ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.01.17 08:01

Б.Шинэбаяр: Тайзны урлаг өөрөө амьд учраас ямар нэгэн арын хаалга байдаггүй


Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяртай ярилцлаа.


-Драмын театрын өндөр босгыг хэрхэн давж орсон цагийн дурсамжаар тань ярилцлагаа эхлэх үү?

-Анх 2013 оны арав билүү арваннэгдүгээр сард шалгалт өгч байсан санагдаж байна. Драмын театрын дэргэдэх Театр студийн дагалдан жүжигчин сонгон шалгаруулах дуу, бүжиг, жүжиглэх гээд бүх номерынх нь дагуу бэлтгээд арванхоёрдугаар сард шалгалт өгсөн юм. Шалгалтын сүүлийн оноог Драмын театрт орох хүсэлтэй байгаа бүх уран бүтээлч болон мөр зэрэгцэн хамт төгссөн найзууд, надаас дээд үеийнхэн сонсохоор ирсэн байлаа. Тэр орой нь Улсын драмын эрдмийн театрын Театр студийн ангид эдгээр хүмүүс тэнцсэн гээд нэрс дуудлаа. Найм билүү есүүлээ тэнцээд Драмын театрт орж байсан юм. Албан ёсоор 2014 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Цагаан сар давхацсан үеэр л Театр студийн жүжигчин болж байлаа.

- Драмын жүжигт тоглоно гэдэг маш том шалгуур гэж хүлээж авдаг байх. Драмын жүжигчин хүнд байх ёстой чадварууд юу вэ?

-Уран бүтээл болгон дээр биднээс маш их зүйл шаарддаг. Жишээлбэл, сонгодог жүжгэн дээр ажиллаад тэр жүжгийн ард гарлаа гэж бодоход маш том сургалтын ард гарсан гэж яригддаг. Түүнтэй адилхан Драмын театрын уран бүтээлүүдэд дүр нөхөлт болоод дараагийн дүрийг хүргэх уран бүтээлч нь бэлэн гараад ирэх юм бол тэр дүрд орох жүжигчин шалгалт маркаар явдаг. Өөрөөр хэлбэл, тэр жүжгээр өөрийгөө харуулах, өөрийгөө мэдрүүлэх, би ийм дүрийг ингэж харуулна, би өөрийнхөө ертөнцөөр ингэж харуулна гэж зорих нь босго гэдэг зүйлийг өөртөө тавьж байгаагийн илрэл. Босго өндөр гэдэг ерөөсөө л энэ. Цаг ямагт бид бэлэн байх ёстой. Хэдийд ч хамаагүй бид тайзан дээр гарахад хэлэх үг текст, бие сэтгэхүй гээд бүх зүйл бэлэн байх ёстой. Драмын театрын жүжигчдээс болоод аливаа ямар нэгэн жүжигчнээс маш их зүйлийг шаарддаг. Тайзан дээр ямар жүжигт тоглож байна, ямар цаг үе байна, ямар орон зай, ямар дүр байна гэдгээсээ хамаараад алхаа гишгээ, дотоод мөн чанар гаднах дүр төрх, урьд урьдны дүрүүдээс хэрхэн яаж өөрчлөгдөх, өөрийгөө ямар талаас нь илүү харуулах гээд энэ болгоноос хамаараад тайзны урлаг гэдэг өөрөө амьд урлаг учраас ямар нэгэн байдлаар арын хаалга байхгүй. Хэрвээ тайзан дээр гарсан бол тухайн дүрд жүжигчин яаж орох, яаж гарах, яаж мөн чанараа бэлдсэн байна, яаж өөрийнхөө сэтгэл зүйг бэлдсэн байна тэр хэмжээгээрээ жижиг ч бай, том ч бай, гол дүр ч бай, туслах дүр ч бай бүх дүрийг аливаа уран бүтээлч өөрөөрөө гаргаж ирж байгаа учраас театрын урлаг амьд урлаг. Хоёрдугаарт, арын хаалга байхгүй. Гуравдугаарт, биднээс цаг үргэлж форумтай байхыг, бэлтгэлтэй байхыг шаарддаг.

-Жүжиг цаг үеэ дагаад өөрчлөгддөг гэж байна л даа. Тэгэхээр Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг хэдэн зуун дамнан тайзан дээр тавигдаж байгаа. Та Драмын театрын гурав дах Ромео гэж яригддаг. Анхны Ромеогоос хэр өөрчлөгдсөн гэж бодож байна?

-Уран бүтээлчдийн нэг ялгаа бий. Нийгмээсээ нэг алхам түрүүлж явах. Тэгж байж бид үзэгчдэдээ өөрсдийн гэсэн ямарваа нэгэн зүйлийг хүргэдэг. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөших юун гэдэгтэй адил хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд ухаарал, бодрол авч ирэх, зүрх сэтгэлд ямарваа нэгэн зүйлийг илтгэж шингээж өгөх, хэлэх гэсэн санаагаараа тухайн уран бүтээл үзэгчдэд хүрч байвал бидний хамгийн том зорилго биелж байгаа хэрэг. Түүнтэй адил Ромео Жульетта 400 гаруй жилийн өмнө бичигдээд өнөөг хүртэл хамгийн том хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон. Энэ жүжгийг Монголд анх 1996 онд хүргэж байсан бол энэ удаад арай илүү модерн чиг хандлагаар орчин үеийн залуучуудын сэтгэхүйд нь тааруулах зүйлүүдийг шигтгэж өгсөн гэдгээрээ XXI зууны Ромео Жульетта онцлог болов уу. Найруулагчийн хэлж байгаа хамгийн том санаа нь одооны үзэгчдэд сайн хүрэх орчин үелэг хэлбэрийг агуулаад хоёр гэр бүлийг үзэгчдийн ойлгох хэмжээнд өнөө цагийн нийгэм ийм байна гэдгийг харуулахыг зорьсон болов уу. Сонгодог бүтээл гэдэг өөрөө тухайн зууныг илтгэснээр бус өнөөг хүртэлх тэр жүжгийн утга агуулга, мөн чанар нь энэ цаг үед шигтгэгдээд үзэгчдийн болоод найруулагчийн эмзэглэл гуниг, атаархал, баяр гунигийг хөдөлгөж байна гэдгийг сонгодог бүтээл гэж байгаа юм л даа. Түүнээс биш сонгодог гэхээрээ л тухайн зууных нь хувцсыг өмсөөд ч гэдэг юмуу тэр зүйлээрээ биш л байх гэж би боддог. Зохиолынх нь гол үзэл санаа тухайн цаг үетэйгээ авцалдаж л байвал зуун зуун жил дамжин өртөөлсөн сонгодог бүтээл гэж би ойлгодог.


-Тайзны бүтээлүүдээс гадна та дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд тоглосон. Тэр дундаас “Аав” киноны дүр таныг үзэгчдэд илүү таниулсан гэж бодож байна. Кинон дээрх аав, амьдрал дээрх аавын ялгаа өөр дээрээ жишээ авахад ямар байдаг вэ?

-Аав байна гэдэг асар өндөр хариуцлага. Одоо бол би аав гэдэг хүн үрсийнхээ амьдралын хамгийн том утга учир нь юм болов уу гэж бодож байгаа. Миний охин хоёр ой найман сартай. Кино бол кино. Үзэгчдэд үзүүлэхээр зорьсон юмаа л үзүүлнэ. Амьдрал дээр илүү нарийн. Зарим үед кинонд үзүүлж чадаагүй зүйлүүд маш их тохиолдоно. Уран сайхны кино гэдэг аливаа нэгэн зүйлийг урнаар үзүүлэхээс гадна амьдрал гэдэг зүйлийг харуулахыг хичээдэг. Амьдрал дээр хүүхдийнхээ төлөө бид хэр их зүйлийг хийж бүтээж байна гэдэг л хамгийн чухал болов уу. Амьдрал, кино хоёр хоорондоо маш их ялгаатай.

-“Учрал” кинонд эсрэг талын дүрд тоглосон. Эсрэг дүрд тоглох ямар санагдаж байв?

-Хүмүүс “Таны мөрөөдлийн дүр чинь юу вэ” гэж их асуудаг шүү дээ. Миний мөрөөдөл гэхээсээ илүү өөр янз янзын уран бүтээлүүдэд өөрийгөө сорьж үзэх дуртай. Одоо намайг үзэгчид ямар байдлаар илүү хүлээгээд авчихсан байгаа билээ энэ дүрээсээ хэсэг гарахгүй байж байя. Үргэлжлүүлээд харин өөрийгөө сорих эсрэг талын дүрүүдэд тоглох юмсан гэж боддог. Би өөрөө эсрэг дүрд тоглох их дуртай. Цаашдаа эсрэг дүрийн санал ирвэл татгалзахгүй. Зохиолыг нь уншиж үзээд таалагдвал шууд л тоглоно.

-“Жаргаагүй нар” жүжгийн зохиолд Д.Нацагдоржийн дүрд тоглосон. Түүхэн дүрийг бүтээх хэцүү байсан уу?

-Асар хэцүү. Бид зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойд нь зориулж тоглосон. Энэ хугацаанд тэр хүнийг мэддэг хүмүүс нь маш ховор болчихдог юм байна лээ. Тэр гайхалтай соён гэгээрүүлэгч, уран бүтээлч хүний хойч үедээ үлдээсэн зүйл нь уран бүтээлүүд нь байгаа юм. Бид бүгдэд шүлгүүдээ, жүжгээ үлдээсэн байна. Өнөөг хүртэл бид бүхэн шүлгээр нь, уран бүтээлээр нь дамжуулан зуун дамнан тэр хүнийг мэдэж байна гэдэг маш том гайхамшиг. Уран бүтээлээр нь дамжуулаад тэр хүнийг төсөөлөхөд энэ хүн иймэрхүү хүн байжээ. Ийм зүйлийг хэрэглэдэг байж, ийм зүйлийг бичихийг зорьдог байсан байна гэж таамаг төдий ярьдаг боловч амьдрал дээр ямар зан араншинтай, ямар харектортой хүн байсан юм бол оо гэдэг маш хүнд болоод явчихаж байгаа юм. Тэгэхээр найруулагч ямар өнцгөөр харж байна, тэр хүний дүрийг бүтээх гэж байгаа жүжигчин ямар өнцгөөр харж байна гэдэг чухал. Түүнд судалгаа маш их орно. 20 гаруй эрдэмтэн Д.Нацагдоржийн амьдралыг анхны эхнэр Д.Пагмадуламтай хамт судалдаг юм билээ. Тэр хүмүүстэй ярилцаж, уулзалт хийж судалсны эцэст тэр хүний амьдралын хэв маяг, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зүйлүүдээр нь дамжуулаад ийм хүн байсан болов уу гэдгээр л гаргаж ирсэн. Одоо ч бас амьд байгаа хүмүүсийн дүрд тоглоно гэдэг хэцүү шүү дээ. Судалгааг маш сайн хийж байж л жүжиг маань амилна.

-“Надтай үлдээч” жүжиг удахгүй дахин тайзнаа тоглох гэж байна. Энэ жүжиг залуу найруулагчтай, гол дүрүүдэд нь дандаа залуучууд тоглосон. Залуу хүмүүсийн сэтгэхүйгээр бүтсэн жүжиг гэж ойлгосон л доо. Нийгэмд энэ залуучууд юу өгүүлэхийг зорив. Жишээ нь, Хосбаярын дүрийн нийгэмд өгөх гол мессэж санаа нь юу вэ?

-Манай найруулагч 60 жилийн дараа гэхэд хайр гэдэг зүйл үгүй болно гэж хэлж байсан юм. Түүнийг нь дотроо бодоод байхад хайр гэдэг зүйлийн хандах хандлага нь байгаа ч хэлбэр нь өөрчлөгдөөд байна гэж бодогдсон. Зарим нэг зүйлийг ажиглаад байхад сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр маш их тулгуурлаж яваад байгаа юм уу даа гэж харагддаг. Амьд харилцаа гэдэг зүйл байхгүй болоод ирэхээр бидний итгэл үнэмшил аль зүг рүү чиглээд байна гэдэг нь том асуудал болж эхэлж байна. Шохоорхол, дурлал сэрэл мэдрэхүйн түвшинд энгийн мэдрэгддэг зүйлүүдийг бид андуураад хайр гэж үзээд байгаа юм биш байгаа. Тухайн үедээ дүр дээрээ ажиллаж байхад тэгж л бодогдож байсан. Шохоорхол, дурлал, хайр бүгд хоорондоо ялгаатай. Шохоорхлоо хайр гэж андуураад сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл болоод яг хэцүүг нь даван туулах мөчид, яг хэцүү нь мэдрэгдээд ирэнгүүт за энэ биш байсан байна гээд гэр бүл салалт үүсээд байна. Түүний нэг уршиг нь энэ сошиал ертөнц. Ер нь Монголд муухай хүн гэж байхаа больчихлоо. Бүгд л ухаантай болсон. Тэгэхээр нэгдүгээрт, сошиал ертөнц гэдэг биднийг юу руу ч хөтөлж болохоор юм байна гэдэг санаа. Хоёрдугаарт, хэн хэнийгээ зүрх сэтгэлээрээ, мөн чанараараа хайрлана гэдэг ямар гайхамшигтай юм бэ гэдгийг илэрхийлж, гаргахыг хичээсэн. Түүгээрээ дамжуулаад энэ бол жинхэнэ хайр юм байна, хэзээ ч орхихгүйгээр чи миний зүрх сэтгэлд үлдэх юм байна, би чамаас ганц юм гуйя надтай үлдээч... Надтай үлдээч гэдэг үгийг хүн ямар үед хэлдэг вэ гэхээр шохоорхсон үедээ, биш, дурласан үедээ биш. Хайрлаад хамт байх үедээ эсвэл хамгийн эгзэгтэй мөчид хэлдэг. Гэрлэх ёслолын ордонд ч юмуу, хэзээ ч орхиж чадахгүй болсон тэр үедээ хэлдэг. Надтай үүрд үлдээч гэдэг битгий яваарай гэсэн үг биш шүү дээ. Зүрх сэтгэлд нь үлдэж болно. Оюун тархинд нь үлдэж болно. Дэргэд нь үлдэж болно. Үүрд мөнхөд үлдэж болно. Энэ л олон санааг илэрхийлж байгаа жүжиг.

-“Драмын-3” гэдэг хамтлаг байгуулсан шүү дээ. Хамтлагтайгаа уран бүтээлүүдээ хийж байгаа юу?

-Одоохондоо хамтлагтайгаа ажиллахгүй байгаа. Урьд нь цомог гаргая, шинэ дуу дуулъя гээд ярьж л байсан. Энэ бол бидний сонирхлоороо л хийж байгаа зүйл л дээ. Дуулах хүсэл сонирхолдоо хөтлөгдөж, хамтлагаа байгуулсан. Гэхдээ ойрын хугацаандаа шинэ дуу гаргаж магадгүй. Хэд хэдэн дуу бий. Тэднийгээ дахин шинэчилж гаргах уу, үгүй юү гэдгээ ярилцаж байна. Гэхдээ ямар бүрэлдэхүүнтэй яаж гарч ирэх үү гэдэг таавар л даа.

-Ойрын төлөвлөгөөндөө ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Хоёр киноны санал авчихсан бэлтгэл ажилдаа ороод явж байна. Улсын драмын эрдмийн театр хоёрдугаар сарын 28-нд “Анна Каренина” гэдэг дэлхийн сонгодог бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон. Энэ жил “Гэгээн Муза” гээд уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг гайхалтай наадам болно. Хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж, уран бүтээлүүдээ хүргэнэ. Ирэх жил манай театрын 90 жилийн ой тохионо. Тиймээс бид 90 жилийнхээ ойд бэлдээд дор бүрнээ маш их ажилтай явж байна даа.

-Цаашдын зорилгоо тодорхойлсон уу?

-“Хэрвээ чи мөрөөдлөөсөө айхгүй байгаа бол тэр мөрөөдөл чинь маш жижигхэн юм байна” гэдэг сайхан үгийг би олж уншсан юм. Одоо миний мөрөөдөл бол дэлхийн давцанд гарах. Монголынхоо нэрийг дуурсгах. Ямар ч уран бүтээлч хүний зүрх сэтгэлд тийм юм байдаг байх. Гэхдээ тийм сайхан мөрөөдлөөр л жигүүрлэж байж цааш цаашдаа өөрийгөө хөглөнө. Цаашдаа уран бүтээлүүдээ улам чанаржуулна гэж би боддог.


Онцлох нийтлэлүүд