ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.12 07:06

Гар утсаар шинжихүй

Харц ноёд ялгаагүй адилхан хувцаслачихаад байхад л нийгэмд ямар байр суурь эзэлдгийг мэдчихээд байх юм. Даргаасаа бүдүүн гүзээтэй аахилж байхад хүртэл андуурахгүй шүү.

Урьд цагт алганы хээ, нүүр хараад нэр асуултгүй шинждэг байсан. Одоо гар утасны ноймер танихгүй хүнд их олон юм ховлодог боллоо. Хотынх уу, хөдөөнийх үү, оюутан, босс, гэр хороолол, эр эм, хөгшин залууг утасны дугаараас нь мэдээд авчихна.

Цаашлаад зан “хараактэр”-ийг нь сонжихоор бол залгахад өөдөөс “Таны дуудлагыг миний туслах хүлээж авлаа” гэсэн нарийн бичиг эмэгтэйн дуудлага утсандаа хийсэн байгаа бол утасны эзэн мэдээж удирдах ажилтан биш. Харин их юм мөрөөддөг, амбицтай, жижиг гар байж таараа. Ямар ая эгшиг суулгаснаар нь үндсэрхэг, шалиг, тэнэг маанагийг нь хүртэл ханатай таамаглаж орхино. Бүх юмаа, дугаараа хүртэл нууцалсан байвал үл бүтэх этгээд, эсвэл хүчний байгууллагынхан. 

Гар утасны  үүрэн телефоноос алийг сонгосноор нь төрийн албан хаагч, манаач “сэкрийт”, малын хулгайч эсэхийг ч төвөггүй тогтооно. 

Хамгийн сүүлд харилцагч­тайгаа ярилцах ярианы өнгө нь ажилгүйчүүд, тэтгэврийнхэн, махны ченж, ачааны машины жолооч, сантехникийн слесарийн аль нь гэдгээ тэр өөрөө ойр хавийнханд хангинатал зарлана.

Ж.ГАНГАА

Онцлох нийтлэлүүд