ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.16 09:08

Б.Чойжилсүрэн: Тэр лицензийг өөр нэг хүн эзэмшиж байсан бол ийм асуудал гарахгүй, улс төрд орсны минь л үр дагавар байх

-ЛИЦЕНЗИЙГ НАДААС ШИЛЖҮҮЛЖ АВАХ ҮЕД НӨХӨН ОЛГОВОР НЬ 50 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙСАН. ТЭР ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХ МӨНГӨ БАЙСАН УУ-


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг гэгддэг “Сауд гоби коал транс” компани Тост, Тосон бумын нуруунд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэрээр “Сауд гоби коал транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.


-“Сауд гоби коал транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг зөвшөөрөлд хууль бус зүйл байсан уу. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Одоо шалгах юм гэсэн. Сайн шалгаад хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг тогтоох биз. Тогтоогдохгүй бол шийдвэрээ нягталж үзвэл зүгээр л байх. Би хэвлэл мэдээлэл, сошиалын хэмжээнд л мэдээлэлтэй байна. Цуцалсан л гэнэ, тусгай хамгаалалтад авсан л юм гэнэ. Эдгээр зүйлсийн талаар бичгээр мэдээлэл авмаар байна. Яг юу болоод байгааг нь гүйцэт ойлгоё. Үнэнийг хэлэхэд ойлгож байгаа ч юм алга.

-“Сауд гоби коал транс” компанид өгсөн ашигт малтмалын лицензийн бичиг баримт чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж байж тогтоол шийдвэр гарах ёстой. Гэтэл хуралдуулахгүйгээр албан тоот бичээд, БОАЖЯ-руу явуулчихсан” гэж Ерөнхий сайд хэлсэн л дээ. Ингэж хууль зөрчсөн зүйл байгаа юу?

-Яг үнэнийг хэлэхэд би 2010 оны төгсгөлөөр энэ лицензийг худалдаж авсан юм. Тэгээд 2016 оны долдугаар сард зарсан. Надаас өмнө буюу 2004 онд олгогдсон лиценз юм байна лээ. Есөн жилийн хугацаатай шүү дээ. Миний хувьд долоон жил гарантай болчихсон байхад нь худалдаж авсан юм. Түүний дараагаар хайгуул хийгээд ашиглалтын зөвшөөрлийг нь аваад, шилжүүлсэн.

Одоогоор уурхай дээр нь цагдаа нар очоод бөөн л асуудал үүсгэж байгаа юм билээ. “Сауд гоби коэл транс” компанийн хүмүүс ирэх байх. Тэгэхээр нь уулзъя. энэ яригдаад байгаа зүйлийн талаар цаасаар авъя.

-Тань дээр албан бичгээр ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр ирээгүй байгаа юм байна, тийм үү?

-Надад цаасаар авсан мэдэгдэл алга. Тэр компанийн залуучууд мэдэгдэл зэргийг авсан бол юу болсон, ямар учиртай талаар нарийн мэдээлэл авмаар байна.

-Энэ асуудалд улс төр ороод байгаа юм биш үү?

-Шууд тэгж дүгнэж болохоор байгаа биз дээ. хэдэн хүн авчраад л зохиомлоор, тавилттайгаар орилуулчихдаг. Ард түмний нэр бариад л.

-Таныг энэ асуудлаар дарж авах гэсэн юм биш үү. Түүний хоморгонд хувийн хэвшлийг хэлмэгдүүлээд байна гэж харагдхаар байна л даа.

-Тэр лицензийг шилжүүлж авсан залуус надтай холбогдсоноороо үнэхээр хэлмэгдчихлээ, хөөрхий. Тэнд урьд нь есөн уурхай байсан. 10 дахь нь болж орсон. Зэрэгцээ уурхайнууд гэсэн үг шүү дээ. Дахиад ч дөрөв, таван уурхай хүсэлтээ өгчихсөн байгаа юм билээ. Гэтэл ганцханыг нь л яриад байгаа биз дээ.

-Одоо бүгдийнх нь лицензийг цуцлахаар болж байх шиг байна.

-Үгүй байлгүй дээ. Тэгээд МАК-аас эхлээд бүгдийг нь хаах юм уу.

-Тийм шийдвэр гаргасныг бодоход хаах л болж таарах нь.

-Энэ улс чинь валют олох шаардлагатай шүү дээ. Би цаасаар мэдээлэл аваагүй болохоор тодорхой зүйл хэлж чадахгүй байна.

-Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан үндэслэлээр лицензийг цуцалсан тул нөхөн олговор олгохгүй гэж байна л даа. “Сауд гоби коэл транс” компаниас хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бол?

-Ойролцоогоор 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон гэсэн сурагтай байна лээ. Гэхдээ яг нарийн тоог нь би мэдэхгүй. Над дээр байх үедээ 50 хэдэн тэрбум буюу 20 гаруй сая ам.доллар болчихсон байсан юм. Би энэ лицензийг тухайн үед 3.600 мянган ам.доллараар буюу хоёр тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх. Түүний дараа өөрийнхөө эх үүсвэрээр 6-7 сая ам.долларын хайгуул хийгээд, компанийн мөнгө хүрэлцэхгүй болохоор нь банкнаас зээл авч оруулаад 20 хэдэн сая ам.доллар болсон байх. Нарийн тоонууд нь балансан дээр бүгд байгаа.

-Нөхөн олговор олгохгүй гэх нөхцөл байдал үнэхээр үүсчихвэл яах вэ?

-харъя. Ардчилсан нийгэмд амьдардаг л гэж бодож байгаа. Улс төр байлгүй дээ. Улс төр хөрөөд бодит амьдрал дээр тулахаар одоо яах юм байгаа.

-Ерөнхий сайд тантай уулзаж Тост, Тосон бумбын нурууг битгий ух гэж сануулсан юм уу. Та тэр үед ямар байр суурь илэрхийлж байсан юм бэ?

-Өнгөрсөн жил нэг уулзсан. “чойжилсүрэн чи ашиглахгүй байж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Би нэгэнт 2016 онд шилжүүлчихсэн байсан болохоор миний эрх хэмжээнээс давчихсан байсан асуудал.

-Таны дүү, эсвэл ойрын хамаатан дээр чинь “Сауд гоби коэл транс” компани байдаг юм биш үү?

-Тэр миний дүү биш ээ.

-Ашиглаж байгаа ордын нөөц хэр хэмжээтэй вэ?

-Нөөц холбоотой мэдээлэл тэр хайгуулынх нь тайлан дээр байгаа. Бодит нөөц, таамаг нөөц, А, B, C гээд байдаг. Тайланг нь харж байж хэлэхгүй бол, олон түмэнд буруу ташаа мэдээлэл өгчих байх.

-Таныг Сангийн сайд байхдаа Засгийн газарт нөлөөлөөд тусгай хамгаалалтад авах газрынх нь хэмжээг өөрчилсөн гэдэг зүйл яригддаг. Засгийн газар тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг тогтоохдоо тэрхүү уурхайг тойруулсан гэдэг. Энэ тухайд?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хэрвээ улсын тусгай хамгаалалтад авах гэж байгаа бол нөхөн олговор өгөх хуультай. ийм хуулийн заалтууд бий. Лицензийг надаас шилжүүлж авах үед нөхөн олговор нь тухайн үеийн ханшаар 50 гаруй тэрбум төгрөг байгаа юм. Тэр үед засгийн газарт өгөх мөнгө байсан юм уу.

Хэрвээ би Сангийн сайд хэрнээ өөртөө нөхөн олговор авчихвал ард түмэнд хэр зөв харагдах уу. Надтай холбогдож байгаа учраас гэх мэтээр яригдана. 2016 оны хүртэл надад байсан нь үнэн. Хэрэв авчихсан байсан бол юу гэх байсан бол.

-Өөртөө нөхөн олговор авлаа гэж шүүмжилнэ л дээ.

-Тэгнэ биз. Ийм л юм.

-Ерөнхий сайд Цагдаагийн даргад машин, техник хэрэгслийг нь журамла гэсэн үүрэг өгсөн. Журамласан болов уу?

-Мэдэхгүй байна. Хураасан юм байлгүй. Би мэдээлэлгүй байна.

-Хүмүүс таныг л эзэмшиж байгаа гэж ойлгож байна л даа.

-Уг нь би хэд хэдэн удаа тайлбарласан. Албаар нөгөө тийш нь мушгиад байгаа юм. Тус компани 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт алдаж байгаа нь Монголын хувийн хэвшлийн түүхэн дэх хамгийн том алдагдал байх. Уг нь бол мөнчгөрөөрөө л яваа юм шүү дээ. Хэдэн зуун биш, хэдэн мянган шөнийн нойр хугасласан хөдөлмөр байгаа даа, яг үнэндээ. Хүний бүхэл бүтэн амьдрал, нэг компани. Одоо 700 гаруй хүн ажилгүй болж байгаа сурагтай байна.

Тэдгээрийн цалинг яаж өгөх үү. Нийгмийн даатгалаа яаж төлөх үү. Урьдчилгаа болгоод авчихсан төлбөр мөнгө гэж байдаг тэрнийгээ яаж төлөх үү. Асуудал их л хүнд байгаа байх.

-Та энэ асуудлын ард хэн байгаа гэж бодож байна вэ. Ерөнхий сайд байгаа нь үнэн юм уу?

-Нотлоогүй учраас нотолгоогүй юм ярьж чадахгүй байна. Таамаг төдий зүйлээр нийгмийг шуугиулаад байх нь ёс зүйгүй зүйл. Би нотолгоотой, цаасан дээр буусан, харсан зүйлээ яримаар байна. Ер нь бол 2004 онд гадаадын компанид олгогдсон лиценз юм байна лээ. Олон талбайтай байсан. Хайгуул хийх төсвөө баталж байхдаа энэ талбайд цаашид хайгуулаа үргэлжлүүлэх нь утга муутай байна гээд л заръя гэж шийдсэн юм билээ. Гадаадын компани Монголд татвар төлөгч биш учраас худалдан авагч талд нь 20 хувийг нь суутгадаг хуультай. Тэр 3.600 мянган ам.доллараас 720 мянган ам.долларыг нь Монгол Улс суутгаж авсан. Ингээд 2.880 мянган ам.долларыг нь байна уу даа цаад эздэд нь шилжүүлээд өгч байсан юмдаг.

Түүнээс би гишүүн болчихоод Ашигт малтмалын газар, орон нутгийнхантай хувилдаж бичүүлээд авчихсан бол хардана шүү дээ. Хууль зөрчсөн байна но бий гээд л. Ийм л түүхтэй юм. Тиймээс эргэж цааснуудаа гаргая, түүхүүдээ харъя, цаастай ярья. Монголын нийгэмд баялгийн хуваарилалт гэж юм бий. Нэг хэсэг нь хэт их баяжчихлаа, хэтэрхий их шуналтай байна гэдэг. Тэр дотор нь би тун тохиромжтой дүр байгаа юм. УИХ-ын гишүүн дээрээс нь бизнестэй учраас. Мань мэтийн хүмүүсийг ардын дайсан болгож нэг хэсэг хүмүүс ардын баатар болж байна. Ийм л амьдрал юм.

-Танд энэ хэр их асуудал учруулж байна?

-Хууль зүйн хувьд надад асуудал алга. Лиценз шилжүүлж авсан залуус надтай холбогдсоноороо хохирчихлоо. Хэрвээ Чойжилсүрэн бус өөр нэг хүн бүр гадны хүн байсан бол асуудалгүй байх. Тэгэхээр би тэр залуусын өмнө ёс зүйн хувьд том цохилтод орж байгаа нь үнэн. Мөрөөрөө амьдарч байсан хүмүүст гай болж байна. Хууль зүйн хувьд шалгаж тогтоогоод нэг талдаа гарсан нь дээр.

-Эхлээд шалгаж тогтоогоогүй хэрэг үү?

-Дөнгөж нээж байгаа уурхайг нөхөн сэргээлтээ хийгээгүй гэж дүгнэсэн байна гэсэн. Логикоор бол нөөцөө олборлоод авсны дараа нөхөн сэргээлт хийнэ биз дээ.

Шилжүүлж авсан залуус тооцоолшгүй л алдагдал руу унасан байх. Яг ямар бэрхшээлүүд гарсан талаар тэдгээр залуустай уулзаж асуух болно. Дахин хэлэхэд, хэрвээ тэр лицензийг өөр нэг хүн, гадны иргэн эзэмшиж байсан бол ямар ч асуудалгүй. Асуудал надад байгаа байх. Миний улс төрд орсны л үр дагавар. Түүнээс залуучуудын асуудал биш байх гэж бодож байна. Тэртэй тэргүй л зэрэгцээ байгаа уурхайнууд шүү дээ. Өмнө нь ирсэн уурхай ч ажиллаад явж байгаа. Бүр Тостын нуруун дотроо ороод олборлолт явуулж байгаа компани ч бий. Тэр компаниудын техник хэрэгслээс ирвэс, ан амьтан нь айдаггүй, бүр дасчихсан юм шиг байна лээ. Ганцхан миний нэр холбогдсон “Сауд гоби коал транс” компанийнх л аюултай байгаа юм байлгүй. “МАК”, “Эс Чи Эс” гээд өчнөөн л компаниуд бий. Тэд бүгд л Тосон бумба биш, Тостын нуруун дотроо байгаа. Миний хувьд тэр талбай дээр хоёр удаа очиж үзсэн.

Ер нь сэтгэгдлүүдийг хараад байхад 70-80 хувь нь намайг гишүүн, хоёрдугаарт, барилгын бизнес эрхэлдэг гэдгээр нь “Ямар шуналтай юм бэ” л гэсэн мессэжийг л ард түмэнд өгч байна.

-Таныг Ерөнхий сайд хүртэл “Яасан ханаж цаддаггүй шуналтай хүн бэ” гэсэн байна лээ.

-Шуналын тухай бол ярина аа, ярина. Юуг шунал гэдэг вэ гэдгийг задалж ярья гэж бодож байгаа.

-Манай улс хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэдээ ямархуу ханддаг гэж та хардаг вэ. Орчин нөхцөл нь таатай байж чаддаг уу?

-Миний хувьд зүгээр л хөдөлмөрөөрөө амьдаръя гэсэн бодол, зорилготой яваа шүү дээ. Би ОХУ-д сурч байсан. Гуравдугаар курсдээ оюутнууд өвлийн амралтаар Монгол руу буцдаг. Тэр үед буюу 1991 оны хоёрдугаар сарын 21-нд би хамтарсан компаниа байгуулаад явсан. Тэр өдөр, тэр үед надад би эргэж ирээд улс төрд орно, гишүүн болно гэх асуудал зүүдэнд ч байгаагүй зүйл л дээ. Түүнээс хойш л бизнест орсон. Хурд гэсэн дөрвөн үсгийг магнайн дээрээ тамгалж авсан нь үнэн. Харин 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогчоор ажиллах болсон.

Ерөнхийдөө бизнес эрхлээд явахад хүнд шүү дээ. Зөндөө л асуудлууд байдаг. Гэхдээ энэ бол миний 20 настай, гуравдугаар курсийн оюутан байхдаа сонгочихсон амьдрал. Тэр үед 20, 30 жилийн дараа ийм зүйл болохыг тааварлачихаж ч чадаагүй байсан. Би Увс аймгийн төв дээр төрж өссөн, жирийн л сэхээтэн айлын хүү. Аав минь малын эмч, ээж минь хүний эмч. Аравдугаар ангиа төгсөөд л ОХУ-руу сурахаар явсан.


Онцлох нийтлэлүүд