ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.05.13 10:05

Гэртээ цоожлогдсон гурван хүүхэд амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэжээ

-ЗУРГААН НАСТАЙ ЭГЧ НЬ ДҮҮГЭЭ ТЭВРЭЭД ОРОН ДООР БҮРТИЙТЭЛ ХЭВТЧИХЭЖ-

Гэртээ цоожлогдсон, хоригдсон хүүхдүүд галд амиа алдсан харамсалтай мэдээ байсхийгээд л дуулддаг. Өнгөрсөн баасан гаригт хоёроос арван насны гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай мэдээлэл ирлээ. Онцгой байдлын 15 алба хаагч ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр болсон явдлыг тоймлон хүргэе.

ЭГЧ ДҮҮ ХОЁР ЦЭЦЭРЛЭГЭЭСЭЭ ЧӨЛӨӨ АВСАН БАЙЖЭЭ

А-ийнх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 баг буюу Жилчигт амьдардаг. Тэрбээр Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан гэртээ иржээ. Эхнэр нь сумандаа хөрөө рам ажиллуулдаг бөгөөд ойрын үед гэртээ байжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хоёр сүүлийн хэд хоног хийсэн ажилгүй гэртээ шахам байж. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том нь зургаан настай охин. Бага нь хоёр настай хүү. Хоёр хүүхэд нь цэцэрлэгт явдаг байж. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байгаа мэдээлэл дуулдах болсон. Ийм шалтгаанаар хүүхдүүд нь цэцэрлэгээсээ долоо хоногийн чөлөө авсан байжээ.Тэднийд Түнэл сумаас эгчийнх нь арван настай хүү бас ирсэн байж.

Ингээд гурван хүүхэд гэртээ өнждөг байсан аж. Тэднийх 8х12 харьцаатай палкан байшинд амьдардаг. Үүднийх нь амбаарыг оруулбал, байшингийнх нь урт бараг 14 метр гэнэ. Хулгайчаас сэрэмжилж бүх цонхоо гаднаас нь төмрөөр торлочихсон аж. Өнгөрсөн баасан гаригт аав, ээж хоёр нь түр гарахдаа хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод явжээ. Тэр өдөр гадаа хүйтэн байсан учраас ах, эгч хоёр нь дүүгээ авч гараад дааруулчихна гээд цоожилсон нь тэр.

“15 АЛБА ХААГЧ ЦОНХЫГ НЭЭЖ ЧАДААГҮЙ”

А-ийн байшин шатаж байгаа тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.13 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон аж. Энэ талаар эх сурвалж мэдээлэл өгөхдөө “Гал үүдний амбаараас эхэлж гарсан. Цахилгааны утаснаас гал гарсан гэж таамаглаж байгаа. Онцгой байдлын аврагчид хоёр цаг шахам ажилласан. Техник, хэрэгсэл муутай учраас цонхны хаалт төмрийг онгойлгож чадахгүй байсан. Арай гэж галыг намжааж байшинд ороод хүүхдүүдийг хайгаад олоогүй. Гэрт хүүхдүүдийн уйлах дуу гараад байсан ч тэднийг олоогүй. Хоёр цагийн хугацаанд хүүхэд битгий хэл том хүн угаартчихна. Байшин нэлээд том байсан учраас өрөө дамжиж хүүхдүүдийг хайгаад цаг алдсан. Үүнээс гадна онцгойгийнхон арай л удаан ажилласан. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байх шиг байсан” гэлээ.

ААВ НЬ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ХОЁР АЛХМЫН ЗАЙД ЗӨРЖЭЭ

Байшин шатаж эхлэх үед арван настай хүү эмээгийнхээ утас руу залгажээ. Гэтэл тэр үед эмээ нь хөдөө явж байсан учраас утас нь сүлжээ барихгүй байж. Сүлжээтэй газар ирээд ач хүүгээс нь дуудлага ирснийг мэдээд буцаад залгахад хэдийнэ хожимдсон байж. Гурван нялх амьтан дүрэлзсэн галтай тэмцэж, амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэсэн нь ослын дараахь байдлаас харагдсан байна. 10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалжээ. Хагарсан шилний өөдөс гар хуруу руу нь шигдэж, хүзүүг нь хүртэл зүссэн байж. Цонхны шилийг хагалж, завсраар нь толгойгоо гаргах гэж оролдож байгаад хүзүүгээ зүссэн бололтой. Хэрвээ цонхыг хаасан төмөр тор байгаагүй бол гурван хүүхэд аврагдах боломжтой байжээ. Хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн бололтой цонхны доор амиа алдсан байжээ. Харин зургаан настай эгч нь хоёр настай дүүгээ тэврээд орон дор бүртийтэл хэвтчихэж. Галаас айсандаа гэртээ байсан бүх хөнжлөөр дүүгээ хучаад өөрөө тэврээд хэвтсэн бололтой амиа алджээ. Хүүхдүүдийн өмссөн хувцас нь шатаагүй бөгөөд угаартсан байдалтай нас барсан байжээ.

Аврагчид гэрт хүүхдийн дуу сонсоод хайж байсан талаар дээр өгүүлсэн. Аав нь ч гал дунд дайрч ороод хүүхдүүдээ хайжээ. Унтлагын өрөөнд орох үед аврагчид аавыг нь хүчээр гаргасан гэнэ. Хоёрхон алхсан бол хүүхдүүдийнхээ нуугдсан орны дэргэд очих байсан гэж халаглаж байгааг эх сурвалж хэлсэн. Ерөөсөө тэнд байсан хорь шахам хүн утаан дундах гурван хүүхдийг эрээд олоогүй гэнэ. Гал гарснаас хойш хоёр цаг орчмын дараа хүүхдүүдийг олоход хэдийнэ амиа алдсан байжээ. Энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

ХҮҮХДҮҮДИЙГ НУТАГЛУУЛСАН

Хөвсгөл аймгийн албаны эх сурвалжтай холбогдож тодруулга авлаа.

-Гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

-Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Аав ээж нь түр гарахдаа гэрээ цоожилчихсон байна. Цонх нь хүртэл торлогдсон байшинд гурван хүүхэд угаартаж амиа алджээ. Гэрийнхэнд нь маш хүнд байгаа. Хоёр хүүхэдтэй залуу айл шүү дээ. Аав ээж нь 30 ч хүрээгүй залуу хүмүүс. Бас эгчийнх нь хүүхэд ирчихсэн байж таараад амиа алдсан. Хүүхдүүдийг өнөөдөр (өчигдөр) нутаглууллаа.

-Онцгойгийнхон нэлээд удаан ажиллаж, цаг алдсан гэх юм?

-Техник хэрэгсэл муутай ажилладаг бололтой юм. Улаан гараараа шахам галыг унтраасан гэнэ лээ. Том байшинд нил утаатай, харагдах орчин хязгаарлагдмал байсан учраас хүүхдүүдийг олоогүй юм билээ. Галын шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа гэсэн. Хүүхдүүдийн араас буян үйлдэх арга хэмжээг аймгийн төвд зохион байгуулъя гэсэн ч ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй гэв.

Ц.ӨРНӨХ

Онцлох нийтлэлүүд