Онцлох нийтлэл
2014.06.01 01:06

Газрын тосны хууль батлагдвал олборлолтоос эхлээд олон асуудлыг зохицуулна гэв

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийг өчигдөр  УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. Чуулганы эхэнд дээрх асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдэж, үдээс хойшх хуралдаанаар ийн баталсан юм. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хүчин төгөлдөр болголоо. 

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуултад хууль санаачлагч болоод ажлын хэсгийнхэн хариулт өглөө. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлбал, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх, төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байна. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болно. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа” гэлээ. 

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Чуулганаар хэлэлцсэн бас нэг чухал  асуудал бол Г хуулийн шинэчилсэн найруулга байв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхийн дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан байгаа. Иймд чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д дахин өргөн мэдүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай мэдээлсэн.

1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан. Тэгвэл тухайн оны Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байгаа аж. Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй гэнэ. Ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаа ажээ. Үүнээс хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч буйг төсөл  санаачлагчид онцоллоо. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгох юм байна. Мөн роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгож хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн хамт боловсруулжээ. 

 Мөн хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх аж. Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байна. Энэ хууль батлагдсанаар газрын тос, уламжлалт газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой болно гэдгийг Уул уурхайн сайд илтгэлдээ онцоллоо. Мөн тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Хэрэв хууль хэрэгжвэл энэ салбарт орж ирэх 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар байгаа” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

ЦАГААН СУВАРГЫН ОРДООС ТӨР 34 ХҮРТЭЛ ХУВЬ ЭЗЭМШИНЭ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд саналт хураалт явуулахад гишүүдийн 69.6 хувь нь дэмжлээ.  Ингээд уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Н.Номтойбаяр гишүүнээс УИХ-ын Дэгийн тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу чуулганы хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг З.Энхболд дарга уншиж танилцуулан, гишүүний хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд зааснаар Цагаан суваргын ордод төр 34 хүртэлх хувь эзэмшихээр хуулинд тусгасан байгаа. Ингэхдээ 350 сая ам.долларын хөрөнгө оруулах юм. Уг төслийн санхүүгийн эх үүсвэрийг бонд гаргах замаар шийдвэрлэнэ гэж байгаа. 

Цагаан суваргын орд газрын ашиглалтын лицензийг Монголын алт компани(МАК) эзэмшдэг. Тус компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт ордын хувь эзэмших тал дээр төрийг оролцуулах хүсэл, сонирхолгүй байгаагаа энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороон дээр мэдэгдсэн юм. Гэхдээ төслийг эхлүүлэх асуудлыг яаравчлуулж байв.

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар уг асуудлыг хэлэлцэж байхад гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг баталсны дараа нэг мөр  шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэд “Жил ирэх тусам социализм руугаа яваад байгаа юм шиг төр үндсэн ажлаасаа хазайж байна. Эдийн засгийн хүндрэл нүүрлэлээ гэж байна, үүнийг туулдаг олон арга байдгийн нэг нь хувийн хэвшлээ дэмжих явдал. Гэтэл төр ордод хувь эзэмшиж бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх тухай ярьж байгаа нь зохисгүй. Оюутолгойн асуудлыг шийдээгүй байж дахиад төр энэ ордод 34 хувь эзэмших тухай асуудал нь гадаад ертөнцөд тэр тусмаа хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт төрүүлнэ” гэсэн юм. 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2013 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ПҮРЭВ ГАРИГТ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Үүний дараагаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг  хэлэлцэв. Үндсэн чиглэлийн биелэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг нар танилцуулав.

Ерөнхий сайд танил­цуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 18-ны 37 дугаар тогтоолоор 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээтэйгээр баталсан. Үндсэн чиглэлийн нийт зорилт арга хэмжээний биелэлт 2013 оны жилийн эцсийн байдлаар 67,1 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 6 бодлого тус бүрээр авч үзвэл өсөлтийн үр шимийг нийгмийн бүх бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого 70 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 64, байгаль орчин бүс нутгийн хөгжлийн бодлого 56, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72, төрийн үйлчилгээ засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 65, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр тус­гагдсан боловч 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалт¬гаалж хэрэгжээгүй болон дутуу хэрэгжсэн. Үүний 25 арга хэмжээ нь төсөв мөнгө батлагдаагүй, таван арга хэм­жээ төсвийн тодотголоор сан­хүүжилт нь хасагдсан. ДНБ-ий өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11,7 хувийн дүнтэй гарсан нь эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдаж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүс чуулганы хуралдаанд ирээгүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлуулав. 

М.МӨНХ

Онцлох нийтлэлүүд