ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.02.22 12:02

Дашхүүгийн Галбаяр: Аав минь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж хамтдаа зүтгэдэг байсан


Жүжигчин, найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа.


-Багадаа спортоор хичээллэдэг байсан гэсэн, кино урлаг руу хэзээнээс орсон юм бэ?

-Бага байхад найруулагч, жүжигчин болъё гэдэг бодол ерөөсөө байгаагүй л дээ. Спорт хөөгөөд л тамирчин байлаа. Намайг 13 настай байхад анх сэдэл өгөх нэг явдал болсон нь Нямгаваа найруулагч Дарамын Батбаяр гуайн зохиолоор “Цахилж яваа гөрөөс” гэдэг кино хийгээд түүний дүрийг сонгон шалгаруулах ажил явагдсан юм. Аав минь “Миний хүү очоод нэг проб өгчих” гэхээр нь пробонд ороод тэнцсэн. Тэгж анх “Цахилж яваа гөрөөс” киноны гол дүрд тоглохоор болоод Өлзийхүү эгчийн хүүгийн дүрд тоглосон. Тэндээс анх кино гэж юу вэ, зураг авалт гэж ямар юм байдаг, кино урлаг ямар амттай зүйл гэдгийг мэдэрсэн. Киноны нээлт болоход арван жилийн ангийнхан маань бөөнөөрөө үзэцгээгээд, бэлэг өгөөд л маш гоё мэдрэмжийг авч түүнээс л анх кино урлагт орох сэдэл үүссэн гэж боддог юм.

-Спортоо хөөгөөд явсан бол одоо ямархуу байх байсан бол. Төсөөлж байв уу?

-Спортоороо хорин нас хүртлээ явсан. 12 настайгаасаа найман жил хичээллэж, тэр хугацаанд үзүүлсэн амжилт минь багагүй л дээ. Одоо гэрт минь 26 медаль байдаг юм. Түүний 23 нь алт, хоёр нь мөнгө, нэг хүрэл медаль бий. Тэгэхээр тэр үедээ үзүүлж байсан амжилт минь багагүй шүү. Хорин нас хүрээд мэргэжлээ сонгох шаардлага тулгарсан. Яг спортоороо дагнаад явах уу гэдэг асуулттай тулсан. Түүн дээр аав минь зөвлөсөн л дөө. “Чи спорт хөөж байна. Тэр дундаа тулааны спорт. Тулааны спорт гэдэг залуу насны л ажил. Тэгэхээр миний хүү сайн бодоод үзэхгүй юу. Аав нь чамд заавал ингэ тэг гэж нөлөөлөхгүй. Тулгаад байхгүй. Чи өөрөө сайн бод. Магадгүй чи зодооны спортоор явж байгаад бэртэж гэмтвэл яахуу. Тэгээд л чиний ирээдүй карьер чинь дасгалжуулагч л болох сонголт үлдэнэ. Тэгэхээр чи өөрөөр амьдралаа яаж харж болох вэ гэдгийг сайн бодохгүй юу” гэж хэлсэн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд байж байтал аав нэг өдөр “Соёл урлагийн их сургууль руу очоод Лхасүрэн ахтайгаа уулзаадах” гэлээ. Лхасүрэн ах гэж “Гарын таван хуруу” киноны Шагдар л даа. Тэгээд Лхасүрэн ах руу намайг явууллаа. Соёл урлагийн их сургуулийн үүдээр ороод л миний байх ёстой газар шиг санагдсан. Ихэнх хүмүүс “Соёл урлагийн их сургууль руу орохоор галзуугийн эмнэлэгт орсон юм шиг сангаддаг” гэдэг. Надад бол тэгж санагдаагүй. Миний байх ёстой орчин шиг л санагдсан. Тэгээд л би Лхасүрэн ахтай уулзаад л тэр газраас гармааргүй санагдсан. Соёл урлагийн их сургуульд яаж ийж байгаад заавал орно гэдэг зорилт тавьсан. Зорьсондоо ч хүрсэн. Түүнээс хойш ний нуугүй үнэнийг хэлэхэд эргээд таэквондогийнхоо заал руу очоогүй.

-Таны аав хүүхдүүдийнхээ хүсэл зорилгыг дэмждэг, тулган шаарддаггүй хүн байж дээ?

-Тэгэлгүй яахав. Аав минь хүүхдүүдийнхээ хүсэл зорилго тэмүүллийг их дэмждэг байсан. Намайг таэквондогийн тамирчин байхад аав минь “Миний хүү амжилт гаргаасай, миний хүү ялна” гэж их дэмждэг байлаа. 1990-ээд оны хэцүү цаг үед театр нь уран бүтээл хийхгүй зогсонги байдалд орчихсон, уран бүтээлчдийн амьдрал маш хүнд хэцүү байх цаг үед би таэквондогийн тамирчин байсан юм. Ийш тийшээ тэмцээн уралдаанд явна. 1997 онд Хонконгод зохиогдсон ДАШТ-д есөн тамирчин явах байснаас ганцхан миний зардал байхгүй. Маргааш өглөө нь вагоноор явна гэхэд би явж чадахгүй нь гээд гоншигноод уйлаад байж байхад шөнө нь хүн амьтан руу залгаж зээлэхээс нь зээлээд гуйхаас нь гуйгаад зардал мөнгийг нь олж өгөөд өглөө нь би билетнийхээ мөнгийг барьчихсан вагоны буудал дээр зогсож байсан үе ч бий. Тэр бүхнээс харахад аав минь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж хамтдаа зүтгэдэг байсан.

-Хүүхэд насны дурсамжид үлдсэн аав тань ямар хүн байв. Аав хүнийхээ хувьд ямаршуу зан чанартай хүн бэ?

-Аав минь ард түмэндээ бол инээдмийн жүжигчин. Элдэв зургийн эзэн, Хэцүү даалгаврын бүтэлгүй инженер нөхрөөр л төсөөлөгддөг байх. Намайг бага байхад ч гэсэн хүмүүс асуудаг л байсан. “Аав чинь гэртээ жүжиглэдэг үү” гэж. Ер нь л хошин урлагийн жүжигчдийг ихэнхдээ тэгж төсөөлдөг юм шиг байна лээ. Бараг л гэртээ жүжиглээд байж байдаг гэж. Манай аав бол гэртээ маш дуугүй, даруу хүн байсан л даа. Ихэнхдээ ном уншаад сууж байдаг ч юмуу, төлөв байдалтай л байдаг хүн байлаа.

-Таны найруулсан, тоглосон кинонууд ихэнх нь инээдмийн кино байдаг шүү дээ. Аав тань инээдмийн жүжигчин болохоор нөлөөлсөн үү?

-Мэдээж нөлөө байлгүй яахав. Манай орцонд гэхэд л жүжигчин Жанчивдорж гуайнх таван давхарт. Манайх хоёр давхарт. Хүүхэд залуучуудын театрынхан манай байранд байдаг байлаа. Хүүхэд залуучуудын театр гэхээр хошин урлагийн мастерууд бүгд л байсан. Одончимэг эгч, Туяа эгч, Батзаяа ах гээд. Сүүлийн үеийн жүжигчид гэхэд Хүрэлхүү ах гэх мэт олон хошин урлагийн жүжигчид дунд миний бага нас өнгөрсөн. Миний хүүхэд нас Хүүхэд залуучуудын театрын ард гүйж өнгөрсөн. Тэр тайзны ард л тоглож өссөн. Тийм болохоор өссөн орчин инээдмийн урлагт дурлах шалтгаан болсон байх. Тиймээс миний кинонууд ихэвчлэн инээдмийн кинонууд байдаг. Одоогоор арван кино хийснээс нэг нь сэтгэхүйн драм. Нэг нь нийгмийн драм хэлбэрийн кино. “Миний нууц”, “ТҮЦ-ний охид”-оос бусад нь инээдмийн кино. Гэхдээ би өөрийгөө инээдмийн киногоор хайрцаглаад байхыг бодохгүй. Цаашдаа төлөвлөсөн өөр төрөл жанрын кинонууд бий.

-Сүүлийн үед таны “Киносутра” кино үзэгчдийн дунд их яригдаж байна. Анх энэ киног хийх санаа хэзээ төрсөн бэ?

-Киносутра нэг жижигхэн зүйлээс ихтэй л дээ. Миний туслахаар ажиллаж байсан Пүрэвням гэж залуу байдаг юм. Пүрэвням СУИС төгссөн. Тэр “Манай ангийнхан жижиг жижиг контент хийгээд сошиалд оруулаад байх юм. Дүү нь бас нэг юм хийх гэсэн юм. Юу хийвэл болох вэ” гэхээр нь би бодож байгаад “Ах нь зүгээр чамайг загнана. Тэгээд хүмүүс чамайг өрөвдөнө. Хоёулаа найруулагч туслах хоёроор бичлэгүүд хийгээд цацъя” гэсэн. Тэгсэн эхэндээ Пүрэвням гайхаад, эхнийхээ бичлэгийг хийгээд цацсан. Нэг их удалгүй 300 мянга, 400 мянган хүн үзчихсэн байсан. Хандалт нь их өндөр байсан. Түүнийг үзсэн хүмүүс намайг нэг хэсэг загнасан л даа. “Жаахан хүүхэд загналаа. Чи өөрөө хийгээч” гээд л. Ойлгоогүй хүмүүс эхэндээ тэгсэн. Тэгээд л Оранжи энтертайнменттэй хамтраад контент хийх болсон. Зургаан залуугийн адал явдалтай кино хийнэ гээд бид туршилтын дугаараа хийгээд цацаж үзсэн юм. Туршилтын дугаараа хийтэл контент минь цаашаа явахгүй, хөврөхгүй ч юм шиг санагдаад, найман ангит зохиол бичиж дуусаад цаашаа хөврөх юм хийе гээд больсон. Тэгтэл Оранжи энтертайнментийн захирал “Чиний хийсэн туслахаа загнаад байсан бичлэгийг үргэлжлүүлээд найруулагчийн амьдралаар хийвэл яасан юм бэ” гэдэг санал гаргаж, түүнийг нь би дэмжсэн юм.

-“Гэр дүүрэн охид” гэж дөрвөн охинтой ганц бие аавын тухай өгүүлэх кинонд гол дүрийг бүтээсэн шүү дээ. Энэ киноны гол дүрийг бүтээх болсон тухайгаа яриач?

-Аливаа уран бүтээлч хүн ямарваа нэгэн уран бүтээл хийхэд сонголт хийх шаардлагатай болдог. Ямар дүрд тоглох уу, юу хийвэл зүгээр вэ гээд. Юм болгонд оролцоод, ороод яваад байхыг би хүсдэггүй л дээ. Тухайн контент ямар зохиолтой юм. Ямар баг ажиллаж байгаа юм. Цаашдаа хэрхэн хөврөх юм гэдэг талаас нь нэлээд хардаг л даа. NTV телевизээс над руу залгаад “Хорин ангит кино байгаа. Гол дүрийг санал болгож байна” гэсэн. Би эхлээд зохиолоо уншъя гэсэн. Зохиолоо уншиж дуусаад л шийдвэрээ гаргачихсан. Би тоглох ёстой юм байна. Контентод оролцох ёстой юм байна гээд л дуун дээр нь шууд хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл тэр бол олон охинтой аав. Дээрээс нь маш сонирхолтой. Хүүхдүүдтэй оролцож байгаа учраас зохиол надад маш их таалагдсан. Тэгээд л шууд зөвшөөрч тоглосон юм.

-Одоо ажиллаж байгаа шинэ кино, контент бий юү. Энэ жилийн төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Одоохондоо бид нэг томоохон төсөл дээр ажиллаж байгаа. 2019 оноос хойш түүхэн том уран бүтээл хийх гээд арван ангит зохиол бичээд дуусгачихсан. Энэ жил бүх ажлууд хийгдэнэ гэж төлөвлөсөн. Хэрвээ продюсер компаниудын боломж бололцоо бүрдэх юм бол зураг авалт зун найман сараас эхэлнэ. Одоохондоо жаахан нууцлах маягтай байгаа юм.

-Найруулаад өөрөө гол дүрд нь тоглоно гэдэг маш их ур чадвар, хүч энерги шаарддаг байх даа?

-Яг үнэндээ маш түвэгтэй ажил. Сайн хоёрдугаар найруулагч байж хажуу талаас нь хэлж, тусалж, зөвлөж байхгүй бол найруулагч өөрөө тэр усан онгоцыг залж байгаа ахмад нь шүү дээ. Өөрөө өөртөө шийд гаргаад, өөрөө өөртөө бүх зүйлээ хийгээд явна гэсэн үг л дээ. Миний хувьд өөр дээрээ нэлээд ачаалал үүсгэж, өөрийгөө нэлээд шавхъя, залуу хүн учраас өөрийгөө олон талаас нь шавхаж үзүүлье гэдэг үүднээс найруулангаа гол дүрд нь тоглосон хоёр уран бүтээл бий. Нэг нь “Шуугиан таригч”, нөгөө нь Киносутра.

-Та анх 13 настайдаа кинонд гол дүр бүтээжээ. Одоо өөрөө найруулж, өөрөө тоглодог боллоо. Энэ хугацаанд үзэгчдийн боловсрол хэр дээшилсэн байна. Үзэгчдийн аливаа уран бүтээлд хандах хандлага хэр өөрчлөгдсөн бэ?

-Кино бүтээлээр үзэгчдийн боловсрол дүгнэгдэхгүй байх аа. Бид бүхэн киног яах гэж үздэг билээ. Тэр гоё кино байна. Энэ гоё кино болж үзье гэдэг. Ам дамжиж үзэцгээдэг. Магадгүй чөлөөт цагаараа гоё кино үзчихье гээд үзэцгээдэг. Түүнээс ухаарал авъя гэж боддоггүй байх. Өнөөдөр театр орж нэг кино үзээд ухаарал авъя гэж кино үздэг үзэгч байхгүй байх. Магадгүй дуу дүрсний гайхамшгийг мэдрэхээр Марвел, Диснейн гоё гоё дүрслэл график дизайныг үзэж хоёр цагийн хугацаанд кайф авахаар л үздэг. Өнөөдөр бол манай үзэгчдийн түвшин маш өндөр ахисан. Холливуд, солонгос кинонуудыг байнга үзэж байна. Дээрээс нь түгээлтийн флатформууд маш их болчихсон. Жишээ нь, заавал театрт очилгүй IP TV-гээр үзэж байна. Look tv, скай медиа гээд янз бүрийн эх сурвалжаар үзэж байна. Тэр бүү хэл өнөөдөр хүн өөрийнхөө энтертайнмент хэрэгцээг хангахаар тик ток хийгээд өөрийгөө хараад баясаж байгаа юм. Заавал намайг театрт очиж үзээд баясаад байх шаардлага байхгүй. Ийм хурдацтай хөгжиж байгаа нийгмийн үе дээр бол миний бодлоор уран бүтээлчид илүү хичээх хэрэгтэй. Тэгэхгүй хуучнаа яриад хийгээд байвал хэн ч сонирхохгүй. Өмнөх далан жил гэдэг том систем. Улсаараа авч явж байсан урлаг байхгүй юу. Улс нь өөрөө киногоо продюсерлаад авч явж байсан. Яг өөрсдөө хар толгойгоо даагаад кино хийж байгаа нь 30 жилийн л түүхтэй. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл. Бид бол залуу байхгүй юу. Яг үнэндээ 1990 онд кино урлагийн боловсон хүчин, киноны бүх зүйлүүд тасраад Монголкино үйлдвэр хувьчлагдаад байхгүй болчихсон. Тэгээд л хувь уран бүтээлчдийн нуруун дээр авчирчихсан. Бид бол алдаж оноод л явж байгаа. Биднийг алдаж оноод явж байхад үзэгчид маань биднээс хамаагүй түрүүлээд явчихсан байхгүй юу. Кино үзэгчдийн боловсрол Монголын кино урлагийнхнаас хамаагүй түрүүлээд явчихсан.


Онцлох нийтлэлүүд