ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.28 12:06

ГЕГ-ын дарга О.Ганбатын шинэчлэл нэртэй сэлгээ гэх шоуны үнэн нүүр царай

Гааль гэхээр л идэж дуусдаггүй “хоол”, барж дуусдаггүй “баялаг” шиг санадаг. Ямар ч цаг үед  энэ байгууллагыг дагасан хэл ам гаалийн байцаагч болох үнэ ханш, хүнд суртал, авлига тодорхой хэмжээгээр оршин тогтносоор ирсэн. Улс төрийн тохироо,  хувь хүртэх замаар дарга нар нь хэн байх вэ гэдэг нь тодорхойлогддог болохоор  Гаалийн ерөнхий газрыг ашгийн байгууллага мэт санах хүн цөөнгүй. Импорт, экспортын гол хэрэглээ ГЕГ, салбар нэгжүүдээр нь дамждаг учраас  улстөрчдөд бол хувьдаа мөнгө хийж болох “ашгийн байгууллага” гэж хамгийн түрүүнд харагддаг гэхэд нэг их хилсдэхгүй.  Улсын юм үнэгүй гэсэн хууль жинхэнэ утгаараа энэ байгууллагад хэрэгждэг. Энэ салбар бүхэл бүтэн намыг санхүүжүүлж, төрд гарсан эрх мэдэлтнүүдийн  ах дүү, амраг садан, найз нөхөд тэр бүү хэл нууц амрагийг нь  хүртэл тэжээн тэтгэж ирсэн. Үүнийг нотлох жишээ олон бий. Шинэ даргатай болоод л халаа сэлгээ, шинэчлэл нэрийн дор баахан бужигнадаг. Бужигнаан бүрийн цаана даргынх нь  ашиг сонирхлын зөрчил байсаар ирсэн. Одоо ч энэ байгууллагад   халаа сэлгээ явагдсаар шинээр томилогдсон дарга нарынх нь тухай янз бүрийн яриа гарсаар байна.

 Сүүлийн үеийн мэдээллээр бол гаальд “дөчдөх” гэсэн нэр томъёо гарчээ. 40 гаруй хүнийг нэг өдөр тангараг өргүүлээд л гаалийн байцаагч болгосон нь ийм нэр зүүхэд хүргэсэн аж. Харин энэ байгууллагыг удирдаж буй О.Ганбат саяхан нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө ”Хүн байгаа цагт авлига, арын хаалга гэдэг асуудал хэзээ ч устахгүй” гэжээ. Тэгвэл энэ хүн ГЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд тус салбарт арын хаалга, авлига байсаар байна гэдгийг тунхаглаж буйгаас өөрцгүй юм. Иймд гаалийн салбар дахь хүнд суртал, авлига, ГЕГ-ын дарга О.Ганбатын  хэрээс хэтэрсэн хууль бус үйлдлийг “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа онцолж, цувралаар хүргэе.

 

О.Ганбатын хэтэвч нэгтэй найз

Эвслийн Засгийн газрын буянаар О.Ганбат гэх хэн ч танихгүй шахам байсан энэ эрхэм  гааль гэх хаялгатай, унацтай их айлыг удирдах аз тохиосон. Гаалийн байгууллага нь газар, хороод гээд салбарласан олон бүтэцтэй тул О.Ганбат энэ боломжийг овжин харж дарга болсон даруйдаа л өөрийн гэсэн хүнээ газар, хороодын даргаар сэмхэн тавьж чадсан нэгэн. Үүний нэг жишээ нь Сэлэнгэ аймгийн гаалийн газрын даргаар өөрийн санхүүгийн хамтрагч Халтарын Наранмандах гэгчийг томилон ажиллуулсан явдал. Гэтэл мань хүн дарга найзынхаа эрх мэдэлд хэт дулдуйдан ашиг сонирхол нь дийлдэхгүй хууль бус зүйл хийж эхэлсэн байдаг. Хэдхэн сар ажиллаад л авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт  шалгагдан арга хэмжээ авахуулсан түүхтэй. 

Сэлэнгийн гаалийн дарга асан Х.Наранмандах нь барилгын инженер мэргэжилтэй, уг албанд томилогдохоосоо өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын “Оргил” рашаан сувиллын арын албыг хариуцан ажилладаг байсан гэдэг. Тэр төрийн албаны тийм чухал салбарыг удирдах чадваргүй нэгэн гэдэг нь батлагдаж, удалгүй ажлаас нь буулгасан юм.  Найз нь түүнд эрх мэдэл өгсөн ч тэр хэтэрхий хууль бус үйлдэл гаргаж, хэл ам татлаад байсан хэрэг. Нэг удаа хоёр удаа хаацайлаад өнгөрсөн ч эцэст нь “АТГ-аас арга хэмжээ ав” гэсэн шаардлагын дагуу хийсэн хэрэгт нь хариуцлага хүлээлгэсэн. Хариуцлага хүлээлгэсэн нэрийн дор, хариуцлагаас мултлан  хэсэг чимээгүй найзтайгаа холбоотой асуудлыг намжааж байгаад албан тушаалд томилжээ.

Хариуцлага тооцуулсан ч гаалийн хорооны дарга болсон анд 

Гэнэт нэг өдөр Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн хорооны дарга болсон хэмээн Халтарын Наранмандахыг ороод ирэхээр нь гаальчид эвэртэй туулай үзсэн юм шиг угтсан байна. ГЕГ-ын зарим нэг хүн “Юу болж байна аа. Саяхан арга хэмжээ авахуулсан хүн шүү дээ” гэхэд О.Ганбат “Би энэ байгууллагыг  удирдаад их шинэчлэл хийж байгаа. Түүний нэг нь “Сэлгэн ажиллуулах үйл ажиллагаа” гэж товчхон тайлбарласан аж. Гаальчид хэл ам хийгээд байхаар нь ГЕГ-ын дарга “Нэг газраа удаан ажиллах нь ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй. Би авлигыг  таслан зогсоож байна” хэмээжээ. Тухайлбал, 2013 онд 384, 2014 онд 314 гаалийн улсын байцаагчийг тус тус сэлгэн ажиллуулсан байгаа юм. Энэ бол гаалийн салбарын эрүүл авлигад төдийлөн өртөөд байдаггүй хэсэг гэж болох аж. Нэг үгээр хэлбэл, хэн нэгэн даргын  ах дүү хамаатан садан биш хүмүүс нь энэ хөдөлгөөнд олзлогджээ.Түүний шилжилт хөдөлгөөн нэрээр олон байцаагч хөдөө орон нутагт  гэр бүлийнхнээсээ хол амьдрах болсон аж. Шилжилт хөдөлгөөнөөр явсан нэг нь цаг бусаар хорвоог орхисон байна. 

Сэлгээгээр явсан нэгэн байцаагч сэтгэл санааны хүнд дарамтад орж амиа алдсан уу

Үүнийг гаальчид “Сэтгэл санааны хүнд дарамтад орсноос болж амиа алдсан” хэмээн хэлж “Жинхэнэ нэг газраа удсан дархлагдсан хүмүүс бол  гаалийн улсын ахлах байцаагчид. Тэднийгээ сэлгээч” гэсэн асуудлыг тавьжээ. Хариуд нь “Сэлгэн ажиллуулах болно” гэж салбарынхандаа хэлж, хэвлэлийн хурал хийхдээ ч энэ тухай хэлж байжээ. Гэвч тэр өнөөг хүртэл хэлсэн амандаа хүрээгүй бөгөөд харин ч О.Ганбат  гаалийн улсын ахлах байцаагчидтайгаа сэмхэн тохироо хийж, тэднээр дамжуулан мөнгө олж болох арга бүхнийг ашиглаж байна гэж учир мэдэх эх сурвалж хэлж буй юм. 

Гаалийн улсын ахлах байцаагч гэдэг тухайн өдрийнхөө гаалийн бүхий л хяналт шалгалтыг удирдаж хэнийг, хэзээ, хаана томилж хэнээр ямар бараа тээврийн хэрэгсэл шалгуулахаа сонгох эрх мэдэлтэй нэгэн. Үүнийг гаалийн улсын ахлах байцаагчдын гардан үйлдсэн сүүлийн хэдэн ноцтой хэргийн баримт нотолж байгаа юм. Үүний нэг нь саяхан Буянт-Ухаа дахь гаалийн газрын ахлах байцаагч Д.Батжаргал, П.Нямдорж нар нь гаалийн хяналт шалгалтгүйгээр, хууль бусаар бараа хилээр гаргаж байгаад  авлигын хэргээр баригдан 461 дүгээр ангид хоригдож буй. Буянт-Ухаа дахь гаалийн газрын ахлах байцаагч Д.Батжаргалын үйлдсэн хэрэг камерийн бичлэгт үлдэж, хуулийнханд баригдаагүй байсан бол энэ мэт гаршсан ахлахуудын хууль бус үйлдэлд гаалийн удирдлагууд арга хэмжээ авч чадахгүй гэж хэлэх хүн ч байгаа юм. Учир нь Буянт-Ухаагийн гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Д.Батжаргал нь ГЕГ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнийн төрсөн ах гэнэ. 

 Үргэлжлэл бий 

 Г.ЯЛГУУН


Онцлох нийтлэлүүд