Онцлох нийтлэл
2014.06.24 10:06

Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нар хэрээ мэдэж баймаар юм

Газрын тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлж Б.Гарамгайбаатар ажлын хэсгийг нь ахалж Г.Баярсайхан байнгын хороог даргалж ажиллалаа. Уг хууль нь асар их ач холбогдолтой байсан. Дэгсдүүлээд хэлчихэд Үндсэн хуулиас ч томд тооцогдож, дээгүүрт тавигдах боломжтой. 

Тиймээс хууль дээр маш том мэргэжлийн баг, хашир туршлагатай улстөрчид ажиллах шаардлага байсан юм. Гэтэл Газрын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх явцад Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нар ахалж ажилласнаас үүдэн зарим алдаа дутагдал, буруу ойлголт гарч бидний амьдралд шаардагдаж байсан хууль юу ч биш боллоо. Тэдний оронд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан шиг луугарууд тойрч суугаад хуулийг боловсруулж, хэлэлцүүлсэн  бол өнөөдөр асуудал өөрөөр яригдаж байх байсан. Энэ хууль ямар их ач холбогдолтойг ойлгоогүй дэгдэгнэсэн залуусын байр суурь буруу байснаас болж Засгийн газар хуулиа буцаан татахад хүрсэн гэж болно. Шууд хэлбэл хуулийнхаа, улс орныхоо язгуур эрх ашгийг ойлгоогүй шахуу хүмүүс хуулийн төслийг ахалж байсан нь олны дургүйг хүргэсэн байна.  Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Газрыг гадаадын иргэдэд 100 жилээр өгнө гэнэ. 100 жилийн дараа энэ нөхдийн хэн нь ч байхгүй байна. Тэгэхэд юу болох вэ” гэж өгүүлсэн нь голтой л асуудал. Үнэн хэрэгтээ монголчуудад ч ийм боломжийг хуулиар бараг олгоогүй гээд хэлчихэж болохоор байна билээ. Хуульд 183 хоногоос дээш хугацаагаар Монголд амьдарсан гадаадын иргэн 60 жилээр газрыг эзэмшиж 40 жилээр сунгаж болно гэж байгаа. Товчхондоо гадаадын иргэд Монголд хагас жил амьдраад л 100 жилээр газар эзэмших визийг авчих хямдхан босго юм. Уг нь энэ мэт асуудлаа ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооны дарга нь эрт харж, засч залруулсан бол монголчуудын хувьд агаар ус шиг хэрэгтэй байсан Газрын тухай хууль батлагдах магадлал өндөр байлаа. Хууль гарч газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол улс орны хувьд асар том шинэчлэл, алхмыг хийх байсан. Газрыг эргэлтэд оруулбал мөнгө, эргэлтэд оруулж чадахгүй бол гишгэхэд мөр гардаг шороо шүү дээ. 

Л.ТӨР

Онцлох нийтлэлүүд