ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.01.26 12:01

Давсны хэрэглээг багасгах нь өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн өртөг багатай арга гэв

Монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их буюу 11.1 грамм, түүнчлэн 10 хүн тутмын найм нь таван граммаас их давс хэрэглэж байгаа юм. Давсны илүүдэл хэрэглээнээс шалтгаалсан артерийн даралт ихсэх, тархины харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүнгээр нотлогдож байгаа аж.

Үүнээс үүдэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёр үе шаттай арга хэмжээг 2018-2020 онд хэрэгжүүлж байгаа юм. 2018 онд зохион байгуулсан нэгдүгээр шатны арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн 101, 112, 226 дугаар цэцэрлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, "Атар өргөө" ХК, "Мах маркет" ХК, "Номадс", "Бродвей" сүлжээ хоолны ресторан, ТӨХК ТЭЦ-IV-ийн Эрчим зоогийн газар зэрэг 11 аж ахуйн нэгж, байгууллага дэмжин оролцсон. Нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн (чанамал болон хагас утлагат хиам, зайдас, элэгний нухаш, найман төрлийн талх нарийн боов; 23 төрлийн хоол)-д агуулагдах давсны хэмжээг дунджаар 29.4 хувиар буулгаж чадсан байна.

Энэхүү арга хэмжээг үргэлжлүүлж хоёрдугаар шатны арга хэмжээг 2019-2020 онд ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, МХХ, НЗАА хамтран хэрэгжүүлэх болсон. Тэгвэл өчигдөр “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээг орон даяар зэрэг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа ХХААХҮЯ-нд амжилттай болж өндөрлөв. Арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, БСШУСЯ, БХЯ, ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, ШУТИС, НБГ, НХХААГ, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Энэ үеэр “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээ салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж байгаа.

Цаашид давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалахад хоол, хүнс үйлдвэрлэгчдийн идэвх, санал санаачилга туйлын чухал гэдгийг дурдаад энэхүү арга хэмжээнд нэгдэн ажиллахыг уриалж байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле хэлсэн юм.

Монгол Улсад цусны даралт ихсэх өвчин нь хүн амын дунд тохиолдож буй зүрх-судасны тогтолцооны өвчлөлийн 49.2 хувийг эзэлж, 10 000 хүн амд 564.3, хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа аж. Түүнчлэн давсны хэрэглээг бууруулахад зарцуулсан зардал нь нийгмийн эрүүл мэндийн бусад үйл ажиллагаанд зарцуулсан зардлаас хамгийн өндөр үр ашигтай буюу давсны хэрэглээг бууруулах арга хэмжээнд зарцуулж буй 1 төгрөг нь 16 төгрөг болж өсдөг байна. ДЭМБ-ын шинжээчдийн баг Монгол Улс халдварт бус өвчин, түүнээс үүдэлтэй цаг бус нас баралтаас сэргийлэх хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга хэмжээ бол давсны хэрэглээг бууруулах интервенц гэж тодорхойлжээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол Улсын 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй, 25-64 насны 10 хүн тутмын найм нь хоногт таван граммаас их давс хэрэглэж байгаа ба үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хоолны 83-86 хувь нь давс ихтэй байгааг судалгаагаар гаргажээ. 2015-2025 онд хэрэгжүүлэх “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегид заасанчлан давсны агууламжийг 40 хувь хүртэл бууруулах, хэрэглэгчид давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх өргөн сонголтыг бий болгох, улмаар монгол хүний давсны хэрэглээг бууруулах, эрүүл мэндийг сайжруулахад хүнс болон хоол үйлдвэрлэгчдийн үүрэг, оролцоо дэмжлэг хэрэгтэйг дурдаж байлаа.

Энэ талаар НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагтай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр давсны хэрэглээг анхааралдаа авч багасгах талаар ярьж байна. Манайд ч энэ талаар арга хэмжээ явуулаад эхэллээ. “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэв?

-Энэ арга хэмжээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв санаачлан ХХААХҮЯ, ЭМЯ, МХЕГ-тай хамтран 2018-2020 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний шатны арга хэмжээг өнгөрсөн 2018 оны 1-10 дугаар сарын хооронд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Хүнсний бүтээгдэхүүн болон хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 11 аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн санаачилгаар оролцож, 46 нэр төрлийн хоол болон хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг 29.4 хувь бууруулж чадлаа. Хоёрдугаар шатны арга хэмжээ 2019-2020 онд нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгийн бүх сумыг хамруулан үндэсний хэмжээнд үргэлжлэх юм. ДЭМБ-ын аргачлалаар 2011 онд хийсэн “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар 25-64 насны таван хүний нэг нь давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний талаар ойлголт мэдлэггүй, 10 хүний нэг нь давс их хэрэглэхэд цусны даралт ихсэхэд нөлөөлөхгүй гэсэн буруу хандлагатай, 20 хүн тутмын нэг нь хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх шим тэжээлийн мэдээллийн давсны агууламжийг шалгаж авдаггүй гэсэн үр дүн гарсан.Давс хэдийгээр хоол, хүнсэнд амт оруулан идэх дур хүслийг өдөөж, хүний биеийн эд эсийн шингэний солилцоо хэвийн явагдахад чухал үүрэгтэй ч хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь дэлхийн эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон.

Хүүхэд анхны нэмэгдэл хоолонд орох үеэс эцэг эхчүүд хүүхдийнхээ бантан, каш болон бусад хоолонд нь давс нэмэх, давстай цай, хярам өгөх зэргээр давсны амтанд аажмаар дасгадаг. Цаашид амьдралынхаа туршид өдөр бүр давс хэрэглэдэг. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины харвалт, ходоодны хавдар, яс сийрэгжилт, цөс чулуужих, бөөрний чулуужилт зэрэг өвчин эмгэг үүсэх томоохон шалтгаануудын нэг. Эдгээр өвчнөөр өвчлөгсөд, нас барагсадын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Давсны хэрэглээ 1 граммаар нэмэгдэхэд цусны даралт 4мм мөнгөн усны баганаар нэмэгддэг. Дэлхийн хүн амын нийт нас баралтын 70 хувийг халдварт бус өвчний нас баралт эзэлдэг гэсэн тоо баримт бий. Артерийн даралт ихсэлт нь тархины харвалтаар нас баралтын шалтгааны 51 хувь, зүрхний шигдээсээр нас баралтын шалтгааны 45 хувийг тус тус эзэлж байгаа юм. Зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоо 2030 он гэхэд 23.3 сая болж өсөх хандлагатайг анхааруулж байгаа. Энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд тэрбум гаруй хүн зүрх судасны өвчнөөр нас барах магадлалтай. Хоол, цай болон хоногийн туршид хэрэглэж буй бүхий л хүнсний зүйлд агуулагдах давсыг нэгтгээд насанд хүрсэн хүн хоногт таван грамм давс хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгосон. Учир нь ердийн үед хүний бөөр хоногт хоёр грамм натри буюу таван грамм давсыг хүлээн авах, шимэгдүүлэх, биеэс гадагшлуулах чадвартай. Хоол хүнсээр бидний биед орж буй натрийн 90 гаруй хувь бөөрөөр дамжин шээсээр гадагшилдаг. Өнөөдөр дэлхийн олон оронд хүн амын хоногийн давсны хэрэглээ өндөр байна. Давсны хэрэглээг багасгах нь дээрх өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн өртөг хямд, олон хүнд хүрч чадах, үр дүнтэй арга хэмжээ юм. ДЭМБ-ын Халдварт бус өвчнөөс 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг таван граммд хүргэх, үүний тулд үндэсний стратеги, төлөвлөгөө хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын засгийн газарт үүрэг болгосон.Монгол хүний давсны бодит хэрэглээг тогтоох, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг судлах, давсны зохистой хэрэглээний талаар хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах асуудлаар хүнс, хоол үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах, жижиг туршилтын төсөл хэрэгжүүлэх зэрэг нэлээд ажлууд хийгдэж байна.

-Монголчууд хэр их давс хэрэглэдэг юм бол. Давс ихтэй бүтээгдэхүүн юунд хамгийн ихээр агуулагдаж байна?

-Монголчуудын давсны хэрэглээ насанд хүрсэн хүний хоногийн дунджаар 11.1 грамм байгааг “Хүн амын давсны хэрэглээ” судалгаанд хамрагдагсдын 24 цагийн шээсэнд хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Бид үүнээс хоёр дахин их, зарим аймагт гурав дахин их давс хэрэглэж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал л даа. Судалгаанд хамрагдсан хүн амын 83.6 хувь нь хоногт таван граммаас их давс хэрэглэж байгаагаас үзэхэд хүн ам нийтлэг давс их хэрэглэж байна гэсэн үг. Давстай цайг манайхнаас өөр хүмүүс хэрэглэдэггүй. Харин бид кимчи, далайн байцаа, цуу, жанг аль алийг нь хэрэглэдэг шүү дээ. Цайгаа давсгүй уудаг хүмүүстэй харьцуулахад давстай хүмүүсийн хоногийн давсны хэрэглээ хоёр граммаар их байгаа. Зарим оронд хийсэн судалгаагаар хоногийн давсны хэрэглээний 11 хувийг байгалиасаа давс агуулсан бүтээгдэхүүн, 77 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, 12 хувийг хоол бэлдэхдээ хэрэглэж буй давс эзэлдэг. Харин бидний хувьд давстай хоол, цай ихэнх хувийг эзэлж байгаа. НЭМҮТ-өөс 2011 онд хийсэн судалгаагаар хоногийн давсны хэрэглээний 46.2 давстай цай, 33.5 хувийг давстай хоол, 20.3 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн эзэлж байсан. Бусад оронтой харьцуулахад Монгол хүний хоногийн давсны хэрэглээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн бага хувийг эзэлж байгаа ч хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь “Давс ихтэй буюу хэрэглэхээс татгалз” гэсэн ангилалд багтаж байсан. Манайхны хоногийн давсны хэрэглээг бууруулахын тулд хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, хүнс импортлогч, нийлүүлэгч, хүн амд чиглэсэн бодлого, арга хэрэгжүүлэх шаардлагатай. Түргэн хоол, утсан, хагас боловсруулсан, нөөшилсөн махан махан бүтээгдэхүүн, лаазалсан болон шилтэй ногоо, төрөл бүрийн салатууд, хоол амтлагч, цуу, жан, чипсд давс ихээр агуулагдаж байдаг.

-Бүтээгдэхүүнийхээ давсыг бууруулах асуудлыг хүнс үйлдвэрлэгчид хэр нааштай хүлээн авч байгаа вэ. Зарим хүнс үйлдвэрлэгчдийн дунд давсыг багасгачихвал бүтээгдэхүүний амт муудаж, борлуулалт буурна гэсэн болгоомжлол байгаа байх?

-Давс бууруулах санаачилгыг дэмждэг үйлдвэрлэгчид олон бий. Бүтээгдэхүүний давсыг багасгахаар борлуулалт буурна гэж гэсэн болгоомжлол үйлдвэрлэгчдийн дунд байдаг. Гэхдээ "Талх чихэр" хувьцаат компанийн бүтээгдэхүүний борлуулалт 2011 оноос хойш эрс нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид эрүүл мэндээ илүү анхаарч, аль болох эрүүл хүнсийг сонгож байгаа. Давсны хэрэглээг бууруулах талаар сургалт, сурталчилгааны ажлууд ч багагүй хийгдэж байна. Дэлхий нийтийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бүтээгдэхүүний борлуулалт, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх боломж гэдгийг хүнс, хоол үйлдвэрлэгчид сайн мэддэг. АНУ-д давс бууруулах санаачилгыг эхлүүлэхэд хүнс үйлдвэрлэгч нараас нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан гэдэг. Бүтээгдэхүүний давсыг бууруулах асуудал нь сайн дурын, эсвэл албан журмын гэсэн 2 хэлбэрээр зохицуулагддаг. Ихэнх улсад тусгай хөтөлбөр, бодлого эрх зүйн орчинд албан журмаар зохицуулагдаж байгаа. Харин бүтээгдэхүүний давсыг бууруулснаар борлуулалт нь нэмэгддэг болохыг бусад орны туршлага харуулж байгаа. Давсны хэрэглээг багасгах нь хүн амын дундах цусны даралт ихсэлт, ходоодны хавдар, цөс чулуужих, бөөрний чулуужилт зэрэг өвчний тархалт, зүрхний шигдээс, тархины харвалтаас үүдэлтэй нас баралтыг бууруулах хамгийн хямд, өргөн хүрээтэй, үр дүнтэй арга болохыг би дээр дурдсан. Англи улсын туршлагаас харахад 2008 оноос хүн амын давсны хэрэглээг 9.5-8.6 грамм буюу 10 хувиар бууруулах хоёр жилийн стратеги хэрэгжүүлсний үр дүнд жилд 26 мянган тонн давсыг хэрэглээнээс хасч, зургаан мянган хүнийг зүрхний шигдээс, тархины харвалтын нас баралтаас аварч чадсан. Англи улс үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний давсны агууламжийг 20-40 хувь, гэртээ хэрэглэж буй хоол, хүнсний давсыг 40-50 хувь бууруулах зорилтууд дэвшүүлж амжилттай хэрэгжүүлсэн. АНУ хамгийн их борлуулалттай 16 том үйлдвэрийн 85 хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах зорилттой ажиллаж байна.

-Зарим хүмүүс ямар ч давс хэрэглэдэггүй гэдэг?

-Давс хэрэглэхгүй нөхцөл бидэнд яагаад ч байх боломжгүй л дээ. Яагаад гэхээр сүү, хонины мах, жимсэнд ч натри байдаг. Натри агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн бараг байхгүй. Огт давс хэрэглэхгүй байхад давсны дутагдалд орно гэж байхгүй.

-Хувь хүн давсны хэрэглээгээ хэрхэн багасгах вэ?

-Давсны хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй алхам бол шинээр хүнс худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний шошгыг харж, аль болох давс багатайг нь сонгох хэрэгтэй. Мөн цайны давсны амтыг аажмаар сулруулах хэрэгтэй. Давсгүй амтанд дасах хүнд асуудал биш шүү дээ. Давстай цайны оронд жимстэй цай, лемонтой цай зэрэг бидний хэлж заншсан байхуу, буцалсан ус, цэвэр ус хэрэглэж болно. Хоолны давсаа багасгах, хоолоо давсаар биш цагаан гаа, лимон, хөмүүл, гоньд, таана, жууцай, халиар, яншуй, саримс, мөн давс ороогүй бусад амтлагчаар амтлах хэрэгтэй. Төрөл бүрийн шинэ ногоо, жимс, самар, цагаан идээг түлхүү хэрэглэж болно шүү дээ. Долоо хоногийн нэг өдрийг давсгүй өдөр болгож болно. Ялангуяа албан байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, мөн цэргийн ангид хэрэгжүүлж болно шүү дээ. Хүүхдийг багаас нь давсны амтанд дасгахгүй байх нь хамгаас чухал. Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо натрийн агууламж багатай бүтээгдэхүүн, хоол байгаа эсэхийг асууж лавлах хэрэгтэй. Энэ нь хүнс, хоол үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ давсны агууламж, давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Энэхүү арга хэмжээ маань бүтээгдэхүүнээр дамжуулаад эрүүл хүнс иргэддээ санал болгохоор зорьж байна. Бид хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр гэрлэн дохиогоор тэмдэглэгээ хийнэ. Давс багатай бол ногоон, дунд зэргийн давстай бол шараар, их байвал улаанаар тэмдэглэх юм.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” II шатны арга хэмжээ амжилттай хэрэгжихэд бүх шатны боловсролын байгууллага цэцэрлэг, ЕБС, их, дээд болон тусгай мэргэжлийн сургууль, эмнэлэг, хүнсний үйлдвэрүүд, нийтийн хоолны газрууд, зохион байгуулалттай хооллодог цэрэг, анги нэгтгэл, үйлдвэр аж ахуйн газруудын оролцоо, хамгийн чухал үүрэгтэй. Энэхүү арга хэмжээний үр дүнд зах зээлд нийлүүлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн болон хоолны давсны агууламж 40 хувь хүртэл багасч, олон улсын стандартад нийцсэн, давс багатай бүтээгдэхүүн, нийтийн хоолны нэр төрөл, хэрэглээ нэмэгдэнэ хэмээн онцолж байв.


Онцлох нийтлэлүүд