ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.12.04 02:12

"Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

"Глобал удирдагч" дээд сургууль нь “хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчлийн шинжтэй гомдолд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Шалгалтаар тус сургууль нь “эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байхад 2018-2019 оны хичээлийн жилд тухайн мэргэжлээр сургуулийн захирлын тушаалгүйгээр элсэлт авч, онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулсан нь илэрсэн. Энэхүү сургалтад 50 гаруй иргэд хамрагдаж сургуулийн дансанд сургалтын төлбөр гэж тус бүр 2.500.0 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тушаасан, БСШУСЯ-ны “Боловсролын мэдээллийн систем”-д бүртгэгдээгүй байжээ.

Эдгээр иргэдээс 30 иргэнд гурван хичээлийн жилээр “Оюутны сурлагын дэвтэр”-ийг нээн хөтөлж, “Оюутны дүнгийн хуудас”-ыг тус бүрт нэгэн ижил хичээлийг сонгон судалснаар бөглөж баталгаажуулжээ. Сургуулийн захирлын 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 57 тоот “Оюутан шилжүүлэх тухай” тушаалаар дээрх 30 иргэнийг “эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий “Энэрэл” дээд сургуульд шилжүүлсэн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн харъяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ.

Онцлох нийтлэлүүд