ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.04.20 03:04

Гадаадын банкууд Монголд орж ирэхэд эрсдэлтэй гэж үзээд харзнана гэсэн хариу өгчээ

УИХ пүрэв гаригийн үдээс өмнөх чуулганаараа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг уг хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Хууль санаачлагч Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар танилцуулж, гишүүдийн асуултанд хариуллаа. Тэрбээр “Ийм хууль байх шаардлагатай юм уу” гэсэн нэг бус гишүүний асуултанд хариулах хэрэгтэй болсон юм.

Б.Жавхлан гишүүн:- Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэж бий. Одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гарах гэж байна. Хөрөнгө оруулалтын хууль аж ахуйн нэгжийн тухай хууль. Ерөнхий хууль байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн үзэл санаа нь хүмүүст, багт нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгдөг. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль мөнгөнд зөвшөөрөл өгч байгаа юм. Тодорхой мөнгө орж ирэхэд түүнийг нь шалгаж, зөвшөөрөл өгч, эдийн засаг руу оруулах зохицуулалттай хууль. Ийм зохицуулалттай хууль зайлшгүй байх ёстой. Манай арилжааны банкны хууль дотоодын банкны үйл ажиллагааг зохицуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголыг сонирхох цаг ирэх л байлгүй. Тэр үед нь орж ирэх боломжуудыг нь хуулиараа зохицуулсан, маш тодорхой сонголтуудыг бий болгох шаардлагатай учраас энэ хууль зайлшгүй шаардлагатай юм гэлээ.

Ч.Хүрэлбаатар гишүүн: -Иргэд арилжааны банкнаас зээл авахад зээлийн хүү өндөр байдаг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид, ард иргэдээ бодвол бид энэ хуулийг дэмжих ёстой. Ер нь санхүүгийн салбарт дутагдаж байгаа юм Хөрөнгө оруулалтын банк. Хөрөнгө оруулалтын банк амьдралын даатгал, хөрөнгө оруулалтын сан гээд Монголд үйл ажиллагаа нь идэвхиж өгөхгүй байгаа энэ бүх зүйлүүдийг давхар хийгээд явдаг. Тийм учраас бид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг эрт батлах тусмаа Монгол Улсын эдийн засаг хямралаас гаргах үйл явц хурдасна. Энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж байгаа гэж би боддог. Бид нар харин хуулиа чамбай гаргаж чадах юм бол Монголыг сонирхож байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал яг энэ хуулиар хөшүүрэгдэж, дэмжигдэж улам ихсэх бололцоотой. Одоо ч ярьдаг. Том том аж ахуйн нэгжүүдийн данс нь гадаадад байгаад байна гэдэг. Аргагүй шүү дээ. Тэр аж ахуйн нэгжүүд томоохон зээл авчихсан. Зээл хүсэхээр “Орлогоо манайхаар дамжуул” гэдэг шаардлага тавьдаг. Тэр банкууд Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах орчныг нь бий болгочихоод бид дараа нь тэр аж ахуйн нэгжүүдэд мөнгөө оруулж ир гэдэг шаардлага тавих учиртай. Гадаадын ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болж байгаа зүйл банк санхүүгийн өнөөгийн хөгжлийн байдал гэж үзэж байна. Тийм учраас энэ хуулийг яаралтай дэмжиж гаргах хэрэгтэй” хэмээн ярилаа. Бас асуулт ч тавилаа. “Хууль санаачлагчдаас нэг л зүйл асууя. АНУ арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк хоёрыг тусгаарлачихсан хууль эрх зүйн орчинтой. Их долоогийн бусад орнууд арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк хоёрыг хольсон хууль зүйн орчинтой. Та бүгдийн санаачилсан хуулиар арилжааны банк, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тусгаарлаж байгаа юу, хольж байгаа юу” гэлээ.

Б.Жавхлан гишүүн: Хосолмол байдлаар явуулах зохицуулалт хийгдсэн. Хөрөнгө оруулалтын банк гэдэг маань хөрөнгийн зах зээл дээр ажиллах институци. Дээрээс нь мөн зээл олголтууд, дотоодын банкуудын өгч чадахгүй байгаа эдийн засагт шаардлагатай зах зээлд ажиллах хэмээн товч хариулав.

Нэг хэсэг Хятадын төрийн банк орж ирэх нь гэж баахан шуугисан, болгоомжилсон. Тэр болгоомжлол гишүүдэд ч хадгалагдаж энэ талаар асууж, лавлаж байлаа. Үнэндээ гадаадын банкууд Монголд орж ирэхээр уралдаад байгаа юм үгүй гэнэ. Б.Жавхлан гишүүн Монголд байгаа гадаадын банкны таван төлөөлөгчийн газарт хандаж үзжээ. “Та нар төлөөлөгчийн газраа банк болгох сонирхол байгаа юу, салбар болгох сонирхол байгаа юу гэж асуусан. Танай эдийн засаг тав, зургаан жилийн өмнөх шиг бидний сонирхлыг татахгүй байна. Одоо юу юугүй банк болоод ороод ирэх нь эрсдэлтэй. Харзнана, судална гэсэн байдалтай байгаа. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах олон боломжийнхоо нэг л сувгийг засах гээд байгаа оролдлого. Цаашид эдийн засаг маань өсч, манай зээлжих зэрэглэл нэмэгдээд ирэхээр гадаадын хөрөнгө оруулалтууд банкны сувгаараа дамжаад орж ирэх байх гэж Б.Жавхлан гишүүн найдаж байна.

Хятадын Төрийн банк орж ирэх талаар Ц.Гарамжав гишүүний болгоомжилсон асуултад Б.Жавхлан гишүүн ийнхүү тайлбарлав.

“Болгоомжилж байгаа нь зөв. Тэрийг зохицуулсан хууль хангалттай байгаа. Дөрвөн жилийн өмнө гарч байсан Стратегийн хөрөнгө оруулалтын хуулин дээр ийм заалт бий. Хэрэв цаад хөрөнгө оруулагч нь төрийн өмчийн оролцоотой бол эхлээд Засгийн газар дээр энэ асуудал хэлэлцэгдэх ёстой гэж заасан. ҮАБЗ-өөр хэлэлцэнэ. Бидний санаачилсан хуулийн төсөлд аль нэг банк, хуулийн этгээдэд зориулсан заалт байхгүй. Бидний болгоомжилж байгаа геополитк, улс төрийн зорилготой хөрөнгө оруулалтыг хязгаарлах зохицуулалтууд өөр хуулиудад байгаа. Хууль хэлэлцэх явцад илүү сайн зохицуулах зүйлээ ярилцаж хийх ёстой.

Хэдэн банк орж ирэх сонирхолтой байгаа талаар хуулийн ажлын хэсэгт багтсан Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг мэдээлэхдээ

-Одоогоор таван төлөөлөгчийн газар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Японы хоёр, Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар, Голландын нэг төлөөлөгчийн газар бий. Өнөөдрийн байдлаар Монгол банкинд салбараа Монголд байгуулах хүсэлт ирээгүй. Монгол банкнаас төлөөлөгчийн газрынхантай уулзахад “Монгол Улсын Зээлжих зэрэглэлтэй холбоотойгоор тухайн банкны дотооддоо баримталдаг бодлоготой нийцэхгүй учраас одоогоор Монголд салбар байгуулах сонирхолгүй байна” гэж зарим банкны төлөөлөгч хэлж байсан гэв.

Д.Лүндээжанцан гишүүн -“Танин мэдэхүйн шинжтэй хэдэн асуулт асууя” гэж байгаад дараахи асуултуудыг тавив. Дотоодын арилжааны банкнаас юугаараа ялгаатайг нарийн сайн ойлгож өгөхгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай банк гэж бас нэг ойлголт байх шиг байна. Манай банкууд ч гадаадын хөрөнгө оруулалт ихтэй шиг байгаа юм. Хүмүүс гадаадын банк орж ирвэл дотоодын арилжааны банкнуудын монополь байдал саармагжаад хүү буурах юм гэнэ гэдэг ойлголттой байгаа. Хөрөнгө оруулалтын банк орж ирэхээр жижиг, дунд бизнест нь очих хүү буурах уу. Нэг өдрийн зээл гээд байдаг юм нь болиосой. Хүмүүсийг хэтэрхий шулж байгаа байдал арилаасай билээ гэж хүсч байна. Үүнд нэмэр хандив болж чадах уу? Анхнаасаа алдаагүй хууль гаргах хэрэгтэй гэж захья гэсэн юм.

Б.Жавхлан гишүүн:

-Хөрөнгө оруулалтын банк гэдэг маань хөрөнгийн зах зээл дээр биржээр дамжуулж явуулдаг бизнесийг ойлгодог. Монгол маань хадгаламжийн эх үүсвэрээр олгодог зээлүүд нь хамгийн эрсдэлгүй байх ёстой зах зээл юм. Хөрөнгө оруулалтын банк гэдэг өөр чөлөөт, урт хугацааны эх үүсвэрээр хөрөнгө оруулалт нь биржээр дамждаг бас биржийн бус замаар хувьцаагаар дамжиж хөрөнгө оруулалтуудыг, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг бизнесийг хэлдэг. Тэр зах зээл дээр ажиллах бодол бий. Дотоодын банкны үйл ажиллагаатай аль болох давхацуулахгүй байдлаар ажиллах санхүүгийн байгууллага. Одоо байгаа банкуудын маань найм нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэд одоо ажиллаж байгаа зах зээлийн модель дээрээс ашиг хүртэх гэж орж ирж байгаа. Энэ хуулиар орж ирэх банк бол дотоодын эх үүсвэрээс булаацалдахгүйгээр гаднаас эх үүсвэр авчирч, манай хөрөнгийн зах зээлд ажиллаж болох зохицуулалттай гадаадын хөрөнгө оруулалттай банкууд байх юм. Хөгжлийн банкныханд анхааруулж хэлэхэд өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөнөөс айх биш бэлтгэх учиртай. Энэ өрсөлдөөнөөс Монголын эдийн засаг хожно. Сингапур, Люксембург гээд гадны хөрөнгө оруулалт олон байдаг жижиг улсуудын жишээ татдаг. Ерээд оноос хойш дэлхий нийтийн өөрчлөлт дунд Зүүн Европын улсууд санхүүгийн зах зээлээ либеральчилсан түүх 2000 оны эхээр болсон. Бид түүнээс хойш 15-20 жилийн дараа энэ өөрчлөлтийг ярьж эхэлж байна. Тэр улсуудаас алдсан, оносон нь бий. Хамгийн сайн жишээ нь Унгар, Польш, Чех. Тэнд одоо дэлхийд байдаг бүх л том банкууд бий. Яагаад гэвэл эдийн засаг нь сайн, бизнес байгаа учраас банкууд сонирхож орсон. Тэндээс хэн хожсон гэвэл улсын эдийн засаг, бизнесийнхэн л хожсон. Сайн жишээ, бодит түүх нь тэр. Бид тэдний араас явж байгаа юм л даа.

Сү.Батболд: -Ер нь бид шийдвэр гаргахдаа нийгэмдээ зөв ойлголт өгөхгүй бол буруу ойлголт, тайлбар, хардалт төрд үл итгэсэн байдал яваад байдаг. Өмнө нь бид хөрөнгийн зах зээлийг сайжруулъя гээд дэлхийн жишгээр явъя, Лондонгийн хөрөнгийн биржийн жишгээр хөрөнгийн зах зээлийн менежментээ сайжруулъя гэж байгаад энэ ч болохгүй юм байна, буруу гэсээр байгаад аль ч үгүй болоод дууссан шүү дээ. Гэтэл өнөөдөр жижиг, дунд бизнес ч том нь ч нөгөө л богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээсээ хамааралтай. Урт хугацаатай бага хүүтэй зээлийн тухай ярьдөг мөртлөө хэрэгждэг зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын банк орж ирсэнээр бизнесийг дэмжихэд хэр хувь нэмэр оруулах вэ. Урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэр тал дээр бодитой өөрчлөлт оруулах боломж бүрдэх үү? Эсвэл дахиад нөгөө байгалийн баялаг, лиценз бүх зүйлээ барьцаалаад гадаад дотоодын хяналтад ороод алдана гээд яриад байх юм бол энэ маань хэрүүлийн алим болоод дуусна. Үүн дээр Монгол банк, хууль санаачилсан гишүүд тодорхой ойлголт өгч хэлж өгнө үү. Арилжааны банкны үйл ажиллагаатай давхардсан зөрчилдсөн зүйл бий юу гэж гишүүд асууж байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулна гээд байсан. Үүнтэйгээ уялдах уу?

-Б.Жавхлан гишүүн:-Арилжааны банк, хөрөнгө оруулалтын сангуудын хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гээд бид хууль батлаад байдаг. Хөрөнгө оруулалт хийдэг газар байна уу гэж хоёр, гурван гишүүн асуулаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гарсан. Харамсалтай нь энэ хуулиар зохицуулагдах тэр сувгаар орж ирэх хөрөнгө оруулалтууд манайд нэмэгдээгүй. Бизнесийн цикл нь ч тэгж таарлаа. Дээрээс нь ийм юм ойлгох хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүнд өгдөг зөвшөөрлийг зохицуулдаг. Танай тав, арван хүнтэй багт хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өглөө гэдэг. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль мөнгөнд өгөх зөвшөөрлийг зохицуулдаг. 500 тэрбумын дүрмийн сантай ийм аж ахуйн нэгж хөрөнгө оруулагчид манай дотоодын зах зээл дээр санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч байна гэдгийг зохицуулах хууль. Энэ сувгаар мөнгө орж ирэх илүү бодитой юм. Харамсалтай нь одоо бизнесийн циклийн хувьд сонирхол татахаар үе биш. Гэхдээ цаг хугацааны хувьд оройтож үндсэндээ бараг нөхөж гаргаж байгаа хууль. 1990-ээд оны сүүлээр Зүүн Европт болж байсан өөрчлөлтүүдийг одоо хийж байгаа юм. Нэлээд хашир болсон хойноо их зөв хууль гаргах гэж байгаа гэж бодож байна. Цаг хугацааны хувьд зайлшгүй гаргах ёстой цаг нь мөн гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсаны дараа гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхээр болж, Хөрөнгө оруулалтын банкны хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Б.ЭГШИГЛЭН

Онцлох нийтлэлүүд