ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.22 11:05

Гайхамшгийг хүлээ

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Дөнгөж саяхан Испанийн аварга болсон “Атлетико” багийн хаалгач Куртуа, Арсенал, Ман  Сити багуудын ахлагчид болох Вермален, Компани, МЮ багийн Феллайни, Янузай, Челсигийн Азар, Эвертоны Лукаку гээд унтарч байгаа бус ид гялалзаж байгаа одуудаар хахсан “улаан чөтгөрүүд” буюу Бельгийн шигшээ багийг танилцуулж байна. Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа 32 шигшээ баг дотроос хамгийн их хүлээлт, гайхамшиг, оньсого, гутралыг авчрах баг нь яах аргагүй Бельгийн шигшээ баг болчихоод байна. 

Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүн 

хаалгач: Тибо Куртуа (“Атлетико”, Испани), Симон Миньоле (“Ливэрпүүл”, Англия), Кун Кастелс (“Хоффенхайм”, Герман), Сильвио Прото (“Андерлехт”).

хамгаалагчид: Тоби Алдэрвейрелд (“Атлетико”), Даниэль ван Бюйтен (“Байер”М, Герман), Венсан Компани (“Ман Сити”, Англи), Ян Фертонген (“Тоттенхэм”, Англи), Томас Вермален (“Арсенал”, Англи), Николас Ломбертс (“Зенит”, ОХУ), Лоран Симан (“Стандард”), Антони Ванден Борре (“Андерлехт”).

Хагас хамгаалагчид: Аксель Витсель (“Зенит”), Маруан Феллаини (“МЮ”, Англи), Стивен Дефур (“Порту”, Португал), Мусса Дембеле, Насер Шадли (“Тоттенхэм”, Англи), Кевин де Брюйне (“Вольфсбург”, Герман), Дивок Ориги (“Лилль”, Франц).

довтлогчид: Ромелу Лукаку, Кевин Миральяс (“Эвертон”, Англия), Эден Азар (“Челси”, Англи), Дрис Мертенс (“Наполи”, Итали), Аднан Янузай (“МЮ”).

Ахлах дасгалжуулагч Марк Вильмотс

Хөлбөмбөгийн үүсэл хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр гээд бичвэл их л эртний түүх ярьж чадах Бельгийн хөлбөмбөг хэзээ ч гавьтай амжилт үзүүлж байсангүй. Уг нь 1930 оны анхны ДАШТ-ээс эхлээд л алгасалгүй оролцож чадах чинээгээрээ тоглож байсан Бельгийн шигшээ багийн түүхийг өнгийхөд нэг сонин зүйл анзаарагддаг. Тэд арав гаран жил боломжийн тоглож байгаад алга болчихдог. Энэ алга болох хугацаа нь бас арав гаруй жил үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл 2002 оны Солонгос, Японд зохиогдсон ДАШТ-ээс хойш сураг тасарсан Бельгийн шигшээ өнөө цагт шинэ дүр төрхтэй аль ч багийг айлгах хэмжээний болчихсон гараад ирлээ. Гэхдээ энэ удаа Бельгийн шигшээ багийн шинэ хувилбар урьд өмнө гялалзаж байсан Шифо, Кулеманс, Вильмотс нарын багуудаас чанарын хувьд шал өөр, илүү авьяаслаг, онцгой авьяаслаг залуучуудаас бүрдэж байгаа юм. 

Сайн тал

Өнөө цагийн Бельгийн шигшээ багийн сайн талыг бичихэд тун удна, муулъя гэхээр сэдэв олдохгүй гэхэд хилсдэхгүй дээ. Үндсэн ба туслах хаалгачид “галзуу”. Куртуа, “Атлетико” Мадрид багийг Испанийн аварга болгосон бол Симон Миньолегийн ачаар Ливерпүүл энэ жил Английн АШТ-д арав гаран жилийн дараа аман хүзүүдэж үзлээ.

Төвийн хамгаалалт дээр тэр чигтээ дэлхийн шилдгүүд зогсож байна. Венсан Компани, Вермален, Ломбертс гээд аль ч багт гологдохооргүй эрчүүд бий. 

Хагас хамгаалагчдын талаар ярих юм алга. Витцель, Феллайни, Дембеле, Азар гээд авьяаслаг залуучууд дээр МЮ багийн шинэ од 19 настай Якузай “Би Бельгийн шигшээд тоглохоор боллоо” гээд нэмэгдчих юм даа. Уг нь энэ хүүхэд Серби, Турк, Англи улсуудын аль нэгийг сонгох боломж байсан. 

Сул тал

Бельгийн шигшээ багийг хөөдөж магадгүй ганц сул тал нь олон улсын тавцанд хамтдаа нийлээд нэг их удаан тоглож үзээгүй буюу туршлага дутах асуудал л байж магадгүй. Тэд хэдийгээр урьдчилан сонгон шалгаруулалт, нөхөрсөг тоглолтууд, цугларалт гээд хамтдаа байж өнгөрүүлсэн хугацаанууд бий ч гэлээ яг жинхэнээрээ Латин Америкт очоод дасаагүй орчин, үзээгүй хөгжөөн дэмжигчид, мэдрээгүй шинэ дарамтад хэрхэн бие биеэ ойлгож  тоглох вэ гэдэг л асуудал байна. Тээр жил Зааны Ясан эргийн улсын шигшээ баг бас л баахан авьяаслаг залуучуудаас бүрдэж том итгэл найдвар өвөртөлж очоод хэрэлдээд дууссан. Тийм л юм бүү болоосой.

Уг нь энэ удаагийн Бельгийн шигшээ баг тодорхой хэмжээнд ямар нэгэн амжилтад хүрсэн тохиолдолд дахиад цааш үргэлжлээд хөгжих боломжтой идэр насны залуучуудаас бүрдэж байгаа юм шүү дээ. Тэд байг гэхэд шилдэг наймд багтсан тохиолдолд өөртөө, багтаа итгэх итгэл төрнө. Ойрын дөрөв таван жилдээ шуугиулна даа. Бельгийн шигшээ багийн лозунг уриаг харсан уу. “Expect the Impossible” гэж байна лээ. 

“Гайхамшгийг хүлээ” гээд хөрвүүлж болохоор юм. 

ФИФА-д бүртгэлтэй хөлбөмбөгийн шигшээ багууд дотроос байгаа бүрэлдэхүүн нь өнөө цагийн зах зээлийн ханшаар гуравт жагсана хэмээгдэх  Бельгийн шигшээ багийн залуучууд гайхамшгийг бүтээнэ гэдэгт итгэе.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд