ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.05.04 07:05

“Гологдсон хүрэн” Түмэн эх болов

Нийтлэлч: Өдрийн сонин

Төвшинширээ сумын “монхор” Чинбатын жижигхэн хүрэн үрээ даагандаа гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Шүдлэндээ Баянхутаг суманд түрүүлсний дараа Хэнтийн Лувсандамдингийн Эрдэнэцогт Хурхын сангийн аж ахуйн 25 жилийн ойд авч очиж уралдуулсан юм. Морьд дутуу эргэснээс болоод хамгийн сүүлээс нь хөөсөөр арваннэгд оруулж байжээ. Хойтон хавар нь Өвөрхангай аймгийн харьяат адууны ченж Гантөмөр \2008 онд\ Хэнтийд очин хурдан сайн хязаалан үрээ сураглахад Л.Эрдэнэцогт арваннэгд оруулдаг хүрэн үрээг хэлж, эзнийг нь зааж өгчээ. Гантөмөр Чинбатын гэрт нь очиж, гурав хоног архидуулж байгаад Л.Эрдэнэцогтын зааж өгсөн хязаалан үрээг авч хотод иржээ. Эхлээд “шөвгөр” Өлзий гэгчид зарахаар тохироод байтал хэд хоногийн дараа “Хоргой” Батсүх ах голоод байна гэж хэлээд аваагүй байна. Дараа нь торгоны замын Гантөмөр авч яваад ”Манай уяачид жижигхэн гээд голоод байна” гээд авахгүй гэдгээ хэлжээ. Адууны ченж Гантөмөр урьд жил нь “Алтай” констракшны Б.Бат-Эрдэнэд хүрэн халзан азарга өгсөн нь Алтан-Овоод аман хүзүүдсэн байж. “Гологдсон хүрэн”-ийг түүнд санал болгож, “Надад том наадамд орох ганц адуу байна. Чи ав” гэж. Б.Бат-Эрдэнэ ч Гантөмөр найдвартай адуу авчирч өгдгийг мэдэх болохоор үзэхээр уяачаа дагуулан хүрэн үрээн дээр очжээ. Тэгтэл түүний уяач Дугар хүрэн үрээг тойрч гүйн үзэж үзэж “Ийм навсайсан жижигхэн үрээ төрийн наадамд орно гэж байхгүй” гэхэд Б.Бат-Эрдэнэ зөрж “Гантөмөрийн өгсөн адуу надад хурдалдаг юм” гээд шууд авчээ. Ингэж гологдсоор хязааландаа уягдалгүй өнжсөн байна. Хойтон жил нь давхил сунгаанд хорь гучаар ордог байсан өнөөх жижиг хүрэн морин соёолон төрийн наадамд наймд оронгуут гологчдын магнайд аянга цахих нь тэр. Ингээд дараагийн наадамд, Ламын гэгээний ойд уралдахдаа хойно эргэж араас нь туулсаар түрүүлж явсан соёолонгийн буруу талаар нь зэрэгцэн ирж аман хүзүүнд орсон байна.

Энэ цагаас хойш гологдол хүрэн шүтээн хүрэн болж дээдлэгдэн найман насандаа 2012 оны Монгол төрийн наадамд тасархай түрүүлж, алтан жолоо өргүүлж эзэн, уяач, наадамчид монгол түмнээ цэнгүүлэн баярлууллаа.

Ер нь эзэн болох амархан, уяач болох хэцүү шүү дурлагчид аа.

“Өдрийн сонин”-ы орон нутаг дахь тусгай сурвалжлагч Н.Санжаадорж