ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.15 08:06

Г.Дугаржав: Засгийн газарт УИХ-ын гишүүд орж ажиллаж байгаа нь парламентаас тавих хяналтыг сулруулж байна

Төрийн удирдлагын доктор, судлаач Г.Дугаржавтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Их хурал хоёр дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий талаар хүмүүс ярьдаг. Таны хувьд докторын бүтээлээ Үндсэн хуулийн сэдвээр хамгаалсан. Тиймээс таны байр суурь ямар байгааг сонирхох гэсэн юм?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яалт ч үгүй өнөөдөр олны анхаарлыг татсан сэдвийн нэг болчихоод байна. Иргэд улстөрчдөөс болоод амьдрал муу байна гэдэг бол улстөрчид Үндсэн хуулиас болоод ажиллаж болохгүй байна гэж тайлбарладаг. Монгол Улсын Үндсэн хууль бол төрийн эрх мэдлийн бүхий л хуваарилалтыг зааж тунхагласан эх хууль. “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж Б.Чимид агсан хэлсэн байдаг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ тун ч хянуур, нягт нямбай, ул суурьтай, судалгаа шинжилгээтэй, үндэслэлтэй хандах ёстой юм. Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан байдаг. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудал, хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2000, 2011, 2012, 2015 онуудад УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнээс 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын төрийн практикт нэгэнтээ туршигдаад байгааг бид мэднэ. Харин түүнээс хойших хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тодорхой хүрээнд хөндөгдсөөр ирсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий эсэх талаар гол дүгнэлт өгсөн баримт бичиг бол УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлсэн "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн багийн 2015 онд боловсруулсан "Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: дүн шинжилгээ" мөн 2016 оны "Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ" судалгааны тайлангууд бий. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээс асууж шийдвэрлэнэ” гэсэн байна.

-Ноднин зөвлөлдөх санал асуулга явуулсан. Санал асуулгын хүрээнд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт хийхээр төслөө боловсруулаад дуусч байгаа гэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таны оруулах санал юу байгаа бол?

-УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын есний өдөр баталж байсан. Үндсэн хуулийн аливаа нэмэлт, өөрчлөлтийг хувь хүн, байгууллага, нийгмийн нийтлэг саналыг харгалзах харилцааг тус хуулиар зохицуулсан л даа. Энэ хүрээнд судлаачийн хувиар өөрийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж харж байгаа.

УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлаж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах ёстой. Одоогийн мөрдөж буй хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй ч Засгийн газрын гишүүнийг томилох эрхгүй байгаа. Энэ нь Ерөнхий сайдын танхимаар ажиллах, кабинетийн гишүүнд хариуцлага хүлээлгэх чадамжгүй болгож байгаа юм. УИХ, Засгийн газрын чиг үүрэгт зааг гаргаж, хууль тогтоох ажлын чанарыг сайжруулах, УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг сайжруулах, давхар ажил эрхэлж хийдэл гарах эрсдэлээс сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах бол хувьчилж хязгаар тогтоох шаардлагатай байна. Мөн Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах босгыг өндөрсгөх замаар Засгийн тогвортой ажиллах нөхцлийг хангах шаардлагатай бий болоод байна.

-Тэгээд яг юу гэж өөрчлөх ёстой юм бэ?

-Маш ойлгомжтой хэлье. 1.1-д УИХ сайд нарыг нэг бүрчлэн хүн тус бүрээр томилдог эрх мэдлээсээ татгалзаж Үндсэн хуулийн 25.6 дахь хэсэгт "Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын оруулж ирснээр танхимаар нь батлах эсэхээр шийдвэр гаргана" гэж өөрчлөх. 1.2-т Үндсэн хуулийн 39.1 дэхь хэсгийг "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болно" гэж өөрчлөх боломжтой. Мөн 1.3-т Үндсэн хуулийн 43.4 дэх хэсэгт "УИХ-ын нийт гишүүдийн олонх нь (39 гишүүн) Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ", 1.4-т Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах гэж байгаа юм.

Түүнчлэн УИХ нь улсын нэгдсэн төсвийг батлахдаа Засгийн газрын саналыг авахгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэж, зардал нэмэгдүүлж төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу жишгийг зогсоох шаардлагатай. 2.1-т Үндсэн хуулийн 25.7 дахь хэсэгт "улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах" гэснийг "УИХ нь улсын төсвийг батлахдаа Сангийн яам, Засгийн газрын оруулж ирсэн нэгдсэн дүнгээр нь батална" гэж өөрчлөх шаардлагатай.

-Гишүүдийг хариуцлагажуулах тал дээр та ямар байр суурьтай байгаа бол?

-УИХ, түүний гишүүний хариуцлага, сахилга батыг сайжруулах зорилгоор дараахь заалтуудыг Үндсэн хуульд нэмж оруулах саналтай байна. УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож санал өгнө. УИХ-ын гишүүн бусад гишүүнийг төлөөлж санал өгөхийг хориглоно. УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нийт цаг нь тухайн ээлжит чуулганы дөрөвний нэгээс хэтэрсэн бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 35 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэж өөрчилмөөр байна.

Түүнчлэн байнгын ажиллагаатай парламентын тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах, ажлын чанар, хариуцлагыг сайжруулах зорилгоор (Үндсэн хуулийн 27.2 дахь хэсэгт) УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж өөрчлөх хэрэгтэй. Асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангах, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор гишүүдийн ердийн олонх бус "УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонх буюу дор хаяж 51 гишүүн хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ" гэж өөрчлөх шаардлагатай. Үндсэн хуулийн 22.2 дахь хэсэгт УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэн, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэснийг "УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана" гэж өөрчлөх санал байна. Шүүгчийн томилгоо, төрийн албан хаагчтай холбоотой өөрчлөлтийг ч оруулах цаг нь болсон.

-Тухайлбал, яаж нэмэлт, өөрчлөлт оруулж болох вэ. Манайхан шүүгчдийн томилгооны талаар байнга ярьдаг л даа...

-Шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах, шүүгчийн хариуцлага, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор бүх шатны Ерөнхий шүүгч нарын насны доод хязгаарыг 45 болгох хэрэгтэй. Ингэхдээ томилгоог ил тод болгож, хугацаажуулж, Ерөнхийлөгч томилох болон татгалзах, хариуцлага тооцсон үндэслэлээ олон нийтэд мэдээлдэг байх ёстой.

Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах болон сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр халж солихыг хориглох заалтыг Үндсэн хуульд суулгах саналтай байгаа. Түүнчлэн орон нутаг дахь улс төрийн намын талцал, хэт улстөржсөн хуваагдлыг багасгах зорилгоор "аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй байх, зөвхөн иргэд бие даан нэрээ дэвшүүлж, улмаар иргэдийн төлөөллийн үүргийг нэмэгдүүлэх заалт оруулах, аймаг, нийслэлийн засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаатайгаар шууд томилж, чөлөөлдөг болох" гэсэн заалтуудыг тус тус нэмэх буюу өөрчлөлт хийх нь зүйтэй байна. Эдгээр тулгамдсан асуудлыг Үндсэн хуулийн түвшинд шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн тогтолцоог тогтвортой болгох, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллагын харилцааг парламентын засаглалын сонгодог жишгээр зохицуулахад эерэг нөлөөтэй байх болно.

-Яамдын нэрийг Үндсэн хуульд суулгах шаардлага тийм их байгаа юм уу. Тэртээ тэргүй Засгийн газар бүр өөрсдийн бүтцийг бий болгоод явдаг шүү дээ. Гэнэтхэн л зайлшгүй шаардлагатай яам гээд яамдын тоог нэмж, хасдаг. Боломжгүй юм шиг санагдах юм л даа...

-Үндсэн хууль нь хууль зүйн хувьд удаан тогтвортой үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал бий болгох чадвар, улс төрийн институци хоорондын зөрчлийг зохицуулах чадавх, төр засгийн зоргоор аашлах хязгаарлах чадвараар бусад хуулиас дээгүүр хүчин чадалтай байдаг учраас органик хуулиар биш, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийх хэрэгцээ, шаардлага урган гарч байна. Яамдын нэрийг Үндсэн хуульд оруулан батлахгүй бол УИХ-ын сонгууль бүрийн дараа, эсхүл Засгийн газар огцорч шинээр байгуулагдах бүрт Засгийн газрын бүтцийн хуулийг шинэчлэн баталж, яам, агентлагуудын тоо, нэр, чиг үүргийг үндэслэлгүйгээр өөрчлөх явдал өнгөрсөн 26 жилийн хугацаанд аль ч Засгийн газрын үед түгээмэл байж ирсэн.

Засгийн газрын үндсэн бүтцийн өөрчлөлт, харахад, 1992 онд 16 яамтай, 1996 онд есөн яам, 59 агентлаг, 2000 онд 11 яам, 48 агентлаг, 2004 онд 13 яам, 37 агентлаг, 2008 онд 11 яам, 37 агентлагтай байсан. 2012 онд 16 яам, 28 агентлагтай байсан бол энэ удаагийн Засгийн газар 13 яам, 27 агентлагтай үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ тухайн сонгуулийн үр дүнгээр УИХ-ын олонхыг бүрдүүлсэн улс төрийн нам, улстөрчдийн хүсэл сонирхол, зөвшилцөл, зарим талаар дур зоргын шинжтэйгээр хийдэг. Түүнчлэн яамдын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх нь төрийн албан хаагчийн тогтвор суурьшилд сөргөөр нөлөөлж, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал алдагдахад хүргэдэг л дээ.

-Ер нь УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь хэр оновчтой юм бол. Өнөөдрийн жишгийг харахад Ерөнхий сайд нь гаднаас бусад сайдууд нь парламент дотроосоо томилогдсон. Парламент Засгийн газартаа тавих хяналт сулрах нэг хөшүүрэг нь мөн биз...

-Өнөөгийн мөрдөж буй хуулиар эрх мэдлийн дотоод тэнцвэр УИХ руу нэлээд хэвийсэн байдалтай байсан. 2000 онд Үндсэн хуульд хийсэн нэмэлт, өөрчлөлтийн дараа энэ тэнцвэргүй байдал улам нэмэгдсэн. Ерөнхийлөгч 2000 оноос өмнө эрх мэдлийн хуваарилалтад жинхэнэ ёсоор оролцогч байсан бол одоо үндсэн эрх мэдэл нь хориг тавих, зарим томилгоо хийх, хууль санаачилах эрхээрээ дамжуулан улс төрийн түвшинд шийдвэрлэвэл зохих асуудлыг гаргаж тавих зэрэг үүрэгтэйгээр улс төрийн үйл явцад оролцож байна. Бусад байгууллагад нөлөөлөх, цаашилбал шахалт үзүүлэх өргөн боломж УИХ-д байгаа бол харин үүнийг сөрж хариу арга хэмжээ авах, шахалт үзүүлэх, эсхүл УИХ-д хяналт тавих боломж Ерөнхийлөгч болон Засгийн газарт хомс байгаа юм. УИХ Засгийн газрыг хяналтандаа байлгахын зэрэгцээ тараах эсэхийг шийддэг л дээ. Улс төрийн тогтворгүй байдлын үндсийг Ерөнхий сайд, түүний кабинетын гишүүдийг сонгож, томилох УИХ-ын давуу эрхтэй холбож үзсэн нь ялангуяа Засгийн газрын гишүүдийг сонгож, томилох эрх мэдлийг Ерөнхий сайдад өөрт нь шилжүүлэх замаар түүний улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, Засгийн газарт УИХ-ын гишүүд орж ажиллаж байгаа нь Засгийн газарт парламентаас тавих хяналтыг сулруулж байна. Энэ бүхэн нь одоогийн тогтолцоонд хяналт-тэнцвэрийн олон механизм үгүйлэгдсэн төдийгүй, эрх мэдэл УИХ руу хэт хэвийсэн нь тодорхой байгаа юм.


Онцлох нийтлэлүүд