ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.07.12 10:07

Г.Майцэцэг: Хятадыг "байлдан дагуулж" олсон мөнгөө Монголдоо зориулна


Г.Майцэцэг жуулчидтай хамт

“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэгтэй ярилцлаа.


-Европоос хурааж хумьсан 600 мянган доллараа халааслаад ирж байх үеэс тань гадарлана. “Эксклюзив”-ийг үндэсний брэнд болгоно гэсэн зорилго нь биелсэн үү?

-Биелсэн. 600 мянган ам.доллараа атгаад ирж байсан үеэс хойш компанидаа бараг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихлээ. Үйлдвэртэй болсон, хувцсаа массаар үйлдвэрлэж байна. Массаар үйлдвэрлэхээр хямд үнэ гэсэн давуу тал үүсч байна. олон жил хүний нутагт амьдрахаар өөрийн эрхгүй эх оронч үзэл зүрхэнд шингэдэг юм билээ. гэхдээ бид эх оронч үзлээ буруугаар илэрхийлдэг улс шиг санагддаг. эх оронч байна гэдэг бол энгийнээр үндэсний үйлдвэрлэлээ л дэмжих. дотоодынхоо нэг барааг авахад цаана нь дөрвөн хүний ажлын байрыг баталгаажуулж байдаг. Ажилтай орлоготой нэг хүн цаанаа дөрвөөс таван хүн тэжээдэг гэж хармаар санагддаг. Улсын их дэлгүүрт явж байтал нэг солонгос оюутан “солонгосын цэвэр ус байна уу” гэж асууж байхтай таарсан юм. асуусан ус нь байгаагүй л дээ. худалдагч бүсгүй монгол ус санал болгоход авалгүйгээр, Солонгост үйлдвэрлэсэн жүүс аваад гарч байсан нь санаанаас гардаггүй. Хилийн дээс алхсан мөртлөө эх орныхоо экспортыг дэмжээд солонгос бүтээгдэхүүн авч байна гэдэг маш том философи, агуу эх оронч үзэл.

-Манайхан анх гадаадын бараа гэж шуурдаг байснаа бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагатай болсон. Танд тийм хандлага анзаарагдаж байна уу?

-Намайг Европоос ирээд бизнесээ эхлээд удаагүй үед танай сонин анх удаа ярилцлага авч байсан. тэр үед манайхыг монгол гэдгийг мэдсэн байсан л даа. тэрнээс өмнө 2009, 2010, 2011 онд “Exclusive”-ийг дотоодынх гэж мэддэггүй байлаа. би ч тухайн үед монгол брэнд гэж зарлахыг хүсээгүй.

Монголын зах зээл үндэсний брэндэд бэлэн биш байсан л даа. тэр үеийн болон өнөөгийн хэрэглэгч, худалдан авагчдад газар тэнгэр шиг том ялгаа бий. хүмүүс манайхаар үйлчлүүлэх дуртай болсон. тэр дундаа залуус их мундаг болж. үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ ээ гэж ирээд худалдан авалт хийдэг. Ялангуяа наадам, цагаан сараар үндэсний загвартай хувцаснуудаас маань их авдаг. Урьд нь брэнд өмсөж өөрийгөө илэрхийлдэг байсан бол одоо залуусын хандлага их өөр болж байна. биед эвтэйхэн, энгийн, үндэсний үйлдвэрийн гэх мэтээр сонголт нь илүү ухаалаг болчихож. “эксклюзив”-ийн уриа нь “хүн та өөрөө үнэ цэнэ” гэсэн дөрвөн үг. хямд хувцас өмслөө гээд таны үнэ цэнэ буурахгүй, та л өөрөө үнэ цэнэ гэсэн утгатай уриа л даа. Залуус яг ийм сэтгэлгээтэй болсонд олзуурхаад барахгүй байна. Үнэтэй брэнд авснаас аятайхан хямд хувцас сонгоод илүү гарснаар нь ном авч уншъя гэсэн бодолтой залуусыг харахаар ирээдүй өнгөтэй, сайхан болно гэдэгт эргэлздэггүй.

Г.Майцэцэгийн байгуулсан охидын оёдлын клуб

-Анх уулзахад дэлгүүртээ ажиллаж байсан, сая бас хүмүүст үйлчлээд зогсож байна. Худалдаан дээрээ байнга зогсдог уу?

-Би өөрөө худалдаан дээрээ байх дуртай. зарим хүмүүс өрөвдөнгүй харцаар хардаг л юм. “худалдагч авчихгүй дээ” гэж боддог байх (инээв). Иймэрхүү хандлагыг тоодоггүй. би олон улсын маркетингийн зах зээл судлаач.

Зах зээлийн эрэлт хэрэгцээг судалж, бүтээгдэхүүнийг ямар үнээр хэнд хэрхэн борлуулах вэ гэдэг бол миний хийдэг ажил. Ер нь хувцасныхан хамгийн хүндэтгэлтэй хүндээ өөрсдөө үйлчилдэг. Италийн “Пьер Гарден”-ы захирал гэхэд л хүндтэй зочиндоо өөрөө үйлчилдэг.

-Танай наадмын загварууд их энгийн, өдөр тутам өмсөхөд ч зохимжтой хийцтэй санагдлаа. Монгол дээлний загвартай тааран цамцнуудыг зуны халуунд өмсөөд явахад зүгээр юм. Наадмын загвараа жил бүр шинэчилдэг үү?

-Манайх өдөртөө 5-8 загвар гаргадаг. Тэгэхээр наадмын загварууд жил бүр шинэчлэгддэг гэсэн үг. Гаргасан загвараараа үйлдвэрлэсэн хувцсаа дахиж үйлдвэрлэдэггүй. Хүмүүс ташраараа нэг загварын хувцас өмсөөд явахыг хүсэхгүй. Тэгэх л юм бол зах зээлээ алдана, оршин тогтнож чадахгүй шүү дээ. Эрчүүд манай дэлгүүрт орж ирэхээрээ гомдонгуй байдаг. Эрчүүдэд зориулсан хувцас хийгээч гэдэг юм. Энэ жил эрчүүдэд зориулсан тааран материалтай монгол цамцнууд хийсэн, их сонирхож байна. Уг нь эрчүүд, хүүхдүүдэд зориулсан загвар гаргаж, хувцас үйлдвэрлэмээр байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод өнөөхөндөө ажил болгож амжихгүй л явна. Загвар ярьсных нэг зүйлийг онцолж хэлмээр санагдчихлаа. Монголд fashion загвар хийх их хэцүү.

-Яагаад?

-Европын зах зээл дээр арваад жил ажилласан, Хятадад ажиллаж үзсэн хүний хувьд монголчуудаасаа нэг онцгой чанарыг олж харсан. Монголын зах зээл бол яалт ч үгүй “супер зах зээл”. Хэрэглэгчид нь бүгдээрээ дизайнер. Хятадад, Европт ялгаагүй загварын товчооны гаргасан загвараар үйлдвэрлэгдсэн хувцсан дээр ямар ч хэрэглэгч юу ч ярьдаггүй. Дуугүй л худалдаж авдаг. Гэтэл манайд бараг хүн бүр энэ загварыг ингээд өөрчилчихвөл бүр гоё гэх мэтээр санаа, оноогоо хэлдэг. Ийм зүйлийг зөвхөн Монголд л үзэж болно. Шинэ бүтээгдэхүүн гарлаа гэхэд бид бүх зургийг нь аваад фэйсбүүк хуудсандаа тавьдаг. “Эксклюзив” залуу дизайнеруудад луужин нь болоосой гэсэн хүслээр тавьдаг юм. Манай дэлгүүрээр оёдлынхон их орж ирнэ ээ. Нууж хаагаад зураг авна. Манайхан их нэрэлхүү, "Санаа зоволтгүй ав" гэхээр “Зүгээр ээ” гээд байдаг юм (инээв). “Экслюзив”-ийг зориод ирсэн оёдолчдод би “Шаардлагатай бол эсгүүрийг нь авч болно” гэж хэлдэг.

“Эксклюзив”-ийн энэ зуны наадмын загвар

-Монголд үйлдвэрлэсэн бараа импортынхоос үнэтэй байна гэсэн шүүмжлэл давтамжтай дуулддаг. “Эксклюзив”-ийн хувцасны хувьд хэрэглэгчдийг татах бас нэг зүйл нь түрүүн таны онцолсон хямд үнэ юм шиг санагддаг...?

-Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Манайх массын үйлдвэрлэл явуулдаг. Цор ганц хувиар захиалж хийлгэх ч юм уу, цөөхөн тоогоор гар аргаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд үнэтэй байхаас аргагүй онцлог бий. Үйлдвэрлэж, бүтээж, үнээр өрсөлдөж чадаж байгаа нь хэрэглэгчдийг татаж, бизнесээ тэлдэг нь зах зээлийн зарчим л даа. Импортын хувцасны тухайд надад нэг мөрөөдөл байдаг юм. Ядаж хүүхдийн футболкийг хаанаас ч оруулж ирэхээргүй болтол нь эх орондоо үйлдвэрлэх юмсан гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлөө хэзээ нэгэн өдөр биелүүлнэ гэдэгтээ эргэлздэггүй.

-Жуулчид хэр их үйлчлүүлдэг вэ?

-Төв зам дагуу болохоор ер нь л орж ирнэ шүү. Монгол загварын цамц, хувцас их сонирхдог. Польш хүн ороод ирвэл нутгийнхаа хүнтэй уулзчихсан юм шиг дотночлоод сүйд болно шүү дээ (инээв). Орос, англиар харилцчихна. За тэгээд солонгос, англи, вьетнам гээд орж ирсэн үндэстэн бүртэй ядаж эх хэлээр нь мэндчилж харилцахсан гэж хичээдэг. Эх хэлээр нь мэндлэхэд хэнд ч дотно, аятай санагдана. Эх хэлээр нь уулга алдахад уяраад ирдэг. Наймаа гэдэг бол ганц мөнгө олохын нэр биш л дээ. Хүний сэтгэлийг татах ажил. Ер нь үйлчилгээнийхэн жуулчидтай сайхан харилцаж дотно сэтгэгдэл үлдээгээд байвал аялал жуулчлал хөгжихөд том дэмтэй гэж боддог.

-Танай загварын товчоо Хятадад ажиллаж эхлэх гэж байгаа гэв үү?

-Манай загварын товчоо урд хөршид салбараа нээж ажиллахаар болсон. Сайхан боломж ч гэлээ хөнгөн гуниг төрөөд л байна. “Экслюзив” брэнд 2012 онд Хятадад үйлдвэрээ нээсэн юм. Эхэндээ чөлөөт бүсэд үйлдвэрлэл явуулж “Made in Mongolia” гэсэн шошготой барааг дэлхийн зах зээлд гаргах байсан ч 2012 онд засаг солигдож, шинэ засаг өмнөхийнхөө шийдвэрийг үгүйсгэдэг жишгийн золиос болчихсон. Ингээд “Made in Mongolia” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахааргүй болсон. Гэхдээ Хятадын нэг компанитай хамтарч урд хөршид үйлдвэрлэл явуулаад дэлхийн зах зээл дээр бараагаа гаргах урт хугацааны зөвшөөрөл авч чадсан л даа. Хятадын зах зээлийн хувьд иргэдийг нь цалинтай, ажилтай байлгаж, түрээсээ төлж яваа бизнес эрхлэгчдээс элдэв татвар нэхдэггүйгээрээ онцлог юм билээ. Хятадад аль болох их бараа үйлдвэрлэ, хятад иргэдийг дажгүй цалинтай ажиллуул, иргэд нь орлоготой бол улс баян байна гэсэн философи нь таалагдсан. Гэвч тухай үед төрийн өндөр алба хашиж байсан хүнээс нэг үг сонсоод тэндэх үйлдвэрээ хаагаад буцаад ирсэн юм. Тэр хүний “Хүний улсыг биш өөрийн орноо хөгжүүл л дээ” гэсэн үг их нөлөөлсөн. Харин одоо Хятадын зах зээл дээр гарч үйлдвэрлэл явуулж, хувцсаа дэлхийд экспортлох нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Мэдээж Хятадыг байлдан дагуулж олсон мөнгөө Монголдоо зориулна.

-“Эксклюзив”-ийн загварын товчоо урд хөршийн ямар компанитай хамтрах гэж байна?

-Хамтрах компанитайгаа их сонин түүхээр холбогдож байсан юм. 2012 онд манайх хүннү захтай сөдөн куртик хийлээ. Хасах 40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалах чадвартай сөдөн куртик өмнө нь Монголд хийгдэж байгаагүй болохоор их шинэлэг, хүн бүр гоёор хүлээж авсан. 2013 оны цагаан сараар урд хөршийн хэсэг наймаачид бүх куртикийг маань бөөндөөд авчихдаг юм. Би ч бараагаа зарчихлаа гээд бөөн баяр. Гэтэл дараа жил нь өнөө загвар маань урд хөршийн зах зээл дээр моодонд орчихдог байгаа.

-Танай загварын товчооны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглачихаж байгаа хэрэг үү?

-“Эксклюзив” гэдэг нэрийг ашиглаагүй учраас заргалдаад ямар ч нэмэргүй байсан л даа. Загварыг шүүхдэх их хэцүү. Эмжээр нь манайх 5 мм, хуулсан компанийнх 4.5 мм байхад л биш гээд үзчихдэг. Ядуугийн зовлон гэдгийг ёстой тэр үед л биеэрээ мэдэрсэн дээ. Гэхдээ ямар ч асуудлын цаана боломж байдаг. “Эзсклюзив”-ийн өмнө Хятад гэж том зах зээл дэлгээтэй байгааг олж харсан. Том брэндүүд А копи загвар нь гарахаар загвар нь трэнд боллоо гэж баярладаг. Тэгэхээр бидний загвар урд хөршид трэнд болсон байгаа биз. Загварыг маань хуулж сөдөн куртка үйлдвэрлэсэн компанитайгаа хамтарч ажиллах гэж байна (инээв).

-Монголын чадварлаг оёдолчид Хятадад өндөр цалингаар ажилладаг гэсэн, хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодитой үнэн. Манайд ажиллаж байсан оёдолчид ч урд хөршид ажилладаг. Хятадад монгол оёдолчин, хувцасны дизайнер, үсчин, тогооч, гоо сайхан, алт мөнгөний дархан гэх мэт мэргэжил өндөр үнэлгээтэй байдаг юм. Монгол залуус олноороо тэнд ажиллаж байна. Оёдолчид гэхэд сард 5-6 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Хятадын нэг хүүхдийн бодлого залуусыг нь ачаалал даах чадваргүй болгочихож. Ганц хүүхэд гээд ээж, аав, эмээ, өвөө, ах дүү нь бөөцийлөөд өсгөчихдөг. Ингэж өссөн хүүхэд хэдэн цагаар нам сууж ажиллаж чаддаггүй, ажилд орохоороо шантраад гарчихдаг юм байна л даа. Чадвартай монгол залуус тэнд өндөр цалинтай ажилд үнэлэгдээд байгаа нь цаанаа ийм учиртай юм билээ. Манайханд нэг л сул тал бий. Тэр нь нэг газраас гараад нөгөө байгууллагад очихоороо өмнөх компаниасаа сурсан бүхнээ зааж өгөөд байдаг. Манайхны энэ сул талыг олж харсан Хятадын компаниуд бизнесийн нууц битгий алдаарай гэсэн утгатай гэрээ л байгуулдаг гэсэн. Нэг компанийн бизнесийн нууцыг нөгөөд дамжуулахгүй байх нь дэлхий даяар барьдаг бизнесийн алтан зарчим. Манайхан л нутагшуулж чадахгүй байна.

-Охидын дунд оёдлын клуб ажиллуулж байгаа юм билээ. Яагаад ийм клуб ажиллуулъя гэж бодсон бэ?

-Миний хийж чадах зүйл гээд эхлүүлсэн. Одооны залуус залхуу гэж шүүмжлэхийн оронд ирээдүй үеэ хөдөлмөрт дуртай болгохын тулд миний зүгээс хийсэн жижигхэн хөрөнгө оруулалт байгаа юм. Үйлдвэртээ нэг өрөө тохижуулчихсан. Үйлдвэрээс гарсан даавууны өөдсөөр охидоороо үсний боолт оёулж ширхэгийг нь 1000 төгрөгөөр худалдаж авсан чинь их урамтай байгаа. Охид маань бүр даавуун цүнх оёод эхэлсэн. Оёдлын сургалтын анхны өдөр есөн настай нэг охин “Багшаа миний өмсдөг хувцас ямар их хөлс хүчээр бүтдэг юм бэ. Одоо би хувцсаа хайрлаж хямгадаж өмсөнө өө” гэхээр нь баярласан гэж. Би оёдлын клубээ хүүхдүүдэд ийм л сэтгэл, хандлагыг өгөх гэж эхлүүлсэн юм. Тэрнээс биш манай клубт сурсан хүүхэд бүр оёдолчин, хувцасны дизайнер болохгүй нь тодорхой.

-Танд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бол?

-Миний өвөө. Буриад гэж хүн байлаа. Хуучин Мах комбинатын Үйлдвэрчний эвлэлийн даргаар насаараа ажилласан даа. Хөдөлмөрч, өгөөмөр гэж жигтэйхэн. Дээд айл нь хүүхдээ уйлуулахад л хаалгыг нь тогшдог байсан хүн. Байрныхан нь “Буриад гуай сонсчихно” гээд хүүхдээ уйлахад сандардаг байсан гэдэг (инээв). Өвөөгийн минь загнаж байгаа нь хүртэл зүйр үг байжээ, одоо бодоход.

Б.АМИНА

Онцлох нийтлэлүүд