ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2017.08.13 03:08

Г.Дагиймаа: Ажлаа сэтгэлээсээ хийвэл амжилт өөрөө хүрээд ирнэ гэж оюутнууддаа захидаг

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаатай ярилцлаа.


-Та МУИС-ийн сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсөж байсан юм билээ. Сэтгүүлч болохыг тэгтлээ хүсч байсан хүн яагаад багш болсон талаараа яриагаа эхэлье?

-Бүжигчин болох хүслийг аав, ээж минь дэмжээгүй учир сэтгүүлч болохыг хүсч байсан болохоос багш болно гэж огт бодож байгаагүй. Гэхдээ одоо эргээд бодоход ямар азаар сэтгүүлзүйн багш болсон юм бэ гэж бодох болсон. Намайг МУИС-ийн Сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсөхөд сургуулиас магистрантурт сурах урилга өгсөн. Үүнд би хүндэтгэлтэй хандаж, баяртай хүлээн авсан. Бид Монголын сэтгүүлзүйн анхны магиструуд болсон юм. Суралцах явцад багш нар маань биднийг энд тэнд хичээл заах хэрэгтэй гэж хэлсэн. Багшийн үгэнд ягштал ордог байсан учир анх “Шинжээч-21” дээд сургуульд радио сэтгүүлзүйн хичээл зааж эхэлсэн. Их сургуульд сурч байхдаа би Монголын үндэсний радиод ангийнхаа охинтой хамт “Оюутан сурвалжлагч мэдээлж байна” гэдэг мэдээний булан бэлтгэдэг байлаа. Дотор санаандаа тэнд үлдэж ажиллахыг л хүсч байсан хэрэг л дээ. Харин намайг Монголын радио тоож аваагүй. Би үүнд харин баярладаг шүү. Тэгээд би дараагаар нь МУИС, МУБИС-д цагаар хичээл заах болсон. Удалгүй 2000 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшлах болсон юм. Ингэж л сэтгүүлзүйн багш болсон доо.

-Багшаар ажиллаж эхэлж байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжаас хуваалцахгүй юу?

-Дөнгөж багш болоод анхныхаа хичээлийг заах гэж байхад манай найз надад нэг зөвлөгөө өгсөн нь санаанаас гардаггүй юм. “Хэрвээ чамаас оюутан мэдэхгүй асуулт асуувал чи мэдэхгүй гэж хэлж болохгүй. Харин өө, ямар сайхан асуулт вэ. За энэ асуултад хариулах хүн байна уу” гээд буцаагаад оюутнуудаас асуучих хэрэгтэй. Аягүй бол оюутнууд хариулж чадахгүй. Тэгэхээр “за энэ асуултын хариултыг та нар гэртээ мэдээд ирээрэй” гээд асуултаас бултаж болно гэж зөвлөж билээ. Гэхдээ ийм тохиолдол гарсангүй дээ. Монголчууд номыг, багшийг шүтэж, дээдэлдэг ард түмэн. Багшийг төгс хүн гэж боддог. Багш чинь хүн л юм чинь алдаатай, оноотой байлгүй л яахав. Мэдэхгүй юм байж болно. Түүнийгээ багш хүн шударгаар хүлээх хэрэгтэй гэж боддог.

-Та өөрийнхөө хүндэлж явдаг багш болон хамгийн хайртай шавь нараа нэрлээч гэвэл хэнийг дурсах вэ?

-МУИС-ийн М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Б.Болд-Эрдэнэ багшаараа бахархаж, хүндэлж явдаг. Би тэнд арван жил сурсан юм. Ингэж хэлэхээр хүмүүс намайг тэгж олон жил улирсан юм уу гэж асуудаг. Бакалавр, магистрантур, докторантур гээд арван жил суралцжээ. Ялангуяа Б.Болд-Эрдэнэ багш миний бакалавр, магистр, докторын ажлыг гурвууланг нь удирдаж хамгаалуулсан. Ийм тохиолдол олон байдаггүй болов уу.

Олон сайхан шавь байна. Залуу байхаасаа их сургуульд багшилсан болохоор нас ойролцоо шавь нарынхаа заримтай нь багш шавь гэхээсээ илүү найз нөхөд ч болсон байна. Сургууль төгсөгчдөөрөө, багш шавиараа л бахархах юм. Аргагүй дээ сургуулийн чансааг төгсөгчид илтгэдэг хойно. Гурван шавь зэрэгцэж суугаад мэдээ дамжуулахыг харах их гоё мэдрэмж. Манай бага хүү жаахандаа намайг телевизийн суваг солихоор “Энэ бас л танай шавь уу” гэж асуудаг байж билээ.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Таны хувьд чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэн гаргахын тулд юуг шавь нартаа чухалчлан захидаг вэ?

-Юун түрүүнд зөв хүн бай гэж оюутнууддаа захидаг. Ажлаа сэтгэлээсээ хийвэл нэг л өдөр амжилт өөрөө хүрээд ирнэ. Араас нь хөөцөлдөх хэрэггүй гэж захиж хэлдэг. Эхлээд хүн бол, дараа нь сэтгүүлч бол гэж манай багш хэлж байсан. Монголын сэтгүүл зүй өнөөдөр тун түвэгтэй байдалд байна. Энэ юунаас үүдэж байна гэвэл ерөөсөө л хүн байх хэм хэмжээ, ёс суртахуун алдагдсанаас үүдэлтэй. Хүн нь өөрөө зөв байх юм бол айхтар ноцтой алдаа гарахгүй шүү дээ. Өнөөдөр сэтгүүлч болсон ч, хүн болоогүй хүмүүс олон байна. Өөрийгөө ч хүндэлж чаддаггүй тэр хүмүүс мэргэжлийн минь нэр хүндийг унагаж байна. Хэт ёс зүйгүй авирлаж байгаа сэтгүүлчдээс болоод хүмүүс бидэн рүү дайрахад тэднийг төгссөн сургуулиар нь ангилж ялгаад хүмүүст харуулахсан гэж боддог шүү. Надад тийм муухай шавь байхгүй ээ. Цаашид ч гарахгүй гэдэгт итгэдэг.

-Мэргэжилдээ дургүй, сонирхолгүй оюутнуудтай хэрхэн ажилладаг туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Бакалаврын дөрвөн жилийн хугацаа бол хүний төлөвшлийн үе байдаг. Нөгөө талаар бол нийгэмшлийн үе. Дийлэнх хүмүүс энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараасаа цааш төдийлөн ахидаггүй. Тийм учраас багш хүний хувьд сэтгүүлч мэргэжлийн сайхныг хуваалцаж, чиглүүлж, урам өгдөг. Мэргэжилдээ сонирхолтой, дуртай мөртлөө хичээлээ хийдэггүй хүүхдүүд ч байдаг. Ер нь бүх зүйл хувь хүний хүсэл сонирхол, хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг оюутнууд сайн ойлгох хэрэгтэй. Би сэтгүүлч мэргэжилд үнэхээр хайртай. Надад энэ мэргэжлээр ажиллах боломж олдвол ажиллахад бэлэн байгаа шүү. /инээв/

-Сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж байгаа олон сургууль байдаг. Танай сургуулийн онцлог нь юу вэ?

-Мэргэжлийн характер хүнд өөрийн эрхгүй суудаг. Сэтгүүлзүйн ангийн оюутнууд бусад оюутнаас их өөр байдаг. Сэргэлэн цовоо, нээлттэй гэх мэт олон сайн чанартай. Сэтгүүлч хүн олон хүнтэй харилцаж, буруу зөвийг ялгах, мэдээлэл олж авах чадварыг эзэмших хэрэгтэй. Тийм болохоор бид оюутнуудтай аль болох нээлттэй харилцаж, багш, оюутан гэсэн хөндий харилцаанаас татгалздаг. “Дуугүй явах бол алт мөнгө”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэх мэт эртний сургаал үгийг бид нэг их дэмждэггүй. Тэр бидний онцлог байж болох юм. Бас бид оюутнуудын практик ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Алтан үзэг” оюутны бүтээлийн наадмыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Сэтгүүл зүйн эцсийн бүтээгдэхүүн бэлтгэж уралдаанд оролцоно гэдэг бол зүгээр багшид шалгуулаад дүн авахаас өөр юм билээ. Энэ их сайн практик болдог.

-Сэтгүүлзүйн салбарын гал тогоонд чанагдаж яваа, сэтгүүлзүйн салбарт докторын зэрэг хамгаалсан хүний хувьд энэ салбарын хөгжилд ахиц авчрахуйц ямар судалгааны ажил хийж байна вэ?

-Манайх Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхим. XXI зуун технологийн зуун болчихоод байна. Үүнийг дагаад сэтгүүлзүйн салбар цахим орчинд ажиллах чадвартай, мультимедиа сэтгүүлчийг яалт ч үгүй шаардаад эхэллээ. Миний хувьд гадаад дотоодын сэтгүүлзүйн сургуулиудын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгаа хийж байгаа. Үр дүнг харахад Монголын их, дээд сургуулиуд сэтгүүлзүйн хөтөлбөрөө шинэчлэх шаардлагатай болжээ. Дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлага дижитал сэтгүүлзүй рүү явчихлаа. Бид хараад сууж байж болохгүй шинэчлэгдэх л хэрэгтэй. Тэгээд л бид шинэчлэл хийж цахим ертөнцөд ажиллах чадвартай, орчин үеийн мэдээлэл технологи, техникийн бүрэн мэдлэгтэй мультимедиа сэтгүүлчдийг бэлтгэж эхэлсэн.

-Цахим ертөнц, фейсбүүк, твиттерээс хүмүүс мэдээллийг маш хурдтай авдаг болжээ. Тэгэхээр цаасан хэвлэлийн орон зай үгүй болох уу?

-Хүмүүс цахим ертөнцөөс мэдээлэл авдаг болсон тул сэтгүүлчид мөн дагаад тийшээ нүүх хэрэгтэй болж байна. Гэхдээ дэлхийн улс орнуудын төв хэвлэл нь сонин хэвээр байна. Цаасан хэвлэл огт алга болно гэж байхгүй. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн давуу чанаруудыг нэгтгэсэн мультимедиа бүтээлд суралцах шаардлага байна. Өнгөрсөн хавар бид оюутнуудтайгаа хамтран сайтууд дээр судалгаа хийж үзсэн. Өөрсдийнхөө сурвалжлагыг мультимедиа бүтээл гэж нэрлэж байгаа ч яг аваад үзвэл сонины хэв маягаасаа төдийлөн салж чадаагүй байна. Энэ нь мэргэжлийн боловсон хүчин байхгүй, одоохондоо хүмүүс мэдрэмж, туршлага дээрээ үндэслээд хийж байгаа учраас нэр төдий байгаа гэсэн үг.


Онцлох нийтлэлүүд