ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.06.20 11:06

Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж

-фельетон-

Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн  далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.

Парламентын шийдвэрийн дагуу Иргэний бүртгэлийнхэн ч  шуурхай ажиллаж  иргэн “Далайхүү”-гийн нэрээс Монголд байхгүй их усны нэрийг хассанаар уг ажил цааш өрнөж. Иргэн гомдол гарган шүүхдсэн  боловч 

-Чиний нэрээс “Далай”-г нь хасаад “хүү”-г нь үлдээсэн нь багадаа  юу? Олон таван юм ярьдаг ийм чалчигнасан этгээдэд “хүү” гэдэг тодотгол ч зохихгүй байна. Иймд нэрийг нь “охин” болго гэсэн шийд гаргасан гэх.  Өглөө Далайхүү нэртэй гэрээсээ гарсан хархүү оройдоо “оргүйд орвол охинтой”  төдий амьтан харьсан түүх энэ болой.

Түүнчлэн  бөхийн цолноо нэр дурдагдаж буй “заан, арслан” манай оронд бий билүү? Хаанахын ямар орны амьтны нэрийг, ямар зорилгоор манай улсад  хэрэглэж байгаа билээ гэсэн  хардлага ч гарчээ. Түүгээр ч барахгүй “Муусайн Азийн эрлийзүүд монгол бөхөөс савраа тат” сэдэвтэй эсэргүүцэл хийгээд амжиж. Учир нь заан, арслан хоёр нь Монголынх биш боловч Азийн унаган амьтан юм байна.


Харин өөдрөг үзэлтнүүд “Богд хаан заан тэжээж, Улсын цирк арслантай байсан үе бий” гэсэн санааг хэлж байна. Гэвч олж ирээд тэжээе гэхнээ ч олдохгүй “гарьд” л хэцүү байна гэлцэв.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг ч бас өөрийн гэсэн байр суурьтай аж. Монгол бөхийн цолонд хүйсийн тэгш байдал алдагдаж ирснийг засах цаг болсон гэж тэд үзжээ. Иймд наадмын үндэсний бөгөөд жендерлэг шинжийг хангахын тулд “Эрслэн”, “эмзаан”, “өндөглөгчгарьд” цолыг зэрэгцүүлэн хэрэглэх хуулийн төслийг өргөн бариад байгаа аж.

Хүн нь эх оронсог байхын хэрээр нэр цол нь эх оронлог болдог. Сүүлийн үед газар шороогоо гэсэн сэтгэлтэй айлууд хүүхдэдээ Газархүү, Шороомаа гэхчлэнгийн нэр өгч эхэлсэн сайхан эхлэл ч байна. Тийм болохоор эх орны хүчирхэг, том амьтан болох баавгай, хандгай, бугын нэрийг наадмын талбайд дуудуулахад нутаг орны лус, савдаг баярлана уу гэхээс гомдохгүй. Монголын нууц товчоо “Бөртө Чоно, Гоо марал...” хэмээн эхэлдэг байтал “аймгийн марал, улсын чоно”  гэхчлэнгийн цол наадмын дэвжээнд байхгүй байгааг юу гэж ойлгох вэ?

Дашрамд дурдахад аугаа их өвөг дээдсийнхээ онгон шүтээний нэрийг хэрэглэсэн практик “Чонон” Борис(хүний нэр), “Азийн чоно” (архины брэнд)гэсхийгээд дуусч байгаа нь бодууштай асуудал юм.

Түүнчлэн монгол хүнд ач буянаа хайрласаар ирсэн таван хошуу малаа дээдлэх нь наадмын нэг хэсэг байгууштай. Үхэр, тэмээ, адуу бол бяртай, том ч амьтан учраас бөхийн цол байхад болохгүй юмгүй. Үхрийг дотор нь монгол, сарлагаар ялган бөхийнхээ мөн чанарыг тодотгох боломжтой. 

Харин хонь, ямаа жижиг биетэй учраас “чимэг” болгон хэрэглэхэд таарна. Олон жил нэгнийгээ өшиглөж барилгүй номхон томоотой барилдсан бөх “хонь” чимэгтэй байхад гэмгүй. Тендер мээндрээс эхлээд юм л харагдвал дээр нь гарах сонирхолтой, албан тушаал харагдвал л авирдаг зарим нь ямаа чимэгтэй байхад таарамжтай мэт. Монгол ямаа гэр дээр гарах дуртай бол монгол бөх төр дээр гарах дуртай байдаг нь нэгийг өгүүлэх мэт. Энэ бол Монголын маш сайн малчдын нийгэмлэг (ММСМН)-ийн санаа.

Ардчилсан хүчний зарим гишүүд нам дотроо ротаци хийж ирсэн туршлагаа хуваалцахыг хүссэн байна. Тэд морины цолыг бөхөд, бөхийн цолыг моринд сольж олгон ротаци хийх замаар наадмаа шинэчлэхийг хүсчээ.

Инженерүүдийн санал ч бас сонин. Тэд бөхийн цол сэлт нь даяаршил хийгээд технологийн дэвшлийн нэгэн хэсэг байгууштай. Иймд хүчирхэг техникийн нэрээр алдарт бөхчүүдээ цолломоор байна гэв. Ухаандаа аварга  бөх нар маань яагаад “локомотив” цолтой байж болохгүй гэж. Олон зуун тонн мод нүүрсийг  урагш, хойш чирээд зөөдөг локомотивын сүр хүч, бяр чадал хязгааргүй гэдгийг  хэн хүнгүй мэднэ.

Түүнчлэн монгол хүний толгойд бүлтүүзэр (бульдозер) гэхээр техникийн хүч чадлын тухай төсөөлөл буудаг. Бас Камаз байна. Ер нь иймэрхүү цол нь Монгол орон маань бүтээн байгуулалт, уул уурхай дээрээ суурилан босч хөгжихийн бэлгэдэл болно. Бөхийнхөө цолыг “Зүүн талын магнайд байгаа улсын Катарпиллар миний бие...баруун талын жигүүрт байгаа аймгийн Камаз чиний биеийг  тэврэн... (тэврэн гэнээ хэ хэ)...амлан авч..” гэх маягаар дуудахыг харсан гадныхан манай хөгжлийн түвшин, технологийг бишрэн гайхах буйзаа.

Төгсгөл: Бөхийн талаархи төрийн бодлого нэг талыг барьсан, өрөөсгөл шинжтэй байгаа нь нууц биш.Олон ч жил тэвчлээ. Өнөөдөр ярих цаг нь болсоон гэж үзэж байна... Яг хэлчих гэхээр юм санаанд орж өгөхгүй байгаа боловч нэг талыг барьж байгаа нь тодорхой л доо, тодорхой.(Ер нь ингээд хэлчихээр зөвдөөд байдаг юм. Угаасаа нэг зэрэг хоёр талыг баримталж болохгүй юм чинь)


Онцлох нийтлэлүүд