ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.14 08:05

Гадныхан гайхжээ

Барууны аль нэгэн оронд юмны үнэ өсвөл бөөн дуу шуугиан дэгдэж, иргэд нь үймэлддэг. Гэтэл монголчууд тэрэнд огт санаа зовдоггүй нь сонирхол төрүүлж байна гэж гадныхан гайхжээ.

Латин Америкийн нэгэн улсад ариун цэврийн цаасны үнэ өснө гэхэд хүн бүр дэлгүүрт дугаарлаж бүтэн жил хэрэглэх цаасаа худалдан авч хомсдол үүсгэж байсан үйл явдал болсон. Гэтэл Монголд юмны үнэ өсч байна, өсөх байх гэсэн мэдээллийг эдийн засагчид өгдөг ч үүнд ач холбогдол өгч хашгирч байгаа хүмүүс бараг алга. Өнөөдөр 850 төгрөгийн үнэтэй байсан талх маргааш 860 болчихвол хэн ч уурлаж бухимдаж жагсдаггүй. “Яагаад юмны үнэ өсгөөд байна” гэж худалдагч руу ширэв татаад л өнгөрцгөөдөг.

Хүн төрөлхтөн нэг дэлхий дээр, нэг агаараар амьсгалдаг ч аливаа үйл явдалд өөр өөрийнхөөрөө ханддаг. Тухайн нэг асуудлыг үндэстэн, улс бүр өөрийнхөөрөө хүлээж авна. Төгрөг суларч, доллар чангарч байгаа нь бидний амьдралд хамаатай ч монголчууд үүнд өндөр ач холбогдол өгөөд дагаж сэтгэлээр хямрахгүй байна. Тиймдээ ч “Эдийн засгийн хямрал биш хүндрэлтэй үе” гэж ярьцгаах болсон. Тухайн асуудлыг хэн ямар өнцгөөс харж байгаа нь чухал. 250 төгрөг байсан бүтээгдэхүүн 450 төгрөг болсон нь бухимдал төрүүлж болох ч болж байгаа үйл явцыг уужуу тайван, хүлээцтэй хүлээн авч байгаа нь сэтгэлзүйн хувьд ухаалаг байгааг илтгэнэ. Ухаалаг байгаа болохоор өөрт байгаагаа зүй зохистой, тооцоотой зарцуулна гэсэн үг.

Д.ГАНСАРУУЛ

Онцлох нийтлэлүүд