ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.09.03 10:09

Гадныхан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж Монголд мөнгөө хийх сонирхолтой болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Долгорсүрэнтэй хөрөнгө оруулалтын сангийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дагасан хичнээн журам гарах вэ, батлагдаад мөрдөгдөж эхэлсэн журмууд бий юу?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дагаж хориод журам батлагдах учиртай. Хөрөнгө оруулалтын менежмэнтийн компанийг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах гэх мэт таван журам мөрдөгдөөд эхэлчихсэн.  Нягтлан бодох бүртгэлийн, сангийн зохицуулалтын гэх мэт үлдсэн арваад журмыг боловсруулж байна. Гаргаж буй журмууддаа Дэлхийн банкны техникийн туслалцааг авч ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, нягтлан бодох бүртгэл зэрэг дээр гадаадын нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг урьж  ажиллуулж байна. Тийм ч учраас манайхаас гарч байгаа журмууд олон улсын стандартад нийцсэн гэсэн үг. Товчхондоо гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад ойлгомжтой орчин бүрдэж байгаа. Санхүүгийн салбар итгэл дээр тулгуурладаг, итгэл дээр тоглодог, итгэл үнэмшил дээр дөрөөлж  сайжирдаг. Аль ч журмыг нь харсан дэлхийн ямар ч оронд байдаг стандартын дагуу учраас хөрөнгө оруулагчдад итгэл төрж байгаад эргэлзэх зүйлгүй.

 -Дэлхийн стандартад нийцсэн орчин бүрдүүлж байгаа гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлсэн байж таарна. Өнөөдрийн байдлаар хичнээн компани хөрөнгө оруулалтын сан байгуулах сонирхлоо илэрхийлээд байна?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулиар бол санг зөвхөн хөрөнгө оруулалтын менежмэнтийн компани үүсгэн байгуулах эрхтэй. Яг өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын сангийн менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр хуулийн этгээд авсан. Үйл ажиллагаа нь  эхэлчихсэн. Хөрөнгө оруулалтын сангаа үүсгэн байгуулах судалгаагаа эхлээд явж байна.

-Хөрөнгө оруулалтын сан байгуулахад бэрхшээлтэй асуудал бий юу?

-Хөрөнгө оруулалтын сан ажиллаад эхлэхэд  бэрхшээлтэй нэг асуудал байсан. Тэр нь кастодионы үйл ажиллагаа. Кастодионыг санхүүгийн зах зээлд бий болгох ажлыг Монголбанктай хамтраад шийдлээ. Журмыг нь баталчихсан. Журмын хүрээнд хамгийн эхний тусгай зөвшөөрлийг “Голомт” банкинд олголоо. Тэгэхээр санхүүгийн салбарын дэд бүтэц бий болоод эхэлсэн гэсэн үг. Кас­тодионы үйлчилгээг Монголд нэвтрүүлэх боломжтой болсон. Эцэст нь дүгнэж хэлэхэд хөрөн­гө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчин бүрдээд байна.

-Гадаадын хөрөнгө оруу­лагчидтай хөрөнгө оруулалтын сангийн талаар уулзалт зохион байгуулаад эхэлсэн гэж сонссон?

-Тэгсэн. Япончууд сонир­хож байна. Тусгай уулзалт зохион байгуулсан. Хонконгийн бизнес эрхлэгчид  ч уулзсан.

-Гадныхан Хөрөнгө оруулалтын сангийн хууль, дагалдаж гарах журмууд дээр нь анхаармаар асуудал байна гэнэ үү?

-Зарим журам нь гараагүй учраас хүлээлт байна. Давхар бүртгэлийн асуудал бий. Бусад оронд бүртгүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бүртгүүлэхдээ яах вэ зэргийг сонирхож байна. Үүнийг журамдаа нарийвчилж тусгаж өгнө. Түүнээс биш бусдаар айхтар саад тотгор байхгүй.

-Гадаадын хөрөнгө оруулагч­дад  шууд сан байгуулаад ажиллая гэсэн сонирхол байна уу?

-Монголын зах зээл жижиг. Дэлхийн хямралыг дагасан хямрал нөлөөлсөн гээд асуудал бий. Гадаадын хөрөнгө оруулагчдын ярьдаг нэг л зүйл бий. Монгол өнөөдрийнх шиг байнга хямралтай байхгүй гэж ярьдаг. Эдийн засгийн тэлэлт явагдахаас өмнө түрүүлж орж ирээд хөрөнгө оруулалтын сангуудаа бага хэмжээнд ч гэсэн байгуулъя гэсэн сонирхол анзаарагдаад эхэллээ. Томоохон хөрөнгө оруулагчид ороод ирчихсэн байхад дараагийнхад нь зай үлдэх магадлал бага. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө хийх сонирхол нь өндөр байгаа юм.

-Журмууд эцэслэгдлээ, хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаад эхэллээ гэхэд эдийн засагт мэдрэгдэхээр эерэг нөлөө ойрын жилүүдэд гарах уу?

-Ер нь бид хөрөнгө оруу­лал­тын сангаар дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татна гэсэн байр суурь барьж байгаа. Учир нь Монгол өөрийн онцлогтой улс. Иргэд нь дотоодын хуримтлал багатай. Хүн бүрд хуримтлал байхгүй, хөрөнгийн зах зээл дээр тоглож сураагүй. Илүүдэл мөнгө байхгүй улс л даа. Тийм учраас бид хөрөнгө оруулалтын санг гадаадын хөрөнгө оруулалтыг татах бас нэг шинэ суваг гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын сангаар дамжин мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирдэг. Тэднийг дагаад технологи, бодлого, менежмэнт нь орж ирдэг. Монголчуудад сурах боломж гарч ирнэ гэсэн үг.

-Төрийн оролцоотой том сангууд байгуулагдвал тийм зөв гарц биш, хувийн сангуудыг олноор нь байгуулах боломж бүрдүүлж, жамаар нь хөгжүүлбэл зүгээр гэсэн санааг зарим судлаач хэлдэг. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалтын сан дээр төрийн тодорхой хэм­жээ­ний зохицуулалт байх ёстой. Заавал төр бүх сан­гуу­даа байгуулна гэсэн үг биш. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирж тоглоосой, тодорхой хэмжээний үр дүнд хүрээсэй, Монголын сан­хүүгийн зах зээлийг дэмжээсэй гэсэн өндөр сонирхол бий. Дан ганц санхүүгийн зах зээлийг дэмжих асуудал биш л дээ. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарууд дагаад босоод ирэх боломжтой гэж хараад байгаа юм.

-Төрийн оролцоог эрчим хүч зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэгддэг салбаруудад онцлоод байна уу?

-Тэгж ойлгож болно. Манай санхүүгийн зах зээл нэг онцлогтой. Арилжаа байхгүй, идэвхгүй байгаа нь хууль эрх зүйн орчин болохгүйдээ биш л дээ. Хувьчлал эхнээсээ гаж буруу явсанд хамаг учир байгаа юм. Олон нийтэд хувьчилсан ч том компаниуд  нь эргээд цөөхөн гэр бүлийн эзэмшилд оччихсон. Нөгөөдүүл нь төвлөрүүлсэн хувьцаагаа олон нийтэд нээлттэй зарах сонирхолгүй. Хоёрдугаарт төрийн компанийн хувьцаа бирж дээр зарагддаггүй. Зүгээр л бүртгэлтэй байж байдаг. Бүртгэлтэй хэрнээ ямар ч идэвхгүй гэсэн үг. Үүнийг идэвхжүүлэх гарц бол төрийн өмчийн компаниудыг хувьчлах, хувьцааг нь олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах. Ингэж чадвал хөрөнгө оруулалтын сангууд орж ирнэ.

-Сан байгуулах нь иргэ­дэд ямар давуу талтай вэ, одоогоор бол хүмүүст мөнгөө банкинд хадгалуулснаас илүү хэмжээгээр  өсгөх боломжтой гэсэн ойлголт л байна?

-Зөв ойлгосон байна. Санхүүгийн салбарын хувьд банкинд дээр төвлөрсөн санхүүгийн систем болчихоод байгаа. Бараг 80-90 хувь нь банкнаас хамаарч байна. Хорооноос 2020 он хүртэл санхүүгийн салбарын шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Энэ концепцийн ерөнхий агуулгыг би сая ярилаа л даа. Гэр бүлийн компаниудыг задалж олон нийтийнх болгох, “Скайтел”, “Мобиком” зэрэг олон нийтийн өмчид тулгуурласан компаниудыг тодорхой хувиа олон нийтэд зардаг болгох жишиг рүү оруулах гээд байгаа юм.  Төрийн өмчийн компаниудыг хувьчлах учиртай. Ялангуяа уул уурхайн компаниудыг. Төрийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон компанийн хувьцааг олон нийтэд арилжаалах хэрэгтэй. Олон нийт хувь эзэмшиж байж хяналт сайжирна. Мэдээж стратегийн салбарт төр хувиа эзэмшинэ. Гэхдээ арав, хорин хувийг нь ард түмэнд хувьчлах учиртай гээд байгаа юм. 

-Сая таны ярьсан бүхэн журмаар зохицуулагдаад явах уу?

-Журам бол хууль гэсэн үг. Мэдээж  тодорхой хуулиудад өөрчлөлт орох ажил гарч болно. Ногдол ашгийн татвараас чөлөөлөх гэх мэт асуудал бий. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бол нэгдүгээрт хөрөнгө оруулалт татах цоо шинэ суваг. Хоёрдугаарт хөрөнгө оруулагчдыг  татах менежмэнтийг бий болох ёстой. Гуравдугаарт санг дагаад  бусад хөрөнгийн зах зээл хөгжих учиртай. Хөрөнгө оруулалтын сангаа дагаад бирж өргөжнө, биржээ дагаад хувьчлал явагдана гэдгийг хэлээд байгаа юм. Энэ утгаараа яах аргагүй том бодлого.

-АПЕК-ийн гишүүн орнуудын санхүү чигийн байгууллагын төлөөлөл Монголд анх удаа чуулж байна. Монголоор бол Санхүүгийн зохицуулах хороо маягийн үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын төлөөлөл ирсэн гэж ойлгож болох уу?

-Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын зах зээл зохицуулагч байгууллагынхан ирээд байна л даа. Санхүүгийн зохицуулах хороотой адил түвшний байгууллагын төлөөлөл ирсэн гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын сангийн төрийн зохицуулалт гэж юу юм гэсэн сэдвээр таван өдрийн сургалт зохион байгуулж байгаа. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бидний хувьд цоо шинэ ойлголт. Харилцан туршлага судалъя, сан байгуулаад хориод жил болсон улсын алдаа онооноос суръя гэсэн зорилготой. Шриланк, Лаос зэрэг ижил түвшнийхэн ч ирсэн. Эднээс ч сурах юм бий. Хийсэн судалгааг нь харилцан солилцъё гэж байна. Монголоос гэхэд ганцхан Санхүүгийн зохицуулах хорооныхон биш Монголбанк, Сангийн яамныхан ч оролцож байгаа. Хөрөнгө оруулалтын санг зохицуулахад төрийн бодлого нэг байх ёстой. Хөрөнгө оруулалтын санг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам бүгд нэг өнцгөөр харах учиртай. Тэд ийм зорилгоор оролцож байгаа.

-Хуралдааны эхний өдөр АПЕК-ийн гишүүн орнуудын зах зээлийг удирдагчид юу ярив?

-Хамгийн түрүүнд энэ бүсдээ санхүүгийн зах зээ­лээрээ манлайлагч Австралийн туршлагыг сонслоо. Солонгосчууд хөрөн­гө оруулалтын сангаараа нэлээд хүчтэй хөгжсөн. Тэдний туршлагыг сонсч байна. Энэ улсад тэтгэврийн сан гэхэд л тусдаа хөрөнгө оруулалтын сан болоод явчихсан байх жишээний.

Ц.БААСАНСҮРЭН

Онцлох нийтлэлүүд