ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.19 10:05

Газрын зураг зурдаг оюутнууд насны найзууд болсон нь

Барилгын техни­ку­мын зураг зүйн анхны ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Монголд газ­рын зураг зурдаг дунд мэргэжлийн тавь орчим хүмүүс байдгийн тал нь эдний ангийнхан. Ба­рилгын техникум зураг зүйн гэсэн ангиар ердөө хоёрхон удаа элсэлт ав­сан юм билээ. 16 настай охид, хөвгүүд нэг ангид цугласнаас хойш 30 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл  дотно найзууд хэвээрээ үлджээ.

Төгсөлтийнхөө хо­рин жилийн ойгоор  уулз­санаас хойш амьд­ралынхаа баярлах, гуних онцгой агшин бүрээ ху­ваалц­даг болж. Хотод амьдардаг хэд нь сав л хийвэл уулздаг гэж байгаа. Арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн  нэгэн­дээ баяр хүргэх гэж сандарч яваад таксинд шинэ оноо гаргасан түүх ч эдний ангийнханд бий аж. Барилгын техни­кумын зураг зүйн анхны ангийнхнаас Дагвадорж, Ичин­хорлоо, Баянжаргал, Баяр­жаргал нартай уул­заж дурсамж сөхлөө.
Зураг зүйн анхны ангид нийслэл хот, хөдөөгийн сумдаас  найман хүү, 17 охин цуглажээ. Барилгын коллеж хэрнээ барилгатай огт хамаагүй тэс хөндлөн мэргэжлээр төгсөцгөөсөн нэг ангийнхан гэдгээрээ тэд сургуулийнхнаасаа онцгойрдог. Тэгсэн мөрт­лөө зуны ажлаараа барилгын ажилд дайч­лагддаг байж. Тэд газ­рын зураг, атлас хийх чиглэлээр суралцсан гэсэн. Газрын зураг дээр хараа муутай хүнд бол бараг уншигдахааргүй  жижигхэн үсгээр гол мөрөн, аймаг, сумын нэрийг бичсэн байдаг даа. Тэр үед одоогийнх шиг компьютер гэж байх биш, Говь-Алтай аймгийн нэрийг гэхэд л үсэг үсгээр нь нямбайлан өрнө. Өнөө жижигхэн үсгүүдээ тусгай чимхүүрээр нэг бүрчлэн чимхэж ирээд  наана гэдэг амаргүй ажил байсан бололтой.
Тэр үед хэвлэх үйлд­вэр өнгөтөөр биш хар цагаанаар хэвлэдэг уч­раас газрын зургаа өнгөөр ялгаж будах ажлыг хүртэл газрын зургийн зураачид хийдэг байж. Орос усан будгаар чанартай ватум цаасан дээр бийрээ амандаа хүлхэж байгаад л ус мөрнийг цэнхрээр, аймгуудыг өнгөөр  ялган зурж өгдөг байж. Элстэй газрыг гэхэд л элснийх нь ширхэг нэг бүрийг цэглэн зурж хийдэг байсан гэнэ. Зураг зүйнхэн дипломын ажлаа томоо гэгчийн  газрын зургууд хийж хамгаалжээ. Ичинхорлоо гэхэд Африк тивийн газрын зураг хийж дип­ломоо хамгаалж байж.
Оюутан охидын төрсөн өдрийн бэлэг нь 45-ын хүүхэлдэй
Эдний ангийнхан нэг нэгнийхээ төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг байснаа ам уралдуулан ярив. Стипенд буусан үед хэн нэгнийх нь төрсөн өдөр болбол хүүхдийн зуугийн хажуугийн “Солонго” ресторанд орж тэмдэглэдэг байж. Ер нь ихэнхдээ л ангидаа цуглаад төрсөн өдрийн эзэнд бэлэг өгч, дараа нь патиараа татуулдаг байжээ. Оюутан охидын бэлэг нь ямар ч сонголтгүй. 45 төгрөгөөр зардаг орос кукла. Хэвтүүлэхээр унтдаг, босгохоор дуга­риг цэнхэр нүдээ нээдэг хүүхэлдэйнээс өөр гоё бэлэг байгаагүй гэнэ. Охид бэлгэнд авсан хүү­хэлдэйгээ орон дээ­рээ сувинер маягаар тавь­чихаад элдэв өнгийн хувц­саар гоёдог байснаа дурсав. Баяржаргал төр­сөн өдрийнхөө зур­гийг аваад ирчихэж. Хүү­хэлдэйгээ тэвэрч бай­гаад найзуудтайгаа ава­хуулсан зургаа нандигнаж явдаг гэнэ.
Зураг зүйн ангийн охид метрийн эрээн даавуу авч складтай юбка хийгээд өмс­чих­дөг байсан гэж байгаа. Тэр дундаа Ичинхорлоо, Баян­жаргал, Баяржаргал, Ган­хуяг нар  янз бүрийн өнгө, загвараар урлан гоёдог байж. Стипенд буухаар хувцас авахдаа мөн л ижил загвартайг авчихдаг байсан гэнэ. Ичинхорлоо ”Сонголт байхгүй болохоор аль гоё харагдсаныг нь гээд сонгохоор бүгдээрээ нэг заг­варын хувцас авчихна. Ямар сайндаа нэг удаа Бүргэд багшийн хичээл дээр хоцорч орж ирсэн Баяржаргал, Баянжаргал, Жавзандулам гурав цугаараа улаан трико өмсчихсөн байж билээ. Бүргэд багш их хатуу, бас их шооч хүн байсан юм. Өнөө гурвыг чинь нухацтай гэгч нь харж мушилзаад самбарын өмнө хичээл завсарлах хүртэл зогсоочихож билээ” гэж хэлээд тас тас хөхрөв. Тэр үед их завсарлагаа 45 минут үргэлжилдэг байжээ. Ангиа төлөөлж ирсэн дөрөв Гандангийн дэл­гүүрийн хажуугийн цай­ны газрын хямдхан амттай хоол авч идэх гэж завсарлагаанаараа гүйлддэг байснаа ярив. Хичээлээс хоцрох ихэнх шалтгаан нь Гандангийн гуанз байжээ.
Эдний ангийн багшийг Сэнгээ гэдэг юм байна. Бүгдээрээ л багшдаа ам сайтай юм. Багшийн хэлсэн үг ангийнханд нь хууль байсан гэнэ. “Тэнгис” кино театрын эсрэг талын өндөр цэнхэр байр, нэгдүгээр хорооллын гурван өндрийг бариулсан зөвлөх инженер хүн аж. Наанаа хатуу ч гэсэн буулт нь зөөлөн, ангийнхныхаа төлөө сэтгэлээсээ зүтгэж чад­даг байсан багштайгаа тэд өнөөдөр ч холбоотой байдаг гэсэн. Тэр үед дотуур бай­ранд орно гэдэг амаргүй даваа байж. Ичинхорлоо гэхэд л ангийнхаа багшийнд амьдардаг байжээ. Хүүхдийг нь цэцэрлэгээс авах, хоол хийх л ажилтай, бусад үед хичээлээ хийгээд л суудаг оюутан байж. Дагвадорж  нутгийнхаа ахынхаас хичээлдээ явдаг байснаа дурсав.

Гуравдугаар курсээ төгсөөд цэрэгт мордсон дөрөв

Зураг зүйн ангийн дөрвөн хүү ангийнхантайгаа хамт төгсөөгүй, зураг зүйгээсээ огт өөр мэргэжлээр сургуулиа дүүргэжээ. Гуравдугаар курсээ төгсөх үеэр нь Дагвадорж, Энхбаатар, Гантулга, Гэрэл­чулуун дөрөвт цэргийн зарлан ирж. Хорооллын дөч­дүгээр сургууль дээр очоод шалгуулангуутаа л тэнцчихэж. Зураг зүйн ангийн гуравдугаар курс гэж хэчнээн тайлбарлаад ч тусыг олоогүй гэнэ. Цэрэгт татлагынхан нэг ангийн хөвгүүдэд “Та нарыг ирэхэд анги чинь байж л байна. Эргэж ирээд орохгүй юу. За одоо гараад ойр дотнын хүмүүстэйгээ уулз. 15 минутын хугацаа л байгаа шүү” гэжээ. Ингээд л ангийнхантайгаа Гандангийн хажууд зогсч байсан авто­бусны наана зургаа авхуу­лаад цэрэгт морджээ. Ангийн хөвгүүдээ цэрэгт үдсэн өнөө хэд нь шөнөдөө такси хөлсөлж өглөө нь хуушуур, чихэр, жигнэмэгтэй эргэж байж. Гэнэт л цэрэгт ачигд­сан оюутан цэргүүд гурван жилийн дараа халагдаж ирээд зураг зүйн ангидаа үргэлжлүүлэн сурах гэтэл анги нь татан буугдчихсан байсан аж. Дагвадорж гэхэд л  геодезийн дөрөвдүгээр курст элсч  шинэ мэргэжлийнхээ учрыг  олохгүй байсаар төгсчээ. Зарим нь бүр геофизик гээд огт өөр мэргэжил эзэмшсэн байна. Халагдсан цэргүүд хэд­хэн сар суралцаад л шинэ мэргэжлээр төгссөн гэж байгаа.

Орос хувцсанд зардаг сарын стипенд
Зураг зүйн ангийн оюут­нууд сардаа 180 төгрөгийн цалинтай. Цалингаа буун­гуут байранд байдаг хэд нь багахан хэсгийг нь ний­лүүлж хүнсээ базаагаад гоё хувцасны эрэлд гардаг байснаа ярьцгаав. Охид Шар хадны орос дэлгүүрээс гутал их авдаг байжээ. Сансарын орос дэлгүүрт тусгай эрх­тэй хүмүүс ордог ч тэр дэлгүү­рийн барааг дамлаж зардаг эмэгтэйгээс ахиу үнээр хувцас авчихдаг байж. Эдний ангийн Дагвадорж бүр дамаар авсан хувцсаа дамлаж зардаг байс­наа ярьсан чинь охид нь гайхаад жигтэйхэн. Баян­жаргал “Чи тийм айхтар дам­чин байсан юм уу” гээд том харж байна. “Тэгэлгүй яадаг юм, би гайгүй наймаачин байсан шүү. Оросын “Кузбак” гэдэг куртикийг 120 төгрөгөөр аваад 250 төгрөгөөр зардаг байсан. Олддоггүй ховрын бараа болохоор хүмүүс тэр дор нь авна. 20 төгрөгийн пүүзийг 60 төгрөгөөр зардаг байлаа. Нэг удаа их дэлгүүр дээр гурван куртик авч очоод хоёрыг нь зарчихаад зогсч байтал энгийн хувцастай ах хүрээд ирдэг юм байна. Ах нь наадахыг чинь авъя наашаа ороод ир гээд нэг өрөө рүү дагуулаад орчихлоо. Гэтэл нөгөө хүн чинь эдийн засгийн байцаагч болж таарсан. Халаасанд байсан 850 төгрөгөө куртиктэйгээ хураалгачихдаг байгаа. Таньдаг хүнээрээ дамжуулан  50 төгрөгийн  авлига өгүүлж байж хураалгасан юмнуудаа буцааж авсан шүү” гэж хэлээд хөгжилтэй  инээлээ. Мань эр үл хөдлөх хөрөнгийн наймаа ч хийж явжээ. 1000 төгрөгөөр хашаа байшин худалдаж аваад 1050 төгрөгөөр зарж байснаа ярихад охид нь мөн л өөд өөдөөсөө гайхангуй харж инээцгээв.

Улаан хамгаалагч хөвгүүд
Говь-Алтайн Чандмань суманд  зуны ажлаар очсон  охид нэг нууцыг бүр хожим нь мэджээ. Хөдөө, гадаа хаана ч очсон шүгэлдэж, чулуу шидээд амраадаггүй сумын залуусын ааш авирын талаар дээд ангийн эгч нараасаа сонссон  охид “Хөөх энэ Говь-Алтайн залуус чинь ямар соёлтой дажгүй юм бэ” гэж өөр зуураа ярьцгаадаг байсан гэнэ. Яг үнэндээ хотын охидтой уулзана гээд хүрээд ирдэг залуустай ангийнх нь хөвгүүд нүүр тулдаг байж. Уулзуулахгүй гэж үзэлцэж, заримдаа бүр зодоон цохиондоо тулж байж явуулдаг байснаа бүр хожим нь охиддоо хэлжээ. Ямар сайндаа л Дагвадорж “Бид чинь ангийнхаа охидыг дөрөв төгстөл нь хүнтэй суулгаагүй. Манай ангийн Бат-Өлзий геодезийн ангийн цэргээс халагдаж ирсэн залуутай үерхэж эхэлдэг юм байна. Анхандаа өнөөхийг нь хавьтуулахгүй, цэргээс ирсэн том залууг хамжиж байгаад нударганы амт үзүүлээд явуулчихдаг байлаа. Тэр хоёр маань өнөөг хүртэл ханилж, сайхан амьдарч байгаа” гэхэв. Эдний ангийн охидоос Уранмандах л тайрмал үстэй бусад нь салаа гэзэгтэй ангидаа цугла­жээ. Харин Говь-Алтайд очих­доо ихэнх нь үсээ тайрчихаж. Хөвгүүд нь “Үсээ тайрсан охинд 100 грамм гучийн чихэр өгнө” гэж хэлээд тайруулсан гэнэ. Тэр үед гучийн, 24-ийн чихэр л хамгийн тансагтаа ордог байжээ. “Чих­рэнд болоод үсээ тайрсан нь үнэн шүү. Тэр үед нархамба, нандин чавга хааяа л үзэгддэг байлаа. Хачин амттай санагдахыг нь яана” гэж Баяржаргал ярив.

Дипломат цүнхтэй хүүхдүүд
Зураг зүйн ангийнхан бусад оюутнуудаас өөр цүнх барьдаг байж. Тэр үеийн дарга нарын барьдаг  дипломат цүнхээр жигдрээд хотын гудамжаар алхахаар үеийнхэн нь гайхан хардаг байсан гэнэ. Дипломат цүнхэндээ дэвтэр биш бич­гийн цаас, ватум, бийр энэ тэр л байнга хийгээстэй. Хичээ­лээ тарж дипломат цүнхээ бариад цусны төв дээр цөөнгүй удаа очсоноо дурсав. Цусаа өгөхөөр дөчин мянгатын баншны кафед нэг, хоёрдугаар хоол идэх таван төгрөгийн талон, 24-ийн хоёр чихэр өгдөг болохоор тэр үеийн оюутнууд цусаа их өгдөг байжээ.

Марзан Бадраа, солгой Ганхуяг...
Эдний ангийнхны төлөөлөл болж цугласан дөрөв ангийнх­ны­хаа монтажийг харж бай­гаад тэрийгээ оруулахгүй бол гомдоно, энийгээ ч ярих­гүй бол болохгүй гэж ирээд ангийнхнаа баахан ярив. Бад­раа гээд Хөвсгөлөөс ирсэн дархад хүүгийн тухай бүгд л “Зүгээр ярьж байгаа нь хүртэл бөөн инээд шүү” гэж ам нийлүүлцгээнэ. Цагийн зүү арван хоёр дээр гозойж байна гэхийг “цагийн зүү зургаа дээр унжиж байна” гэж ирээд л  үг хэлэх бүртээ ангийнхнаа инээлгэдэг нөхөр гэнэ. Анх ирээд нэг жил дуугүй л яваад байж. Нэгдүгээр кур­сээ төгсөх үедээ хэлэмгий, марзан нь дэндээд ирэхэд ангийнхан нь “Чи яагаад дуугүй яваад байсан юм бэ” гэж асуухад “Анх та нарын яриад байгаа үгний заримыг нь  ойлгодоггүй байсан юм аа. Тэгээд л ярихаасаа санаа зовоод байсан хэрэг. Одоо сур­сан юм чинь ярилгүй яадаг юм” гэж хариулж байжээ. Бадраа төгсөөд л нутагтаа очиж мал хариулсан гэнэ. Малчин эр эхнэртээ байсгээд л “Би  залуу цагтаа ганцхан удаа хотод очиж сураад насны хэдэн найзтай болсондоо баярладаг” гэж олзуурхан ярьдаг гэсэн. Эдний ангийн хотын ганц хүү нь Мөнхбаатар. Хамба хилэн хүрмийг өнгө өнгөөр нь өмсдөг дэгжин хүү байж. “Байнга л судалтай улаан цамц ижилсүүлдэг Цэенхүү, Ганхуяг хоёр энэ байна”, “Баяр­жаргал, Баянжаргал хоёр бас байнга цуг явна, бас л хувцсаа ижилсүүлээд өмсчихдөг байсан юм”, “Энэ манай Пүрэвдорж, охиддоо эрхэлдэг гэж шоолуулдаг ганц хүү, одоо ч эрхэлсэн хэвээрээ” гэж ирээд эдний ангийхны зураг бүрийг хөгжилтэй тайлбартайгаар сонирхлоо. Гантулга солгой гараараа бичнэ, хачин гоё зурна, Энхбаатар бас зурна, элэглэнэ, Занданхүү намбатай, намжиртай, Гэрэлчулуун номонд дуртай гээд ангийнхны тухай дурсамж бараг цаг гаруй үргэлжилсэн.

 Багшийнхаа найзынд тэмдэглэсэн хонхны баяр
Хонхны баярын зургаа сонирхуулав. Тэр үеийн оюутнууд төгсөлтийн баяраа аль гай­гүй гэсэн хувцсаа шилж өмсөөд л сургуулийнхаа биеийн тамирын зааланд  тэмдэглэчихдэг байж. Ангиудаас урлагийн номер сонирхуулна, тараад ундаа ууж, торт идээд л баяр дуусдаг бай­сан гэнэ. Ангидаа тортоо идэх гэтэл сургуулийнх нь захирал зөвшөөрөөгүй учраас багшийнхаа найзын гэрт очиж амттанаа хувааж идэж, өдөржин ярьж хөөрч, тоглож байгаад зүг бүр тийшээ салцгаажээ. Зураг зүйн ангийнхан Геодези зураг зүйн газарт ажиллах ганцхан сонголттой. Эдний ангиас төгсөөд шууд мэргэжлээрээ ажилласан хэд хэдэн хүүхэд бий гэнэ. Уранмандах, Баяр­жаргал хоёр геофизикээр хэсэг ажиллажээ. Бат-Өлзий, Санжмаа, Гэгээнтуяа, Баянжаргал нар геодезид  ажиллаж байхдаа хилийн шинэчилсэн зураглалд явж байжээ. Зарим нь хүсэлтээрээ орон нутаг руугаа буцаж жижиг экспедицэд ажиллах зэргээр нэг хэсэгтээ л мэргэ­жил­дээ үнэнч байцгааж. Зах зээлд шилжсэнээс хойш мэр­гэж­лээрээ ажиллах боломж, нөхцөл алга болж дор бүрнээ амьдралын мөрөө хөөцгөөжээ. Ангийн дарга Ганхуяг барил­гын компанийн захирал, Заяа зургийн мэргэжлээрээ  Ховдод их сургуулийн багш, Баяржаргал Засгийн газрын ордонд зохицуулагч, Гэгээнтуяа төмөр замд нярав, Мөнхбаатар Солонгост гэр бүлээрээ амьдардаг  гээд тус тусдаа сайхан амьдарцгааж яваа аж. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс олон гэнэ.  Сонирхуулж хэлэхэд зураг зүйн ангийнхан монтажаа өөрсдөө хийсэн юм байна. Хөвгүүд нь дармалаар хачин гоё бичнэ, зурахдаа ч жигд сайн байсан учраас монтажныхаа элдэв чимэглэлийг урлажээ. Багш нь монтажин дээр урил­гын үг, хүүхдүүдийнхээ нэрсийг бичсэн аж. Ирэх сарын 15-нд Зураг зүйн ангийн төгсөлтийн гучин жилийн ой болох юм байна. Тэд сүүлийн жилүүдэд уулзаж амжаагүй Баян-Өлгийн Булган суманд амьдардаг Гэрэлчулуун, Баян-Өлгийн Ногооннуур суманд байгаа Рань, Өвөрхангайн Чимгээ, Багануурын Жавзандулам, Увсын Цэнд-Аюуш, Ховдын Хүдэрбор нарыгаа манай сониноор дамжуулан ойн уулзалтандаа урьсан юм.  

Ц.Баасансүрэн

Онцлох нийтлэлүүд