ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.08 11:09

Г.Батбаатар: АШУҮИС боловсролын академик байгууллага болохоос үзэл бодлоороо тэмцэлдсэн намын байгууллага биш

-Ц.ЦОГЗОЛМАА САЙДЫГ БИД СУРГУУЛЬДАА УРЬСАН БОЛОВЧ ИРЭЭГҮЙ, БҮР ЯМАР Ч ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭГҮЙ-


Анагаах ухааны доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.


-Таныг АШУҮИС-ийн захирлын албанаас хэзээ чөлөөлсөн бэ? Шалтгаан нь юу байсан юм бол?

-Нэгэнт намайг ажлаас чөлөөлөх тушаал гарсан учраас ажлаа өгсөн. Харамсалтай нь тэр тушаал дэндүү үндэслэлгүй. Өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос ажлаас халах тушаал гаргасан байсан юм. Тэр үеэр би ээлжийн амралтаа аваад эмнэлэгт хэвтсэн. Гэтэл зургадугаар сарын 27-ны өдөр миний амралтыг өөрчилсөн тушаал дахин гаргаж, манай туслах руу цахим шуудангаар илгээн улмаар долдугаар сарын 10-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ажлаас халах тушаал гаргасан байсан. Энэ нь Хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байгаа. Уг нь хуулиа дээдэлж, хэрэгжүүлэх үүрэгтэй сайд, УИХ-ын гишүүн биз дээ. Би ажлаа өнгөрсөн сарын 30-нд хүлээлгэж өгсөн.

-Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон АШУҮИС-ийн захирлаар томилогдсон. Захирлын ажлаа авангуутаа сургуулийн ажилтнуудыг хомроголон халлаа гэж шуугьж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Шинэ удирдлагын багийг амжилттай ажиллаасай гэж хүсч байна. Харамсалтай нь мордохын хазгай гэж эхнээсээ л буруу шийдвэрүүд гаргаж сургуулийн хөгжлийн төлөө сэтгэлээрээ зүтгэж байгаа, ажлаа мэддэг хүмүүсийг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Энэ хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулж болдоггүй л юм байх даа. Шинэ хүмүүс нь хийх ажлаа ойлгох гэсээр он гаргах биз. Дараа нь шинэ бодлого боловсруулах уу. Сургуулийн хөгжлийн хурд их л саарч байгаа бололтой. Энэ чинь сургууль, боловсролын академик байгууллага болохоос үзэл бодлоороо тэмцэлдсэн намын байгууллага биш л баймаар.

-Ц.Цогзолмаа сайд таныг захирлаар ажиллаж байхад АШУҮИС-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байсан уу? Өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр таныг төсөл саатуулсан гэж мэдээлсэн...?

-Тэр хэвлэлийн бага хурлын мэдээлэлтэй танилцсан. УИХ-ын гишүүнд хүнийг гүтгэн доромжлох эрх олгодог юм болов уу хэмээн гайхаж л байна. Төрийн сайд, тэр тусмаа боловсролын салбарыг толгойлж байгаа хүн хэлж ярихаа хянаж баймаар юм. Бүгд найрамдах Япон улс ч гэж байх шиг, хүний хөгжлөөрөө тэргүүлэгч япон мэргэжилтнүүд толгойгоо сэгсрээд л үсээ зулгаагаад байсан юм байх. Арай л биш ээ. Эмч, мэргэжилтнийг мэргэшүүлэх төсөл гэрээний дагуу жилийн өмнөөс эхэлснийг мэдээгүй бололтой. Мөн хэзээ сайд болсноо мартсан юм болов уу, надад хоёр жилийн өмнө үүрэг өгч байжээ. Ингэж хүнийг харлуулж болох уу. JICA-ийн тавьсан шаардлагыг хангасан багш, эмч, сувилагчид Японд сургалтад хамрагдан ирээд эмнэлгээ хүлээн авах бэлтгэлээ хангаад л байж байна. Бодит байдлыг гуйвуулж, худал мэдээлэл өгөх нь төрийн сайд байтугай жирийн хүнд ч баймгүй ёс зүйгүй үйлдэл баймаар. Ц.Цогзолмаа сайдыг бид сургуульдаа урьсан боловч ирээгүй. Бүр ямар ч дэмжлэг үзүүлээгүй нуугаад яах вэ. Өнгөрсөн хугацаанд хэнийг захирлаар томилохоор улайрч, гүтгэн, давшилж байсныг хүмүүс мэдэж байгаа учраас энэ тухай яримааргүй байна. Уг нь боловсрол, эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй гэдгийг мэдэх л ёстой. Миний хувьд албан тушаалтай зууралдсан зүйл байхгүй, бүх зүйл хуулийн хүрээнд байхыг хүсэж байна. Магадгүй би Ц.Цогзолмаа сайдад таалагдаагүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад их сургуулийн удирдлагыг томилох ёстой. Хуулиндаа ч заасан байгаа. Ер нь намын томилгоо гэх зүйлийг таслан зогсоохгүй бол нийтээрээ даргад таалагдах гэсэн өрсөлдөөн, биенээ муулсан, харлуулсан зүйл хэрээс хэтэрлээ. Энэ нь мэргэжилтний мэдлэг, ур чадварыг үнэгүйдүүлж улмаар салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг ухаарах цаг хэдийнэ болжээ.

- Та Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд хэдэн оноос ажиллаж эхэлсэн билээ? Захирлаар нь хэдэн жил ажилласан бэ?

-Би 1985 онд энэ их сургуулийн оюутан болж байлаа. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа багшаар эхэлж, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирлын албыг хашсан. Улмаар 2013 оны наймдугаар сард төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж АШУҮИС-ийн захирлаар томилогдон ажилласан. Ингэхээр өнгөрсөн 33 жил энэ л эрдэмлэг хамт олны дунд сурч, боловсорч, хүмүүжиж, өсөж өндийжээ.

- АШИҮИС-ийн захирлын албыг хүлээж аваад хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж, ямар ажил хийж гүйцэтгэв?

-Ажил авсан даруйдаа сургуулийнхаа материаллаг бааз, хөгжлийн бодлогыг бодитоор тодорхойлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч, мэргэжилтэн бэлтгэхийн тулд багш нараа чадавхжуулах, сургалт, судалгааны орчноо сайжруулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжсөн орнуудын их, дээд сургуулийн түвшинд хүрэх, биелэгдэхүйц, цаг хугацаатай уралдсан, үр дүнг тооцож болохуйц төлөвлөгөө, хөгжлийн бодлого боловсруулахыг хичээсэн. Төлөвлөгөө маань ч эхнээсээ амжилттай хэрэгжиж байна. Багш судлаачдыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ, хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөө олон улсад амжилттай магадлан итгэмжлүүллээ. Бидний явуулж буй үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр бүх талаар нээлттэй, олон түмэнд ил тод байх чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага боллоо. Мөн сургуулийн орчноо сайжруулж, сургалтын баазыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, эдийн засаг, санхүүгийн бүх л боломж бололцоо, хөрөнгө оруулалт татаж чадсан. Энэ ажлын хүрээнд АУТНСангийн шинэ барилга, Оюутны эко цогцолбор, судалгааны цөм лаборатори, сургалт судалгааны 18 шинэ лаборатори, Шүд эрүү нүүрний эмнэлгийн шинэ барилга, Мөн Эм зүйн сургуулийн шинэ байраа ашиглалтад оруулсан зэрэг нүдэнд харагдахуйц олон ажлыг хийж амжуулсан байдаг.

-Их сургуулийн сургалтын эмнэлгийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Их сургуулийн сургалтын 150 ортой эмнэлгийн барилгын ажил энэ оны аравдугаар сард дуусна. Нийт 176 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шүү дээ. Энэ эмнэлгийг түшиглэн Их сургуулийн сургалтын цогцолбор барихаар шийдвэрлэж, АУС, МАУОУС, уламжлалтын 66 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтад авахад үндсэндээ бэлэн болсон. Мөн энэ онд 1200 оюутны дотуур байрны 16 давхар барилгын ажлыг эхлүүллээ. Ер нь цогцолбор маань хичээлийн байрнаас гадна оюутны соёлын төв, спортын цогцолбор, номын сан, оюутан, багш ажилчдын байртай байхаар мастер төлөвлөгөөнд тусгагдсан. Эхний үр дүн гарч Монгол-Япон сургалтын эмнэлэг, АУС, МАУОУС, уламжлалтын эмнэлгийн барилгын ажил дуусах мөчид намайг ажлаас халах шийдвэр гарлаа. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг дээ. Хэн ч эхлүүлсэн ажлын үр дүнгээ үзэхийг хүсэх л байх. Тийм боломж олдсонгүй. Энэ төслийг босгож, үр дүнтэй явуулах гэж сэтгэлээрээ л зүтгэсэн дээ.

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу байв?

- Манай хамт олон эмнэлэг-сургалтын цогцолбороо 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байлаа. Шинэ захирал гүйцээх биз. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний тоог 50 хүртэлх хувиар бууруулан, гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг тодорхой хэмжээгээр багасгах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа. Шинээр томилогдсон захиралд эрдэмлэг хамт олныг зөв удирдахыг хүсье.

О.ДАШ

Онцлох нийтлэлүүд