ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.06.29 11:06

Гомбожавын Занданшатар: Монголын ард түмэн төрдөө итгэх итгэлээ алджээ. Энэ бол маш том эмгэнэл

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Гомбожавын Занданшатартай ярилцлаа. Тэрээр АНУ-ын дэлхийд алдартай Стэнфордыних сургуульд олон улс судлал болоод улс төрийн шинжлэх ухааны зочин судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирээд байна. Нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан эл эрхэм Америкт суралцаж байхдаа автын осолд орж олон хоног ухаангүй байсан юм.

Энэ бүхний дараа хэв­лэлд анх удаа ярилцлага өгч байна.

-Таны хувьд Стэнфор­дын их сургуульд зочин судлаачаар ажиллаж ирээд удаагүй байна. Ингэхэд яагаад Стэнфордын их сургуульд суралцах болов. Улс төрөөс түр зай авъя гэж бодсон уу?

-Улс төрд удаан хугацаанд хутгалдлаа, цаашдаа ямар нэгэн байдлаар вакуум орчинд орох нь гарцаагүй. Тиймээс Монголын нийгмийг, төр засгийн байдлыг хөндлөнгөөс нэг ажиглаад судалгаа хийгээд үзье гэж бодсон л доо. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд хэтэрхий удаан ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ялангуяа над шиг гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс өөрийн хуримтлуулсан туршлагаа мэдлэгтэй хослуулах нь чухал гэдгийг мэдэрсэн. Дэлхийн нэртэй улстөрч, олон улс судлаачдын лекцийг тухайн танхимд нь сонсч, мөн өөрөө лекц уншиж тэдэнтэй санаа бодлоо хуваалцана гэдэг аз завшаан.Ийм үүднээс миний бие Стэнфордын их сургуулийг сонгосон. Ардчиллын онолын эцэг гэгддэг Ларри Даймонд нарын олон улсад нэртэй хүмүүс ажилладаг, улс төрийн том сургууль юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райс зэрэг нэртэй улстөрчид улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр лекц уншдаг.

-Тэнд та хэр удаан хугацаанд суралцсан бэ?

-Нэг жил зургаан сарын хугацаанд байсан. Өөрийнхөө алдаа оноог нэг эргэцүүлээд үзье. Монгол Улс ардчиллын зөв замаар явж байна уу, үгүй юу. Үнэнч шударга ажилласан нь буруудаж, хэн мөнгөтэй, пиар хийж ард түмний тархийг угааж чадсан нь улс орныг удирдан залж буй нь зөв юм уу гэдгийг мэдрэх зорилгоор очсон. Ардчиллын үнэт зүйлийг ардчиллын эх орноос судалж үзэх эрмэлзэл төрсөн хэрэг. Олон улс судлалын талаар Билл Гейтс, Хятадын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн, Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан эрхэм гээд тал бүрийн мэдлэг, олон жилийн дадлага туршлагатай нөхөд цуглаж дундын мэдлэг хуримтлуулдаг. Фрэнк Фукуяама, Карл Эикенбэрри, Ги Воок Шин гээд олон эрдэмтэн судлаачтай найз нөхөд болсон. Миний харьяалагдаж байсан Ларри Даймондын “Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төв” бол улс төрийн шинжлэх ухааны зүтгэлтнүүд зорин ирдэг том гал тогоо л доо.

-Стэнфордын их сургуулийн судлаач гэх авторын дор улс төр, нийгмийн хэд хэдэн шуугиантай нийтлэл хэвлүүлсэн. Мөн уг нийтлэлүүдээр ном бичиж байгаа гэж дуулсан?

-“Зөвлөлдөх ардчилал ба хөгжлийн гарц” гэсэн судалгааны чиглэлтэй номоо сая гаргалаа. Өнөөдөр дэлхий дахинд ардчиллын гурав дахь давалгааны дараахь ухралтын үе тохиож байна. Даяаршил техник технологийн эрин үед дэлхийн олон орны ардчилал саарч, ухарч, хямралд орж байна. Тиймээс улс төрийн шинжлэх ухаанд ардчиллыг боловсронгуй болгох арга хэлбэрийг эрэлхийлж байна. Миний хувьд тэрхүү гарц нь зөвлөлдөх ардчилал гэж үзэж байгаа. Монголын эдийн засгийн хямрал хариуцлагагүй төрийнх гэдэг нь ойлгомжтой. Хариуцлагын төрийн хямрал нь хувь улстөрчдийн хариуцлагаас үүдэж эдийн засгийн, хариуцлагын, хуулийн засаглалын, институцийн, засаглалын гэх таван төрлийн хямрал гинжин холбоог үүсгэсэн байна. Үүнийг засч өөрчлөх тухай “Зөвлөлдөх ардчилал бас хөгжлийн гарц” ном бичиж олон түмэнд хүргэж байна.Таван толгой, төмөр зам бусад олон тулгамдсан асуудлыг зөвлөлдөх ардчиллын аргачлалаар шийдсэн бол бид маш хурдацтай хөгжих байлаа. Оюу толгойг ч зөвшилцлийн ардчиллаар шийдсэн бол ийм их хэл ам гарахгүй явах байсан гэж боддог.

-Тогтолцооны гажгийн талаар нийтлэл хэвлүүлж санал дүгнэлтээ танилцуулсан байсан. Нэг Монгол үзэл чинь энэ бүхний тайлбар гэж ойлгож болох уу?

-Япон болон Зүүн өмнөд Азийн найман эдийн засаг, дэлхийн хөгжлийн загваруудтай харьцуулахад Манай төр нэгдсэн нэг бодлогогүй, хоорондоо эвлэлдэж уялдаагүй хэтэрхий олон зүйлийг хуулбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, Герман, Америк, Орос, Хятад, Шинэ Зеланд, Канад гэхчилэн маш олон үндэстний хувцас хольж өмссөн хоорондоо уялдаагүй олон төрхтэй монгол болчихсон байна. Үүнээс улбаалаад “Нэг Монгол нэг зүгт нэгдэхийн учир” гэж номоо тайлбарлаж нэрлэсэн. Номын ерөнхий утга агуулга ч үүнийг нэг монгол болгох томъёололд багтаж байгаа. Монгол уламжлалыг өрнө дорнын ухаантай хослуулан үндэсний хөгжлийн зөв гарцыг олж, “зөвлөлдөх ардчиллаар” хамтран шийдээд Нэг Монгол нэг зүгт тууштай нэг мөр замнах нь Монгол Улс Азийн баруудыг гүйцэн түрүүлж хөгжлийн хурдан хүлэг болно. Бид чинь нэг л Монгол биз дээ.

Үндсэн хуулиас аваад төрийн бүх тогтолцоо тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн алба, хүн ам нийгмийн хамгаалал, эдийн засгийн энэ бүх тогтолцоо чинь гадны улс орнуудын загварын цуглуулга. Авлигатай тэмцэх тухай хуулийг Хонконгоос, төрийн албаны хуулийг Канадаас, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийг Шинэ Зеландаас,тэгш татварын хуулийг Зүүн Европын орнуудаас, Эрүүгийн хуулийг Орос, Германаас гэх мэтчилэн жишиг загвар авч хэрэглэсэн. Сүүлийн үед далайн хууль, Герман Ромын хуулийн зарчмууд ч зөрөлдөж эхэллээ. Хуулийн засаглалын хямрал гэж үүнийг хэлнэ. 466 хуулийн ихэнх нь өөр өөр суурь зарчим, хэрэгжих механизмтай хуулиуд эвлэж ажиллаж өгөхгүй байна. Үүнийгээ даруйхан засч монгол төрийг дархлаатай, талцсан, намчирхсан энэ байдлыг зогсоон эв нэгдэлтэй болохгүй бол гадаад харилцаанд эвгүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Украины асуудал бидэнд маш том сануулга болсон.

-Таван толгойн асуудал дээр гэхэд төрийн гурван өндөрлөг гурван тийшээ хараад суучихаар Монгол Улс маань яаж хөгжих билээ гэх санааг уг нийтлэлдээ агуулсан байдаг. Тиймийн учир “Нэг Монгол нэг зүгт” гээд байна уу?

-Бид Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөөс хойш Нэг толгойтой Нэг монгол биш гурван толгойтой улс болсон. Таван толгой хэлэлцэж байгаа байдлыг хар л даа. Ард түмэнд төрийн гурван толгой л маргалдаад байгаа харагдаж байна. Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгоно гээд заачихсан байгаа. Гэвч бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ-д тайлангаа тавьдаг. Энэ нь парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог байх анхны төслийн загвар нь хэвээр үлдчихсэнтэй холбоотой.“Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хууль” сэдэвт хуралд оролцсон Германы эрдэмтэн Штайн 1992 онд Үндсэн хуулийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байхдаа“Анхны төсөл өөрчлөгдөөд бүхард түмнээс сонгодог Ерөнхийлөгчтэй болчихлоо. Энэ чинь яваандаа маш их зөрчлийг авчирна. Улс төрийг гацаанд оруулна” гэж хэлж байсан гэдгээ онцолж байна лээ. Сүүлийн 25 жилийн хугацаанд Ерөнхий сайд нарын огцорч байсан түүхийг аваад үзэхээр сонин түүх харагддаг. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо байнгын зөрчилтэй байсан. Энэ нь улс төрийн хагарал бутрал, өнөөгийн хямралын эх үүсвэр болсон ч байж магад.

-Хэсэг хугацаанд улс төрөөс зай аваад ирэхэд Монголын улс төр ямар байх юм. Зөвлөлдөх ардчилал, нэг монгол нэг зүгт гэх ойлголтыг хэрхэн хүлээж авч байна?

-“Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр онолын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж гадны зургаан нэртэй эрдэмтдийг урьж оролцуулсан. Улс орны том эрх ашгийн асуудал учир манай танай нам гэж явцууралгүй парламент дахь намын дарга нар, төлөөллийг бүгдийг нь урьсан. Дарга нар бүгд ирж оролцсон. Манай нийгэмд болохгүй байгаа төрийн тогтолцоо, системийн тухай ярьсан. Монголын улс төрд аливааг хүлээж авч байгаа өнцөг, ёс зүй, авлигын асуудал хэвээрээ байна. “Сант марал”-ын сүүлийн судалгаагаар “Монголын нийгэм шударга бус байна” гэж судалгаанд оролцогчдын 74 хувь нь үзсэн байна. Үндсэндээ дөрвөн хүний гурав нь нийгмээ шударга бус байна гэж үзэж байна. Энэ бол маш эмгэнэлтэй, аймшигтай явдал. Төрөө дээдлэх үзэл бол Ази тивийн үзэл юм. Түүнийхээ хүчинд Азийн улсууд хөгжиж байна. Гэвч Монголын ард түмэн төрдөө итгэх итгэлгүй болжээ. Үүнд улс төрийн нам болоод, улстөрчид буруутай. Ард түмнийхээ итгэлийг хөсөр хаясан байна. Төр нь төр шиг байж, төрийн түшээд түшээд шиг байж чадсангүй. Авлигатай холбогдуулж миний бие авлигын хэвтээ хяналтын тогтолцоо, Авлигагүй ардчиллын эвсэл бүрдүүлье гэсэн санаачилга гаргасан. Тодруулбал, Парламентын хяналт шалгалтын хороо Мэргэжлийн хяналтын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, прокурор, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс энэ байгууллагууд бие биенээ хянадаг тийм тогтолцоотой болъё. Хэд хэдэн байгууллага бие биенээ хянадаг системтэй болчих юм бол авлига устана. Орчин үеийн хамгийн шалгарсан аргын нэг энэ. Бүрэн төлөвшиж тогтоогүй байхад нь одоо л нэг хөлөө олж эхлэхээр нь АТГ-ын эрх мэдлийг өөр нэг мөрдөн шалгах байгууллага байгуулж шилжүүлэх нь оновчтой бус юм. Авлигатай дайн зарлаж сонгуульд ялсныхаа дараа АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй гэж ярьж байсан хүн энэ хуулийг санаачилж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Сүүлд нь нэмж асуухад, та Америкт өнгөрсөн зургадугаар сард автын осолд орсон. Олон хоног ухаан оролгүй удсан гэх мэдээлэл ирж байсан. Яг юу болсон юм бэ?

-Хар тамхичин нөхрийн 90 гаруй километр цагийн хурдтай явсан машинд дайруулсан. Ослын үйл явц ердөө л тэр. Тэгж л санамсаргүй байдлаас би гэдэг хүн үхээд боссон. “Нөгөө ертөнцөд очоод ирлээ” гэж ойр дотнынхоо хүмүүст тоглоом шоглоомоор хэлдэг. Ийм айхтар осолд орж олон хоног ухаангүй байсан хүнд буцаад ухаан ороход олон зүйл бодогддог юм билээ. Өнөөдрийг хүртэл нэг ч хүнд өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээ ярьж байсангүй. Харин “Өдрийн сонин”-оор дамжуулж хүнд бэрх цагт минь надад болоод манай гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан найз нөхөд, журмын андууддаа, намынхандаа баярласнаа илэрхийлье. Гэргий Г.Отгонгэрэл, үр хүүхдүүддээ маш их баярласан. “Бурхан надад хоёр дахь амьдралыг бэлэглэлээ. Хийх ажил байгаа учир намайг амьд үлдээсэн байх. Ард түмнийхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө зүтгэнэ” гэж ухаан орсныхоо дараа гэргийдээ хэлж байсан. Биед одоо ямар нэгэн зовиургүй болсон. Америкт ч юм уу, Энэтхэгт очоод бурхан шашинд ойр байдаг юм билүү гэж бодогдож байсан. Одоо бол Монголынхоо ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ.

Онцлох нийтлэлүүд