ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.08 11:09

Гуравдугаар эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасаг он гарсаар 693 мэс засал хийжээ

Тасгийн хамт олон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, тасагтаа сувилагчаар 35 жил ажилласан Цэдэнгийн Жавзанпагмын "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэлээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасагтай танилцаж, өдөр тутмын үйл ажиллагааг нь сурвалжиллаа. Тус эмнэлэг 1956 онд байгуулагдахдаа мэс заслын тасагтаа Чих, хамар, хоолойн тасгийг хамтад нь байгуулжээ. 1986 онд “Чих, хамар, хоолойн тасаг” болон өргөжиж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тус тасаг нь өнөөг хүртэл чихний, хамрын, гүйлсэн булчирхай авах мэс заслуудыг хийсээр иржээ.

Чих, хамар, хоолойн тасгийг товчхон танилцуулбал ээлжийн дөрөв, хагалгааны хоёр, боолтын хоёр сувилагчтай. Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан Ө.Тунгалаг тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байна. Тасгийн эрхлэгчээр анагаах ухааны магистр, клиникийн профессор С.Бямбасүрэн эмч ажилладаг. Тэргүүлэх зэргийн мэс засалч, анагаах ухааны магистр С.Мөнхмөрөн, ахлах зэргийн эмч И.Батчулуун, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Э.Төрмөнх, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ш.Оюунтуяа, анагаах ухааны магистр, мэс засалч Г.Уянга, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Д.Оюунзул гэсэн олон жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч эмч нар ажилладаг байна.

Тус тасаг нь 20 ортой бөгөөд Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн болон орон нутгийн иргэдэд чих, хамар, хоолойн гурав дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг. “Ер нь бол орон нутгийн иргэдэд үйлчлэх ёсгүй ч зориод ирсэн өвчтөнүүдээ буцааж чаддаггүй” гэж тасгийн мэс засалч С.Мөнхмөрөн хэлж байлаа.

Хагалгааны үеэр

Эмнэлгийн нэг давхарт Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг байдаг. “Гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй цагаан хаалганд бид тулж очлоо. Нүүр нь битүү хавдсан, толгой нь боолттой залуу ар гэрийнхэн нь эргэж ирсэн бололтой уулзаж байгаатай бид тааралдсан юм. Биднийг тасаг руу ороход мэс заслын эмч нар төлөвлөгөөт хагалгаанд ороод гарч ирж байв. Эдний тасаг өдөрт дунджаар 5-7 мэс ажилбар хийдэг юм байна. Хамгийн их хийгддэг нь хамрын цус тогтоох ажилбар гэлээ. Үүнээс хамрын мэс засал гурав, чихний мэс засал нэг, гүйлсэн булчирхайн нэг мэс засал хийдэг аж.

Бид эхлээд тус тасгийн их эмч Г.Уянгын үзлэгийн өрөөтэй танилцсан юм. 30 орчим настай эмэгтэй Г.Уянга эмчээр хамрын цус тогтоолгох ажилбар хийлгэхээр хүлээж байлаа. Тэрбээр “Өчигдөр өглөө хамраас цус гараад тогтсон. Өнөө өглөө дахиж гараад буцаж тогтохгүй болохоор арга буюу эмнэлэгт ирлээ” гэсэн юм. Цусны даралт ихэссэнээс болж хамрын ямар нэгэн судас хагарч, цус тогтохгүй гардаг гэнэ. Үүнийг тусгай лазер аппаратын тусламжтайгаар судасны ханыг битүүлж тогтоодог юм байна. Мөн өөр нэгэн хүн “Хамраараа амьсгалж чадахгүй болчихлоо” хэмээн орж ирэхтэй таарлаа. Эмч түүнд эмчилгээ бичиж, ирэх сарын сүүлээр шинжилгээгээ өгөөд аравдугаар сард хагалаанд орохыг зөвлөлөө. Энэ мэт өвчтөнүүд эмчийн өрөөний үүдэнд дугаарлан суух аж. Чих, хамар, хоолойн тасагт хагалгаанд орох иргэд их байгаа учраас нэг сарын дараалал үүсчээ. Ийнхүү ачаалал ихтэй ажилладаг Г.Уянга эмчийн үзлэгийн өрөөнөөс гарч Чих, хамар, хоолойн мэс заслын тасагтаа буцаж ирлээ.

Тус тасаг өнгөрсөн сарын байдлаар хамрын хуучих хугарал засах мэс засал 60, хамрын самалдаг тайрах мэс засал 35, чихний хэнгэрэг нөхөх мэс засал 42, хамрын өмнөд чихээс хийх 106 гээд он гарсаар нийт 693 мэс ажилбар хийжээ. Сард 80-90 орчим хагалгаа хийдэг, дунжаар 600 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг гэлээ. Нэг хүнд 40 минутаас эхлээд гурван цагийн турш хагалгаа хийдэг. Мөн өнгөрсөн оноос хамрын гоо сайхан, бамбай булчирхайн мэс заслыг хийж эхэлжээ. Мэс засал ийнхүү нэмэгдэж байгааг эмч С.Мөнхмөрөн “Манай тасгийн ачаалал маш их байдаг. Иргэд мэс засалд орохын тулд нэг сар хүлээдэг. Сүүлийн үед хамрын харшил, агаарын бохирдол, осол гэмтэл, архидан согтуурах тохиолдол их байгаатай холбоотойгоор хамрын мэс заслын тоо ихэссээр байна. Хамар битүү удаан явснаар чихний сонсголд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Хамрын хагалгааны шалтгаан нь төрөлхийн болон гэмтлийн гэж хуваагддаг. Хагалгаанд орсон хүүхдүүдийн 34 хувь нь төрөлхийн хамрын таславчийн муруйлттай байсан. Насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь гэмтлийн улмаас хамрын таславчийн муруйлттай болсон байдаг. Энэ муруйлт нь хамар битүүрэх эмгэгийн ихэнх хувийг эзэлдэг. Мөн хамрын харшлыг дурдаж болно” хэмээн тайлбарлалаа. Сонсголын эмч Д.Оюунзул “Чихний хэнгэрэг нөхөх, цэвэрлэх хагалгаа их хийдэг. Залуучууд цагаан чихэвчээр дуу чанга сонсох зэргээр өөрсдийнхөө сонсголыг муутгадаг. Чихний мэс заслын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа" гэлээ. .

Анагаах ухааны магистр, ахлах зэргийн их эмч Э.Төрмөнх, Тэргүүлэх зэргийн мэс засалч, Анагаах ухааны магистр их эмч С.Мөнхмөрөн, ахлах зэргийн эмч И.Батчулуун, сувилагч Ц.Жавзанпагма нар.

Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл буюу хоолойны мах авах мэс засал энэ оны долдугаар сарын байдлаар 180 удаа хийгджээ. Энэ нь манай орны эрс тэс уур амьсгалын улмаас хүн амын дунд элбэг тохиолддог өвчин юм. Иргэдийн дунд намар сэрүүн орохтой зэрэгцэн хоолойны махаа авахуулах сайн байдаг гэдэг нь өрөөсгөл болохыг эмч нар хэлж байлаа. Зөвхөн мэс ажлын дараахь дэглэм, гамаа сайн барих юм бол жилийн аль ч улиралд ижилхэн эдгэдэг юм байна. Хоолойны мах авах мэс ажилбарт багаасаа эрүүл мэнддээ анхаарч, эмчийн зөвлөснөөр эмчилгээгээ хийлгэсэн бол орох шаардлагагүй байдаг аж. Хүмүүс эм уугаад өвчин нь намдангуут хаячихдаг. Ингэснээр хоолойны маханд идээлсэн нянгууд үүрлэж, хүний дархлаа муудах үед эргэн гарч ирсээр байдаг юм байна. Хоолойны мах нь хүний дархлааны гол эрхтэнгүүдийн нэг учраас хэрэв нян, бактери үүрлэсэн тохиолдолд үе мөчний зөөлөн эд, зүрхэнд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Хүүхдүүдийг багаас нь аяга долоолгосноор хэлний угийн булчин ажиллаж, хоолойнд сайнаар нөлөөлдөг аж.

Харин хамрын харшилтай хүмүүс есдүгээр сарын сүүлч, аравдугаар сард дархлаагаа сайжруулахад анхаарч, амин дэм хэрэглэх хэрэгтэй гэв. Харшил нь хүний дархлаа муудсантай холбоотой учраас ийнхүү дархлаагаа сайжруулах нь сайн үр дүнд хүргэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Э.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд