ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.25 12:06

Ганц банкны шүүгчээс болж шүүхээсээ салах нь харамсалтай яа

Засгийн газар болон төрийн захиргааны шийдвэрт Захиргааны ерөнхий хууль хамаарахгүй байх хуулийн төслийг Их хуралд өргөн бариад байгаа. Засгийн газраас мэдүүлсэн уг хуулийн төслийг түрүү долоо хоногийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн. С.Бямбацогт гишүүн “Олон нийтийн анхаарлыг татаж буй аль нь зөв, аль нь буруу тодорхойгүй асуудлыг хэлэлцэх нь зохисгүй” гэх горимын санал гаргаснаар энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон. Захиргааны хууль гэдэгт ард иргэдийн амьдралд өдөр тутам үүсч болох амин чухал асуудлууд зангилагдаж байдаг. Тухайлбал, хууль бусаар ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын маргаан, хуулийн этгээдийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан, мөн ашигт малтмал, газар эзэмшилтэй холбоотой асуудлууд гээд олон зүйл заалт хамаарна. Төрийн албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх гомдол сумын захиргаанаас аваад Засгийн газрын хэмжээнд хүртэлх төрийн бүх шатанд тасардаггүй.

Тэгвэл шүүхийн шийдвэрийн дагуу хууль бус тушаалын улмаас тухайн гомдол гаргагчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нөхөн олговор олгож зөрчигдсөн эрхийг сэргээх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго байдаг. Мөн хүний хувийн өмчийг дур мэдэн төрийн өмчид авсан Засгийн газрын хууль бус шийдвэрийг шүүх хүчингүй болгож хохирлыг барагдуулдаг. Харин одоогийн яригдаж буй хуулийн төслөөр энэ бүх шийдвэр үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхэд огт хамааралгүй болж байгаа юм. Ж.Батзандан гишүүний хэлснээр “Засгийн газар түүний гишүүдийн тэргүүлсэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын хийгээд хууль биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх байгууллагын засаг захиргааны үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарч дархлагдлаа” гэсэн үг. Захиргааны хууль хүн бүрийн амьдралд хамааралтай учир Монголын нийгмийн шуугиан болоод байна.

Тухайн хуулийн сураг чимээ Хууль зүй дотоод хэргийн яаманд дуулдаж эхэлсэн цагаас л Монголын хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн докторууд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж эсэргүүцэж эхэлсэн. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь хууль дээдэлсэн, хүний эрхийг хамгаалсан, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход маш том ухралт болох шийдвэр.Засгийн газар 2005 онд Цэцийн шийдвэр гарсан гэдгээр өөрсдийгөө зөвтгөж байгаа. Гэтэл тухайн үеийн хуулиар Засгийн газрын бүх үйл ажиллагааг хянаж болох мэт зохицуулалт байсныг л Цэц хүчингүй болгосон. Харин 2015, 2016 оны хууль тогтоомжоор Үндсэн хуулийн энэ зөрчил нь байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, захиргааны шүүх Засгийн газрын зөвхөн захиргааны үйл ажиллагааг л хууль зөрчсөн эсэхийг хянахаар болсон бөгөөд улс төрийн үйл ажиллагаа, эсвэл Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Захиргааны шүүх хянахгүй гэдгийг маш тодорхой заасан. Мөн Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдгээрээ өөрийгөө зөвтгөж байна. Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдэг бол өөрөө хуулийн дээр байдаг байгууллага гэсэн үг биш. Энэ бол гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх буюу хууль тогтоомжийн биелэлтийг хангахдаа өөрийнхөө доод шатны байгууллага, албан тушаалтныг л захирах гэсэн агуулгатай. Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас иргэн төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдах ёстой” гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Тэрээр “Эцийн дүндээ Засгийн газрын үйл ажиллагаа хууль зөрчдөг, хүний эрхийг зөрчдөг, дур зоргоороо авирладаг байдал газар авах нь” гэдгийг хэлээд “Засгийн газрын үйл ажиллагааг Захиргааны шүүх хянадаг болсноос хойш олон маргаан явж байгаагийн дотор унаач хүүхдийн эрх зөрчсөн асуудал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаан ч байна. Мөн Засийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах гэж байна. Энэ бүх үйл ажиллагаа өөрөө хуульд нийцсэн, хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Үүнд хяналт тавьдаг гол субьект нь Захиргааны хэргийн шүүх юм. Одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилсон шиг маш богино хугацаанд, нууц далд аргаар ийм хууль батлах гэж байна. Яагаад гэвэл энэ хуулийн төслөө нээлттэй хэлэлцүүлээгүй. Гэнэт байнгын хороогоор оруулж ирлээ. Ийм аюул учирсан байна” хэмээн Монголын хуульчдын форумын үеэр мэдэгдсэн юм.

“Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь иргэдийн шүүхээр хамгаалуулах эрх нь зөрчигдөх байдал үүсгэж болзошгүй”-г Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч хэлсэн бол “Засгийн газар зөвхөн улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага биш, захиргааны маш олон шийдвэр гаргаж байгаа. Эдгээр шийдвэрүүдийг шүүх хянахгүй гэж байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улс үндсэн хуульт ёсноосоо ухарч байна, иргэдийн эрхээ хамгаалуулдаг функц нь энэ хуулийн төслөөр үгүй болж байгаа нь харамсалтай. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд төрийн өмнө хүчин мөхөс болж” буйг хуулийнхан дор бүрнээ хуулийн гаргалгаатай хэлж байна.500 гаруй хуульчдын 97 хувь нь эсэргүүцэж байгаа дуулдсан.

Эрх ашиг нь хөндөгдсөн иргэдээ энэрэх, төр засгийн хатуу буулганаас хууль шүүхээр хамгаалах ардчиллын үндсэн зарчмаасаа Монгол Улс яагаад ухрах болов. Юуны учир гэнэтхэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэрээр захиргааны шүүхийг байхгүй болгохоор тэмцэж эхлэв гэдэг асуулт тулгарна. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн Их хурлын чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгнээс уг асуултын гогцоо тайлагдаж байна. Ц.Нямдорж “Би 2004 онд Захиргааны шүүхийн хуулийг нь оруулж ирж батлуулсан. 2006 онд хэрэгжилтийг нь эхлүүлсэн. 21 аймагт давж заалдах шатны шүүхийг байгуулж өгсөн хүн. Би энэ шүүхийг байгуулахдаа Захиргааны дур зоргоороо авирладаг явдлыг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна байх гэж горьдож байсан юм. Өнөөдөр хэрэг явдал биш болжээ. Бодсоныхоо эсрэг ажилладаг шүүх болсон байна. Ийм учраас би энэ асуудлыг оруулж ирсэн” гэдгээ тодотгоод цааш хэлэхдээ “Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно гээд заачихсан байдаг. Засгийн газрыг шийдвэрийг өөр шүүдэг газар байхгүй. Захиргааны шүүхэд Засгийн газрын шийдвэрийг харьяалуулаагүй юм. 2005 онд гомдол гарсны дагуу Үндсэн хуулийн Цэц хуралдаж, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэрийг гаргасан.

Энэ нь шийдвэр хүчинтэй байсаар байхад өнөөдөр УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянаад явж байна. Маргаан үүсгээд ажил боомилж, хулгайч нарын талд захиалгаар ажиллаж байна. Үүнийг таслан зогсоох гэж би тус хуулийн төслийг оруулж ирсэн. Үүнд би хатуу зогсох болно. Хэн ямар хатуу үг хэлэх нь надад сонин биш. Харин надад Монголын хувь заяа сонин байна. Дуртай нохой болгоноо над руу тавь. Би тэрийг чинь тэснэ. Эх орон чинь хайран байна шүү. Шүүхийн ялзралыг ярих цаг нь болсон. Захиргааны шүүхийг байгуулах саналыг гаргаж батлуулж байсан миний бие болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж заналтайгаар хэлсэн.

“Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон” гэж Нямдоржийн хэлсэн нь Эрдэнэтийн 49 хувийн маргаан Дээд шүүх дээр ялалт байгуулсныг хэлж байна. Үндсэндээ Худалдаа хөгжлийн банкны талд шийдвэр гаргаснаас болж “Захиргааны шүүхийг татан буулгана” хэмээн шүд зуун мэдэгдэж байгаа нь энэ аж. “УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянаж байгаа” тухай түүний хэлж буй үнэн. Гэхдээ энэ бол жинхэнэдээ Худалдаа хөгжлийн банк руу чиглэсэн үг юм. Захиргааны хуулийн асуудлын гогцоо ингэж л харагдаж байна. Ж.Эрдэнэбатын засгийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр хувьдаа авсан. Харин Монголын зэс корпораци шүүхэд гомдол мэдүүлж хоёр шатны шүүхэд ялан хамгийн сүүлд дээд шүүхэд ялалт байгуулсан юм. Үүнд өширхсөн юм шиг Нямдорж Захиргааны шүүхийг татан буулгахаар тэмцэж байгаа бололтой.

Хууль зүйн сайд хуульч шүүгч нараа “нохой” гэж хэлснээрээ нийгэмд маш том эсэргүүцэлтэй тулгарч байна. “Дур зоргоороо авирладаг байдлыг таслан зогсоох биш түүний эсрэг ажилладаг шүүхтэй болсон” гэж салбарын сайд нь хэлсэн. Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Тэгвэл Нямдоржийн хардаад байгаа Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан гэх шүүгч нь улсын дээд шүүхийн захиргааны танхимын шүүгч М.Батсуурь байх л даа. Түүнийг өмнөх Ерөнхийлөгч болоод өмнөх эрх баригч хүчин томилсон, энэ бүхэн цаагуураа улс төрийн зохион байгуулттай ажил гэж тэрээр хардаж байгаа бололтой.

Ер нь энэ байдлаас харахад эрх барьж буй улс төрийн хүчин болгон өөрийн шүүгчтэй болжээ. Цагдаа, прокурор, АТГ ч ялгаагүй өөрсдийн шүүгчтэй болсон байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлээд байгаа хуулийн коридор гэдэг нь энэ юм биш үү. Монгол төрийн бодлого ердөө тэрхүү коридороор яваад хорих гэсэн хүнээ хорьж, гаргах ёстой хүнээ гаргаж, шийдэх хэргээ шийддэг бололтой.Эцэст нь хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа Худалдаа хөгжлийн банкны ганц шүүгчээс болон шүүхээсээ салж, ардчиллын үнэт зарчмаас аа ухарч байгаа нь харамсалтай.


Онцлох нийтлэлүүд