ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.01.17 12:01

Гомпилдоогийн Мөнхцэцэгийн дотоод ертөнц буюу мэргэн үг

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийн “Болзоогүй цагийн хураангуй” хэмээх шилмэл афоризмын бүтээл саяхан хэвлэгдсэн. Уг бүтээлийн өмнөтгөлд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал “Уран зохиолын эл төрөлд Монголын эмэгтэй зохиолчдоос ертөнцийн хязгаар дахь хатан говиороо овоглосон найрагч анхны салхийг хагалж афоризмын бүрэн түүврээ гаргалаа. Орчлон хорвоогийн явдал зам бүсгүй хүний сэтгэлийн нүдэнд тэр тусмаа монгол эх хүний мэлмийд хэрхэн яаж тусдагийг молхи би догдлон уншиж суув. Надад энэ хорвоог дахин цоо шинээр харах, мэдрэх хосгүй хувь завшаан тохиов” гэж өгүүлсэн байна. Уг бүтээл нэрт орчуулагч, гүүш Готовын Акимын өмнөтгөлтэйгөөр англи хэлээр ном болон хэвлэгджээ. Монголын эрхэмсэг найрагчдын нэгэн Г.Мөнхцэцэгийн бүтээлийн тухай ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын бичсэн туурвилыг хүргэе.

Уран зохиолын залгамж хойч үеийнхний тухай саналаа хааяа илэрхийлж байх нь зөв юм гэж бодох болсноо юуны өмнө хэлье.

Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирлаар хоёронтоо сонгогдсон нэрт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг “Болзоогүй цагийн хураангуй” гэж нэрлэсэн шинэ номоо саяхан надад ирүүлэв. Үүний өмнө 2-3 удаа яруу найргийн номоо ирүүлснийг нь шимтэн уншсан хэдий ч уг ном буюу шилмэл афоризмд нь цөөн үгийг зориулмаар бодогдсон учир зүрхнийхээ тушаалаар үүнийг өгүүлэв. Энэ бол эмэгтэй зохиолчдын салхийг хагалсан анхны афоризмын түүвэр бөгөөд хоёр дахь удаагаа хэвлэгдэж байгаа ажээ. Үүнээс урьд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, уран зохиол шинжээч Ш.Цэнд-Аюуш “Охь үгс” гаргасанд би мөн өөрийн саналаа илэрхийлсэн юм. Г.Мөнхцэцэгээс Ш.Цэнд-Аюушийн ялгаатай тал нь түүнд голчлон улс төрийн сэдвийг хөндөж “Парламент бол эрх мэдэл, эд хөрөнгөнд шунагч их армийнхны дунд ганц таваг юм. Хэн хэл хурдтай нь долоож амталдаг улс төр хүнийг ёргио хөөрүү болгож эвддэг” гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Парламентын гишүүн болсны маргааш тэнгэр ойрхон, хүн жижигхэн харагддаг гэсэн утгыг Ш.Цэнд-Аюуш улс төр нийгмийг голчилсон бол Гомпилдоогийн Мөнхцэцэг нь “Сэтгэл нь ширгэж байгаа хүн хичнээн том явлаа ч бүх талаараа жижгэрч дуусдаг” гэжээ.

Эд хөрөнгийг барж болно

Харин нас буяныг барж болдоггүй

Чиний дотоод ухамсрыг

Хичнээн олон нөхөр хүртэвч

Нөхөж үл чадна” гэснээрээ хүний дотоод ертөнц рүү өнгийсөн хувь хүн талыг илүүтэй гаргасан нь сайшаалтай.

Г.Мөнхцэцэгийн афоризмыг уншихад хүний хамгийн шилдэг уран санаануудыг цуглуулах аваас тэр хамгийн их эрдэнэс баялаг болно гэж нэгэн яруу найрагчийн дурдсаныг санагдуулж байна. “Маш товчхон оновчтой хэлсэн санаанууд нь буйртай уншигчдын хувьд аливааг эргэцүүлэн бодож, бясалгах хөшүүрэг болно” гэж Грекийн их сэтгэгч Сократын хэлсэн үгийг сэтгэлд тодотгоном. Нэгэн үгнээс түмэн утга цацардаг гэсэн Монголын ард түмний билэгт үгийг санагдуулахын хамт ганцхан өгүүлбэр нь зузаан романаас ч ихийг сэнхрүүлэх амуй.

Орчлонгийн нар мэт хүмүүний мэлмий байнга гэрэлтэж байдаг. Г.Мөнхцэцэгийн афоризм үүнтэй утга нэгэн ажээ. Үүний жишээнд “Хилэнцэт хүн”, “Жонон хонгор” зэрэг олон дууны үгийг зохиосон өөрөө ч мөн ардын дууг эвлэгхэн аялдаг Л.Агваанжамбал тэргүүнтнийг хэлж болно.

Г.Мөнхцэцэгийн “Ямар ч тэнэгийн дотор ямар нэгэн сайхан юм гялалзах нь буй

Олж мэдрэх нь чухал” гэснийг шүлгээр илэрхийлбэл

Бусдын дотор ямар эрдэнэ нуугдаж байгааг олж харах сэрэл сэхээгүй хүн өөрийн дотор ямар муу угшин байгааг онож харах сэрэмж дорой байдаг гэсэнтэй утга дүйцэх мэт.

Түүнчлэн сэтгэл муутан өөрт заяасан ариун нандин бүхнээ их эрт барж дуусдаг гэснийг нь хэн хүн ямагт бодууштай.

Мөн Г.Мөнхцэцэгийн “Ертөнцөд үүл, үйлийн үр хоёр л буцаж эргэдэг” гэснийг уншихуй бурхан багшийн сургаалд буй

“Саасан даруйдаа сүү, сагаж гашилдаггүй нь адил

Үйлдсэн нүглийн үйлийн үр үтэр түргэн боловсрохгүй

Нурманд шургасан цог шиг

Нууцхан дагаж шатамхай”. (Ж.Гэндэндармын орчуулга) гэсэн мөрүүд санагдаж ухаарал гэдэг өөр өөрийн цаг үетэй байдгийг гэрчлэх мэт.

“Хувь хүний бусдаас ялгарах үлэмж давуу тал нь дув дуугүй байх явдал” гэж Г.Мөнхцэцэг афоризмдаа бичсэн шиг нэгэн цагт миний бие ч

“Дуугарч ярьж ханахаараа нэг боллоо

Дуугүй байхын хэлийг яаж суръя даа байз

Гадагшаа гаргасан бүхнийг

Дотогшоо хумих хэцүү

Гаргаж хаясан шүлсийг

Буцаад шалгихад ч бэрх” хэмээн нэгэнтээ бичсэнтэйгээ харьцуулан бодвоо.

“Одон медалиуд эзнийхээ үхсэнийг огт мэддэггүй.

Урьдын адил гялалзаж л байдаг гэсэн нь өнөө цагт олон хүнд нэгийг бодогдуулсан, хоёрыг эргэцүүлүүштэй үг мөнөөсөө мөн. Ард түмэн их зүүдэлсний эцэст сэрж босдог харин зүүд үймүүлэгчийг эрж хайж байдаг гэсэн Мөнхцэцэгийн афоризмыг сонгуулийн өмнөхөн олж үзээсэй гэж би бодном. Мөн эх орон үргэлж хүнээс арвин, хэнээр ч дутдаггүй гэсэн онч мэргэн үг нь үнэнээс үнэн юм аа. Хүний санааг зогсоох нь бүү хэл арчиж үл болно гэснийг нь уншихад

“Бичсэн бичиг дарсан тамгыг

Биетэй юмаар арчихад арилна

Бичээгүй зураг сэтгэлийн хайрыг

Билүүдэж баллуурдаад ч ер арилшгүй” (Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлэг) гэсэн VI далай лам Цаянжамцын шүлгийг сэтгэлд сийлж, үүнээс үзвэл Гомпилдоогийн Мөнхцэцэгийг онч мэргэн үгс нь уламжлалт шүлгийг залгамжилсан шинжтэй бөгөөд урдах сайныг мартсан өнөө цагийн залууст нэн сургамжтай нь сайшаалтай юм. Мөн түүний мэргэн үгсийн дотор

“Монголчуудын их нүүдэл дууслаа

Одоо бид өөрсдийнхөө доторх үнэн буюу хуучин нутаг руугаа нүүх эрин цаг дор тулж ирлээ” гэсэн цэцэн санамжийг дээр дооргүй, ихэс багагүй уншиж эргэцүүлээсэй. Түүнчлэн

“Алт эрдэнэсээ алдсан газрын нэхэл барагдахгүй

Атан тэмээгээ өсгөсөн айлын хот харлахгүй” гэсэн зүйрлэлийг уншихад аргагүй л авьяас билигтэй төрсөн торгон мэдрэмжтэй бүсгүй хүний сэтгэлийн үг болой. Иймийн учир үүнийг бичигч би ч гэсэн нэгэнтээ

“Эрдэнэсээ уулс далдын далд гүндээ нуужээ

Энэ бидний үед уулыг тал, талыг там болгожээ

Илэнц өвгөд минь миний төлөө амьдраад бас үхжээ

Гэрээслэлийг нь бид галд шатааж, салхинд хийсгэжээ” гэж бичсэнээ ихэд бахдан санагалзвай.

Ер нь Г.Мөнхцэцэгийн энэхүү афоризм буюу онч мэргэн үгсийн түүвэр нь явж явж түүний эрж олсон зөв замын эхлэл байж мэднэ. Энэ ном бол яруу найрагч Г.Мөнхцэцэгийн ухаан, сэтгэмж, мэдрэмж, авьяасын нэг хэмжүүр яах аргагүй мөн. Ингээд 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр Г.Мөнхцэцэгийн нэрээр бичсэн нэг шүлгийг мялаалга болгож эцэст нь шигтгэе.

“Монголын Дорнын говьд

Өнгийн чулууд алагладаг

Нарны өнгөөр дуралзаж

Хунгийн жигүүр цуцаадаг

Цэнхэр голдуу тэнгэрт нь

Эрдэнийн одод гялалздаг ч

Цэцэн найргаар гэрэлтсэн

Эрхэмсэг хатад нь ховор юм

Газраас түүнийг нүдлээд л гурван марал гэж зүсэлдэг”.

Онцлох нийтлэлүүд