Цаг үе
2020.11.18 09:11

Г.Манлайжав: Бид уранаа стратегийн ач холбогдолтой түүхий эд, ашигт малтмал гэдгийг байнга санах ёстой


Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжавтай ярилцлаа.


-Манай улсад цөмийн технологийн хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Өөрсдөө дотроосоо харахад мундаг хэрэглээд байгаа юм шиг. Гадаад талаас харвал манай хэрэглээ чамлалттай. Яагаад гэвэл энэ технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт чамлалттай, хувийн хэвшлийн оролцоо бага байна. Энэ нь өртөг өндөртэй, шинэ технологи учир дандаа л урт хугацааны зээл, буцалтгүй тусламж, төсөл хөтөлбөрөөр явж байна. Эрүүл мэндийн салбарт хүний амь настай холбоотой, дэвшилттэй технологи учир арай илүү байна. Бусад салбарт цөмийн технологийн хэрэглээ хоцорч байгаа. Мэдээж төсөв мөнгө орохгүйгээр өөрсдийн нөөц бололцоогоор хийх ажил олон байна. Үүнийг төлөвлөөд, үе шаттай хийж байгаа. Үүний гол үндэс нь цөмийн мэдлэгийн менежмэнт гэж нэгдсэн системийг маш сайн зохион байгуулалттай хөгжүүлэх ёстой. Үүн дээр бид сүүлийн үед анхаарч ажиллаж байна.

-Цаашид цөмийн технологийн салбар олон улсын хөгжилд хэр чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна вэ?

-Ер нь дэлхий дээр цөмийн технологи олон зүйлийн урд явдаг. Шинжлэх ухааны гол нээлт, ололтууд дандаа л цөмийн технологи дээр суурилдаг учир урд явахаас аргагүй. Одоо бид эрчим хүчний бус цөмийн технологийг танилцуулж хуралдаж байна. Эрчим хүчний цөмийн технологи дэлхий дээр эрчтэй хөгжиж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтууд гээд 2017 онд НҮБ-аас баталсан том хөтөлбөр бий. Тэнд заасан 17 зорилтоос 9-ийг нь хэрэгжүүлэхэд цөмийн технологи маш чухал үүрэгтэй гэж гаргасан. Хоол хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, цаг уурын өөрчлөлт, дулаарлын асуудал, экологийн доройтлыг шийдэх, цэвэр эрчим хүч, хөрс, ус, боловсрол зэрэг суурь асуудлууд дээр цөмийн технологи, энэ салбарын эрдэмтэн судлаачдын оролцоо нэн чухал байдаг. Цөмийн технологи бүх зүйлтэй холбоотой гээд ойлгочиход болно.

-Манай улсад цөмийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх шаардлагатай нэн тэргүүний ямар салбарууд байна вэ?

-Бид дөрвөн гол чиглэлээр илтгэл сонсож, хэлэлцүүллээ. Эхнийх нь эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг хэрэглэж байгаа байдал. Дараа нь хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт, байгаль орчныг хамгаалах чиглэлд, боловсрол, шинжлэх ухаан, судалгааны чиглэлд, хяналт шалгалтыг салбарт юм. Мэдээж эрүүл мэндийн салбаруудад онцгой анхаарна. Хүний эрүүл мэндээс гадна мөн малын эрүүл мэндтэй холбоотой чиглэлд онцгойлон анхаарч байна. Малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчний оношилгооны мэдрэг чанарыг дээшлүүлэх, халдварт болон зоонозын өвчний тандалт судалгаа, оношилгоо зэрэгт цөмийн технологийг хүчтэй ашигладаг. Энэ оноос манай ноолуурын чиглэлийн ямааны үүлдэрлэг байдлыг тодорхойлж, цаашдаа геномын селекц хийх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Цацраг идэвхт атомаар тэмдэглэсэн эсрэг биетийг ашиглан малын халдварт өвчнийг оношлох “ЭЛИЗА”-гийн аргыг манай мал эмнэлгийн практикт өргөн ашиглаж байна. Бас цацрагаар идэвхгүйжүүлсэн бактери, паразитыг халдварт болон паразит өвчнөөс сэргийлэх вакцин болгон ашигладаг. Өнгөрсөн онд Биокомбинатад нэг ээлжиндээ зуун мянган вакцин үйлдвэрлэх шугамыг ашиглалтад орууллаа.

Мөн ургамал газар тариалангийн салбар байна. Цөмийн технологиор таримлын ургац төдийгүй хөрсний үржил шимийг нэмэгдүүлж байна. Манай оронд төдийгүй дэлхий дээр хөрсний доройтолд ороод байна даа. Хэд хэдэн био бордоо үйлдвэрлэж ургацыг овоо нэмэгдүүлж байна. Мөн хүн ам ингэж ихээр өсөж байхад цөмийн технологи ашиглаад селекцийн аргаар шинэ сортуудыг гарган авч байна. Гол нь ган, халуун, өвчин хортонд тэсвэртэй, их ургац өгдөг, чанар сайтай нэлээд олон сортыг гаргаж авсан. Одоо бид археологи, соёлын өвтэй холбоотой асуудлуудыг онцгой анхаарч байна. Энэ нь соёлын өвийг тодорхойлох, нас, найрлага, бүтээцийг нь тогтоох, дээр нь илэрсэн олдворуудыг үзвэрт амьдрах насыг нь уртасгах, бэхжүүлэх зэрэгт цөмийн технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ингээд бодохоор цөмийн технологи маш олон салбарын дунд байж байна. Бүх салбарын эрдэмтдийн хүчийг нэгтгэж, нэг зорилтод чиглүүлэх шаардлагатай байгаа биз. Салбар дундын хамтын ажиллагаа гэж бид яриад удаж байна.

-Аж үйлдвэрийн салбарт хэрэглээ нь ямар байна?

-Манайд “Эрдэнэт”, “Оюу толгой” зэрэгт нэлээдхэрэглэж байна. Аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийг маш өргөн хэрэглэж байсан. Барилгын материалын үйлдвэрүүд, цахилгаан станцууд бүгд ашигладаг байснаа сүүлийн үед бараг больсон. Ер нь хурдан хөгжье, үйлдвэрлэлийн процессыг найдвартай удирдъя, хяная л гэвэл аж үйлдвэрийн олон салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, үл итгэх сорил гэж чухал арга техник байна. Барилга байгууламж, нисэх онгоц, цахилгаан станц, төмөр замын бүх эд ангийн чанарын хяналтад өргөн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хүний цээжний зургийг рентгенээр авдаг шиг дээрх нэн чухал салбаруудад цөмийн технологийг ашиглаж аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бас төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компаниуд энд онцгой анхаараасай гэж бодож байна.

-Манай улсад цөмийн технологийн хөгжлийн тухай ярихаар урантай холбоотой асуудал хөндөгддөг. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Уран бол бидний том давуу тал. “Манай орон танайх шиг урантай байсан бол бид ингэх байсан” гэж яридаг олон мэргэжлийн хүмүүстэй хэд хэдэн удаа таарч байлаа. Цөмийн энергийн тухай хууль, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого гээд баримт бичгүүд нь бүгд байгаа. Бид уранаар баялаг учир үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж байж цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлж, санхүүжилт шаардлагатай цөмийн технологи нэвтрүүлэх хөтөлбөр төслүүдээ авч явах ёстой гэж боддог.

-Манай улсад маш их хэмжээний орлого шаардлагатай байгаа. Ерөнхийлөгч хүртэл орлого, бас дахин орлого хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгвэл ураны салбарыг зохистой хөгжүүлснээр бидэнд асар их боломж байна гэдэг. Үүнийг ашиглах тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ашиглах нь мэдээж зөв. Эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай, байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй, хүн, мал амьтанд хоргүй байх л ёстой. Ингэхээр л мэргэжлийн байгууллагууд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг найдвартай судалж, тооцоолсны үндсэн дээр хийгээд, төрийн мэргэжлийн байгууллагууд, орон нутаг нь хяналтаа маш сайн тавьж, ил тод ажиллах л хэрэгтэй. Олон улсад ч энэ л практик байгаа.

-Уранаас үүдэлтэй аливаа эрсдэлүүдийг бууруулах чиглэлд олон улс хэр амжилтад хүрсэн бэ. Манайхан уран гэхээр л хор гэж ойлгодог. Нарийн учрыг нь сайн мэддэггүй?

-Ер нь манай салбар өөрөө дэлхий дээр нэг тийм ойлголтыг төрүүлчихсэн, сонин түүхтэй. Цөмийн зэвсэг, Хирошима, Нагасакагийн атомын бөмбөг, хүйтэн дайн, Чернобыль гээд л хөвөрнө. Нарийн ширийн зүйл, технологийн нууц байлгүй л яах вэ, гэхдээ цөмийн физик, реакторыг ажиллуулах, цөмийн хаягдлыг хадгалах, ураныг хайх, олборлох, ашиглах асуудал, энэ талын мэдээлэл бүх л мэдээллийн хэрэгсэл, номон дээр байгаа. Уран бол байгаль дээр байгаа нэг л төрлийн ашигт малтмал. Химийн үелэх системд байгаа элемент. Байгаль дээр олддог хамгийн хүнд элемент, бас цацраг идэвхт шинж чанартай гэдгээрээ л онцгой байх. Цацраг идэвхтэй учраас олборлолт, ашиглалтад нэмэлтээр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй ариун цэврийн шаардлагууд тавигддаг. Олон улсад олборлох үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны стандарт одоогийнх шиг өндөр тавигдаагүй, зарим орнууд өөрийн колони юмуу буурай хөгжилтэй оронд ураны олборлолт хийж байсан үед стандарт, норм дүрмээ зөрчсөн, технологийн алдаа гаргасан зүйл байсан. Хүйтэн дайны үед стратегийн түүхий эдийн хэт улайрал бас дүрэм журам, стандартыг мөрдөхгүй, заримдаа нууж, хаахад хүргэж байсан байх. Одоо цаг үе өөр болсон. 2015 онд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, 2017 онд олборлох, боловсруулах үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны дүрмийг Цөмийн энергийн комиссоос баталсан. Бид бас уранаа стратегийн ач холбогдолтой түүхий эд, ашигт малтмал гэдгийг байнга санаж байх ёстой.

-Дорноговь аймагт ураны хайгууль, туршилт хийж байгаагаас болж мал хордож, хэвийн бус мал төрлөө гэж хэл ам хийдэг. Уран олборлож ашиглаагүй байхад ийм байх боломжтой юу. Иргэдийн буруу ойлголтыг зарим нэг нь өөгшүүлж улам сүр дуулиантай болгож айлгаад байна уу?

-Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд хянаж үзээд дүн дүгнэлтээ гаргасан. 2010 онд зургаан сарын хугацаанд хийсэн технологийн туршилтаас одоо мал хордож, тэр тусмаа малын ургийн гаж төрөлт болно гэж байхгүй. Мал эмнэлгийн дундын хоршооны малын их эмч Бат-Ирээдүй гэдэг хүн судалгаа тайлангаа бас танилцуулсан.

-Цөмийн технологийн хөгжлийн тухайд илтгэлд ПЭТ/СТ төхөөрөмж ашиглаж эхэлсэн тухай яригдсан. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

-Надад эцсийн бүрэн тайлан мэдээлэл байхгүй байна. Ямар ч байсан фдж гэдэг цацраг идэвхт бодисоо өчигдөр (өнгөрсөн долоо хоног) гарган авч чанарын хэмжилт баталгаажуулалтаа фантом дээр амжилттай хийж туршлаа гэж сая Эрдэнэчимэг эмч илтгэлийнхээ төгсгөлд дуулгалаа. Өнгөрсөн сарын хугацаанд Хятад, Солонгосоос мэргэжилтнүүд ирж ажиллаад циклотроноо ашиглалтанд орууллаа. Тэнд богино настай изотоп үйлдвэрлэж оношилгоонд буюу ПЭТ/СТ төхөөрөмж дээр дүрс оношилгоо хийлгэнэ. Өнөөдөр бас олон улсын дүрс оношилгооны өдөр болж байна. Монголын нийт дүрс оношилгооны эмч нар, техникч, сувилагч, судлаач нартаа улам их ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

-Цөмийн технологийн хөгжлийн тухай хурлыг Д.Чүлтэм докторын ойд зориуллаа гэсэн байсан. Энэ хүний талаар тодруулахгүй юу?

-Д.Чүлтэм багшийн мэндэлсний 90 жил ой энэ онд тохион байгаатай холбогдуулан бид нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ үндэсний семинарыг бас багшийн ойд зориулж байгаа. Дээр нь цөмийн салбарынхаа залуу мэргэжилтнүүд, судлаач нарт өмнөх үеийн гавьяат үйлс бүтээсэн хүмүүсийн алдрыг дуурсгаж байхын үүднээс МУИС-аас товч мэдээлэл, танилцуулга гаргасан. Д.Чүлтэм багш бол манай нэрт эрдэмтэн, цөмийн физикийн шинжлэх ухааны анхны доктор хүн. Бас Цөмийн энергийн комиссын анхны орлогч дарга. Тэр үед комиссын анхны дарга нь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Пунцагноров академич байсан. Д.Чүлтэм багш Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд 1960-аад онд хийсэн судалгаагаараа сөрөг мю-мезон шингэн устөрөгчид туйлшралаа бүрэн алдах үзэгдлийг илрүүлсэн юм. Бас хүнд мезо-атомуудад спин-орбитын болон спин-спиний харилцан үйлчлэлийг судлаад, мю-мезоны спинийг анх түрүүн туршлагаар хэмжиж тодорхойлсон юм. Ийм үеийн үед дуурсагдах гавьяатай хүн.

Г.БАТЗОРИГ

Онцлох нийтлэлүүд