ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2017.09.21 10:09

Гар утасны хэтийдсэн хэрэглээ эмэгтэйчүүдийг овортой харагдуулдаг гэнэ

Японы эрдэмтэд ийм судалгаа хийжээ. Гар утас барьдаг, түүнийгээ байнга ухаж төнхөж байдаг эмэгтэйчүүд наснаасаа илүү овортой харагддаг талаар дуу нэгтэй баталсан байна. Тэд албан ажил эрхэлдэг мянга гаруй бүсгүйчүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдийн талд нь хүссэн үедээ утсаараа оролдох боломж олгосон байна.

Нэг ёсондоо утасны хэрэглээнд нь хязгаарлалт тавьсангүй. Нөгөө хэсэгт нь зөвхөн шаардлагатай тохиолдолд мессэж бичих, утсаар ярихыг зөвшөөрчээ. Хоёр сарын дараа бүсгүйчүүдийн нүүр, хүзүүний арьсыг харьцуулж үзэхэд гар утаснаас салдаггүй хүүхнүүдэд хялгасан үрчлээ, булчин сулралт хэд дахин илүү байж.

Учир нь гар утсаа их ашигладаг хүмүүс байнга хагас тонгойдог учраас нүүрний булчин нь суларч унждаг гэнэ. Суларч, унжсан арьс мэдээж хэрэг амархан үрчлээтнэ. Тиймээс арьсаа гоё сайхан, залуу байлгахыг хүсвэл гар утсаа “маажихаа” багасгахыг Японы эрдэмтэд зөвлөжээ.

Сонирхолтой нь гар утасны хэтийдсэн хэрэглээ, түүнээс ялгарах долгионоос болж хөгширсөн арьсыг эргэн сэргээхэд байгалийн жамаараа үрчлээтэж буйгаас хэд дахин илүү хугацаа зарцуулдаг гэнэ.


Онцлох нийтлэлүүд