөлөөлөгчдийг ашиглаж ийм цэвэр ус байдаг юм байна гэж нэр тогтоолгох, таниулах үйл ажиллагаанд маш сайн. Харин худалдан авахуулах, үйлдүүлэх үйл ажиллагаанд тийм ч сайн биш.

-Амандаа багтсан үнээ хэлээд ороод ирэх жишиг ч сошиалд ажиглагддаг. Бараагаа гаднаас гурван доллараар худалдаж авсныг хүмүүс мэдэхгүй юм чинь 30 доллараар нугалаад заръя гэдэг хандлага бий?

-Яахав, энэ чинь хөгжлийн жам ёс шүү дээ. Угаас бүх юм ингэж л эхэлдэг. Сонины салбар гэхэд 1990-ээд оны эхээр бараг 1000 шахам сонин гарсан байх шүү. Харин өнөөдөр 30 хүрэхгүй үлдсэн. Тэгэхээр чанартай сайн менежмэнтээр ажилласан баг нь амьд үлдсэн байгаа биз. Үүнтэй адил одоо сошиал руу бүгд орж байгаа нь маш сайн. Тэндээс 30, эсвэл 300 инфлюенсер үлдэж, бусад хаягууд нь зүгээр л зургийн альбом болоод дуусна. Харин жинхэнэ менежмэнттэй инфлюенсерүүд эцэст нь ялна.

П.САЙНЖАРГАЛ

Онцлох нийтлэлүүд