ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.04 08:12

Гэртээ гар дээрээ суниаж, гэдэсний таталт хийвэл үр дүнтэй

“Cardio MMA” фитнессийн багш дасгалжуулагч, Монголын Шинкиокушин каратэгийн улсын аварга А.Энхбаясгалантай ярилцлаа.


-Сүүлийн үед залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн бие бялдраа хөгжүүлэх зорилгоор спортоор хичээллэх нь түгээмэл болжээ. Мөн ихэнх хүний хувьд жингийн илүүдлээсээ салахын тулд фитнессийг зорьж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Аль ч спортоор хичээллэсэн хүнд эрч хүч өгч, бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, стрессээс ангижрах зэрэг олон талын ач холбогдолтой. Ажиглаж байхад, офиссын ажилтай залуус спортоор хичээллээд ирэхээр эрч хүчтэй болж, амьдралын хэвшил, зан харилцаа, гадаад үзэмж зэрэг бүхий л зүйлдээ анхаарч өөрийгөө өөрчлөөд эхэлдэг. Мөн хорт зуршлуудаа хаяж байгаа нь том өөрчлөлт юм. Ер нь хичээллэхийн өмнө фитнесс, кардио, бокс зэрэг өөрт таалагдаж байгаа төрлөө сонгох хэрэгтэй. Аль ч төрлөөр хичээллэсэн хүний бие хэт өөхөлж таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх, мөн цусны эргэлт сайжирдаг. Мөн биеийнхээ аль нэг хэсгийг хүссэнээрээ өөрчилж чадна гэсэн үг. Кардио, кикбоксоор хичээллэснээр техник хөдөлгөөний эвсэлтэй болохоос гадна жингээ илүү хасаж чаддаг. Иймээс залуусыг энэ төрлийн спортыг сонирхож хичээллэж үзээсэй гэж хүсдэг. Гол нь тууштай, зүтгэлтэй л байх хэрэгтэй. Зарим хүн цөөхөн хоног яваад хаячихдаг. Ийм туйлбаргүй байдлаас болж маш сайхан, олон боломжоо алддаг.

-Зарим хүн турж байна гээд хоолоо сойчихдог. Энэ нь хэр зөв бэ?

-Мэдээж жингийн илүүдлээс салахын тулд спортоор хичээллэхээс гадна хоол хүнсэндээ анхаарч эхэлнэ. Хооллолтын хувьд гурван цагаан хор болох тос, давс, чихэрийг маш багаар хэрэглэх ёстой. Мөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрийн сүү, цагаан идээ, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж дуртай хоолноосоо татгалзана гэсэн үг биш. Харин хоол хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэснээр түүгээр дамжуулж таатай мэдрэмж, эрч хүч авдаг. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхэлнэ. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг давамгайлан хэрэглэж хэвшээрэй. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй. Мөн төрөл бүрийн жим жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэгт кальци ихээр агуулагддаг. Ус сайн уух шаардлагатай. Таны хэлсэнчлэн, зарим хүн турна гээд гэнэт хэт ихээр хоол хүнсээ хасаж, өлсөж эхэлдэг. Энэ нь эрүүл мэндэд хортой. Аажим аажимаар хоолоо хасаж, зохистой хооллолтыг хэвшүүлэх хэрэгтэй.

-Зарим залуус цаг завгүй байдлаасаа хамаарч фитнесст тэр бүр явж чадахгүй байна. Гэрийн нөхцөлд биеэ хөгжүүлэх энгийн дасгалууд зааж өгөөч?

-Ер нь фитнессийн зааланд дасгал сургуулилтаа хийвэл илүү үр дүнтэй. Бас сонирхолтой байдаг. Гэхдээ гэртээ дасгал хийсэн ч болно. Энгийн дасгал гэвэл гар дээрээ суниах, гэдэсний таталтууд хийх хэрэгтэй. Үүнд янз бүрийн төхөөрөмж шаардлагагүй. Гол нь давтамж чухал. Анхлан хийж байгаа хүмүүс 15 суниагаад 30 секунд амрах зэргээр гурван удаагийн давтамжтай хийж болно. Улмаар бие дасч, дасгалуудаа хүндрүүлнэ. Ихэнх хүний хувьд богино хугацаанд үр дүн хараад байдаг. Дэлгүүрээс юм худалдаж авч байгаа биш тул өнөөдөр дасгал хийгээд хэдхэн хоногийн дараа булчинтай болчихгүй. Тасралтгүй хийснээр бага багаар ахиц гарна. Гол нь эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг бодож явах хэрэгтэй.

-Та каратэгийн спортоор хичээллэдэг юм билээ. Уг спортын давуу тал юу вэ?

-Хүүхдүүддээ аливаа спортын суурийг тавиулах гэж байгаа бол каратэ нэн тохиромжтой. Илүү амьдралтай спорт гэж хэлж болно. Уян хатан болж, тэсвэр хатуужил суудаг. Хөл, гарын өшиглөлт сурна. Энэ нь биеэ хамгаалахаас гадна төлөвшилд онцгой нөлөө үзүүлдэг. Ер нь каратэ хүндлэлээр эхлээд хүндлэлээр дуусдаг спорт шүү дээ. Ялагдсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчөө хүндэлдэг. Иймд залуустаа хандаж хэлэхэд өнөөдрөөр битгий амьдралыг дүгнээсэй. Ирээдүйгээ харж, маргаашийнхаа боломжийг бүрдүүлж спортоор хичээллэх хэрэгтэй. Туйлбаргүй зүтгэлийн хүчинд зорьсон үр дүндээ хүрэх маш сайхан, бахархалтай байдаг юм шүү.

Д.БАТЗОРИГ


Онцлох нийтлэлүүд