ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2015.02.08 12:02

Даалимбан дээл, улаан бүчээр гоёсон анхны “найм”-ынхан

40 жилийн дараа

Одоогоос дөчин жилийн тэртээ Гавь-Алтай аймгийн Алтай сумын анхны найман жилийн сургуулийг төгсөгчид саяхны нэгэн өдөр уулзацгаав.8 “а”, “б” ангийн арав гаруй хүүхэд. Тус сургуулийн анхны төгсөгчид аж. 1975 онд сургуулиа төгссөн саахь хүүхдүүд нийслэлд цугларч тэртээх он жилүүдийн дурсамжаа сэрээснээрэнэ удаагийн “Нэг ангийнхан” танд хүрч байна. Эднийх ердөө19-үүлээ суралцажтөгсчээ. Төгсөлтийн уулзалтад долдугаар ангийнх нь багш Батнасан, найм төгсгөсөн ангийн багш Нина хоёр нь иржээ. Ангийн хоёр багш нь сурагчдаасаа ялгарах юмгүй үе тэнгийнхэн байх нь сонихон. Нина багш Сүхбаатар аймгаас Говь-Алтайн Алтай суманд шилжин ирж эдний ангийн багш болж байсан гэнэ. Наймын “а”-гийн хөвгүүдтэй уулзав. Самбо, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Монгол Улсын начин Доёдын Бадрах,Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш доктор, дэд профессор“элэгний” С.Бадамжав эмч, Монгол Улсын Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын албаны дарга С.Төмөрхүү, эрчим хүчний “Маар” компанийн авто механикч Д.Дүгэр гээд хэсэг хөвгүүдийн ярианаас далаад оны сумын төвийн хүүхдүүдийн амьдрал нүднээ харагдах шиг болно. Наймдугаар ангиа төгсөөд эдний ангиас таван хүүхэд аймгийн төвд есдүгээр ангид элсэн суралцахаар нутагтаа үлдсэн бол тав нь анагаахын, хөдөө аж ахуйн гэхчлэн техникумд, зарим нь Оросын техникум, ТМС-д, зарим нь илгээлтээр малчин болжээ.Илгээлтийн эзэд маань хэсэг мал маллаад дараа нь ХАА-н дээд сургуульд сурч зоотехникч, малын эмч болцгоосон гэж Д.Бадрах начин ярив. О.Батнасан багш нь волейболын спортоор хичээллэдэг, тэшүүрээр гулгадаг авьяаслаг багш байж, багшийнхаа нөлөөгөөр эдний ангийнхан спортод их дуртай хүүхдүүд байсан гэнэ.

Ангийн багш О.Батнасангийн хамт. 1974 он

Бадрах начин өдгөө“Хантайшир” бөхийн клубийн дасгалжуулагчаар ажилладаг юм байна.Аймгуудын хооронд болдог оны тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд “Хантайшир” дэвжээ хоёр жил тэргүүлсэн тухай сонирхуулаад хар багаас нь спортод хөтөлсөн О.Батнасан багшдаа баярлаж явдаг гэж байв. Д.Бадрах начин ерэн оны цагаан морин жил Улсын начин цол хүртэж байв. Тэрбээр самбо бөхийн Дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальтай, улсын зургаан удаагийн аварга хүчит бөх юм. Хөвгүүдийн ярьснаар, наймдугаар ангийн багш Нина нь орос хэлний багш байсан болоод ч тэр үү ангиараа орос хэлний хичээлд их сайн байсан гэнэ. Тэгээд наймаа төгсөөд хэд хэдэн хүүхэд сонирхлоороо хойшоо техникум, ТМС-д явсан гэж байв. Нина багш нь сургууль төгсөөд удаагүй, өөрсдөөс нь дөрөв тавхан насаар ах үе тэнгийн нэгэн Сүхбаатар аймгаас шилжин очиж байжээ. Сурагчид нь арван тав зургаатай, ангийн багш нь хорьтой байсан гэнэ. Алтай сумын найман жилийн сургуулийн анхны төгсөгчид учир сургуулийнхаа үнэн түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор ангиараа ном бичижбайгаа гэнэ. “Дөчин жил гэдэг их хугацаа, найм төгссөнөөс хойш уулзаагүй байж байгаад өнгөрсөн даваа гаригт уулзсан, бүгдээрээ өөрсдийн салбар салбартаа сайн сайхан явцгааж байгаа маань багшийнхаа зааж сургаснаар явсных” гэж тавь гаруй, жар эргэм насны ангийн хөвгүүд ярьсан юм. “Элэгний” хэмээн олон түмний тодотгон ярьдаг С.Бадамжав эмчийн дурсамж яриа бүгдийн инээдийг барна. Тэрбээр нэгдүгээр ангид орсон өдрөөсөө эхлэн дүрслэн ярьсан нь:

Ангийн багш Д.Нинагийн хамт. 1975 он

-Мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн хүүхдүүд байсан даа. 1967 оны есөн сарын нэгэнд уртаас урт шар байшинтай дөрвөн жилийн сургуулийн үүдэн дээр анхны хонхоо цохиод бид нар дотогшоо орж байсан юм. Тэгэхэд бид гучаад хүүхэд нэг анги болон ороход тэр олон хүүхдүүд дунд орсондоосэтгэл их л баяртай байв. Охид маань ногоон дээлтэй, улаан бүчтэй. Ороод удалгүй хоёр анги болж хуваагдав. Манай ангийн багш Архангайн багшийн техникум төгсч ирсэн өндөр цагаан залуу байв. Тэр хүн бол өдгөө дал гарч буй шатрын спортын мастер Ж.Пүрвээ гэж хүн байна. Шуугилдан дассан дөрвөн жил өнгөрч бид нар бага сургуулиа төгсөв. Тэр үедтоо, монгол хэл, биеийн тамирын хичээл гол гурван хичээл байв. Цүнхээ шидчихээд бид сумынхаа урдхантаа байдаг Баян-Овоо уул руу уралдан гүйдэг байв. Баян-Овоон дээрээ гараад нэгнээ машины дугуйн дотор оруулж суулгаад овооны уруу өнхрүүлж тоглодог байлаа. Ийм хөг аялгуутай дурсамжтай он жилүүд өнгөрөөд тавдугаар ангид орохдоо зэргэлдээх Цээл сумын сургуульд бөөнөөрөө шилжиж“Газ тавин гурав” машин хөлөглөн Цээлд ирж байв.Тав зургадугаар ангиа Цээлийн сургуульд сурч төгсөөд долдугаар ангидаа төрөлх Алтай сумандаа ирсэн. Цээл суманд сурсан хоёр жилд гэрээ ихэд санацгаасан мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн жаалууд ”Цээлийн ус ширгэв, Цэгээн чулуу хагарав” хэмээн ам уралдуулдаг байлаа.Дотуур байранд байлаа. Цээл бол гүний худагтай. Худгийн ховоогоор ус татсанаас үлдсэн мөсийг авч долоож иддэг. Тэгж амьхандаа хүний нутагт “зүдэрч” үзсэн нь тэр байлаа. Долдугаар ангидаа буцаад Алтай сумандаа ирлээ. Тэр жил найман жилийн сургуультай болсон нь тэр.Сургуулийн захирлаар Г.Дугар гэж ахмад багш байлаа. Манай доод ангийн Ц.Гонгоржав гэдэг хүү биднийг сумын клубт бүжигт дагуулж орууллаа. Одоо тэр Р.Амаржаргал гишүүний бие төлөөлөгч хийж байна. Түүнийг дагаад бүжигт ороод бужигналдаж байтал сургуулийн захирал харчихлаа.“Наймдугаар ангийн хүүхэд яагаад бүжигт орж байна” гээд бид нарын шилэн хүзүүн дээрээс татаж сумын клубээс гаргаж билээ. Тэгж захиралд бангадуулаад, мулзан толгойтой нөхдүүд сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө загнуулан зогсч байлаа. Наймаа төгсдөгжил сумын наадам болж Бадрах маань сумандаа үзүүрлэж сумын начин болж, бид бөөн баяр болж байлаа. Тарвага, зурамны арьс, хатаасан эрвээхэй бэлдэж ирэх зуны даалгавартай. Охид хатаасан эрвээхэй, цэцэг их цуглуулдаг, тэрийгээ дэвтэрт хавчуулаад доор нь нэрийг нь биччихсэн их гоё цуглуулгатай. Хөвгүүд жаахан хүүхдүүд учир ан хийжчадахгүй, айлд малыг нь хариулж өгөөд оронд нь тэр айлаасаа өнөөх арьсаа авч ирдэг байлаа...

Бадамжав эмчийг шүлэг бичдэг, олон сайхан дуутай гэдгийгхүмүүс мэдэх болов уу. Гавьяат жүжигчин С.Батсүхийн дуулж олонд хүргэсэн н.Хатанбаатарын хөгжим “Бороон чимээ”, Цэрэндорж, Мөнхбаяр нарын дуулдаг, УГЗ Ч. Сангидоржийн хөгжим “Ээжийн цай”, Мэндбаярын хөгжим“Аж Богдын намар”, Балхжавын хөгжим “Сэтгэлийн гэгээ ээж” гэхчлэн. Тэрбээр “Элэгний өвчний үед гүүний саам хэрэглэх үндэслэл” сэдвээр Казахстанд докторын зэрэг хамгаалсан. Одоо “Элэгний өвчний шугаман эмчилгээ” сэдвээр судалгаагаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.Энэ нь элэгний өвчнийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрээр, амбулаториор эмчлэх боломжийг нээх судалгаа юм байна.

Эдний ангийн анхдагч сурагчдын нэг Бандийн Алтангэрэл одоо төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж байгаа гэнэ. Бадамжав эмчийн дурсамжийг ангийн хөвгүүн “Өдрийн сонин”-ы Аж ахуйн албаны дарга Батмөнх үргэлжлүүлэв. Тэрбээр Оросын Омск хотын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд жигтэйхэн их дурлаж явсан аж. Төгсөөд Сэлэнгийн Шаамарын сангийн аж ахуйд тракторч комбайнчаар 20 жил ажилласан гэнэ. Тэрбээр мөн л тэр жар далаад оны сумын сургуулийн хүүхдүүдийн амьдралыг нүдэнд харагдтал ярьж өгсөн нь:

-Дээхнэ үеийн багш нар хүүхдийг их сайхан сургадаг байсан даа. Мал аж ахуй руу явдаг байлаа. Заг түүлгэдэг байлаа. Бид заганд ангиараа явдаг байлаа. Манай Алтай сум заг их ургадаг нутаг. Тиймээс заг түүж сургуулиа галладаг байв. Өвөл мал нядалгаа болно. Хөвгүүд бид бойн дээр ажиллана. Тэгж ажиллаад тав зургаан төгрөгийн хөлс авдаг байсан байх аа. Манай Алтай сум мянган булагтай. Сумын хойд талд байдаг нэг булаг өвөл болохоор бараг багаахан нуур шиг тэлж хөлдөнө. Бид эсгий гуталдаа тэшүүрээ бэхэлж аваад тэр булгийнхаа мөсөн дээр өдөржин гулгадаг байлаа.Тав, зургадугаар ангидаа Цээл суманд сурч байхад өвлийн амралтаар биднийг “тавин гурав” машины тэвшин дээр суулгаад Алтай суманд маань авчирна. Сургуулиас замын хоол гэж адууны мах чанаж өгөөд явуулдаг байв. Замдаа машин нэг л зогсоно. Бид тойрч суугаад загаар задгай гал түлээд адууны махаа галд халааж идэн, хар цайгаа чанаж уугаад замдаа гардаг байлаа. Халаасан адууны мах идээд явахад дүн өвлийн хүйтэнд огт дааралгүй Алтайдаа хүрдэг байсан юм даг. Буцахдаа жаахан дургүйхэн явна аа. Эргээд Алтайдаа ирж долоо наймдугаар ангиа төгссөн. Ийн дурсаад ангийн найз Д.Дүгэртээ дурсамжийн дугараагаа шилжүүллээ. Дүгэрээ наймаа төгсөөд Архустайн трактор комбайны сургуульд оржээ. Төгсөөд Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд хорин жил комбайнчаар ажиллажээ. Тэргүүний тариачин алтан медаль, таван ижлийн гавшгайч болж байжээ. Газар тариалан хувьсгалын мэдлээс гармагц мэргэжлээ сольж, өдгөө эрчим хүчний нэгэн компанид авто механикчаар ажиллаж байгаа юм байна. Тэрбээр О.Батнасан багшийгаа ганц сайхан дурсмаар байна гээд ийм дурсамж ярьж өгөв. “Манай ангийнхан өвөл бойны ажилд дайчлагдана.Тэгэхдээ тэшүүрээр гулгаад давхиж очдог байлаа. Бадрах, Лувсанцэрэн бид хэд малын арьс ширийг дэлгэж хүлээлгэж өгнө. Тэгж тав арван төгрөг аваад, их мөнгө оллоо гэж баярлан дотуур байрандаа бөөн баяр хөөр болон ирдэг байж билээ. Багш маань биеийн тамирын багш учраас бид хэдийг дагуулаад тэшүүрээр дандаа гулгана. Тэр нь надад хэзээ ч мартагддаггүй, их дотно санагддаг юм” хэмээхдээ сэтгэл нь ихэд хөдлөн нүд нь гялалзаж байв.

Н.ПАГМА

Онцлох нийтлэлүүд