ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.12.03 01:12

Б.Энхмандах: Монголын цементийг ОХУ-д экспортлох боломж байгааг сайн хөршийн хувиар айлын талд зөвөөр ойлгуулах нь л чухал


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал энэ сарын 3-6-ны өдрүүдэд товлогдсон. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээр хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-ын гишүүд, яам тамгын газрын сайд, удирдлагууд болон Монголын томоохон аж ахуйн нэгж компаниудын төлөөлөл, бизнесийн салбарын эрхмүүд дагалдан явахаар багтжээ. Тэгвэл энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнесийн салбарын төлөөлөл болгон Монголын Алт” (МАК) ХХК-ын дэд Ерөнхийлөгч Б.Энхмандахаас айлчлалд оролцож буй зорилго, дэвшүүлэх саналынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын үеэр манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдол бүхий Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголын тал нутгаар дайруулан тавих, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг томоохон хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр зэхэж байна. Танай компанийн хувьд энэхүү айлчлалд ямар зорилготой оролцож байна вэ?

-Хоёр улсын харилцаанд онцгой үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайдын Албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнесийн арга хэмжээнд оролцох болсонд таатай байна. Сүүлийн 2-3 жилд идэвхжих хандлага ажиглагдаж байгаа Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн харилцааны хамгийн анхаарал татаж байгаа гол сэдэв бол хийн хоолойн асуудал яах аргагүй мөн. Үүнээс ч дутахгүй нэг чухал сэдэв бол ОХУ болон тус улсаар дамжуулан манай улс гурав дахь хөршүүд рүүгээ өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлох асуудал байнга яригддаг. Ер нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хоёр хөрштэйгөө харилцах харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Тиймдээ ч хөрш гурван улсын худалдаа, эдийн засгийн хүрээнд явуулж буй бодлого, баримталдаг зарчмуудыг бизнесийн салбарынхан тэр дундаа уул, уурхай, барилгын материал үйлдвэрлэгчид бид анхааралтай ажиглан, түүнд нь нийцсэн бодлого, төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү айлчлалд манай компанийн хувьд барилгын гол түүхий эд болох цементийг ОХУ- руу экспортлох боломжийг нэмэгдүүлэх, Оросын худалдан авагчдын сонирхлыг татах зорилготой оролцож байна. Айлчлалын хоёр дахь өдөр буюу 12-р сарын 4-ний өдөр Москва хотноо “Монгол-Орос, Евро Азийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт Бизнес Чуулган болох юм. Энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн ч гарна. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр бид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулан, сурталчлахын зэрэгцээ, хамтран ажиллах нөхцөл боломжуудаа түншүүдтэйгээ ярилцаж, тохиролцохоор төлөвлөж байгаа.

-Монгол Улсын хувьд барилгын материалын бүтээгдэхүүн экспортлох боломж, түүнд тавигдах шаардлага нөхцөлүүд нь хэр хүндрэлтэй байдаг юм бол. Тухайлбал, цемент экспортлох боломж юу байна. Мэдээж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байж гадагшаа экспортолно шүү дээ...?

-Тэгэлгүй яахав. Цемент үйлдвэрлэгч компани өнөөдөр Монголд цөөнгүй бий болсон. Монголчууд өндөр үнэтэй импортын цемент хүлээн, барилгын ажлын ид өрнөлийн үед хэдэн өдрөөр ажлаа алддаг байсан үе манай барилгынханд байсан. Өнөөдөр манай барилгын компаниуд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн цементээр барилгаа барьдаг болсон. Манай компанийн “МАК Евроцемент” үйлдвэрээс гадна “Монцемент”, “Хөтөл цемент” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид жилд 3-4 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалд хүрээд байна. Шинээр үйлдвэр барьж, цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үр дүн энэ. Барилгын салбар өсөлттэй үед дотоодын хэрэгцээ 2.5 сая тоннд хүрдэг. Тэгэхээр 1.5-2 сая тонн, түүнээс ч их цемент экспортлох боломж манай улсын хувьд харагдаж байгаа юм. Ийм хэмжээний цемент экспортлоход манай улсын эдийн засагт жилдээ 175-200 сая ам.долларын орлого орох тооцоог үйлдвэрлэгчид гаргасан байдаг. Энэ бол чамлахааргүй тоо шүү.

Хамгийн гол нь ОХУ болон Монгол Улсын хоорондын худалдааны эргэлт 2018 онд 1 тэрбум 630 орчим сая ам.долларт хүрсэн ч энэхүү гадаад худалдаанд Монгол Улсын хүлээж буй алдагдал 90 орчим хувьд хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл манай экспортод жонш, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл зонхилж, экспортын хэмжээ 100 сая ам.доллараас дээш дорвитой нэмэгдэхгүй байна. Тиймээс Монголоос экспортлох бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх, тэдгээрийн хэмжээг нэмэгдүүлэх бодит шаардлага байсаар байна. Цемент бол хоёр орны худалдаанд Монголын экспортын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх нэг арга зам байж болох юм.

-Үүнээс харахад экспортлох боломж бололцоо манай улсын хувьд байгаа юм байна. Харин экспортлоход тавигдах шаардлага, хүндрэлтэй асуудал юу байдаг вэ?

-Жишээлбэл, ОХУ-д цемент экспортлох гаалийн бүрдүүлэлт хийхэд 19 төрлийн бичиг баримт шаарддаг байгаа. Мөн тэднийх гадаадаас импортолдог материалд тохирлын гэрчилгээ олгодог журамтай. Гэрчилгээ нь нэг жил хүчинтэй байдаг. Тиймээс цемент экспортлох урт хугацааны бизнесийн орчин бүрдэхгүй байгаа нь бизнес эрхлэгчдийн гол зовлон болж байна. Тохирлын гэрчилгээ авах хүсэлтийг үйлдвэрлэгчийг төлөөлөн ОХУ-д бүртгэлтэй хуулийн этгээд гаргана. Түүний худалдан авах цементэд мэргэжлийн хяналт, шинжилгээ хийх лаборатори, байгууллагыг томилогдоно. Уг лабораторийн чанарын шинжилгээ хийх шинжээчид нь Монголд ирж ажиллаж, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, дүгнэлт гарган, бүтээгдэхүүний дээж авна. Эргэж очоод авсан дээж дээрээ бүх талын шинжилгээ, туршилтуудыг хийнэ. Энэ мэтээр бичиг баримт бүрдүүлэх, гэрчилгээ авах үйл явц, аудиторын шалгалт нийлээд зургаа, долоон сар үргэлжилнэ. Гэрчилгээ авсны дараа экспорт хийхэд гурав дөрөвхөн сарын хугацаа үлдэнэ. ОХУ-д маш олон төрлийн бичиг баримт шаарддагаас гадна материалын тохирлын гэрчилгээ нь өндөр үнэтэй. Гэрчилгээг цементийн төрөл бүрээр тус тусад нь авах шаардлага үүсдэг. Гэрчилгээ тутамд жилийн хугацаанд хоёр сая орчим рубль төлөхөөр болдог. Экспорт хийж амжаагүй байтал гэрчилгээний хүчинтэй хугацаа нь дууссан тохиолдол ч гарсан.

- Манай цемент ОХУ-ын стандарт шаардлагыг хангахгүй учраас ийм шаардлага тавьдаг юм уу? Тэр яриад байгаа тохирлын гэрчилгээнийхээ талаар дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

- Цементийн чанар, стандартын шаардлагын хувьд монгол цемент ОХУ-д үйлдвэрлэж буй цементээс дутах зүйл огтхон ч байхгүй гэж боддог. Манай “МАК Евроцемент” үйлдвэр гэхэд л хамгийн сүүлийн үеийн хуурай аргаар бүрэн автоматжисан үйлдвэрлэлийн дамжлагаар цемент үйлдвэрлэдэг. Цементийн технологиор тэргүүлэгч Дани улсын “ФЛСмидт” (FLScmith) компанийн зураг төсөл, техник, технологиор баригдсан энэ үйлдвэрт зууханд орж буй эрдэс, түүхий эдийн орцоос эхлээд гарч буй эцсийн бүтээгдэхүүнийг робот лаборатори хянаж байдаг учир цементийн чанарт сөргөөр нөлөөлөх хүний хүчин зүйлийн нөлөөлөл огт байхгүй гэж хэлж болно. Тус үйлдвэрийн үйлдвэрлэж буй PPC 32.5 /ПЦ М400Д20/, ОРС 42.5 /ПЦ М500Д20/, РС 52.5 /ПЦ М600/, РС 62.5 /ПЦ М700/ цемент, усанд тэсвэртэй WRC болон шүлтэд тэсвэртэй SRC төрлийн цементүүд бол Монголын төдийгүй, олон улсын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүнд байдаг. Манай үйлдвэрийн хувьд одоогоор дотоодынхоо цементийн хэрэгцээний 50 гаруй хувийг хангаж байна. Энэ бол бидний хувьд томоохон үзүүлэлт гэж ойлгож болно. Үндэсний бусад үйлдвэрлэгчдийн хувьд ч бас чанар, стандартдаа анхаарч ажилладаг гэж ойлгож байгаа. ОХУ-ын тохирлын гэрчилгээний хувьд цементийн зах зээлээ гадаадын үйлдвэрлэгчдээс хамгаалахад чиглэгдсэн татварын бус аргаар хийж буй эрх зүйн зохицуулалт гэж үзэж болно л доо. ОХУ-ын цементийн жилийн хэрэгцээ ойролцоогоор 70 орчим сая тонн байдаг. Энэ хэрэглээ нь жил бүр 3-5 орчим хувиар өсөн нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байдаг. Тиймээс уг нь хөрш жижиг Монгол улсаас жилд 1-1,5 сая тонн цемент экспортлоход ОХУ-ын тэр том зах зээлд онц аюул учруулахгүй л байгаа юм. Монголын цементийг ОХУ-д экспортлох боломж байгааг сайн хөршийн хувиар айлын талд зөвөөр ойлгуулах нь л чухал гэж бодож байна.

-Танай компанийн хувьд энэхүү айлчлалаас хүлээж буй үр дүн юу байна вэ?

- Миний хувьд хоёр орны бизнесийн Чуулганд оролцож “О возможностях экспорта цемента из Монголии в Российскую Федерацию и другим странам ЕвроАзиатского Экономического Союза” гэсэн сэдвээр үг хэлнэ. Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Оросын талын дарга, ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний Орлогч Алексей Васильевич Гордеев болон холбогдох Яам, газрын төлөөлөгчид, бизнесийнхэн оролцох юм билээ. Дээр ярьсан асуудлуудад тэдний анхаарлыг хандуулж, нөхцөл байдлыг ч тайлбарлаж ярина гэж бодож байгаа. Түүнчлэн цементийн тохирлын Гэрчилгээг олгодог журамдаа өөрчлөлт оруулж, зарим хэт хүнд сурталтай заалт, хаалтуудыг хялбаршуулах, гэрчилгээний хугацааг сунгаж өгөх санал хүсэлтээ танилцуулна. Сонсож, хүлээн авах байх гэж найдаж байна. Журмын ийм өөрчлөлтийг зөвхөн манай Монголын цемент нийлүүлэх бүс нутагт, тухайлбал, ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын Мужууд, Бүгд Найрамдах Буриад болон Тува улсуудтай хийх худалдаандаа хэрэглэх байдлаар шийдэх өвөрмөц гарц ч ОХУ-ын талд байж болох талтай шүү дээ. Олон арван жил найрамдал, нөхөрлөлөөр гагнагдсан Монгол-ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэг шинэ гарц, алхам хийгдэх байх гэж Монголын цемент үйлдвэрлэгчид бид найдаж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-За баярлалаа

Онцлох нийтлэлүүд