ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.05.16 11:05

Вьетнамд махаа гаргах сурагтай

Вьетнам улс манайхаас мах авъя гэжээ. Энэ сарын 20-ны өдөр тус улсын хяналт, шинжилгээний багийнхан манайд ирж махны үйлдвэрүүдтэй танилцаж, махны үйлдвэрлэл стандартын шаардлага хангасан эсэхийг үзэх юм байна. Манайхны зүгээс бог малын мах гаргая гэжээ. Тэднийх ч авъя гэсэн байна. Гэхдээ хөлдөөсөн, түүхий мах авах сонирхолтой юм билээ. Энэхүү экспортод манай улсын 20 орчим аж ахуй нэгж оролцохоор зэхжээ.

Өнгөрсөн онд манай улс ОХУ-д 2217,96 тонн, БНХАУ-д 779,8 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Эдгээр улсуудад гаргасан нийт махны 80 орчим хувийг адууны мах эзэлж үлдсэн 20 хувь нь үхэр, хонины мах байгаа юм. Цаашдаа манай зүгээс хонь, ямааны махыг түлхүү нийлүүлэх бодлого барих гэнэ. Үүнээс гадна Казахстан улс манай махны гуравдагч хэрэглэгч болоод байгаа. Ингэхээр Вьетнам улс нь манайхаас мах экспортолж байгаа дөрөв дэх орон болох нь. Эдгээр орнуудад гаргах махны хэмжээ цаашид өсөх прогнозтой байгааг Махны холбооныхон мэдэгдсэн. Уул уурхайгаас өөр ярих юмгүй байгаа манай улсад мах валютын урсгалыг бий болгох нь гэсэн итгэлийг сэргээж эхэллээ. Болохгүй юм ерөөсөө байхгүй юм. 54 сая толгой мал тал дүүрэн бэлчиж байна. Махны галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Тийм болохоор арын ажлыг нь ярих цаг болсныг Махны холбооныхон хэлж эхэллээ. Жишээ нь тэдний санаа зовж буй наад захын ажил гэхэд, одоо Вьетнамд мах гаргалаа гэхэд хамгийн түрүүнд арын хаалганы аж ахуйн нэгжүүдээ тендерт бүү ялуулчихаасай гэхээс эхэлж байна. Ажил алчих вий гэсэн сэтгэл. Учир нь даргын танилууд яадаг гэхээр элдвийн өвчин хуучтай, стандартын бус махыг гаргаснаас болж нэгмөсөн хаачихаж мэдэх аюултай юм. Махны экспорт гэдэг өөрөө тун эмзэг бизнес. Муугаар бодоод хаадагтаа хүрлээ гэхэд Монголын махны экспорт 100 хувь олон улсад хаагдана. Тийм болохоор төр, хувийн хэвшлийнхэн тал талдаа энэхүү асуудал дээр онцгой анхаарал тавих цаг болжээ.

Үүний тулд яах ёстой вэ? Мэдээж манай улс олон улсад тавьдаг шаардлагыг биелүүлэх ёстой. Олон улсад тавьдаг шаардлагатай танилцахад товчхондоо ийм байдаг. Үйлдвэрлэлд ирсэн малын баримт бичгийн хяналт, сэжигтэй малыг хэрхэн тусгаарлаж, устгаж байгааг баталгаажуулах, малын эмчийн хяналт, бүх төрлийн ариутгал, хөргөлтийн бүртгэл, дотоод мониторинг, Мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн хяналт. Эдгээр шаардлагуудыг стандарт болгож, ягштал мөрдөж чадвал Монгол Улс малаа валют болгох хамгийн эхний алхам болно. Эндээс л махны экспортын үйлдвэрүүд Монголд хөгжих нөхцөл бүрдэнэ. Дээрх стандартуудаас гадна монголчуудын уламжлалт ойлголт саад болж байгаа юм. Тухайлбал та бидний шүлсээ залгин хэлдэг “Ай даа, таана мангирын амттай мах уу, мөн ч сайхан даа” гэх үг огт хэрэггүй. Энэ үг бол махны үйлдвэрлэлийн хөгжилд гай болно. Ямарч амтгүй мах байх эхний шаардлага олон улсын стандартад бий. Дэлхийн брэнд махны акулууд болох Австрали, Шинэ Зеланд, Бразил гурван улсын малын махнууд ямар ч амт, үнэргүй байдаг. Эдгээр улсад малынх нь бэлчээрлэж буй орчин нь өөрөө ямар нэг амт шимтгүй өвс ургамалтай, нуга хоолойд бэлчээрлэж байдгаараа онцлог. Малынхаа бэлчээрийг хүртэл ингэж бүрдүүлдэг байна. Олон улсын зах зээл ийм байхад манайхан мангир таана гэсэн домгоосоо салж амтгүй, өвчингүй, өөх тэнцүү байх стандарт руу орох цаг болжээ.

Ер нь бол Монголын хээр талд бэлчээрлэж байгаа 54 сая малынхаа махыг ОУ-ын зах зээлд ашигтай үнээр борлуулж байгаа нь төр засгийн хийж буй сайн ажил. Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед төр үүргээ хамгийн сайн гүйцэтгэж буй хэлбэр энэ. Орчин үед дэлхийн бүх улс орны удирдагчдын хийдэг хамгийн гол ажил нь ард түмнийхээ хийж бүтээсэн баялгийг дэлхийд борлуулж өгөхөд байдаг. Борлуулж өгөх бүх гэрээ хэлцлийг дэлхийгээр нэг амжилттай хийж, үр дүнд нь улс орных нь сан хөмрөг арвижиж, эдийн засаг нь тэлж, хүн ардынх нь амьдрал дээшилж байвал сайн удирдагчтай улс орон байгаагийн шинж юм. Өнөөдөр Путин газ, хийн хоолойн ямар том гэрээнүүдийг Хятадтай хийж чадаж байна. Энэхүү 400 тэрбумын газынхаа гэрээг үзэглэчихээд ямар нүүр бардам эх орондоо бууж байна вэ. Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев ураны ямар гүнзгий, урт хугацааны хэлцлээр улс орноо өөд нь гаргав. Барак Обама тэдэн “Боинг” онгоц тэдгээр орнуудад зарчихлаа хэмээн бөөн баяр хөөр, гуяа алгадаад эх орондоо очиж байна. Си Жинь пин гуай өмнө нь Хятадын удирдагч нар төдийлөн очиж байгаагүй улс орнуудаараа сүүлийн жилүүдэд айлчилж наймаа хийж байна. Пакистан, Белорус... гэхчлэн олон оронд очиж Хятадынхаа ард түмний хийсэн бүтээснийг “юм” болгох гээд зүтгэж явна.

Тэгвэл өнөөдөр Монголын ард түмний өнө удаан хугацаанд бүтээж бий болгосон баялаг нь мал, мах байна. Энэ баялгийг л бид олон улсын зах зээлд үнэ хүргэх ёстой. Үүнийг өнөөдрийн төр засгийн удирдагч нар хийх ёстой. Тэгэхийн тулд сая бичсэн маханд тавигддаг стандартуудыг мөрдүүлж, татвар шимтгэлийг нь авч, махаа олон улсад зарвал үржүүлэх үр нөлөө ямар их байхын гайхамшгийг үзэх болно. Махны экспортыг дагаад малаас гардаг бүх л дайвар бүтээгдэхүүн арьс шир, үс ноос бүгд эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаараа орно. Ашгийг нь өнөөх л үржүүлэхийн хүрдээр хүртэнэ. Ашиг шимийг нь үзсэн ард түмэн яадаг вэ гэхээр ажилдаа дэндүү дуртай болно, ажлаа сайн хийдэг болно. Үржүүлэхийн нөлөө гэдэг байгаа байснаасаа хамаагүй дээр гарахыг хэлдэг юм. Тийм болохоор Вьетнамчуудыг монгол хонины маханд улам дуртай болгож аваад цааш том зах зээлээ болгоё. Тэгээд монгол махны маш том борлуулалтын төв нь энэ бүс нутаг болог.

Онцлох нийтлэлүүд