ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.13 01:06

Дандар гуай “Дайн гэдэг хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл буцмаар ч юм биш” гэдэг сэн


Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын 100 жилийн ой өнөө жил тохиож байгаа юм. Уг ойг тохиолдуулан Дандар баа­тар­тай хамгийн ойр явсан хүмүүсийн нэг ардын уран зохиолч Пунцагийн Бадарч­тай ярилцсанаа хүргэж байна.

-“Домогт Дандарын морин жолооч явлаа, би” гэсэн таны дурсамж тэмдэглэл байдаг. Он жил улирах тусам түүх домог мэт хэлцэгдсэн тэр хүнтэй ойр дотно явсан дурсамж дурдатгалаасаа хуваалцана уу?

-Өнөө жил Дандар гуайн минь 100 насны ой тохиож байна. Сэрүүн тунгалагтаа “Би чинь Бал даргаас хоёр насаар ах юм шүү дээ” гэж хэлдэг байж билээ. Миний бие Монголын нэр цуутай баатруудтай ойр дотно явжээ. Дүүдээ, Жам­баа, Данзанваанчиг, Дам­пил,Төмөрбаатар гээд олон хүнийг нэрлэж болно. Гэхдээ тэр бүгдээс Дандар гуайтайгаа л их ойр байж. Ямар сайндаа л “морин жолооч нь явлаа” гэхэв. Дандар бол гарамгай баатар гэдэг нэрэндээ дүйсэн, жинхэнэ монгол эр хүний хэмжүүр байсан юм шүү. Баатар гэж ийм л хүн байдаг байхдаа гэх бодол төрнө. Тэрээр юмыг чин үнэнээр нь л хэлнэ. Хүнийг худлаа магтаад байхгүй, аливаад тэгтлээ хөөрч дэврэх юм уу, мань мэт шиг нь нялганах, нялцганах зүйл даан ч үгүй дээ. Гэхдээ дотоод сэтгэлдээ бол асар их гуниг зовлон хадгалсан хүн байсан шиг санагдана. Архи уусан ч, шатар тавьсан ч, аян замд дөрөө нийлэхэд ч баатар машид бодлогоширч явдаг сан. Сэтгэлд нь гуниг их хурсны илрэл болов уу.

Намайг хүмүүс Дандар баатар­тай ойр дотно явж, агуу их Лууяа(Дагвын Лувсаншараваа рхэлж байна)-тай уран бүтээ­лийн анд нөхөд явсан гэхээр амьтан хүн үнэмшихгүй байх. 

-Яалаа гэж, та ч өөрөө яруу найргийн домог болсон хүмүүсийн нэг дээ. Дандар баатартай хэрхэн танилцсан тухайд чинь сонирхмоор байна?    

-Бүргэдийн даль шиг нөмрөгөө дэрвүүлсэн, алаг морьтой залуухан Дандарыг Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд өгөр самуурайнуудыг цээж толгой хоёрын нь дундуур сэлмээрээ тоолж явахад, би гэгч арьсан өлгийд сүүл хөхсөн улаан цурав үрчийн хэвтсэн минь ёстой түүхэн үнэн л дээ. Гэвч надад тэр хүний “морин жолооч” явах хувь эртээ тохиосон юм. Тавин нэгэн оны зун аав ээжтэйгээ, ээжийн эгч гэж хөгшинтэй Жанчивлангийн рашаан хүртэхээр нутгаасаа гарч, замдаа Төв аймгийн Баян сум одоогийн Төмөр замын өртөөний наадамтай таарч билээ. Уг наадмын гол сонин өнөөгийнхний хэлдгээр сенсаци нь Дандар баатар байв. Мань хүн улсын начин Хөхөөгийн хамт тухайн баярт барилдахаар ирсэн дуулддаг юм. Арванхоёр настай жаалхан надад өнөөх домогт Дандарыг харах хүсэл гозолзож байсан нь мэдээж. Тэгтэл наадмын хоёр дахь өдөр Дандар баатрыг хажуунаас нь морьтой залуус дайрч хөлийг нь бэртээсэн яриа гараадахав.  Ингээд Дандар барилдах эрхгүй болж, Хөхөө начин түрүүлэх нь тодорхой болсон хэрэг. Энэ бүхнийг би яаж мэдэх билээ. Ааваасаа л сонч байгаа ухаантай. Наадмын сүүлчийн өдрийн орой бид олны хөлөөс зайдуу буугаад, гэрийнхээ хонины гэдэс чанаад  байж байтал морин туурай тачигнан, дөрөө харших чимээ гарч, яах ийхийн зуургуй өнөө миний хүсэн хүлээсэн Дандар баатар чинь Хөхөө начинтайгаа хамт ороод ирдэг байна шүү. Миний айж байна гэж юүхэв. Айх хэд хэдэн шалтгаан байсан. “Сэлэм гялс,толгой бөндгөс”  гэдэг домогт баатар үдэш оройн цаагаар гэрийн хаалгаар багтаж ядан орж ирэхэд над шиг жулдрай нь байтугай, хэн хүнгүйл айна, бэргэнэ. Мөн тухайн үед Дандар гуай шоронгоос дөнгөж гараад Төв аймгийн хэдэн сумдаар баахан төрхгүйтэж, янз бүрийн л яриа хөөрөө дуулддаг байсан цаг. Айлын уяан дээрээс эмээлтэй морийг нь, авдар дээрээс мөнгөн аягыг нь  өвөртлөөд мордож гэнээ гэж яригддаг сан. 

-Тэр үдэш ирээд чухам юу ярьж байсныг та санадаг уу?

-Санахаар барах уу. Дандар гуайг анх харсан тэр үдэш санаа сэтгэлээс гардаггүй юм. Аавтай наадам найр, нутаг усны тухай ярьж байтал тогоон дээрх гэдэс боллоо. Хөхөө начин тэр хоёр гэдэснээс огтолж, гогцоо цус хэд хэд явуулчихаад хойш суулаа. Удаа ч аав нэг архи гаргадаг юм. Одоо бодох нь ээ, манайхыг хүн амьтнаас сураглдаж ярилцаад авдрандаа ганц “юм”-тай байж магадгүй хэмээн өнөө хоёр ирсэн байж ч болох юм. Ганц нэг тагү юм тогтоосны дараа Дандар гуайн яриа хөөрөө ч задгайраад, миний айдас хүйдсийн ч хүлээс алдуураад сайхан болоодов. Тэгтэл Дандар манай ээжийн эгч хөгшнийг заагаад “Би яг ийм ээжтэй байсан хүн. Дандаа л байлдаж, дайтаж муу ижийнхээ амар заяаг үзүүлээгүй дээ” гээд өнөө баатар чинь уйлдаг юм байнаа.

-Өө за…Та чинь алаг морьт Дандартай анх уулзаад л нулимсыг нь үзсэн байх нь ээ?  

-Сүүлд бодож байх нь ээ, би гэдэг хүн Дандар гуайнхаа уйлахыг хэд хэдэн удаа үзсээн. Тийм хүн одоо Монголд надаас өөр байхгүй л болов уу гэж  санах юм. Хөхөө начин, Дандар баатар хоёр аавтай баахан ярилцаад явах боллоо. Аав минь жаалхан намайг хөтлөөд “Хүү минь, хоёулаа Дандар баатрыгаа мордуулж өгье” гэдэг юм. Ингээд аавтайгаа хамт гартал Дандар цагаан бор мориныхоо хааг алгадан хэвтүүлж мордоод шөнийн гүн харанхуйд морин туурайн чимээ нь  тачигнан алсраад одож билээ. Баатрыг анх харсан сэтгэгдэл энэ. Харин дотносож нөхөрлөсөгн минь сүүл л дээ. Миний бие 1976-1993 он хүртэл Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад утга зохиолын эрхлэгч гэдэг алба хашсан ухаан­тай. Тэр үед “Батлан хам­гаа­лахыг сурталчлах сарын ажил” гэж сүртэй дуулиантай юм болдог байв. Энэ ажлаар Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Увс, Завхан аймгуудад Дандар гуайтай хамт, дээрх аймгуудын хичнээн ч сумаар явсан юм бэ дээ. Улаанбаатарт хотод ч  цэргийн ангиудад уулзалтад очиж, сүүлдээ гэр орноор нь ч орж гардаг дотно нөхөд болсон юм. Хөдөө явахдаа Дандар гуайг халамжилж энгэр дүүрэн олон одон тэмдэгтэй, бараг л сум нэвтлэхийн аргагүй жигтэйхэн хүнд хүрмийг нь өмсгөх тайлах, “маллаж” явах үүрэг надад ирнэ дээ. Хаана ч очсон Дандар гуай надтай хамт нэг өрөөнд л орно. “Намайг Бадарчтай оруулна шүү” л гэнэ. Тэр нь сайндаа ч биш. Нийлж ганц нэг “юм”-ны бөглөө мулталдаг л байхгүй юу. Далаад оны төгсгөлөөс наяаад оны сүүл үе хүртэл Халх голын ахмад дайчид олонх нь сэрүүн тунгалаг байж. Сум болгон дээр Дандарын цэргүүд архайн баатартай ирж үнсүүлж, идээ ундаа болон хууч хөөр болдог сон. Манай хүн бусдын өгсөн бэлэг сэлт энээ тэрээг шууд л над руу явуулж, “манай морин жолоочид өг” гэнэ. Дандар гуайгаар морин жолооч гэж өөрийгөө хэлүүлэх дуртай. Дайны үед шадар туслахыг нь “морин жолооч” гэдэг байсан юм даг уу даа. 

-Дандар гуайтай хөдөөгүүр явахдаа осолд орж, баатрын нэг нүд хараагүй болсон золгүй явдал та хоёрт тохиосон байдаг? 

-Увс аймгийн баруун талын сумдаар явж байгаад машины осолд орсон юм.  Улаан­баатараас Улаангомд онгоцоор буугаад сумдаар “ГАЗ-66” машин хөлөглөж явлаа. Нүүр нүдгүй цасаар шуурч байхад  бид “жаран зургаа”-гаар дайруулж яваад гуу жалган дээгүүр харайлан урд талын цонхны шил хага үсэрч Дандар баатрын зүүн талын нүд, зовхийг нь зүссэн байлаа. Бид гэдэг нь  БХЯ-ны Соёлын хэлтсийн дарга, хурандаа буурал Болд, Увс аймгийн Намын хорооны харийн бичгийн дарга Цэрэннадмид бид хэд л дээ. Арай гэж цусыг нь тогтоогоод, хоёр дарга айл руу гүйлээ. Би Дандар гуайтай хоёул үлдэж цасан шуурганаар гадаа гарч зогслоо. Даарч бай­на гэж юүхэв. “Дандар гуай өвдөж байна уу” гэхэд,  “Өвдөж байна шүү. Би дайны үед нэг японтой ноцолдоод гуя руугаа бууны хутган жадаар хоёр ч дүрүүлсэн, сургагч орос маань золоор ирж шархыг минь боогоод цус алдуулахгүй гэж холбооны кабель утсаар гуяыг минь тасартал хэрж билээ. Тэгэхэд ингэж өвдөөгүй шиг санах юм” гэж яс янгинатал хариулт өгч билээ.

Оройхон хэрд аймгаас эмч нар ирлээ. Одоогийн гавьяат, доктор Цэгээнжав, мөн  Сүрэнжав гэж мөн л доктор нүдний их эмч сайхан бүсгүй ирж байлаа. Ойрх сумдын эмч нар ч ирцгээсэн. Машины зөөдөг гэрэл тавьж байгаад нүдийг нь эмчилж оёдол хагалгаа ч хийв. Болд дарга, баатарт хандан “Төвөөс Ёндон сайд цахилгаан ирүүлжээ. Таныг буцаа, онгоц явуулна гэнэ ээ” гэхэд Дандар гуай “Цэргийн  хүн үүргээ биелүүлээгүй хэзээ буцаж байсан юм. Би цаашаа сумдаар явна. Цаад Ёндон генералдаа намайг ингэж байна гэж хэл” гэдэг байгаа. Тэгээд л бид ёстой үүргээ биелүүлж дөрөв хоног яваад аймаг дайрч хаалтын тоглолт уулзалтаа хийгээд Улаанбаатарт ирж билээ. Түүнээс хойш Дандар гуайн нэг зүүн нүд хараагүй болсон доо, хөөрхий минь.

-Дандар гуай хүмүүстэй уулзахдаа юу ярихав. Дайтаж тулалдаж явснаа ярьдаг байв уу. Гарамгай баатар цолоо хураалгаж шоронд сууж байсан. Тэр тухайгаа дурсах уу?

-Тэр олон уулзалт үдэшлэгт хамт байж, аян замыг туулж явахдаа Дандар гуайг ихэмсэг зан гаргаж байхыг нэг чиг хараагүй. Мань мэт түүний оронд байсан бол яаж онгирч сагсуурч, агсамнаж, галзуурч байх бол доо. Дандар гуай хүний зовлонг, хүний хорвоог таньсан хүн байлаа. Галын шугамд ойртох тусам сайн хүмүүс олширдог гэдэг биз дээ. Аливаа уулзалт дээр цөөхөн хэрнээ жинтэй үг хэлнэ.  Ямар ч уулзалтын төгсгөлд “Дайн гэдэг чинь хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл бас буцмаар ч юм биш дээ” гэдэг сэн. Дайн байлдааны тухай, япончуудыг алж хядаж явсан тухайгаа, өөрийнхөө эр зоригтойы байснаа ярих их дургуй. Нэг удаа уулзалтаас ирчихээд намайг загнадаг юм. “Ямар олон юм ярьдгийн. Эх орон, тусгаар тогтнол , урлаг утга зохиол гээд баахан юм ярихын. Хэнд хэрэгтэй юм. Шүлэг зохиолоо одоо бага унш” гэж билээ. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө галын шугамд явсан хүний үг юм даа гээд л би дуугуй өнгөрсөн. Дандар гуайн өөдөөс би юу хэлэх билээ. Над руу нэг чиг удаа муухай харж байсангүй. Гэхдээ би түүнээс айдаг байлаа.  Алаг мориных нь тухай хүмүүс их асууна. “Алаг морийг минь, Одсүрэн Хянганы нуруунд ёс төртэй оршуулсан гэж надад захиа бичсэн” гэж нэг удаа хэлж билээ. Одсүрэн гэдэг нь Дандар гуайн найз дайны жилүүдэд хороо, дивиз командалж явсан цуутай хурандаануудын нэг шүү дээ. Алаг морь, Дандар хоёр болл үнэндээ домог л доо. 1939 онд БНМАУ-ын гарамгай баатар цолыг олгосон байдаг.  Гарамгай гэсэн чимгийг нь маршал Х.Чойбалсан өөрөө биечлэн оролцсоноор тусгайлан тодотгосон ч гэдэг. 1945 оны чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна. Цэргүүдийнх нь хүнсний үхрийг булаах гэсэн орос цэргийн даргыг буудан хороосон тухай яриа бий. Тэр тухайгаа баатар ярих, би ч асууж байсангүй. Гавьяат Шагдар Булганд явах үеэх зочид буудалд хоёул шатар тавьж суухдаа “Та ЗХУ-ын баатрыг буудаж алсан юм уу” гэж асуутал Дандар, Шагдарыг үсдэж аваад шатрын хөлөг гурав мөргүүлсэн гэдэг юм. Дандар гуай Монголын төрд их гомдсон. Чойлбалсанд ч, Цэдэнбалд ч их гомдсон. Би түүнийг хошой баатар гэж хэлэх дуртай. Яалт ч үгүй Монгол Улсын баатар гэх цолны зарлигийг хоёр удаа сонссон хүн. Далан насных нь ойгоор Бал даргыг хошой баатар өгчих болов уу гэж амихандаа горьдож байлаа. Тэгтэл Сүхбаатарын одон өгсөн юм даг. Дандар баатрыг Монгол Улс олон ч тамласан даа. Шоронд хорьж, Дорнод Улаанбаатар хоёрын хооронд пүүлэн машин бариулсан, япончуудтай Туул голд сал урсгасан, Зэлтэрийн сангийн аж ахуйн ойролцоо аваачиж,  хятадуудын эрлийзүүдтэй үзүүлсэн, за тэгээд баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тусгай ажиллагаанд гурван ч удаа явуулсан. Халх голын дайны талбарт тодорёон Дандарыг ингэж л Монгол төр тамласан байдаг.

-Гэр орноор нь очиж байснаа дурсахгүй юу. Үр хүүхэдтэй хэр ойр билээ?

-Үр хүүхдийг нь нэг сайн мэдэхгүй. Зүүнбаянд офицер байсан нэг хүүг нь мэдэхээс цаашгүй. Гэр орноор нь бол очилгүй яахав. “Ард” кинотеатрын тэнд гэр нь байлаа. Батаа генерал тэдний хоёр хөрш зэргэлдээ байсан. Гэрт нь хүрч очиход бусадтай шатар нүүчихсэн л сууж байдаг сан. Дашдооровтой хамт очсон маань санаанд байна. “Сайн байна уу, баатар аа” гээд л би сагсаганана л даа. Дандар гуай “сайн” гэчихээд л сууж байна. Диван орных нь ард байлдааных нь сэлэм өлгөөтэй байж байна. Дооров сахилгагүйтэж “Дандар гуай сэлмийг чинь үзье” гэдэг юм. Тэгтэл  “Яах гээв, толгойгоо авахуулах гээ юу” гэж хэлэхэд манай Дооров хачин царайлж билээ. Цаашлуулж байгаа нь тэр.  Дандар гуайгаа насан эцэслэхийнх нь өмнө Цэргийн госпиталийн гурван давхарт хэвтэж байхад нь буурал Болд­тойгоо хамт очсон. Уйлахгүй гэж бодсон уу, дээшээ хараад хэвтэж байлаа. “Би ганцхан жил л амьд явмаар байх юм” гэж хэлээд нүдээ цавчихад нь гялтгар нулимс чихийг нь дагаад урсаж билээ. “Дандар баатар миний найз” зэрэг хэд хэдэн шүлэг тэрлэсэн ухаантай. Мөн “Матад, Тамсаг, Баянтүмний 

Мартахын аргагүй дурсгалт жилүүд

Маргад эрдэнийн залуу нас минь 

Морин дэл дээр сэлэм шиг явлаа

Миний залуу нас                 

Дайны жилийн цэрэг явлаа

Алдар, үхэл хоёрын дундуур

Ассан гал шиг бадран өнгөрсөн…” гэдэг чинь Дандар гуайдаа зориулсан шүлэг шүү дээ. Монголын домог болсон хүнтэй ийм л ойр дотно явжээ. Сүүлд нь дахиад хэолэхэд, тэр бол хүний зовлон жаргалыг, хүмүүний орчлонгийн мөн чанарыг таньсан нэгэн байлаа даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА


Онцлох нийтлэлүүд