ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.04.28 12:04

Б.Цогзолмаа: Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчлэх олон арга бий

Сүүлийн үед хүүхдийн ханиад томуу их байгаа учир хүүхдийн эмнэлгүүд нэлээд ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Өчигдөр зарим хүүхдийн эмнэлгээр орж сурвалжлага бэлтгэлээ. Тухайлбал, Баянгол дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн төвд нэлээд очертой, 0-5 насны хүүхдүүд ирчихсэн байна. Бага насны хүүхдүүд гэнэт халуураад, халуун нь буухгүй, сүүлдээ биеэ даахгүй болсон зовиуртай ханиад байгаа гэнэ. Нэг хүүхдийг нэг 20 орчим минут үздэг учраас өглөө оройгүй нэлээд очер дараалал үүссэн байдаг юм байна.

Хүүхдээ үзүүлэхээр ирсэн Баянгол дүүргийн иргэн Г.Мөнхнарангаас зарим зүйлийг тодруулахад “Манай хүүхэд дөрвөн настай. Хоёр хоногийн өмнөөс халуураад, одоо бие нь сульдсан. Унтамхай байдалтай байна. Халуун нь буусан ч дахиад л халуурчихаад байх юм. Эмчид үзүүлсэн чинь хатгаа болсон гэж байна. Хоолой нь өвдөөгүй, нус гоожоогүй, ханиалгаагүй хэрнээ шууд халуураад байдаг муухай ханиад байна. Энэ ханиадны үед эм өгөхгүйгээр халууныг нь буулгавал сайн гэсэн. Манайх эм өгөөд хүндрүүлчих шиг боллоо. Баянгол дүүргийн эмнэлэгт ор хүрэлцээ муутай байгаа. Гэхдээ сүүлд орсон хүмүүсийг коридороор хэвтүүлээд, нэг хоёр хоногийн дараагаас ор гарахаар тасаг руу оруулах гэх мэтээр зохицуулж байгаа гэж байна. Манай хүүхдэд хэвтэх бичиг хийж өгсөн ч би хүүхдээ гэрээр сайн эмчилчихье гэсэн бодолтой байна. Хэт олон хүүхэд хэвтэж байгаа бол эмнэлэгт сайнгүй байдаг юм” гэж ярилаа.

Амар-Мед хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Цогзолмаатай ярилцлаа.

-Юунаас болж ханиад хавар их дэгддэг вэ?

-Ханиад буюу амьсгалын замын цочмог халдвар нь хүйтэн сэрүүний улиралд элбэг тохиолддог бөгөөд хүүхдийн өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа өвчин юм. Хаврын улиралд яагаад ханиад томуу ихэсч, хүндэрдэг вэ гэхээр нэлээд хэд хэдэн шалтгаан бий. Хаврын улиралд тодорхой вирусийн идэвхжил нэмэгддэг. Цаг агаар тогтворгүй болж хүүхдүүд даарах халууцах зэрэг халуун хүйтэн харших нөхцөл бүрдэнэ. Мөн хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн их болох, олон нийтийн газар бага насны хүүхдээ авч явснаас болж амьсгалын замын өвчнөөр өвчилж байна. Дотоод орчны цэвэрлэгээ, үйчилгээ чийгшилт хангалтгүй байх. Хүмүүсийн ил задгай хаясан нус, шүлс, цэр болон хүн болон амьтдын өтгөн шингэний ялгадасны нян вирус хуурай агаарт дэгдэж, хүний амьсгалын замаар нэвтэрч өвчлүүлдэг. Хоол хүнсэнд тэжээллэг шимт бодис багасах, шингэн хангалттай уухгүй байх зэрэг шалтгаанаас болж өвчилж байна. Хаврын улиралд хүний дархлаа суларч ядарсан байдаг нь ханиад томуу дэгдэх, өвчлөх, хүндрэх нөхцөл болсоор байгаа юм.

-Ямар ханиад энэ хавар дэлгэрч байна вэ?

-Хавар цагт аденовирус, RS вирусийн халдвар, томуугийн А, В хүрээний вирусийн халдвар, энтеровирусийн халдвар тархдаг. Вирус бүрийн халдварын үед илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг тул ээжүүд олон янзын зовиур илэрч байгаа тухай ярьдаг. Гэхдээ эдгээр нь ямар ч шинж тэмдэг илэрч байсан вирус гэдэг зүйлээр үүсгэгдсэн тул яаран антибиотик хэрэглэж болохгүй. Ээж аавууд хамгийн сайн эм уулгаад ханиадыг нам дарна гэж бодоод байдаг. Ханиадыг хурдан эдгээхэд эм уулгахаас өөр олон сайн арга бий.

-Ямар арга үр дүнтэй гэсэн үг вэ?

-Нэгдүгээрт, орчноо чийгшүүлэх. Чийгшүүлэхийн тулд том амсартай саванд ус хийж тавих чийгтэй алчуур дэлгэх, шалаа өдөрт хоёроос доошгүй удаа халуун усанд базсан даавуугаар арчих агаар чийгшүүлэгч ажиллуулах нь өвчин хурдан эдгэрэхэд тустай. Хоёрдугаарт хүүхдийн хувцсыг сайтар тохируулж өмсгөх. Хүүхдээ ханиадтай халуураад байна гээд хэтэрхий бэгнээд байдаг халууцсан хүүхдүүд хүйтэн ус уух, хөлөрсөн байж байгаад салхинд цохиулж өвчнөө хүндрүүлчихдэг. Тиймээс хүүхдийн хувцас орчиндоо тохирсон даархааргүй хэрнээ халууцахааргүй агаар хөлс сайн нэвтрэх даавуун материалаар хийгдсэн байх шаардлагатай.

Гуравдугаарт, гэртээ агаар оруулах. Хүүхдээ өвдөхөөр эцэг эхчүүд цонхоо хаагаад агаарын солилцоогүй битүү орчинд хүүхдийг байлгадаг. Хүүхдэд хүчилтөрөгч дутагдаж, бохир нян вирустэй агаараар байнга амьсгалах нь дахин вирусийн халдвар авах, хүндрэх аюултай тул агаарын солилцоог цаг агаартай зохицуулан хоёр цаг тутам хийж байх нь ханиадыг хурдан эдгээхэд тустай байдаг.

Дөрөвдүгээрт, өвчтэй хүүхдэд ус, шингэн хярам, байхуу цай, шингэрүүлсэн жимсний шүүсийг хангалттай сайн уулгаж байвал өвчин шаналгааг багасгах, халууныг хурдан буулгах, хордлогод оруулахгүй байх сайн талтай. Тавдугаарт, шимт бодисоор баялаг, витаминлаг, тэжээллэг хоолоор хооллох нь өвчтэй хүүхэд хурдан эдгэрэхэд тустай байдаг. Дээрх таван зүйлийг баримтлаад дээрээс нь өөртөө хүүхдэдээ тохирсон хөдөлгөөн хийж байвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед хурдан эдгэрэх дээрх аргуудыг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй.

-Хаврын цагт ямар хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих ёстой вэ?

-Бид монгол хүн эх орныхоо цаг уурт зохицсон уламжлалт хоол хүнстэй ард түмэн. Хаврын цагт шимт бодисоор баялаг, витаминлаг хүнс болох өндөг, мах, дүпү, шар тос, өрөм, бяслаг, ааруул, ээзгий, гурвалжин будаа, шар будаа, хөц будаа, сэвэг зарам, бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан төмс, лууван зэрэг хүнсний ногоо, аньс, нэрс, чацаргана зэргийг тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ингэж байж өөрийн болон үр хүүхэд, эцэг эх өндөр настныхаа, гэр бүлийнхнийхээ дархлааг дэмжинэ.


Онцлох нийтлэлүүд