ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.30 09:12

Б.Эрдэнэтуяа: Улс төрийн сэдэвтэй жиргээний саналаас шууд татгалздаг


Чөлөөт уран бүтээлч Б.Эрдэнэтуяатай ярилцлаа. Тэрбээр твиттерт Ээгийшка нэрээр жиргэдэг жиргээч нэгэн билээ.


-Сошиал орчинд та их идэвхтэй байдаг. Хэзээнээс твиттерт жиргэж эхлэв?

-Би твиттерт ороод есөн жил болж байна. Тухайн үед би HD Монгол телевизэд ажилладаг байлаа. Нэг өдөр манай ажлын дүү “Та твиттерт орооч. Зүгээр шүү дээ” гээд 2011 онд анх орсон. Эхэндээ идэвхтэй байж байгаад нэг хэсэг залхаад гурван жил твиттерээ цоожлоод сүүлийн хэдэн жил идэвхтэй жиргэх болсон.

-Хараад байхад таныг хүмүүс их таньдаг юм байна лээ. “Энэ хэн бэ” гээд таны зургийг тавьсан байх жишээтэй. Гудамжинд хэр их таньдаг хүнтэйгээ таардаг вэ?

-Гудамжинд зарим нэгэн жиргээч нар “Сайн уу. Ээгийшка байна” гээд таньсан нь мэндэлнэ. Миний хийдэг ажилтай бас холбоотой байх. Би жүжигчин мэргэжлээр төгссөн чөлөөт уран бүтээлч. Кинонд их ажиллана. Арын албанд нь илүү ажилладаг. Гадуур явж байхад “Чи тэнд явж байсан. Энд явж байсан” гээд миний зургийг аваад жиргэчихнэ. Тиймэрхүү тохиолдол нэлээд байдаг.

-Таны зургийг “Энэ хэн бэ” гээд жиргэчихсэн байхыг хараад ямар санагддаг вэ?

-Эхэндээ бол жаахан онцгүй гарсан зураг тавиад жиргэчихсэн байвал уур хүрдэг байлаа. Зурагтаар ч гэсэн хааяа олны хэсэгт тоглоод гарах хэдхэн секундын хооронд сонин зургийг дараад жиргэчихсэн байдаг. Эхэндээ уур хүрдэг байсан. Одоо бол тоохоо ч больсон.

-Одоогоор та 23 мянга гаруй дагагчтай шүү дээ. Дагагчдадаа зориулж жиргэдэг үү, эсвэл өөрийнхөө сэтгэгдлийг бичдэг үү. Сошиал орчныг ер нь ямар байгаасай гэж боддог вэ?

-Твиттерт хэрүүл хийгээд бухимдлаа гаргадаг хүмүүс байдаг л даа. Би тийм биш л дээ. Уг хүн нь их тайван. Энх-Амгалан хаан шиг гэдэг шиг амгалан хүн болохоор надад уурлаж бухимдаад хэрүүл хийгээд байх сонирхол байдаггүй. Би өөрөө улс төр сонирхдоггүй болохоор ч тэр үү, уурлаж бухимдаад байх зүйл ч гардаггүй. Хүмүүсийг сошиал орчинд зөв байгаасай, эерэг байгаасай, бие биенийгээ зөв зүйлд уриалаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа би твиттерээс танилцсан найзуудтайгаа нийлж, санаа нийлсэн хүмүүстэйгээ 2015, 2017 онд хоёр удаа сайн үйлс хийсэн.

Бидэнд өөрсдөд минь бол томоохон хэмжээний ажлын ард гарсан гэж бодоод байгаа. Хоёр жил дараалан сайн дурын ажил хийчихсэн. Бас би сайн дураараа цусаа өгдөг. Идэвхтэй донор. Түүнийгээ хүмүүст бас уриалдаг. Донорт нэгдээч ээ, донорт нэгдсэнээр та бүхэнд ийм ач холбогдолтой, бусдад тусалцгаая, таны цус гурван хүний амийг аварна. Гэх мэтээр уриалж их жиргэдэг.

-Таны уриалсан уриалгыг хүмүүс хэр хүлээж авдаг вэ. Тантай цуг явж өгье гэх хүмүүс байх уу?

-Байдаг. Донор хүн чинь гурав хоногийн өмнөөс идээ ундаа, явдал мөрөө хичээж эхэлнэ. Зөв хооллох, цагаан идээ хэрэглэж болохгүй, өөх тостой хоол идэхгүй, ангийн мах хэрэглэж болохгүй гэдэг ч юмуу, сахартай ундаа цусаа өгөхийн өмнө ууж болохгүй. "Би гурван хоногийн дараа цусаа өгөх гэж байна. Та бүхэн надтай хамт цусаа өгч болно шүү. Надтай нэгдээрэй, донорт нэгдээрэй, манайхаан. Та цусаа өгснөөр гурван хүнд амьдрал бэлэглэнэ" гээд л эхэлдэг. Гэмтлийн эмнэлэг, төрөх эмнэлгүүд, мэс ажилбаруудад цус байнга хэрэг болж байдаг. Донорын тоог нэмэгдүүлэх зорилгоор хүмүүсийг уриалдаг. Манай жиргээчид ч гэсэн түүнийг минь их дэмждэг. Зарим нь хамтдаа цусаа өгчихөөд сельфидэх зэргээр бусдыгаа уриалан дуудаж жиргэдэг. Зарим нь "Хамт явъя, гэхдээ Ээгий намайг явсан гэж битгий хэлээрэй" гэдэг. Өөрсдийгөө нууцлахыг хүсдэг ч юмуу, нээлттэй байхыг хүсдэггүй ч юмуу тийм хүмүүс байдаг.

-Твиттерт нэгдсэнээс хойш хамгийн их урам авдаг зүйл тань юу вэ?

-Надад хамгийн сайхан санагддаг зүйл нь хоёр удаа хийсэн сайн үйлсийн аян. Твиттерийн найзуудтайгаа нэгдээд 2015 онд хүүхдэд туслах сайн үйлсийн аяныг эхлүүлсэн. “1000 хүүхэд 1000 бэлэг” гэдэг нэр өгөөд эхлүүлж байсан. Эхлүүлчихээд бас өөрсдөдөө итгээгүй л дээ. Арай ч их юмуу. 100 хүүхэд байх уу, бидэнд мянга мянгаар нь бэлэг өгөх хүн байх уу гээд эргэлзэж, тухайн үедээ эхлэнгүүтээ бас айж байлаа. Гэтэл хүмүүс ээлжилж утасдаад хамгийн түрүүнд Green city компаниас “1000 ширхэг Ganar шоколад өгье” гэсэн. Түмэн шувуут компани 6000 өндөг, БОСА компаниас 1000 ширхэг резинэн чихэр, Таван богд компани нэг хүүхдэд 12, 24, 36 хуудастай гурван дэвтэр өгье, хувиараа үлгэрийн сиди хийдэг хоёр залуу утасдаад “Бид хүүхдийн үлгэр хийдэг юм. Та нарыг ийм аян эхлүүлж байгаа гэхээр чинь үзтэл 500 ширхэг сиди байна. Үүнийгээ өгье. Exclusive гээд монгол брэнд 0-3 насны хүүхдэд зориулсан 500 ширхэг шүлсэвч өгье" гээд л ээлжлээд өөрсдөө залгаж эхэлсэн. Тийм гоё үр дүнд хүрнэ гэж бодоогүй. Зүгээр л зоригоороо л эхлүүлчихсэн. За ямар ч байсан гоё зүйл хийе. Ард нь гарна. Сайн дурын ажил хийе гээд нэгдсэн. Гэтэл санаанд оромгүй амжилттай болсон. Үндэсний олон үйлдвэрлэгч, олон байгууллага биднийг дэмжээд маш амжилттай явсан. Хүүхдүүдэд дан бэлэг өгөхөөс гадна хүүхдийн концерт юмуу тоглолт үзүүлчих юмсан гэж бодсон л доо. Тэгтэл Асашёрюү аварга, Улсын циркийн захирал Золбоо гэж залуу бидэнтэй холбогдсон. “Манайх танай аяныг дэмжиж байна. 2015 оны шилдгийн шилдэг үзүүлбэрээ танай 1000 хүүхдэд зориулан тоглоё” гэж хэлэхээр нь бид нар бүр хөөрчихсөн. Хүүхдийн юм хийхэд аяндаа бүтчихдэг юм байна лээ. Тухайн үед твиттерээс нэгдсэн найман залуу л байсан шүү дээ. Аянаа бид сошиалаар твиттерээр л сурталчилсан. Гэтэл твиттер хүмүүст тэгж их хүрсэн. Бид тухайн үед телевиз, радиогоор ерөөсөө сурталчилаагүй. Зөвхөн твиттерээр л хүмүүстэйгээ холбогдоод аян маань эцсийн үр дүндээ хүрсэн. Тухайн үедээ твиттерийн буян их юм байна аа гээд өөрсдөө түүндээ урамшаад маш аз жаргалтай байсан.

-1000 хүүхдээ яаж сонгосон юм бэ?

-Бидний бэлгийг боломжтой айлын хүүхдүүд бол “Ямар гоё юм бэ” гэж үнэн сэтгэлээсээ хүлээж авахгүй байх гэж бодсон. Тэгээд Нийслэлийн боловсролын газар дээр очоод алслагдсан дүүргийн хүүхдүүдэд өгөхөөр болсон. Баянзүрх дүүргийн 68 дугаар сургууль, 51 дүгээр сургууль гэж нийслэлээс нэлээд алслагдмал сургууль байдаг юм байна лээ. Түүнийг сонгосон. Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль, Улаанчулуутын хогийн цэг дээр үйл ажиллагаа явуулдаг Нарны хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд гэх мэтээр сонгосон. Тэгээд хүүхдүүддээ цирк үзүүлье гэтэл алслагдсан дүүргийн хүүхдүүд болохоор сургуулийн захиргаанаас явуулахгүй гэсэн. “Та нар өөрсдөө автобус унаагаар тээвэрлэхгүй бол энэ олон хүүхдийг үзээд ир гэж явуулж чадахгүй. Уг нь та бүхний санаа сайхан юм. Бид хүүхдүүддээ үзүүлмээр байна. Гэвч хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодохоор явуулж чадахгүй нь” гэсэн. Тэгээд зарим нэг сургуулийн хүүхдүүдэд цирк үзүүлж чадаагүй. Сургуулийнх нь шинэ жилийн үйл ажиллагаан дээр нь бэлгээ гардуулж байсан. Тэр үед зарим хүмүүс мөнгөн хандив өгөөд 1000 биш 1300 хүүхдэд бэлэг өгсөн. Эхний ажил минь олны буянаар, твиттерийн буянаар сайхан бүтсэн болохоор дараа жил нь түүндээ урамшаад дахин сайн үйлсийн аян хийхээр боллоо. Одоо арай бодитой зүйл хийе, юу байж болох уу гээд хоорондоо ярилцаж байтал твиттер дээр Амар гэдэг эмч өөрийнхөө машинаар дуудлаганд явдаг. Сум нь түргэний тэрэггүй. Өвөл болохоор яана даа гэсэн жиргээг олж уншсан. Дундговь аймгийн Баянжаргалан сум байсан. Түүнийг хараад бид яагаад бүхэл бүтэн сум түргэний машингүй байдаг юм бол гэж гайхаж хүлээж авсан. Бид өөрсдөө хотод байдаг болохоор анзаардаггүй юм байна лээ. Түүнийг нь хөөгөөд судлаад үзтэл улсын хэмжээнд 151 сум түргэний машингүй байдаг юм байна. Тухайн үедээ маш гайхсан. Тэгээд нэг суманд ч болтугай түргэний машин авч өгье гээд олныгоо уриалаад дараагийн ажлаа эхэлсэн. Тухайн үед улс орон эдийн засгийн хямралтай үе байсан л даа. Тиймээс хүмүүст ачаа үүрүүлэхгүйгээр нэг хүн 1000 төгрөг өгөхийг уриалсан. Тэр үедээ хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаад манайх ийм аян өрнүүлж байгаа, та бүхэн мэдээллээр ивээн тэтгээч гэж хүссэн. Үндэсний телевизийн Нинжцамц захирал биднийг таатай хүлээн авч телевизийн нэвтрүүлгээр ороод, өмнө нь биднийг дэмжиж байсан байгууллагуудаараа орсон. Байгууллагууд бол зарим нь тусалсан, зарим нь хүлээж аваагүй. Хүүхдийн юм хийсэн бол бид дэмжинэ ээ. Гэтэл хаа байсан Дундговь аймгийн Баянжаргалан сум. Та нар улсын хийх ажлыг өмнөөс нь хийгээд байна гээд ерөнхийдөө эелдэгээр татгалзсан л даа. Тэр хандив тийм ч амар цуглаагүй. Гэсэн ч хандвын хайрцгаа бариад их сургуулиудаар, Нарантуул захаар, худалдааны төвүүдээр явж байж арай гэж цуглуулсан. Нэгэнт эхэлсэн болохоор ард нь гарах л ёстой. Тэгээд л ямар ч байсан Дундговь аймгийн Баянжаргалан сумыг түргэний машинтай болгож чадсан.

-Сайн үйлсийн аян дахиж хийх бодол бий юү?

-Бидний хоёр сайн үйлсийн аян сайхан бүтсэн л дээ. Гэтэл хүмүүс маш ихээр бидэнд хандах болсон. Ийм өвчин зовлон тулгарлаа, эмчилгээний зардал олж өгөөч гээд маш ихээр хандсан. Бид чинь бас тус тусын ажилтай, ар гэртэй хүмүүс. Хүн болгонд туслаад явах цаг зав хэцүү шүү дээ. Гэсэн ч нэгэнд нь за тусалъя гээд нөгөөд нь татгалзах хэцүү. Тиймээс нэг ч саналыг хүлээж аваагүй. Сүүлийн үед хүмүүсийн хандлага ч өөр болж. Хандив цуглуулж залилан хийсэн гэх мэтээр янз бүрийн мэдээлэл ч гарах болж. Тэрэнд хүмүүст итгэл алдрах болсон байх. Тиймээс дахин сайн үйлсийн аян хийхэд хүмүүст ч таатай санагдахгүй байх. Сайн үйлсийн аян хиймээр байдаг л юм. Саяхан надад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нарын амралтын өрөөг тохижуулах гэсэн юм, та туслаач гэсэн санал орж ирсэн. Түүнийг нь би хүлээж аваад жиргээд туслахыг хүссэн. Гэхдээ тэр нэг их мөнгө цуглаагүй. Нэг сая гаруй төгрөгийн хандив цугласан. Түүнд нь таарч тохирох зүйлийг авч өгөөд хандив өгсөн хүмүүстээ тайлангаа гаргаж өгсөн. Зарим хүмүүс хандив цуглуулж өөрсдөө идэж уудаг. Амташсан хэрээ шиг гэгчээр гэж хэлэх тохиолдол бий. Азаар бид тайлан балансаа яг ёс журмаар нь гаргаж хандив өгсөн хүн бүртээ тайлангаа тавьдаг. Таны өгсөн мянган төгрөгийг бид ингэж зарцуулсан гээд өгтөл зарим хүмүүс гайхаж байсан л даа. Ямар нарийн чанд тайлан гаргасан юм баяр хүргэе залуучууд гэж сайхнаар хүлээн авдаг. Бид сайн үйлсийн аянаа эхлэхэд хүн бүр хэлж байсан. Хамгийн гол нь тайлан. Хүмүүс хийснээ эргээд тайлагнадаггүй. Тиймээс тайлангаа гаргаж өгөөрэй гэдэг. Бид бүх нарийн тайлангаа гаргаж байсан болохоор тэрнээс тэдэн төгрөг дутсан. Тэр тэдэн төгрөг илүү гаргасан гэдэг юм ерөөсөө байдаггүй. Одоо бол сайн үйлсийн аян хийе гэхээсээ илүү дор бүрнээ байгаа чадлаараа хүмүүсийг уриалж, өөрийнхөө хэмжээнд бусдыг зөв зүйлд уриалаад явж байя л гэж боддог болсон.

-Сайныг дагаж саар гэгчээр сошиалд идэвхтэй байгаад сайн үйлсийн ажил хийгээд байхаар сөрөг сэтгэгдлүүд бас их орж ирдэг байх. Түүнийг нь уншаад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Сайн муу нийлж сав дүүрдэг гэгчээр муусайн юмнууд худлаа хэлбэрдлээ. Нэр хүнд олох гэлээ гээд янз бүрээр хэлнэ ээ. Эд нар яах гэж байгаа бол. Дараа нь аягүй бол сонгуульд нэр дэвшинэ гээд л янз бүрээр хэлдэг. Намайг цусаа өглөө гээд хүртэл загнана шүү дээ. Уг нь хүмүүс чинь бие биедээ нөлөөлдөг. Бид нэг хүн 1000 төгрөг хандивын хайрцгаа бариад Барилгын хөгжлийн төв дээр очиход захирал нь манай найз Сүү ХК-ийн захирал танай аяныг дэмжсэн байна лээ. Тэгэхээр нь манайх бас оролцъё гэж бодоод гэсэн. Тэр чинь бие биедээ сайнаар нөлөөлсөн байгаа юм.

-Таны жиргээнүүдийг хараад байхад заримдаа реклам маягаар их жиргэх юм. Таныг олон дагагчтай болохоор ингээд жиргээд өгөөч гэж хүмүүс гуйдаг юм уу. Эсвэл үнэ төлбөр өгье гэдэг үү. Ер нь сошиал орчноос мөнгө босгох боломжтой юу?

-Ер нь бол боломжтой. Олон дагагчтай олны танил хүмүүс зөндөө хийж л байдаг шүү дээ. Миний хувьд мөнгө авах гэхээсээ илүү найз нөхдийнхөө хийж байгаа ажлыг дэмждэг. Надад олон сайхан хөдөлмөрч найзууд байна л даа. Мөн хамаатан садан, найз нөхөд, ах дүүсийн танил тал гээд хүмүүсийн гуйлгаар ихэнхдээ үйл ажиллагааг нь дэмжиж рекламдаж өгдөг. Жишээ нь, ахынхаа найзын шинэ эмнэлгийг сурталчлах, найз нөхдийнхөө бизнесийг дэмжих маягаар их жиргэнэ. Гэтэл хүмүүс Ээгийшка дандаа төлбөртэй жиргэдэг гэдэг. Би ер нь хүний тусыг мартдаггүй. Жишээ нь, Түмэн шувуут, Exclusive-ийн Маяа эгчийн юмыг би байнга жиргэдэг. Энэ хүмүүс урьд нь надад тусалж байсан. Би тэр хүмүүст эргээд сэтгэлийн өртэй байхгүй юу. Бидний эхлүүлсэн сайн үйлсийн аяныг сайхан сэтгэлээр дэмжиж байсан хүмүүст би бага ч гэсэн хариу барих үүднээс л жиргэдэг.

-Төлбөртэй жиргээ хийж байсан уу?

-Тийм санал орж ирдэг. Улс төрийн сэдэвтэй жиргээний санал ч ирдэг. Би өөрөө тийм улс төр сонирхдог хүн биш болохоор миний мэддэг зүйл биш байна гээд шууд татгалздаг. Хааяа нэг төлбөртэй жиргэх юм байдаг л даа.

-Таны найз нөхөд дунд ч юмуу, танилын хүрээнд төлбөртэй жиргээгээр дагнадаг хүн байдаг уу?

-Анзаараад байхад байдаг. ДМ групп бий. Түүн рүү ийм ажил орж ирлээ. Үүнийг авах нь Yes, No гэж бич гэх мэтээр санал асуудаг. Түүнээс өөрт таалагдсанаа авч болно. Түүнээс байнга биш. Хааяа нэг тиймэрхүү ажил орж ирдэг.

-Твиттер орчноос үлгэр дуурайл авдаг хүн бий юү?

-Байгаа. Жишээ нь, Бат инженер ахын жиргээнүүдийг унших дуртай. Нинжцамц эгч, Ичинхорлоо гээд "Бидний цөөхөн монголчууд" төслийн сэтгүүлчийн жиргээг үзэх дуртай. Унших дуртай олон гоё жиргээч нар бий, бий. Эерэг сайхан зүйл жиргэдэг, жиргээг нь уншаад эерэг энерги авдаг хүмүүс олон байгаа.


Онцлох нийтлэлүүд