Цаг үе
2021.01.14 05:01

Г.Ганбаяр: Шигшээ багийн өмсгөлтэйгөө талбайд гарна гэдэг гайхалтай мэдрэмж шүү


Өнгөрсөн онд Монголын багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгт том дэвшил гарлаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын тамирчин Ганболдын Ганбаяр хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ тивд мэргэжлийн багтай гэрээ байгуулсан нь онцлох үйл явдал байв. Энэ жил 20 нас хүрч буй тэрбээр мэргэжлийн клубтэй гэрээ байгуулмагцаа дээд лигийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс оролцсон нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд өөр нэг шинэ хуудас нээсэн юм. Ингээд Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт Монгол Улс төдийгүй Ази тивийн төлөөлөл болж ур чадвараа гайхуулж буй Активал Чаквар клубийн довтлогч Ганболдын Ганбаяртай ярилцсанаа хүргэе.


-Дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж буй Европ тивд ур чадвараа таниулж мэргэжлийн клубтэй гэрээ байгуулсанд баяр хүргэе. Сэлэнгэ аймгийн өсвөрийн шигшээ багийн хүү Унгар явах боломж хэзээ хэрхэн бүрдэж байв?

-Их баярлалаа. Анх 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилж өсвөрийн тамирчдын дунд шалгаруулалт явуулж нэрт хөлбөмбөгчин Пушкашийн нэрэмжит академид суралцаж ур чадвараа хөгжүүлэх боломж олгосон нь мэргэжлийн тамирчин болох үүдийг надад нээж өгсөн. Би тухайн үед шалгаруулалт болох зарыг сонсооч үгүй найзындаа унтаж байхад “Хоромхон” клубийн Жийгээ (Пүрэвсүх) багш дуудаж шалгаруулалтад оруулж байлаа.

-Өнгөрсөн онд Европ тивийн лигээс шигшигдсэн багууд оролцож дэлхийн шилдгүүд ур чадвараа гайхуулдаг “Европа лиг”-ийн тэмцээнд монгол тамирчин оролцсон нь онцлог байлаа. Тэр том тэмцээний уур амьсгалыг мэдэрснээ уншигчидтай хуваалцахгүй юу?

-Манай баг өнгөрсөн улиралд лигтээ гуравдугаар байр эзэлж Европа лигийн урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх эрх авсан юм. Миний тухайд тус лигт тоглох багийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон. Тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолт явагдсан. Мэдээж тамирчдын ур чадвар өндөр юм билээ. Өндөр ач холбогдолтой тоглолт байсан ч үзэгч хөгжөөн дэмжигчгүй цэнгэлдэх хүрээлэнд явагдсан учраас нөхөрсөг тэмцээн ч юм уу, хамтарсан бэлтгэлд оролцож байгаа юм шиг л мэдрэмж төрж байлаа. Удахгүй дүүрэн үзэгчтэй цэнгэлдэх хүрээлэнд тоглох цаг ирэх байх гээд л хүлээж байна.

-Ер нь Улаанбаатарт явагдсан шалгаруулалтад тэнцээд Унгарт очиход таныг ямар орчин угтаж байв. Ямар саад бэрхшээл тулгарав?

-Би Унгар явахаас өмнө хөлбөмбөгийн эх орон Англи улсад мэргэжлийн багийн шалгаруулалтад ороод тэнцэж байсан юм. Гэсэн ч тухайн үед 18 нас хүрээгүй байсан учраас гэр бүлийн харгалзах хүнтэй хамт байхыг шаарддаг юм билээ. Надад тийм боломж байгаагүй учраас Англид үлдэж чадаагүй. Хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж байгаа Английн багийн шалгаруулалтад тэнцэж байсан хүүхэд Унгарт очоод тухайн нөхцөл байдалд дасан зохицоход хялбар байсан шүү. Миний тухайд өсвөрийн тамирчин байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор шийдсэн байлаа. 15 настайдаа Монголын дээд лигийн “Хоромхон” багт Голланд дасгалжуулагчийн удирдлагад тоглодог байв. Тухайн үед багийн ах нар “Чи 19-20 хүртлээ талбайд гарахгүй дээ, чамд боломж олдохгүй” гэж намайг “унтраана”. Их хор шар хөдөлдөг байж билээ. Голланд мэргэжилтэн, Гансүх, Жийгээ гээд багш нар маань шударга, зарчимч хүмүүс байсан учраас хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүнд л боломж олгодог байсан юм. Харин Унгарт ирээд алдаж болохгүй боломж гэдгийг сайтар ухамсарлаж байсан. Өөрийгөө 200 хувь дайчилсан. Энд сар орчим бэлтгэл хийсний дараа дасгалжуулагчид нь гэрээ байгуулах боломж байгаа тухай надад хэлсэн. Унгарт өмнө нь Англид шалгаруулалтад орсонтой ижил бэрхшээл тулгарсан ч клубийн зүгээс бүх асуудлыг шийдэж өгсөн.

-Мэргэжлийн багууд тамирчидтай гэрээ байгуулахдаа мэдээж тамирчны ур чадварыг харгалзах байх. Өөр ямар чадвар харгалзаж үздэг вэ?

-Дасгалжуулагчид “Хандлага ямар байна. Үр дүн тийм л гарна” гэж хэлдэг юм. Хичнээн өндөр ур чадвартай хүүхэд байсан ч мэргэжлийн тамирчин болж чадахгүй байх тохиолдол бий. Багийн арын албаны хүмүүс зөвхөн ур чадвараас гадна тухайн тамирчны хандлагыг гярхай ажигладаг. Энэ бүх үзүүлэлтийг нь харж мэргэжлийн тамирчны гэрээ үзэглэдэг юм билээ. Гэрээ байгуулж чадаагүй нь өөр зам сонгоно. Ер нь томоохон компанид ажилд орохоор ярилцлагад орж байгаатай яг л ижилхэн. Багууд гэрээ байгуулаад өндөр шаардлага тавьдаг. Миний тухайд клубээс гадуур ямар нэгэн тэмцээнд оролцож болохгүй. Өөр тэмцээнд оролцоод бэртэл авбал өндөр торгуультай байдаг.

-Мэргэжлийн гэрээ байгуулахад хувийн ур чадвараас гадна багийн спорт гэдэг утгаараа хувь тамирчны сахилга бат, ёс зүйг харгалзаж үздэг байх.

-Тийм шүү. Сая л гэхэд манай клубийн гурван ч хүүхэд багаас хасагдсан. Тухайн тамирчид ямар нэгэн төрлийн зүйл нууцаар хэрэглэж байгаад баригдсан юм билээ. Уул нь Унгарын залуучуудын шигшээ багийн ахлагчаар тоглож байсан өндөр ур чадвартай тамирчид байсан юм. Энэ мэтээр сахилга бат алдах юм бол багаас хасдаг. Хөлбөмбөг өөрөө багийн спорт. Тиймээс хувь тамирчны хүмүүжил, ёс суртахууныг чухалчилдаг юм билээ.

-Ганбаярын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөөний цайгаа 11:00 цагт уугаад бэлтгэлдээ орно. Цаг орчим үргэлжилдэг юм. Шүршүүрт ороод гараад ирэхэд л үдийн хоолны цаг болно. Ингээд өдрийн бэлтгэл хүртэл амарна. 15:30 цаг эхэлсэн бэлтгэл 18:30 хүртэл үргэлжилнэ. Оройн амралтын цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг юм. Мэдээж би цаг үргэлж тамирчин байхгүй шүү дээ. Гэхдээ аль болох эрт унтаж амрахыг боддог. Клубээс ч нойроо хангалттай авахыг шаарддаг.

-Мэргэжлийн багийн бэлтгэлийн ачаалал ямар байдаг вэ. Хэрэглэж буй хоол хүнсний тухайд?

-Энгийн үед бол өдөрт хоёр удаагийн ачаалалтай бэлтгэл хийдэг. Харин тэмцээний үед бол биеийн ачаалал нэг их авдаггүй, хөнгөхөн бэлтгэл хийнэ. Гол төлөв тактикийн хичээл орно. Хоол хүнсний тухайд клубийн ресторанаас бэлтгэж өгдөг юм. Тахианы мах, ногоо түлхүү хэрэглэдэг.

-Европ тамирчид Азийнхныг бодвол өндөр байдаг шүү дээ. Танай багийнхан ч өндөр нуруутай юм билээ. Та энэ үүнийг хэрхэн нөхдөг вэ?

-Биеийн хүчний тухайд энэ клубт надаас илүү гарах хүн одоогоор байхгүй (инээв). Нурууны өндрийн дутуугаа бусад ур чадвараараа хангалттай нөхдөг юм. Ер нь анх энд ирээд л хүчний дасгалын сорил авахад л багш нар намайг хараад гайхаж байсан шүү. Багийн хүүхдүүдийн хандлага ч илт өөрчлөгдөөд ирж байсан. Өмнө нь миний тухайд фитнесст огт явж үзээгүй л дээ. Бүр жаахан байхдаа л том хүүхдүүдтэй шороон талбайд түлхэлцэж тоглож байсан нь надад эерэгээр нөлөөлсөн гэж ойлгодог юм. Миний тухайд олон талт тоглолттой учраас багийн хувилбарт дасан зохицоход ямар нэгэн асуудал тулгардаггүй. Энэ миний давуу тал болдог.

-Ачаалалтай бэлтгэлийн үед шантрах үе гарах уу?

-Үгүй. Хүүхэд байхад л төрдөг байсан хөлбөмбөг тоглох хүсэл минь одоо ч хэвээрээ. Өдөр бүр өөрийн дуртай зүйлээ хийж сэтгэл ханамж авна гэдэг үнэхээр гайхалтай. Ийм байхад юунд шантрах билээ.

-Монголын хөлбөмбөгчин гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ. Монголын хөлбөмбөгийн талаар европчууд ямар ойлголттой байдаг вэ?

-Монгол гэхээс илүү намайг л Ази гэдэг байсан. Харин дээд лигийн тоглолтод оролцсоноос хойш Монголын хөлбөмбөгчин гэдэг болсон. Монгол тамирчид хүчтэй хурдтай гэсэн ойлголттой болсон нь зарим тохиолдолд анзаарагддаг юм. Унгар дахь Монголын Элчин сайдын яамны төлөөлөл, элэг нэгтнүүд маань миний тоглолтыг хааяа ирж үзнэ. Харь оронд Монголын далбаагаа намируулан зогсох тэднийгээ хараад их омогшдог юм. Их урам зориг авдаг.

-Монголд хөлбөмбөг тоглодог олон хүүхэд бий. Мэргэжлийн гэрээ байгуулаад явах боломж хэр байдаг юм бол?

-Боломж хаана ч байдаг. Өнөөдөр дэлхийн топ зэрэглэлийн тамирчид дунд та нараас ч хүнд нөхцөл байдлаас зүтгэж гарч ирсэн олон хөлбөмбөгчид бий. Хорт зуршлаас хол тууштай хөдөлмөрч байхад боломж хаана ч олддог. Боломж олдсон үед нь урсаж буй цаг хугацааг алдалгүй өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй.

Миний тухайд олон эцэг эх хүүхдээ хөл бөмбөгөөр хичээллүүлж байгааг хараад баярладаг юм. Таны хүүхэд мэргэжлийн тамирчин болж амьдралаа аваад явахгүй ч зөв төлөвшлийг багийн спортоос олж авна. Өнөөдөр аль ч салбарт тавьдаг гол шалгуур бол багаар ажиллах чадвар. Үүнийг багийн спортоос олж авна. Хүүхдийг багийн спортоор хичээллүүлэх нь ирээдүйд нь хийж буй юм хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Та зөв төлөвшилтэй, багаар ажиллах чадвартай иргэнийг л улсдаа бэлтгэж байна гэсэн үг. Ер нь энэ спортод татагдсан хүүхэд өнөөдөр янз бүрийн хорт зуршлаас хол байдаг гэж ойлгож болно. Хорт зуршлаас нь холдуулахын тулд спорт руу уруу татаж болно шүү дээ.

-Г.Ганбаяр клубтэйгээ хэдэн он хүртэл гэрээ байгуулсан бэ. Хэд орчим төгрөгийн цалин авч байна. Нууц биш бол танилцуулж болох уу?

-Миний байгуулсан гэрээ 2022 онд дуусна. Удахгүй сунгах эсэх талаар ярилцах байх. Клубээс өгч буй цалингийн тухайд нээлттэй зарлаад байж болохгүй. Гэрээн дээр энэ тухай заасан байдаг. Миний цалин гэр бүлд маань хангалттай хүрэлцээд илүү гардаг.

-Нэрт хөлбөмбөгчин Пушкашийн академиар дамжиж гарсан нэр алдартай ямар тамирчид байна вэ?

-Салай гэж Унгарын шигшээ багийн довтлогч бий. Түүний хувьд АПОЕЛ багт тоглож байхдаа аваргуудын лигт Реалмадридын эсрэг тоглож байсан. Одоо Германы Фрайбург багт тоглодог.

-Та насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан ч тоглолтуудад оролцоогүй. Ямар шалтгаан байсан юм бэ?

-Намайг тоглуулаагүй. Нэг минут ч болтугай талбайд гаргах болов уу гэж горьдож л суусан. Яагаад надад боломж олгоогүйг ойлгоогүй үлдсэн. Одоо эргээд бодоход харамсдаг юм. Шигшээ багаас дуудлага ирэхэд би багтаа бэлтгэл хийж байлаа. Испани руу явж хамтарсан цугларалтад хамрагдах байлаа. Үүнийгээ цуцлаад шигшээ багтаа тоглохоор Улаанбаатар луу нисч байсан. Харамсалтай нь намайг талбайд гаргаагүй. Бэлтгэл дээр би хангалттай сайн байсан. Шигшээ багийн өмсгөлтэй хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө талбайд гарна гэдэг гайхалтай мэдрэмж байдаг шүү.

-Ингэхэд Унгарт коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Миний тоглодог клубийн 10 орчим тамирчин коронавирусийн халдвар авсан. Тухайн тамирчид 10 хоног өөрийгөө тусгаарлаад л шинжилгээнд хамрагдаад бэлтгэлдээ орсон. Шинжилгээний хариу нь эерэг гарвал үргэлжлүүлээд тусгаарладаг юм билээ.

-Халдвар авсан тамирчдад бэлтгэлийн ачаалал даах чадвараас авахуулаад сөрөг нөлөө ажиглагдаж байна уу?

-Үгүй. Энд коронавирусээс тэгж их айгаад сандраад байгаа хүн алга. Ер нь хоруу чанар нь гайгүй гэж ойлгосон. Манай багийн тамирчид гэртээ 10 хоног л тусгаарлагдсан. Эмчилгээ ч гэж нэг их сүртэй хийлгээгүй. Гэрээс гарахгүй, чанартай хүнс хэрэглэж дархлаагаа дэмжиж байгаад л гараад ирдэг юм билээ. Халдвар авсан тамирчидтай тусгаарлалтын хугацаанд нь цахимаар холбоотой байсан. Ер нь тэгээд цаашдаа энэ вирустэй хүн төрөлхтөн дасан зохицоод л явах нь тодорхой болж байна шүү дээ.

-Таны хувьд юунд зорьж байна вэ. Мэргэжлийн тамирчин болсных Аваргуудын лигт тоглочих зорилго байгаа байлгүй?

-Өөрийгөө бүрэн дайчилна. Хаа хүрэх нь үү тэр хүртэл л зүтгэнэ. Хөлбөмбөгчдийн мөрөөдөл аваргуудын лиг шүү дээ. Үүнээс гадна шигшээ багтайгаа тив дэлхийн хэмжээнд өрсөлдөж амжилт гаргамаар байна. Үндэсний шигшээ баг маань Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд тодорхой хэмжээний амжилт үзүүлж Мьянмарын багийг хожлоо. Ур чадвар өндөр Киргизистаны багтай тэнцүүхэн өрсөлдлөө. Энэ бүхнээс үзэхэд тивийн хэмжээнд өрсөлдөх боломжтой нь харагдаж байна. Дахиад шат ахихад өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Илүү олон хүүхэд хөлбөмбөгт татагдаж зөв төлөвшил олж аваасай гэж хүч байна.

-Нутгаа санаж байна уу?

-Их санаж байна. Өнгөрсөн жил очиж чадаагүй. Энэ жил ч мөд амжихгүй нь бололтой. Нутагтаа очоод ах дүү нартайгаа золгохыг юу юунаас илүү хүсч байна. Миний аав Унгарт байдаг юм. Их нөмөр нөөлөг болно.

Үргэлж миний талд зогсдог хайртай гэр бүлийнхэн, багш нар, найзууддаа талархаж явдгаа илэрхийлээд шинэ оны мэнд дэвшүүлье. Монголын ард түмэндээ хандаж улс орныхоо нэрийг өндөрт мандуулж явахаа амлаж байна.

Онцлох нийтлэлүүд