ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.10.22 04:10

Газрын тосны "Total" компанийн тэргүүн Москвад осолджээ

Францын газрын тосны Total компанийн Удирдах зөвлөлийн тэргүүн Кристоф дэ Маргери Москвад онгоцны ослоор амиа алджээ. Түүний сууж явсан хувийн онгоц Москвагийн Внуково олон улсын нисэх буудлаас Парисыг чиглэн хөөрөх явцад цас цэвэрлэх машинтай мөргөлдөж сүйрсэн талаар нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч Элена Крилова мэдээлсэн байна. ОХУ-ын онцгой байдлын яамнаас хийсэн мэдэгдэлд тэрээр Falcon-50 хэмээх хувийн онгоцонд сууж явсан бөгөөд осол даваа гаригт орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нисэх багийн гурван гишүүн, зорчигчид бүгд амиа алдсан бөгөөд цас цэвэрлэгч машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар хэлжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Кристоф дэ Маргери нь Европтоо гуравт ордог томоохон газрын тосны компани болох Total-ийг 2007 оноос хойш амжилттай удирдаж байсан билээ. Тэрбээр тус компанийг удирдаж байх хугацаандаа НҮБ-аас Иракт явуулсан "Газрын тос хоол хүнсэнд" хөтөлбөрийн хүрээнд компаниа авлигад автагдсан гэх олон нийтийн буруутгалаас аварсан юм. Total нь 50 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч компани билээ.

Б.АНУЖИН

Онцлох нийтлэлүүд