ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.06.14 06:06

ДАШТ-ний аюулгүй байдал буюу Оросуудын амьдралд орсон өөрчлөлт


Өнөөдрөөс эхлэн Оросын 11 хот, 12 цэнгэлдэх хүрээлэнд Хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглолтууд явагдана. Орос улс түүхэндээ анх удаа ДАШТ-ийг зохион байгуулж, Европ, Ази тивийг холбосон нутаг дээр тэмцээн болж буйгаараа онцлогтой. Түүнчлэн ДАШТ-ий үеэр дүрс бичлэг давтан үзэх системийг ашиглахаар болжээ. Шинжээчдийн онцолж байгаагаар ДАШТ-ий тоглолт болох Оросын хотуудад аюулгүй байдлыг хангах, дээд зэргийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэнэ. Тэгвэл тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс ямар арга хэмжээ хэрэгжүүлэв?

Тавдугаар сарын 25-аас долоодугаар сарын 25-ны хооронд Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Ростов-на-Дону, Волгоград, Казань, Калининград, Нижний Новгород, Самар, Сочи, Саранск гэсэн 11 хотод аюулгүй байдлын онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. ДАШТ-ийг зохион байгуулах хүрээнд Оросын хууль тогтоогчид зарим хууль, журамд тусгайлан нэмэлт , Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулинд түр хугацаанд үйлчлэх нэмэлт зүйл анги оруулжээ.

Тоглолт болох хотуудад ирж буй иргэдийг бүртгэх шинэчилсэн дүрэм үйлчилж байгаа аж. Дүрмийн дагуу тэмцээний үеэр гадаадын иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс хойш нэг хоногийн дотор, Оросын иргэд гурав хоногийн дотор бүртгэл хийлгэх ёстой. Энэ журмыг зөрчвөл захиргааны журмаар арга хэмээ авах юм. Мөн цагаачдыг зөрчил гаргавал ОХУ-аас албадан гаргахаар болжээ.

Хөгжөөн дэмжигчид визгүй зорчино

ДАШТ-ий үеэр жуулчдыг ихээр татах зорилгоор ОХУ-ын Засгийн газар визгүй зорчих боломжийг нээж өгчээ. Тодруулбал дэлхийн 30 орны иргэд ДАШТ-ийг үзэхээр Оросыг зориход виз мэдүүлэх шаардлагагүй болсон байна. Абхази, Аргентин, Бразил, Венесуэл, Израиль, Колумб, Никарагуа, Перу, Уругвай, Фижи, Чили, Эквадор улсын иргэд 90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих боломжтой болсон. Харин Босни Герцеговин, Макао, Куб, Серб, Таиланд, Черногорын иргэд 30 хүртэлх хоногоор, Хонгконгийн иргэд 14 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих юм.

Хориотой жагсаалт

Хэдийгээр олон орны иргэдэд сайхан боломж олгож байгаа ч аюулгүйн үүднээс “тааламжгүй этгээдүүд”-ийг нутагруугаа нэвтрүүлэхгүй байх гэнэ. Орос улс “стоп-хуудас” гаргажээ. Энэ жагсаалтад Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс, Европын Холбооны гишүүн орнуудын хөлбөмбөгийн мэдээллийн хэсгүүдэд “үймээн таригч фанат” гэсэн ангилалд багтсан хүмүүс орсон аж. Түүнчлэн тоглолт болох хотуудад үйлдвэрийн, соёлын, спортын, ахуйн зорилулалтын объектууд болон бусад нутаг дэвсгэрүүдэд хүчлэн хамгаалалт зарлажээ.

Тээврийн хэрэгслийн хязгаарлалт

ОХУ-ын Тээврийн яам нислэгийн хязгаарлалтын бүсүүд, агаарын орон зайг ашиглах хориотой бүсүүдийг тогтоосны дээр дэд бүтцийн зайлшгүй объектуудын ойролцоох усан санд хориотой бүс тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор Оросын нисэхийн газар эдгээр бүсүүд дээгүүр нисэхийн тулд тусгайлан зөвшөөрөл авах ёстой болжээ.

Мөн тэмцээн болох хотууд руу зорчих автобусны хөдөлгөөнд хориг тавьсан байна. Зургадугаар сарын нэгнээс долоодугаар сарын 17 хүртэл Казань, Москва, Нижний Новгород, Ростов-на-Дону, Самар, Санкт-Петербург, Сочи хот руу, зургадугаар сарын нэгнээс 30 хүртэл Волгоград, Екатеринбург, Калининград, Саранск хотууд руу байнгын зорчигч тээврийн чиглэлийн автобуснуудаас бусад төрлийн автобус, тэр дундаа аялал жуулчлалын автобуснуудыг зорчихыг хоригложээ. Мөн спорт, боловсрол, эмнэлгийн байгууллагуудын ойролцоо байх төлбөртэй зогсоолуудыг хориглосон байна.

Бүгд зэвсгээ хураалгана

Оросын Үндэсний гвардын зэвсэгт хүчний холбооны алба аюулгүй байдлыг хангах үүднээс иргэний болон албаны зэвсэг, сум, хэрэглэлийг хураан, тэмцээн дууссаны дараа эргүүлэн олгох ажлыг зохион хийх юм. Харин иргэдийн амь нас, өмч хөрөнгө, байгалийн объектын аюулгүй байдал, үнэт ачаа хамгаалж байгаа ажилтнуудын буу зэвсгийг хураахгүй юм ажээ.

Энэ хориг тэсэрч дэлбэрэх бодис, хими болон хортой бодис ашигладаг үйлдвэрүүдэд ч хамааралтай. Тодруулбал ионжуулсан цацрагийн эх үүсвэр, аюултай химийн болон биологийн бодис, цацраг идэвхит, хортой, тэсэрч дэлбэрэх бодис ашигладах үйлдвэрүүд болон томоохон химийн үйлдвэрүүдийг ДАШТ болох үеэр түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Лонхтой шар айраг “ховордно

Аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ хэрэгжүүлж буй нутаг дэвсгэрүүдэд шилэн лонхтой согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Мөн хүн олноор цуглах газруудад согтууруулах ундааны жижиглэн худалдааг хориглосон байна.

Тогооч нар цагаан хорхойн шинжилгээ өгнө

Аюулгүй байдал гэдэг нь зөвхөн гаднаас ирэх халдлагаар тогтохгүй. Үүнд хүнсний аюулгүй байдал ч чухал. Тиймдээ ч Оросын хэрэглэгчийн хяналтын газар нийтийн хоолны салбарын ажилтнуудад зориулсан шинэчилсэн журам гаргасан байна. Энэ журмын дагуу ДАШТ эхлэхээс 14 хоногийн өмнө тогооч нар гэдэсний савханцар болон ходоод гэдэсний замын өвчин үүсгэгч бусад нянгийн шинжилгээ өгчээ. Зоогийн газрын үйлчлэгч, зочид буудлуудын ажилчид тэр бүү хэл сайн дурын ажилтнуудыг ч эмнэлгийн нарийн шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр ажилтнууд А гепатитын урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй, цээжний зураг авахуулаагүй зэрэг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй бол ДАШТ-ий үеэр ажиллах эрхгүй болох гэнэ.

Бэлгэдлийг дур мэдэн ашиглавал торгоно

Худалдаа, үйлдвэрлэлийн компаниуд зөвшөөрөл авалгүйгээр ДАШТ-ий билэгдэл, Забивака чонын дүрсийг ашиглах эрхгүй. Олон улсын дүрмийн дагуу Оросын хөлбөмбөгийн холбоо бүртгүүлсэн тул хууль бусаар ашиглавал ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр журамлажээ. Мөн “Russia 2018” гэсэн үгийг ч дур мэдэн ашиглавал халаасаа сэгсэрч мэдэхээр юм.

Зочид буудал, өрөөний үнэ

ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 14-өөс тавдугаар сарын 15-ны хооронд хотуудын зочид буудлуудын хоногийн дээд үнийг тогтоожээ.

Мөн зочид буудал, дэн буудлуудыг зэрэглэлд орох шалгалтанд хамруулжээ. Шалгалтанд хамрагдаж, зохих гэрчилгээ аваагүй буудлуудын үйл ажиллагааг зогсоож байгаа.

Ийнхүү шинэчилсэн журмын дагуу ДАШТ-ий үеэр таван одтой буудлын нэг эсвэл хоёр ортой энгийн өрөө хоногийн 50 мянган рублиэс дээшгүй \1,9 сая төгрөг орчим\ , люкс өрөө 650 мянга хүртэлх рубль \24 сая орчим\, дөрвөн одтой буудлын энгийн өрөө 20 мянга хүртэлх рубль \767 мянган төгрөг орчим\ люкс зэрэглэлийн өрөө -85 мянга хүртэлх рубль буюу 3,2 сая төгрөг, гурван одтой буудлын энгийн өрөө 12250 хүртэлх рубль буюу 469 мянган төгрөг орчим, хоёр одтой буудал 7410 хүртэлх рубль буюу 284 мянга орчим төгрөг, нэг одтой буудал 6970 рублиэс дээшгүй буюу 267 мянган төгрөг, одгүй буудал 3480 рубль буюу 133 мянган төгрөг байхаар дээд үнийг тогтоожээ.

Хөгжөөн дэмжигчид этгүүлчид тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино

Тоглолт болох өдөр 11 хотын хооронд явах болон хот доторх, хот орчмын төмөр замын тээвэр, нисэх буудлаас зорчих автобус, трамвай, троллейбус, аэроэкспресс \Москва хотын нисэх буудлуудаас төмөр замын буудлууд руу хүргэдэг галт тэрэг\, цахилгаан галт тэргүүд тоглолтын тасалбар авсан хөгжөөн дэмжигчид болон FIFA-аас зөвшөөрөл авсан сэтгүүлчдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Нийтдээ 440 мянган суудал бүхий 782 галт тэрэг төлбөргүй үйлчлэх хуваарь гарчээ.

Т.ЭНХНАРАНЖАВ

Онцлох нийтлэлүүд