Нийгэм
2021.03.11 03:03

Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” кино маань монголчуудын шинэ идеалыг бий болгоно

МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт, Олон улсын театрын “Гэгээн Муза” академийн алтан цомын эзэн, МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэхтэй ярилцлаа.


-Юуны өмнө МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзнээр хоёр дахь удаагаа тодорсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Ам цагаан хулгана жил маань мөнгөн сүүлээрээ илбэлээ. 2021 оны уран бүтээлээ “алт”-аар өнгөлөн эхэлж буйдаа бэлгэшээж байна.

-Та “Алтан-Өд”-ийн хошой шагналаа жүжгийн төрлөөр хүртлээ. Тайзны бүтээлээр дагнан туурвиад байна уу?

-Хан Хөхүйн их соён гэгээрүүлэгч, XIX-XX зууны үеийн нэрт улстөрч, яруу найрагч Лу жанжин гүнийхээ тухай бичсэн “Бурхан жанжин ноён” түүхэн дуулалт жүжгээ сойн цоллуулсандаа ихэд огшино. Өмнө нь би “Цагаан морины домог” номоороо баримтат уран зохиолын төрөлд шалгарч байсан юм.

Лу жанжин гүнд зориулсан Цагаан суварга барих үеэр. 1991.06.09.

-Тийм ээ, санаж байна..

-Эдүгээ манайд, ялангуяа хилийн чинадад ч баримтат уран зохиол л уншууртай, сонирхолтой, хүмүүний оюуны цэцгийг дохилзуулан буй нь мэдэгдэнэ. Энэ төрлөөр бичсэн цөөнгүй бүтээл цүнхний ёроолд бий. Харин жүжгийн тухайд би түүхэн туульсын төрлөөр бичсэн нь олонтаа. Энэ жилийн хувьд УДЭТ-ын 90, Ардын хувьсгалын 100 жилийн зэрэг түүхт ойнууддаа их эзэн Чингис хааны тухай “Хаадын хаан” үндэсний сонгодог түүхэн жүжгээ өргөн барих гэж байгаа.

-Энэ талаар удахгүй дэлгэрүүлнэ. Гэхдээ таны өгүүллэгүүд, туужаас бүрдсэн ном “Алтан-Өд”-д их чамбай байсан шүү. Миний ажигласнаар сүүлийн үед нэлээд өгүүллэг бичлээ. Энэ талаар өгүүлэх үү?

-Тийм ээ. Өнгөрсөн оны намар өвс шарлахаас өмнөхөн хэдэн өгүүллэгээ “Сарны гэрэл” хэмээх ном болгон баринтагласан юм. “Хорин бугатын будан” зөн сэрэхүйн тууж маань ч багтсан. Дунд сургуулийн ахлах ангид байхаасаа хийж байсан уран зохиолын эрэл хайгуул, сэтгэлгээний айгаа ойллого, сэтгэмж дүрслэл, баримтат эссэ, чөдөрлөгө, өртөө үг, цалигчлал, чөлөөт өгүүллэг гэх мэт савд хуваан дээрх номдоо оруулсан. Сүүлийн жилүүдэд хааяадаа бичсэн богино өгүүллэгүүд ч бий. Гэвч би жүжигтээ улайраад хүүрнэл төрлөөр хэтийдэн ороогүй байдлаа нөхөж эхэлж байна. Яруу найргаа ч яаран орхихгүй.

-Тэгэхээр роман руу орох нь ээ?

-Өмнө нь хүүхдийн роман бичсэн л дээ. Лу.Гантөмөр сайдын үед яамнаас хүүхдийн уран зохиолын монгол баатрын дүр бий болгох, хүүхдийг багаас нь номтой сундалдуулах хаврын урь шиг сайхан үйлс соёолоод хагдрах шив. Тийм сэдлээр зарласан улсын уралдаанд “Модуны анд Улаадай” хэмээх цаг хугацааны зэрэгцэн оршихуйтай, релятив хэв шинжтэй түүхэн роман маань тэргүүлж байсан шүү. Хүүхэд хойчсыг, үндэстнийхээ залуу үеийг Монголын түүхээрээ, язгуур соёлоороо зөв залуурдвал “Хүн болох багаасаа”, нөгөө яамны “Зөв монгол хүн” хөтөлбөрийн хариулт сайхан үндэслэнэ.

-Дэлхийн түүхийг ярья гэвэл Монголын түүхийг ярих болдог гэдэг дээ. Та жүжиг төдийгүй үргэлжилсэн үгээ ч түүхэн сэдэвт тулгуурлаж бүтээх нь ээ?

-Их эзэн Чингис хааны ноцоосон дэлхийг тохинуулах, энх амгаланг тогтоох, тэнгэрийн зарлигаар муу хаадыг гэсгээж “Хүн нь хүнээ, гөрөөс нь гөрөөсөө идэх” болсон гамшигт хүчирхийллийг үгүй хийх гэсэн хөлгөн аян дайн, нүүдлийн соёл иргэншлийн түрэлт дэлхийг сэрээсэн юм. Өрнө дорныг холбосноороо глобализмыг үндэслэсэн. Их эзний байлдан дагуулал хүртэл дэлхийн ард түмэнд нэгэн түүх гэж байсангүй. Тэр дэлхийн түүхийг Монголчууд бичихэд хүргэв. Өөрөөр хэлбэл, тухайн үед Газар дундын тэнгис орчмыг өгүүлсэн дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродотын түүх бичлэг байлаа. Хожуувтар дорно дахины түүхийн эцэг гэгддэг Хятадын Сыма Цяны түүх бичлэг гарч ирсэн. Эд нарын бичсэн түүх нь салангид, бүс нутгийн шинжтэй. Хоёуланд нь, тухайлбал, Геродотын бичлэгт Хүн гүрнээс өмнөх төрт улстай байсан бидний өвөг буган сүлдтэний улсыг скиф нэрээр оноон өгүүлсэн нь бий. Сонирхолтой нь эх нутгаасаа баруунш нүүдэл, аян дайн хийсэн буган сүлдэт төрт улсын эзэд маань Хар тэнгисийн хөвөөнд агт морьдоо амрааж, Бага Ази дахь Амазоны домогт дайчин бүсгүйчүүдээс бүрдсэн улс аймгийг ч хурааж, Персүүдийг ч бут цохиж явсан. Хэдэн жилийн өмнө Амазон дайчдын генийн ул мөрийг Монголын говиос илрүүлсэн шүү дээ.

-Тэр талаар тодруулбал?

-Амазон гэдэг нь өрөөсөн хөхт гэсэн утгатай үг юм гэнэ лээ. Тэд нум сум харвахад саад болохгүйн үүднээс охидынхоо баруун хөхийг төөнөж хатаадаг байж л дээ. Тэдний эртний булшнаас олдсон ДНК-г Германы генетикчид, түүхчид, төв телевизийн баг эрж хайсаар Өмнөговь аймгийн малчин өрхийн охиныхтой харьцуулснаар Амазон хатан хааны ДНК-тай 99 хувь тохирсон гэсэн сонирхолтой судалгаа гарсан. Өмнөх яриандаа оръё. Харин Сыма Цяны “Түүхэн тэмдэглэл”-д монголчууд бидний өвөг Хүнчүүдийн тухай тусгай бүлэг бий. XIII зуунд өрнө дорныг сүлж, энх амгаланг тогтоосноор монголчууд дэлхийн түүхийг ялагдсан орны эрдэмтэн мэргэдээр анх бичүүлэхэд хүргэсэн юм даа. Түүхэн роман бичнэ гэдэг Б.Номинчимэд зохиолчийн хэлдгээр нэг бол тэнэг мунхаг хүний ажил, эсвэл зиндаагаа мэдэрсэн зохиолчийн даялал юм. Одоо ч олон зохиолч Монголын түүхийг нэгжин орцгоожээ. Олны хөөрөгддөгөөр бестселлер болгох гэж, хүний сониучийг хөдөлгөх гэж түүхэн үйл явдлыг жагсааснаараа бус роман хэмээх хөлгөн далайн бүтэц, зиндаанд нийцүүлэн мөн чанараар нь түүхэн романыг бичвэл догь болох биз.

-Та энэ төрлөөр бичиж эхлээ юү?

-Түүхэн жүжиг чамгүй бичсэн. Түүхэн роман руу биеэ шавхуурдан орно. Оюун сэтгэлээ ч элээж бүтээнэ. Хойтон нэг “юм” гаргана аа. (инээв).

-Таны хувьд их сэтгэгч Д.Урианхайн гарын цөөхөн шавь нарын нэг. Багш шавийн барилдлага тогтоосон тухайгаа өгүүлнэ үү?

-Гүрү багшдаа би шавилаад хүмүүний хоёр үеэс илүү хугацааг туулжээ. Анх 1990-1991 оны өвөл Пү ах маань (зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэнг хэлж байна) хот орж гойд сонинтой ирэв. Эдүгээ Дарханд буй “Зүс бүгэг андууд”-ын нэг болох Ц.Цэнд ахын авсан багшийн маань зургийг надад дурсгаад “Энэ хүн ирээдүйд чиний багш болно” гэж билээ. Ерөөлөөр ч болсон. 1991 онд “Найргийн даага”-д орохдоо багшаасаа анх адис авч байлаа. Хожим 1996 оны хавар Пү ах бид хоёр Улаанбаатарт орж ирээд, төв Гандангаас хадаг, аяга, сүү тэргүүтнийг бэлтгэн гэрт нь бараалхаж, “албан ёс”-оор багш шавийн барилдлага тогтоосон юм. Гүрү багш маань хамгийн анх надад айлдсан сургаал бол “Эхлээд хүн бол. Хүний амьдрал гэдэг хүн болохын төлөөх тэмцэл. Оршихуйн гүнд бядаж, сэтгэлийн дотоод чинадаа сэрж мэдэр” гэхчлэн олон амь цогийг өгүүлж байжээ. Саяхан Цагаан сарын дараа багшдаа золгохдоо Пү ахын дурсгасан өөрийнх нь зургийг үзүүлсэн чинь “Хөө, хөө. Би чинь “зэрлэг” амьтан байжээ. Энэ зургийг удахгүй гаргах яруу найргийн номдоо оруулъя. Огт үзээгүй зураг байна” гэж олзуурхсан даа. “Цагаан морины домог” ном доторх “Бурхан” эссэдээ би багшийнхаа тухай сэтгэлийн өргөлөө оруулсан байдаг юм. Ирэх жил гаргах бүтээл маань багшийн маань надад өгсөн том үүрэг даалгаврын нэг тул ихэд зүрхшээн өөрийгөө сойж байна.

-Та сая өгүүлсэн зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэн хэмээх сайхан хүний тухай “Хөхүй хааны дияанч” ном бичсэн. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тэнгэрт дэвшсэн тэр их хүмүүн миний ах ч, найз ч, багш ч байсан. Хөдөөгийн буйд сумын сурагч надад хот орны өөрчлөлт, Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нарын аваргуудын тухай, Францад үзэсгэлэн гаргасан зэргээ сонирхуулан ярьж, үзэл бодлоо хуваалцаж, өөхөн дэнгийн гэрэлд ноорхой дэвтэр дээрх шүлгийг минь задлан ярилцаж байсан сан. Оюутан болоод ирсэн хойноо бид хоёр хатуу дарсыг ханзлан, Хөхүйн оройд манан будан дунд ч алхаж.. Дэлгэр овоо хэмээх аглагт даяан хийж ахуйд нь огторгуйд маанийн үсэг байрлуулан бясалгацгааж, басхүү намайг хот руу хөөж туух “шийдвэрт” хүрсэн тухайгаа надад тулган хайрлаж явсан он жилүүд хойно улирчээ. Надаас түүх шалгаан, өөрийн сэцээр шавхуурдан, оршихуйн үндсийг цугтаа тэмтэрцгээж байлаа. Энэ бүхэн дээр өгүүлсэн номд цөм багтсан. Түүний Хан Хөхүй нутагтаа Лу жанжин гүнд зориулж суварга бүтээж, Чингисийн цагаан сүлдийг тахиж, Гандандаржаалин хийд юүгээн сэргээн байгуулж, баруун аймгууд хийгээд Гандантэгчэнлин, Амарбаясгалант хийдэд шашин соёлын олон үйлсийг цогцлоон бүтээснийг эдүгээ олон хүн хүндэтгэн дурсдаг. Тэр хувилгаан төрхтэй, бодь сэтгэлтэй, өвсөөр хад зором үнэнч нөхөрлөлтэй Засагт ханы хөх харчуулын нэг, Чингисийн цагаан сүлдэт Хан Хөхүйн Элжигэн эр байсан юм..

-Та “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийнхээ тухай хэвлэлд олонтаа ярилцлага өгсөн. Бас л асуумаар санагдлаа?

-“Тэнгэрийн хүү” жүжиг минь миний нэрийн хуудас. Хүмүүс, зэргийн нөхөд маань “Тэнгэрийн хүү”-гийн Цогнэмэх гэж дууддаг. Овог минь болчихсон хүндтэй бүтээл. Нөгөөтэйгүүр зөвхөн Чингисийн Монгол гэж 800 гаруй жилээр эх түүхээ тоймлодог байсныг бид хоёр гурван мянган жилийн түүхтэй ард түмэн гэдгийг тайзнаа тунхагласан амин бүтээл. Нүүдэлчдийн сонгодог төрт ёсыг үндэслэсэн догшин Модуныг их эзэн Чингис хааны адил дээд тэнгэрийн заяагаар, олон монгол хүний захиалгаар заларсан их хүн төдийгүй уярдаг, уйлдаг, энэрдэг ч, цаазалдаг ч, өөрийгөө ч, өрөөлийг ч золиослон байж төр улсаа төвхнүүлсэн нэгэн гэдгээр харуулсан. “Газар бол улсын үндэс” гэсэн алдарт үг нь уг жүжгийн үндсэн шугам юм. Өнөөгийн төрд үүрлэсэн авлига, хээл хахууль, урвалт, өшрөл, эх орноо худалдаж буй жигшүүрт үйл явдлыг ч тусгаж, “Монголчууд аа, сэрэмжлээрэй. Гараан алдлах газар нутаг, хөлөөн амраах эх оронгүй бол бид өт хорхойноос дор болъюу” гэдгийг сануулахаас гадна төрийн хүн, удирдагч байхыг “Хаан хүн гэдэг ард түмнийхээ зарц нь байхын нэр, харь дайсныхаа зүрхэнд нь хөвсөн мөс билээ” зэрэг Модуны үгүүдээр илэрхийлж, төрт ёс ямар байх ёстойг тусгасан. Та бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр бидэнд Модун Шаньюй, их эзэн Чингис хаан хэрэгтэй байна. Энэ бурхад маань хуулийн дор бүгд шударга л байвал амар амгалан, аз жаргалтай байж болох нөхцөлийг, монгол хүн монгол хүнээ дээдэлдэг ертөнцийг бий болгосон юм. Энэ бүхэн “Тэнгэрийн хүү”-д нэвт шингэсэн.

-Та бол сүүлийн хэдэн жилийн наадмын хөтөлбөрийг бичиж, шинэхэн гавьяат, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчтай гар нийлж ажилласан уран бүтээлч. Энэ тухай мөн асууя?

-Паараа маань надад санал болгосны дагуу би “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ын ерөнхий зохиолчоор 2016 онд ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш 2017, 2018 онд ч гар, сэтгэл нийлж зүтгэсэн. 2019 онд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл маань наадмын ёслолыг найруулах болж урьсны дагуу багт нь орсон. Бас 2018, 2019 оны “Төрийн их концерт”-ын зохиолчоор ч ажилласан. Их ч зүйл сурсан, судалгаа ч хийсэн. Туршлага ч хуримтлуулсан. Энэ бүхний эцэст би Монгол төрийн, Монгол хүний, Монгол үндэстний мөн чанар юу болохыг, элэг нэгтнүүддээ, харийн гийчдэд өв соёлынхоо аль гайхамшгийг толилуулбал зохистойг язгуураасаа мэдэрсэн шүү. Паараа бид хоёр нас чацуутнууд. Ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ, оюуны таалал, газар шороогоо эрхэмлэх нэг агаартай. Уран бүтээлийн эрэл хайгуулын мэтгэлцээн ихтэй хоёр. Бид “Тэнгэрийн хүү”-гээ уран сайхны кино болгох гээд цөөнгүй жил зүтгэж байна. Төр засагтаа ч хандсан. Дэмжлэг үзүүлнэ гэх хариу ч авсан. “Цогт тайж”, “Мандухай цэцэн хатан”-ы адил монголчуудын зүрх сэтгэлийг сэрээсэн, уран бүтээлийн чансааны хувьд дээд эрэмбийн зиндаатай бүтээл болно. XXI зууны монголчуудын шинэ идеалыг бий болгоно. Үүнд итгэж болно. Харин төр засгаас биднийг, манай туршлагатай уран бүтээлийн багийг хөрөнгө санхүү, бодлогын хувьд тууштай дэмжмээр байна. Өнө эртний түүхийг минь гадныхан өмчлөх уралдаанд орчихсон үед ийм дэлгэцийн бүтээл тун хэрэгтэй. Үр хойчсоо үндэсний үзлээр “өвчлүүлж”, өв соёл, эх түүхээр өлгийдөхгүй бол бид ирээдүйгүй. Үүнд Паараа бид хоёр гар атгалцан зүтгэж байна. Зарим хүний өнгөрсөн баларсан түүхээр юу хийх вэ. Ирээдүйгээ харъя гэж хоосон сүржигнэн сурталдахыг би ойлгодоггүй юм. Бахархалт түүх, өвөг дээдсээ эрхэмлэж, судалж, өв соёлоо залгамжилж байж гэрэлт ирээдүйгээ зурдаг юм шүү дээ. Бид хоёр энэ жил “Хаадын хаан” үндэсний сонгодог түүхэн жүжгээр их ойнууддаа өргөл болгон зориулж, үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.

-Та сэтгүүл зүйн бүтээлүүд, мөн жүжиг, өгүүллэг зэрэг үргэлжилсэн үгийн төрлөөр тэгш туурвиж байгаа. Нэгээс нөгөөд шилжин бичихэд ямар байх юм бэ?

-Уран бүтээлийн мөн чанар, оршихуйн чинадыг тэмтэрсэн минь нэг гялбаатай болохоор онцын бэрхшээлгүй. Гүрү багш Д.Урианхай бурхан маань анх шавиар ороход л “Нэг хэвээр бүү урс. Олон нүхээр шахагд. Уран зохиолын бүх төрлөөр бичиж өөрийгөө тэл. Сурч мэдсэнээ сайтар хувирган тээрэмд” гэсэн ёсоор явж байна. Би нийтлэл, ярилцлага, судалгааны өгүүллээс бүрдэх сэтгүүл зүйн хоёроос гурван боть ном гаргах бодолтой. Завдаж амжихгүй байна. Уран зохиол дотроо хэт “шатаад”, сэтгүүл зүйгээсээ хөндийрсөн тал байгаа. Гэхдээ нийгэм, улс төр, эргэн тойронд болж буй үйл явдал, гадны таагүй түрэлт, хүрээлэл намайг үзгээ шүүрэн авахад хүргэх нь бий. Сэтгүүл зүйн бүтээл бол түүхийн судалгааны үнэт эх сурвалж, баримт болон үлддэг. Тавин жилийн дараахь судлаачид эдүгээгийн бидний бичсэнийг харьцуулаад анализ хийж, тухайн үеийнхээ, дараагийн тавин жилийн ирээдүйгээ төсөөлөн зураглана. Сэтгүүлч гэдэг бол нийгмийн эрүүл мэндийн чагнуур мөн. Хувь хүний хэтэвч, хөшиг рүү хамаагүй өнгийх нь сэтгүүлч хүний ёс зүйд байж болохгүй гэж манай хэвлэлийн магнат, миний эрхлэгч Б.Ганболдын сургасан замаар өдийг хүрчээ. Одоо санах нь ээ, сонины зай талбайнаас хамааран нягт нямбай, богино бичиж, мэдээллийг боловсруулах, үйл явдлыг түгээх сэтгүүл зүйн ажлууд маань уран зохиол бичихэд маань их суурь болоод байдаг шүү. Өгөөж их ээ, сэтгүүлчийн амьдрал. Олон хүнтэй танилцана, оюун санааг тэлж өгнө. Өдөр тутмын сонины гал тогоонд гайгүйхэн чанагдвал нийгэм, түүхийг үзэх субьектив хандлагаас зайлсхийдэг болдог гэх үнэт чанаруудыг эзэмшдэг л дээ.

-Одоо утга зохиолд хэн хэнтэй ойр явж байна вэ?

-Та нарын шижгэр залуусаас эхлээд “Зүс бүгэг андууд”-ын ах нарын зэрэг олон уран бүтээлчтэй ойр явж байна. Ер нь найрагч, зохиолч заяанд өөрийгөө тушаасан бүхэн надтай ойр шүү дээ. Хөх тэнгэрийн дээвэр дор, бор газрын буйран дээр Монголоо гэсэн туурвигчид бүгд сэтгэлийн нэг тоонотой, оюун ухааны нэг бүслүүртэй, эх түүх, өв соёл гэсэн хос баганатай байж гэмээнэ Монголын хэмээх уран зохиолын их өргөөний ханыг шийрлэж, унийг өлгөлцөнө. Харин бид бие биенээ уншдаггүй, хамтардаггүй, бие биенээсээ суралцдаггүй. Хаа хүрэх нь манан будантай харагдана. Дэм дэмэндээ дэлхий рүү гарцгаах сан.

Онцлох нийтлэлүүд