2021.01.29 08:01

Дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн арслан И.Мандах: Их ойн наадамдаа амжилттай барилдаж цолоо ахиулахыг зорьж байна

Нийтлэлч: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

Өнгөрсөн зуунд үндэсний бөхийн дэвжээнд тод гялалзсан оддын нэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Жигжидийн Мөнхбат агсан. Улсын наадамд долоон удаа түрүүлсэн, аатай түүндээ багтаж барилддаг энэ их бөхийн удмыг залгасан хүчтэнүүд өдгөө ч нутаг усныхаа нэрийг улс даяар дуурсгаж сайн барилдаж байна. Бид энэ удаа дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн шинэ арслан Идэрийн Мандахтай ярилцлаа. Түүний тухайд 2020 онд төрөлх нутаг Төв аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.


-Таны хувьд дархан аварга Ж.Мөнхбатын удмаас тодорч байгаа залуу бөх. Дархан аваргатай ээж талаараа садан болдог уу?

-Миний ээжийн аав, Ж.Мөнхбат аварга хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Их ойр өссөн юм билээ. Энэ их бөхийн удам залгаж барилдаж явна гэдэг их заяа юм даа. Мөр бүтэн явахын тулд алхам тутам бүртээ л хичээж байна. Намайг хаана ч явсан хүмүүс Дархан аваргын удмаас тодорч байгаа бөх гэж хүндэлдэг нь их сайхан санагддаг. Би ээж талаараа аваргатай их ойрын хамаатан. Анх ээж минь хот руу авчирч бөхийн бэлтгэлд оруулж байсан нь саяхан юм шиг л санагдаж байна. Тэр их бөхийн удмыг залгаж сайн барилдчихаасай гэж бодсондоо л ээж минь өөрөө хөтөлж бөхийн бэлтгэлд оруулсан юм болов уу.

Сар шинээр манай гэр бүлийнхэн аваргынд очдог байлаа. Дархан аваргын удмаас аймгийн начин У.Цэндпүрэв гэж залуу сайн барилдаж байна. Мөн Эрдэнэсантын Төрболд гэж хүү өсвөр үе, залуучуудын насны ангилалд мундаг барилдаж байна лээ. Улсын начин Б.Бадам-Очир ах маань бидэнд их зүйлийг зааж зөвлөдөг юм. Аваргын ойрын хамаатан хүн шүү дээ. Ид барилдаж байхдаа Ж.Мөнхбат аваргаас их зүйлийг сонссон байх. Түүнээсээ л бидэнд зааж зөвлөж, түшиг тулгуур болоод явдаг хүн дээ, Бадамаа ах. Миний хувьд өнгөрсөн жил аймгийн арслан болж ахыгаа бага ч болов баярлуулсан болов уу. Барилдсан хүн бүр хүрээд байдаг цол биш шүү дээ (инээв).

-Хүүхэд байхад тань Мөнхбат аварга танайхаар ирдэг байсан биз. Бөх болно гэж урамшуулж байв уу?

-Манайх Эрдэнэсант сумын төвөөс баруун тийш Бадын голд зусдаг байсан юм. Хаврын амралтаас авахуулаад л хурга, ишиг хариулаад зунтай золгоно. Аварга манайхаар хааяа ирнэ. Бадам-Очир ах манайд очиж амардаг байлаа. “Миний дүү том бөх болно” гээд л эрхлүүлнэ. 10 гаруйхан настай намайг наадамд дагуулж явна. Энэ их өв соёлын зах зухаас танилцуулж байсан нь тэр юм билээ. Ахынхаа ерөөж байснаар том бөх болохын тулд хөдөлмөрлөж л явна.

2008 онд санагдаж байна. Улсын арслан До.Ганхуяг ах улсын наадамд түрүүлснийхээ дараахан манай гэрт очсон. Сургийг нь л сонсож байсан тэр том бөхийг дэргэдээс нь нүд салгалгүй харж зогссоноо мартдаггүй юм. Ганхуяг арслан Бадам-Очир начин нар их сургуулийн нэг ангийнхан юм билээ.

-Дархан аварга Д.Мөнхбатын тухайд таны ээжийн талын хамаатан юм байна. Аавын тань талд ч сайн барилддаг бөхчүүд олон байдаг гэж сонссон?

-Аймгийн заан Б.Чүлтэмпунцаг, сумын заан Т.Тэгшбат ах бид үеэлүүд. Хоёр ахтайгаа дээлний сугаа ханзартал ноцолдож л бөхийн дөр суусан. Ах нар маань сумын наадамд барилдана. Ойр байдаг улс маань түрүүлж, үзүүрлээд байхад их л баярладаг байсан даа. Одоо ч ах нартайгаа ойр байж бэлтгэлээ хамт базаадаг юм. Миний барилдаанд ямар алдаа дутагдал байна тэр бүрийг гярхай ажиглаж хэлж зөвлөдөг юм.

-Таны хувьд анх чөлөөт бөхийн бэлтгэл хийж байсан гэж сонссон. Ямар бөхчүүдтэй бэлтгэл хийж байв?

-Дархан аварга Ж.Мөнхбат их спортоор өндөр амжилт үзүүлсэн бөх шүү дээ. Тэр ч утгаараа чөлөөт бөхөөр барилдаж сууриа тавибал зөв болов уу гэж бодсон юм. Оюутан ахуйдаа гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа, Цэрэндагвын Цогтбаяр нарын удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэл хийж байлаа. Улсын начин Ж.Чулуунбат, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга гээд улсын шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл хийнэ. Тухайн үед хичээлийн хажуугаар тэр өндөр зэрэглэлийн тамирчидтай ачаалалтай бэлтгэл хийхэд хүнд л санагдаж байсан. Гэхдээ тэвчээд даваад гарсан. Би өөрийнхөө барилдааныг тэр бэлтгэлээс л олсон гэж боддог юм. Баяраа багш “Чиний гар урт, суйлаад сурчихвал чамд их хэрэгтэй” гэж зөвлөнө. Улсын начин Хүдэрбулга ахтай өдөрт л хэдэн зуун удаа суйлах мэхийг давтана. Ингээд л нэг мэдэхэд өрсөлдөгч бөхчүүдээ суйлаад унагадаг болчихсон байсан шүү. Олон чухал давааг сугадаж суйлах мэхээр авсан. Тухайн үед улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар бид хамт бэлтгэл хийдэг байлаа. Өнөөдөр бүгд цолоо ахиулжээ. Мөн Ө.Батзул гэж залуу чөлөөт бөхөөр дагнаж сайн барилдаж байгаа. Сая Орхон аймгийн наадамд түрүүлсэн байна лээ. Бид нэг үеийн бөхчүүд.

-Өнгөрсөн жил Эрдэнэсант сумын зон олон шинэ аймгийн арслантай болоод их л баярлаж байгаа сураг дуулдсан. Шинэ арслангаа хэрхэн хүлээж авав?

-2016 онд аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр цагаас хойш Төв аймаг болон Багануур дүүргүүдийн наадамд их шөвөгт шалгарсан. Түрүүлчихээр хэмжээний бэлтгэлтэй барилдсан ч болж өгөхгүй л байлаа. Өнгөрсөн жил харин сайн барилдаж санасан цолондоо хүрлээ. Аймгийн наадамдаа түрүүлчихээд төрж өссөн уул усаа Цэнгэлдэхэд зарлуулах үнэхээр сайхан. Өдгөөгөөс 11 жилийн өмнө П.Иххантай ах аймгийн наадамд түрүүлж Эрдэнэсант нутгийн зон олноо баярлуулж байсан юм билээ.

Миний тухайд Ардын хувьсгалын 100 жилийн ойд аймгийн арслан цолтой зодоглоно гэсэн зорилго тавиад хөдөлмөрлөсөн. Санаснаар боллоо. Одоо их ойд дээшээ барилдаж цол ахиулмаар байна. Ид барилдаж байхад Ардын хувьсгалын 100 тохиож байдаг энэ үеийн бөхчүүд хувь ерөөлтэй юм.

-Энэ цагт Төв аймгаас аймгийн арслан цол хүртчихээр хэмжээнд сайн барилддаг залуус олон бий. Аймгийн заан М.Тэгшбаяр, аймгийн харцага Н.Дашдаваа, М.Жамсрандорж гээд залуусын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсөн байна лээ. Арслан цол хүртсэн наадмынхаа талаар ярихгүй юу?

-Бэртэл гэмтэлгүй бэлтгэл сайхан таарсан болохоор түрүүлнэ гэсэн сэтгэл зүйтэй л наадамдаа зодоглосон. Барилдаанууд тун хүнд болсон шүү. Наадмын үеэр бороо орчихсон, нойтон зүлгэн дээр халтирч уначих гээд их эвгүй байж билээ. Нэгийн давааны учраатайгаа л барьц сонгож хаялцсан. Энэ нь өөрөө ямар чансаатай наадам болсныг илтгэж байгаа хэрэг л дээ. Гол барилдаануудаа дөрөв болон тавын даваанд хийж аймгийн харцага М.Жамсрандорж, М.Даваажамц нарыг өвдөг шороодуулсан. Эдгээр залуус маань наадмын түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байлаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж давсан.

-Бөхчүүдээс сумын наадамд түрүүлж байсан тухай нь асуухад сонин дурсамж ярьдаг юм билээ. Таны тухайд?

-Би Төв аймгийн Өндөрширээт сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байлаа. Олон хүн цугласан өргөн дэлгэр сайхан наадам болж байсан нь санаанаас гардаггүй юм. Сумын заан цол хүртчихээд гэртээ иртэл гэр бүл, ойр тойрныхон маань бүгд цуглачихсан их л баяр хөөртэй угтаж билээ. Тухайн үед би 19 настай байлаа. Аав, ээж минь хүүгээ их л жаахнаар төсөөлж байсан юм байлгүй, сэтгэл нь их хөдөлсөн байсан. Надаас ч илүү баярласан байсан шүү. Тухайн үед би ч их том цол хүртсэн, ер нь хэнтэй ч барилдчихмаар санагдаж байлаа. Харин хот руу ирж зааланд барилдаад ямар өндөр оргилын бэлд нь зогсож байгаагаа ухаарсан.

-Мандахын тухайд энэ цагт барилдаж байгаа аварга арслангуудтай бүгдтэй нь барилдсан байх. Мянган бөхийн манлайд гарсан хүмүүсийн арга мэх гайхамшигтай биз?

-Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва гээд энэ цагийн шилдэг бөхчүүдтэй гар зөрүүлж байсан. Мянган бөхийн манлайд гарч байсан хүмүүс чинь аймаар байдаг юм билээ. Ч.Санжаадамба аваргын гар бол үнэхээр хүнд санагдаж байсан. Надтай өрөхдөө зөрөөд л өнгөрч байгаа юм. Миний тухайд нүд ирмэхийн зуурт л дээшээ хараад хэвтэж байдаг сан. Гэхдээ тэр хэрээр л сайжирч, туршлагажиж байдаг юм билээ. Анх Н.Батсуурь аваргатай барилдахад гарынх үзүүрт л өнхрөөд өгч байлаа. Дараагийн удаад зууралдаад, давхар шуудганд хүртэл тэссэн. Тэр барилдаанаас их урам авсан шүү. Нээрээ л би чангарараад байгаа юм болов уу гэж дотор хүнтэйгээ ярьж байлаа. Аймгийн начин цол хүртсэнийхээ дараахан Дорнодын Анар харцагыг давуулж гуядаж хаячихаад жигтэйхэн баярласан. Өөрөөсөө илэрхий илүү бөхийг давчихаар санаанд бууж өгдөггүй юм билээ. Улсын цолтой бөхчүүдээс ганц нэг бөхийг даваад ирэхээр үеийнхээ бөхчүүдтэй барилдахдаа өөртөө итгэлтэй болж ирсэн. Заавал давна гэж өөрийгөө хурцлаад л дэвжээнд гардаг болсон.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын ангийг дүүргэсэн. Одоогоор бөхийн спортдоо гол анхаарлаа хандуулаад мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна.

-Бөхийн спорт залуу насны ажил. Цаашид юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Одоогоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Цаашид зэсэгт хүчинд ажиллахаар төлөвлөсөн байгаа. Өөрөө ч энэ чиглэлээр ажиллах сонирхолтой. Намайг бүх зүйлд дэмждэг “Алдар” спорт хорооны хамт олондоо талархал илэрхийлье.

-Та үндэсний бөхөөс амьдралд хэрэгтэй юуг тусгаж авсан бэ?

-Таны асуултад ёс суртахуун гэж хариулмаар байна. Залуусыг анзаарахад ахмад үеэ хүндлэх тал дээр асар дутагдалтай, ёс суртахууны доголдолтой байгаа юм шиг. Хажуугаар нь аливаа зүйлээс халширдаг, тэвчээргүй зэрэг чанарууд анзаарагддаг юм. Үндэсний бөх гэх энэ их өв соёлыг тээж яваа ах нар минь биеэ хэрхэн зөв авч явах, ах зах хүмүүсийг хэрхэн хүндлэхийг надад үлгэрлэсэн. Олон өдрийн ачаалалтай бэлтгэл аливаа бэрхшээлийг тэсч гарах тэвчээр суулгасан. Бөхчүүд ийм тийм гэж шүүмжлэх хүмүүс хаа нэг таарч л байсан. Энэ спортод бие сэтгэлээ зориулж яваа залуусын олонх нь зөв ёс суртахуунтай, хэнтэй ч мэнд устай төлөвшсөн хүмүүс байдаг юм шүү.

-Шинэ арслан гэр бүл зохиож амжсан уу?

-Миний эхнэрийг Т.Оюунбилэг гэдэг. Булган аймгийн Хялгант тосгоны бүсгүй. Бид удахгүй шинэ хүнээ тосч авна гээд гэр дүүрэн баяр хөөртэй сууж байна. Сая бэр гуйх ажилтай хөдөө явж байгаад ирсэн.

-Таны аав ээж барилдааныг тань Цэнгэлдэхэд ирж үздэг үү?

-Ээж аав минь Эрдэнэсант сумандаа амьдардаг. Зурагтаар бөх гарахаар хүүгийнхээ барилдааныг харна. Дүү минь эрдэм номын хүн.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш барилдаан зохион байгуулагдсангүй. Хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Гэрийн нөхцөлд боломжоороо бэлтгэлээ хийж байна. Хүчний бэлтгэлдээ түлхүү анхаарч байгаа. Баяр наадмын шийдвэрлэх давааны барилдаанууд шуудагны барьцнаас л шийдэгддэг. Энэ ч утгаараа хүчний бэлтгэл чухал. Хүчний бэлтгэл базаахад энерги их зарцуулна. Нөхөхийн тулд нэмэлт тэжээл, уураг шаардлагатай. Багын найз С.Болдгэрэл маань тэр бүрт л дэмжлэг үзүүлдэг. Миний зорилгыг ойлгож, дэмждэг найздаа их баярлаж явдаг. Олон наадамд баярлуулахын төлөө хичээнэ ээ.

-Сар шинийн барилдаан зохион байгуулагдах тухай асуудал УОК-ын хэмжээнд яригдаад эхэлж. Сар шинийн барилдаанд ямар амжилттай барилдаж байв?

-Сумын цолтнуудын барилдаанд зодоглож байсан. Сүүлд аймгийн харцага болоод улс, аймгийн цолтнуудын ангилалд гарч байлаа. Энэ жил Сар шинийн барилдааныг зохион байгуулаасай л гэж хүлээж байна. Бусад улс орныг анзаарахад нөхцөл байдалтай дасан зохицоод тэмцээн уралдаан явуулж л байна. Манайх ч халдвар хамгааллын дэглэм сахиад заалны барилдаануудаа зохион байгуулаасай гэж хүлээх юм. Би хувьдаа гараад барилдахад бэлэн байна. Бөхөөр барилдана гэдэг залуу насны л хөдөлмөр. Бидэнд тухайн цаг хугацаа асар үнэ цэнэтэй байна. Зөвхөн Сар шинийн барилдаан гэлтгүй заалны барилдаануудаа зохион байгуулаад яваасай л гэж бодох юм.