ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.16 10:05

“Гурван арслан”-д итгэ

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

1990-ээд оны эхэн үед монгол залуучуудын сонирхлыг Италийн УАШТ илүү их татдаг байв. Тэнд Марадона Баджо, Платини тоглодог, тэнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдгүүд ирж Сери-А “Дэлхийн бага аварга шалгаруулах тэмцээн” хэмээн нэрлэх хүртэл нэр хүндийг нь өсгөж байлаа. Линекер, Гаскойн зэрэг Английн авьяаслаг хөлбөмбөгчид хүртэл тэнд очиж тоглодог байв. Аргагүй шүү дээ, Английн хөлбөмбөг “Ливерпүүл”-ийн зэрлэг хөгжөөн дэмжигчдээс болж арваад жил олон улсын тавцангаас хөөгдчихсөн байсан юм чинь. Харин шинэ зууны эхэн үеэс тэд Европод буцан ирж бид ч Прьемер-Лигийг үнэ төлбөргүй цэнхэр дэлгэцээр үздэг болов. Бекхэм, Алан Ширер, Оуэн гэдгүүдийг таньдаг болж Английн хөлбөмбөг хамгийн үзүүштэй нь, Английн клубууд хамгийн шилдэг гэдгийг мэдэрч эхэлсэн. Одоо Монголын хөлбөмбөг сонирхогчид бултаараа Челси, Арсенал, Ливерпүүл, МЮ багуудын үнэнч хөгжөөн дэмжигчид болтлоо энэ улсыг дэмждэг болсон байна.

Британийн арал дээр арслан амьдарч байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ англичууд өөрийнхөө шигшээ багийг “гурван арслан” гэдэг юм. Арслан мэт зориг, зүрх, чадалтай байг гэсэн юм болов уу. Английн хөлбөмбөгт бусдыг татах хэд хэдэн зүйл байдаг. Юуны өмнө Англид тоглож байгаа хөлбөмбөгчид хүний өөрийн гэлтгүй бүгд эцсийн мөч хүртэл үнэнчээр хүч чадлаа шавхаж хөлбөмбөг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө тоглодог. Тийм учраас үзэгчид нь өөрийн хайртай багаа хичнээн хожигдож байсан ч хамаагүй эцсийн мөч хүртэл дэмждэг, ундааны лааз шиддэггүй ээ. Английн хөлбөмбөгчид хахуулийн хэрэгт бараг орооцолддоггүй, худлаа баашилж талбай дээр хэвтээд байдаггүй, өөр улсын багт элсэн  очиж тоглодоггүй гэх мэтчилэн тоочиж болно л доо. Ийм ч учраас Английн багууд удаан хугацаанд дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагссаар л байна. Гэтэл улсынх нь шигшээ яагаад гавьдаггүй юм бол. ДАШТ эхлэхийн өмнөхөн шинжээчид Английн шигшээд найдвар өгч тэднийг өндөр байр эзэлнэ гэдэг ч тэд мөнхөд бүдэрч ойчсоор л байдаг. Энэ жил яах бол. Тэр талаар жаахан хэлэлцье.

Англид хөлбөмбөгийг үндэснийхээ спорт гэж үздэг тул хэвлэл мэдээлэл нь дээд зиндаанд энэ спортод хандана. Ямар ч сонины нэгдүгээр нүүрний гол зайд тухайн өдрийн хөлбөмбөгийн тэмцээний тойм, хов жив, хэрүүл маргаан гарна уу гэхээс улс төр, эдийн засгийн мэдээ голлодоггүй. Тийм ч учраас өөрсдийнх нь хөлбөмбөгчид хэвлэл мэдээллээс их айдаг, үндэснийхээ шигшээд тоглохоороо зүрх зориггүй болчихдог гэцгээдэг. ДАШТ эхлэхийн өмнө бүр л Английн сэтгүүлчид өөрсдийнхөө хөлбөмбөгчдийг өндөрт авчирч хариуцлага хүлээлгэж байгаад л муулдаг гэсэн. Харин энэ жилийн шигшээг энэ зовлон зовоохгүй гэцгээх юм. Учир нь энэ удаагийн Английн шигшээ урьд урьдынхаасаа дэндүү муу тул хэсгээсээ ч гарч чадахгүй гээд бичиж байна лээ. Ер нь анх удаа л шахуу тэд элдэв дарамт, үүрэг хариуцлага үүрэлгүй Бразил руу явах гэж байгаа юм биш үү.Тиймээс энэ нь тэдэнд ашигтай эргэх боломжтой мэт.

Ноён нуруу

Харт, Фостер, Жагелка, Кейхилл, Жонсон, Бэйнс, Люк Шоу, Смоллинг, Жонс, Уилшер, Лэмпард, Кэррик, Жеррард, Руни, Уэлбек, Старриж.

Энэ багийн ахлах дасгалжуулагч Рой Хожсон

Сайн тал

Анлийн шигшээ баг үеийн үед муу хаалгачидтай байсан. Харин хэдэн жилийн өмнө Жо Харт гэх дориун сайн хаалгач гарч ирлээ. Хэдийгээр Ман Ситид тоглохдоо гэнэн алдаанууд гаргаад байдаг ч үндэснийхээ шигшээд бол тун давгүй хаачихдаг юм шүү. Зүүн тал, төвийн хамгаалалт сайн. Ялангуяа Лейтон Бэйнс, Эшли Коул нар өөрсдийнхөө байрлалд дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэнэ. Даанч Коул зодог тайлж байх шиг байна. Гэхдээ Шоу гэж түүнээс дутахааргүй сайн залуу бий. Довтолгоо бас боломжийн. Старриж, Руни, Уэлбек хамтдаа удаан тоглож бие биеэ сайн ойлгодог болцгоосон. Жигүүрийн хагас хамгаалагчид хурдан, довтолгоо дэмжихдээ тун сайн. 

Муу тал нь

Баруун талын хамгаалалт жаахан асуудалтай байгаа Смоллинг энэ жил тун муу байна. Жонсыг энэ байрлалд тоглоно гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй хэцүүхэн санагдах юм. Довтолгоо эхлүүлэх хагас хамгаалагчид хэтэрхий хөгшдөөд эхэллээ. Аль эртний цагийн Жерард, Лэмпард, Кэррик нараас өөр сонголт байхгүй л байна даа.

Английн шигшээ багийг ерөнхийд нь дүгнэхэд ийм байна. Тэд энэ жил л бараг анх удаа аварга болохгүй багийн тоонд багтах болсон. Энэ нь тэдэнд дарамтгүй тоглох боломжийг өгнө гэж багийн ахлах дасгалжуулагч Хожсон хэлсэн байна лээ. Сайн тоглох ч юм билүү, харах л үлдлээ. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд