Нийгэм
2014.11.05 04:11

Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачлан 2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Иргэний танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар болон ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд оролцлоо.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэлцүүлгийг нээхдээ "Төсөв хэлэлцэж буй энэ чухал үед энэхүү хэлэлцүүлэг давхцаж байгаагаараа онцлог юм. Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэх асуудлыг төсөвт суулгах нь хэлэлцүүлгийн зорилго юм. Гуравдугаар ээлж орой тарж байгаатай холбоотойгоор хүүхдүүд гэртээ харих замдаа зам тээврийн осолд орох болон гэмт халдлагад өртөх явдал их байна. Хотын захын гэр хороололд амьдарч буй хүүхдүүд гэр хүртлээ 2-6 км газар ахлах тохиолдол ч байгаа юм. Ийм учраас гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй" гэв.

Мөн Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын талаарх мэдээллийг танилцууллаа. Нийслэлд өнөөдрийн байдлаар 213 ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй мянган сурагч суралцаж байгаагаас 21 сургуулийн 5200 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа аж.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ "Сургуулиудын ачаалал нэмэгдэж буй олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнуудын тоо эрс нэмэгдэж байна. 2011-2012 оны хичээлийн жилд Нийслэлд 26870 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд даруй 1,5 дахин нэмэгдсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд хамгийн их ачаалалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад давхрын өргөтгөл хийх шаардлагатай байна. Бид энэ талаар судалж 17 сургуульд давхрын өргөтгөл хийх боломжтойг тогтоосон. Сургуулиудын барилгын хийц, даацын дүгнэлт хийх, зураг төсөв боловсруулах болоод барилга угсралтын ажилд 17.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан" гэв.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал нэмэгдэж байгаа нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хэмээн нэмж хэлэв. Боловсрол, шинжлэх ухааны яамны судалгаагаар хөдөө орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж буй их нүүдлийг дагаад жилдээ 5000 орчим хүүхэд шилжин ирж суралцдаг байна. Хэлэлцүүлгийн үеэр сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаагаас шалтгаалж хичээлийн дараах нэмэлт сургалт, дугуйлан хичээллүүлэх боломж бүрдэхгүй байгаа талаар багш нар хэллээ. Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх үндсэн бодлого хэрэгжиж чадахгүйд хүрээд байгааг тэд онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд