ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.15 08:08

Г.Ганчимэг: Керамик бараг л бясалгал

“Чимэг керамикийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, “Чимэг керамикийн урлан”-гийн багш Г.Ганчимэгтэй ярилцлаа.


-Танай урланд ямар насныхан илүү ханддаг вэ?

-Гол төлөв хүүхдүүд ханддаг. Ихэвчлэн 4-18 насныхан. Насанд хүрэгчдийн анги бас тусдаа бий.

-Анхан шат нь ямар хичээлээс эхлэх үү?

-Хүүхдүүд эхний ээлжинд шавартайгаа танилцана. Керамикийн хоёр арга байдаг л даа. Гар арга, хүрдний техник гэсэн хувилбар бий. Гар техник нь дотроо гурван аргатай. Цул шаврын, элдүүрийн, ороомгын арга гэж ангилдаг. Хүрд нь ажиллагаа ихтэй. Тиймээс хүрдний техник илүү тусдаа, гүнзгийрүүлсэн аргаар заадаг.

-Керамикэн урлаг хүүхдэд ямар өгөөжтэй вэ. Харж байхад хүүхэд сууж сурах юм шиг байна?

-Керамикаар юм хийж байгаа хүүхдийн хувьд суурь нь зураг байдаг. Тиймээс зурж сурна. Түүнээс гадна баримлаар юм хийж сурдаг. Тэгэхээр төсөөлөн бодох чадвар нь дагаад хөгжинө. Бүтээлч сэтгэлгээтэй болно. Юмыг олон талаас харна гээд үр өгөөж их шүү.

-Анх ирсэн хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй гардаг вэ?

-Их өндөр сэтгэгдэлтэй байдаг. Учир нь хоёр цагт юм хийгээд суухад ихэнхдээ амждаггүй. Хонох гэж зүтгэдэг. Цаг нь дуусчихаад байхад явахгүй суугаад л байдаг. Шаврандаа дурлаад гардаг гэж хэлж болно. Дахиж ирье, ирмээр байна гэж ээж ааваасаа гуйдаг.

-Шавраар юу хийж болох вэ. Аяга, тавга гээд хэрэглээний зүйл хийдэг үү?

-Эхний ээлжинд хэрэглээний юм хийнэ л дээ. Шүгэл, ханын чимэглэл гээд. Тухайлбал, гарынхаа алгыг ханын чимэг болгоод үлдээчихдэг. Зургийн жааз, аяга, сувенир гээд хийх зүйл их. Хийсэн зүйлсээ өөрсдөө авч явдаг. Өөрсдөд нь дурсгал болж үлддэг юм.


Цэнхэр цахирмаа

-Шавар аяга хийлээ гэхэд түүндээ шингэн зүйл хийгээд ууж болох уу?

-Болно. Хэрэглээний паалангаар пааландчихдаг юм. Тиймээс юуг ч хийгээд ууж болно гэсэн үг. Өөрийн гараар хийсэн юм чинь огт өөр л дөө. Өөрт нь их кайфтай, миний хийсэн бүтээл гэж бодохоор урам авдаг. Би хийсэн шүү дээ, мөнгө зарж худалдаж аваагүй гээд анхандаа их л зүйл бодогддог юм. Аав ээж нь ч их дуртай байдаг. Хүүхдүүд ч ээж ааваасаа байнга нэхээстэй. Би багшдаа очъё, дахиад өөр гоё зүйл хийж суръя гэж нэхдэг гэсэн. “Маршал таун”-д амьдардаг Анима гэдэг хүүхэд бий. Манай зургийн дугуйланд явдаг юм. Морь зурах дуртай. Саяхан Маргал-Эрдэнэ гээд нэг хүүхдэд туслах аян явсан даа. Тэр аяны үеэр таарсан юм. Тэгээд ээж ааваасаа багш дээр очъё гэж гуйсаар байгаад ирсэн дээ. Охин тэр өдөр суугаад аягаа хийж, аяган дээрээ морь зураад ээждээ бэлэг болгоод өгсөн. Хандив өргөнгөө өөртөө бас бэлэг болгох жишээтэй. Сэтгэл хангалуун буцсан. Дахиад шавраар юм хиймээр байна гэж гуйгаад л гарч байна лээ. Өөрөөр хэлбэл, зураг зурж байсан хүүхэд керамик руу татагдаад орчихсон.

-Ер нь зураг зурах дуртай хүүхэд ирэх үү?

-Голдуу тэгдэг. Ер нь бол керамикээр юм хийж сурснаар илүү тайвширал, бясалгал маягийн нэг цэгт төвлөрдөг. Бүх юмнаас тусгаарлаад ганцхан юманд төвлөрүүлдэг тул хүүхэд задраад их тайван болдог.

-Танай урлан долоо хоногт хэдэн удаа хичээллэдэг вэ?

-Ажлын таван өдөртэй. Нэг удаа найман хүүхэд хүлээж авдаг. Анги дүүргэлт найман хүүхэд бүрдэхгүй бол эцэг, эхчүүд яриад одоо очмоор байна гэдэг. Захиалгаа өгч цаг авах маягаар суудаг юм.

-Сарын анги байдаг уу?

-Байгаа. Сарын найман оролт нь 280 мянган төгрөг. Нэг орохдоо хоёр цаг. Долоо хоногт хоёр удаа хичээллэнэ.

-Танайх хэзээ нээгдсэн бэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийсэн. Тэр цагаас хойш олон хүүхэд мэддэг болж байна.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Керамикч. Дүрслэх урлагийн дээд сургуулийн ваар урлалын ангийг 2003 онд төгссөн. Сэрээтэр багшийн шавь л даа.

-Өөрийнхөө хийсэн бүтээлээс танилцуулахгүй юу?

-Бүтээл гэвэл нэлээд юм хийсэн. Би сургуулиа төгсөөд Зураг урлал компанид барималчаар ажиллаж байсан. Том том хөшөө дурсгал, хотын чимэглэл хийнэ. Тухайн үед фото студи, хулдаасан хэвлэл байгаагүй. Бид даавуугаа араамандаа татаж байгаад шрифтээр бичдэг байлаа. Тэнд гурван жил ажиллаад, давхар бүтээлээ хийнэ. 2009 онд урчуудын эвлэлийн гишүүн болсон. Хавар, намартаа уламжлалт үзэсгэлэнгүүд гарна. Хавар “Алтан бийр”, намар “Шилдэг бүтээл”-үүдэд зогсолтгүй оролцоно. Их Майдар сан төсөл хэрэгжих үеэр эх загваруудыг баримлаар хийсэн. Мөн Ховд аймгийн Булган суманд баригдсан Увш хааны хөшөөний төсөлд ажилласан. Ер нь том том хөшөө дурсгал хийх ажилд их оролцсон. Хажуугаар нь уран бүтээлийнхээ ажлыг орхиогүй.

-Том хөшөө дурсгал босгоход гардаг хүндрэлтэй тал бий юу?

-Өөрөө дуртай юм болохоор хэцүү байсан ч даваад гардаг. Яг ажилдаа орчихоор дурлаад хийнэ. Нойр хоолгүй байсан ч хамаагүй. Цаг нар ч гэхгүй улайрч зүтгэнэ шүү дээ.

-Хамгийн сэтгэлд хүрсэн бүтээлээ нэрлэбэл?

- Миний өөрийн Цахирмаа гээд жижиг бүтээл бий. Цэнхэр цахирмаа. Цахирмаа гэдэг нь эмэгтэй хүнийг төлөөлсөн дэлгэрдэг цэцэг л дээ. Ногоон, дарь эхийн суудал, хөдөлгөөнөөс санаа авч хийсэн. Кайфтай байсан. Эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан бүтээл л ээ. Мөн “Ээж минь миний эхлэл” гэсэн баримал бий. Мөөмөө хөхөж байгаа. Учир нь бүр нэг миллметр бүрээр совьж хийсэн баримал л даа.

-Совино гэж юу гэсэн үг вэ?

-Совино гэдэг нь баримлын шавраа урт нарийхан элдэх.Товгор, хатуу маягаар хийхийг хэлдэг. Өөрөө бүтээлдээ дурлаж хийх сайхан. Гоё бүтээл гарна гэж бодоод хийхээр урам, эрч хүч авдаг.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоо сургалт тал руугаа орсон болохоор бүтээлээ жаахан хойшлуулаад байгаа. Гэхдээ бүтээлийн олон санаа бий. Эскизээ зураад үлдээгээд байгаа. Цаг зав гарахаар хийнэ. Урьд нь гол төлөв жижгэвтэр юм хийж байсан бол цаашдаа монументаль гээд нэлээд том керамик эхэлье гэж бодож байгаа.

-Дэлхийд хүний нүд булаасан гоё баримлууд зөндөө. Монголдоо тийм бүтээл хийчих юмсан гэж боддог уу?

-Санаа их л төрдөг. Би Хотын баримал гэдэг уралдаанд оролцож байсан л даа. Цэцэрлэгт хүрээлэнд байгаа “Үнсэлт” гэдэг баримлаараа оролцсон юм.

-Төгсгөлд нь асуухад танайд ирсэн хүүхдүүдийн аав ээжүүд сэтгэгдлээ хэлнэ биз...

-Тийм тохиолдол их бий. Орчлон сургуульд багшилж байхад есдүгээр ангийн эрэгтэй хүүхэд ирсэн юм. Их сахилгагүй, гүйж харайгаад, хэрэг төвөгт орчих төлөвтэй. Эхэндээ суухгүй тогтож өгдөггүй байлаа. 2-3 дахь оролтоос ойлгоод ирсэн. Тэгээд шавраа бариад суучихдаг болсон. Босохоо чбайсан шүү. Ээж нь бүр гайхаад “Миний хүү сууж чаддаг юм байна” гэж магтсан (инээв). Ойр зуурын жижиг сажиг юмаа өөрөө хийхгүй хүнээр хийлгэдэг хүүхэд ч их ирнэ. Наймдугаар анги хэрнээ гутлаа үдэж чадахгүй хүүхэд ирсэн удаатай. Гурил элдэж чадахгүй нэг хүүхэд ирлээ. Тэгвэл манай керамикийн сургалтад хамрагдаад элдүүрийн аргаар шавраа элддэг юм. Гэртээ очоод гурил элдье гээд элдсэн гэсэн. Амьдралд хэрэгжиж, эерэг өөрчлөлт гарсан тохиолдол энэ мэт жишээ бий.


Онцлох нийтлэлүүд