ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.07.01 08:07

Г.Золзаяа: Сургуулиасаа жилийн чөлөө аваад л “Бүтэн амьдрал”-д тоглосон



“Бүтэн амьдрал” киноны Ундрамын дүрд тоглосон жүжигчин Г.Золзаяатай ярилцлаа.


-“Бүтэн амьдрал” ямар ч насны хүн үзэж болохоор үзэгчдэд сургамж өгсөн сайхан кино болсон. Гурван жил уран бүтээлд тоглоогүй таны хувьд энэ кинонд ажиллахад хэр байв?

-Сүүлийн гурван жил ямар нэгэн уран бүтээлд ороогүй байж байгаад “Бүтэн амьдрал” кинонд тоглосон. Ундрамын дүр миний урьд өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс нэлээн ондоо дүр байлаа. Би дандаа л гэнэн жаахан охины дүр дээр ажилладаг байсан бол Ундрамын дүр их чадалтай, буурьтай эмэгтэйн дүр. Дүр дээрээ нэлээд хичээж ажиллалаа.

-Охид, эмэгтэйчүүд Ундрамын дүрийг хараад юуг ойлгоосой, ухаараасай гэж дүрээ бүтээсэн бэ?

-Би болоод манай киноны найруулагч, уран бүтээлчид ярилцсан л даа. Эмэгтэй хүн өөрийгөө илүү хайрлах хэрэгтэй юм байна, эмэгтэй хүн гэр бүл үр хүүхэд гээд өөрийгөө гаргуунд нь гаргадаг шүү дээ. Гэтэл түүнээс илүүтэйгээр эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг, үнэлдэг байж гэмээн хэн нэгнээр хайрлаж хүндлүүлж чаддаг гэсэн санааг харуулахыг хичээсэн.

-Энэ дүр дээр ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?

-Гадагшаа сурч байгаад өнгөрсөн зун ирээд яг буцах гэж байтал “Бүтэн амьдрал” кинонд тоглох санал ирсэн. Би бүр онгоцны тасалбараа авчихсан байж байсан. Явахын өмнөх өдөр нэлээн сандруу над руу “Ирээд уулз. Энэ бол чамд тохирсон маш гоё дүр” гэж хэлсэн. Зохиолоо уншихад Ундрамын дүр үнэхээр таалагдсан. Ингээд би сургууль руугаа мэйл бичээд жилийн чөлөө аваад кинондоо тоглосон доо. Азтай шүү. Болох зүйл цаанаасаа болдог гэдэг шиг жилийн чөлөө авсан, удалгүй Ковид-19 цар тахал гарсан. Хэрвээ би Хятадад сурч байсан бол юу ч болоо билээ. Таашгүй. Монголдоо үлдээд үнэхээр сайхан уран бүтээлд оролцон тоглолоо.

-Урт хугацаанд уран бүтээлд оролцоогүй байж байгаад кинонд тоглоход бэрхшээлүүд хэр тулгарч байв. Ундрамын дүр бараг бүх анги дээр уйлж байсан?

-Ер нь гурван жил ямар ч уран бүтээлд тоглоогүй, одоо яана аа гэж бодож байсан. Уран бүтээлч хүн зэврэнэ гэж ярьдаг шүү дээ. Алдаа гаргаж, бусад уран бүтээлчдэдээ чирэгдэх байхдаа гэж айж байсан. Аз болж маш сайхан уран бүтээлчидтэй хамтарч гол дүр дээр ажилласан. Үүнээс гадна манай найруулагч ч сайн тулж ажилласан. Ер нь зохиол уншиж байхад тухайн дүр нүдэнд харагддаг шүү дээ. Киноны тухайд ч нэлээн хүнд төрлийн драм. Анги болгон дээр л бараг уйлдаг. Тэр бүх сценийн ард жүжигчид маш их хичээж ажилладаг учраас яана аа үүний ард гарч чадах болов уу, үзэгчдийн хүссэн хэмжээнд нь хүртэл ажиллаж чадах болов уу гэсэн айдастай л байлаа. Киноны хамгийн анхны сцена уйлдаг хэсэг байсан. Мотор гээд л эхлэхэд бүх зүйл цаанаасаа их гоё явсан. Тэгээд л окей, ойлгочихлоо ийм маягаар явагдах ёстой юм байна гээд учраа олсон.

-Киногоо дуусгаад “Галзуу дурла” киноны зураг авалтанд шууд орсон гэж дуулсан?

-Тийм шүү. “Галзуу дурла” кинонд Уянга гэх дүр дээр ажиллаж байна. Өөртөө ч их өөрчлөлт хийсэн. Би хэзээ ч цайвар үстэй байж үзээгүй. Ундрамын дүрээс тэс ондоо дүр гаргана гэж найруулагч, кино группийнхэнтэйгээ ярилцаж байгаад үсээ богинохон, цагаан саарал болгосон. Энэ кино арван ангитай, залуучуудад зориулсан сериал. Зургаан сарын сүүл долоон сарын эхээр цацагдах байх.

-Та оюутан байхаасаа л мэргэжлээрээ ажиллаж, олонд танигдсан. Оюутан насныхаа тухай ярихгүй юу. Одоо үеийн Золоо тэр үеийн Золоогоос хэр их өөрчлөгдөв?

-Соёл урлагийн их сургуульд суралцаж байх хугацаанд оюутнуудыг ямар нэгэн уран бүтээлд орохыг хориглодог. Гэтэл би их азтай. Дөнгөж сургуульд ороод удаагүй байхад багш минь надад “Шүрэн бугуйвч” кинонд тоглохыг санал болгосон. Кино маань олон нийтийн хүртээл болж, үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл болсон доо. Нэг, хоёрдугаар курст өөрийгөө аль болох завгүй байлгадаг байлаа. Хамтлаг байгуулж дуулж, бүжиглэж гүйгээд л. Үүний хажуугаар хичээлдээ ч суух шаардлагатай. Мэргэжлийн хичээл таслах юм бол сургуулиас хөөгдөх хэмжээнд хүрдэг учраас хичээлээ тасалж болохгүй. Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй шахуу, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог оюутан байсан даа.

-Театрт дүр бүтээх, камерны ард байх хоёр ялгаатай шүү дээ. Та нэг үе “Маск продакшн”-д харьяалагдаж байсан. Ялгаа нь юу вэ?

-Тайзыг их хэцүү гэж ойлгодог.

-Яагаад тэр вэ?

-Хэрвээ чи тайзан дээр алдаа гаргах юм бол үзэгчид тэр алдааг бодитоор хүлээж авна. Камерны ард алдаа гаргахад засаад явж болно. Гэхдээ тайзан дээр ажиллахад илүү амьд, мэдрэмжтэй байдаг. Хүн огшино гэдэг шүү дээ. Аль нэг нь илүү гэхгүй. Жүжигчин хүн бол тайз, дэлгэц хаана ч хөвөрч ажиллах чадвартай байх ёстой.

-Ингэхэд Хятадад ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Би хоёр жил мастерт сураад төгсөнө. Хятад хэлнийхээ бэлтгэлд явж, хэлээ маш сайн сурсан. Ирэх намраас үндсэн мэргэжлийн ангидаа бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж эхэлнэ.

-Яагаад Хятадад сурахаар болов?

-Өмнөд монгол уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийх зорилготой байгаа. Ер нь манай монгол уран бүтээлчид жүжигчний уран чадварын хувьд мундаг ч гэсэн хэлний хувьд бэрхшээл тулгардаг. Ер нь яагаад би хятад хэл суръя гэж зорьсон бэ гэхээр дөрвөн жилийн өмнө Монголоос нэлээн хэдэн уран бүтээлчид Хятадад том уран бүтээлд проб өгөөд бүгд хэлгүйгээс болж хасагдаж байсан. Тэрэн дээр би өөртөө маш том дүгнэлт хийж, өөрийгөө голоод зорилго тавиад тухайн үед хийж байсан ажил бизнесээ бүгдийг нь зогсоогоод шууд Хятад руу явж сурсан.

-Сүүлийн үеийн залуус брэндээр гоёх их дуртай шүү дээ. Таны хувьд ямар вэ?

-Мэдээж эмэгтэй хүн болгон брэндэд дуртай. Надад баримталдаг зарчим бий. Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг хуурамч зүйл хэрэглэх үнэхээр дургүй. Үнэхээр хэрэглэвэл тийм олон байх шаардлагагүй. Өөрийнхөө амьдралын боломж, бололцоонд тааруулаад чамин эд хэрэглэл байх нь зүйтэй байх. Гэхдээ брэндээс илүү хиргүй цэвэрхэн хувцастай байх нь л чухал. Хүн гэдэг өөрөө брэнд шүү дээ.

-Хэр гэрсэг бол. Нэг ярилцлагадаа гэртээ амттай хоол хийх их дуртай гэсэн байсан?

-Би их сонин. Махан хоолонд их дуртай. Шоколад бага иддэг. Зуны улиралд хорхог, боодог, таван цулын шөл гээд сонин содон хоолнуудад дуртай. Энэ зун бол нэлээн их мах идчихлээ. Хоол хийх дуртай байсан. Гэхдээ сүүлийн үед ганцаараа байх нь их учраас гадуур их хооллоод байгаа. Хамгийн сүүлд найзындаа л хоол хийсэн юм байна. Түүнээс хойш бол хоол хийгээгүй юм байна шүү.


-Гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу?

-Би айлын том. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том хүүхдүүд их хэрсүү байдаг шүү дээ. Гэхдээ би бол гэрийнхээ эрх нь байх. Гэхдээ эрхийн балай тэнэг нь бол биш.

-Охиныхоо хүмүүжил төлөвшилд нь хэр анхаарал хандуулж байна. Ер нь охиноо ямар мэргэжилтэй болгоно гэж бодож байна?

-Цаг гаргаж охинтойгоо их ярилцдаг шүү. Урлагийн хүн битгий болоосой гэж боддог. Гэхдээ томрох тусмаа урлагт сонирхолтой болоод байх шиг анзаарагдсан. Үүнийг нь би хэзээ ч хорихгүй. Яг өөрийнх нь хүслээр нь дэмжиж өгнө. Уг нь төлөвшиж байгаа энэ үед нь урлагийн хүн болох сэдлийг нь тэгж их төрүүлэхгүй, ер нь урлагийн хүн битгий болоосой л гэж бодож байна.

-Яагаад вэ?

-Би чинь өөрөө урлагийн хүн. Ажлын цагийн хуваарь маш тодорхойгүй, урт. Өөр ажил бол орой зургаан цаг гээд тарж байхад манайхан бол өдөр шөнөгүй. Гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг. Би охиндоо цаг гаргахыг хичээдэг ч гэсэн ихэнхдээ амждаггүй учраас миний энэ мэдрэмжийг битгий аваасай гэж боддог.

-Та жүжигчний мэргэжил сонгоогүй бол өдийд хаана юу хийж явах байсан бол?

-Санхүү эдийн засагч юм уу, оффисийн мэргэжлээр сураад цаашлаад өөрийн гэсэн бизнес хийнэ гээд зүтгэчихсэн л яваа байх.

-20,30 жилийн дараах карьераа хэрхэн төсөөлж байна?

-Ер нь уран бүтээлч болгон л өөрийнхөө уран бүтээлийг үлдээх юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Би ч мөн адил яг хийсэн шиг хийгээд яг одоо л хийх цаг нь болсон байна гэсэн үедээ чансаатай кино уран бүтээл, жүжиг хийхийг мөрөөдөж явдаг..

С.ЛХАМСҮРЭН

Онцлох нийтлэлүүд