ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.11.11 11:11

Долгорын Цэнджав: Монголын их утга зохиолыг төр засаг маань дэмжээсэй

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Цэнджавтай уулзаж хөөрөлдлөө. МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч Д.Цэнджав 2008 онд хүүрнэл зохиолын том төрөлд, 2010 онд “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадсан бил үү” эсээ номоороо хүүрнэл зохиолын богино төрөлд “Алтан өд” шагнал тус тус хүртжээ. Утгын чимэг богино өгүүллэгийн уралдаанд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Мэнгэ”, “Найрын дарга”, “Хулангийн цавчаал”, “Дээдэс өршөө”, “Оддын судар”, “Арслан” зэрэг өгүүллэгүүд нь шалгарч байв. Тэрээр “Чонын алтан шагай” роман, “Хул салхи”, “Асар тэнгэрийн дор”, “Хөх жавар”, “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу”, “Мянган цэн үг”, “Он цагийн шастир”, “Цагаагчин гахай жил”, “Цэвдэг жаран” зэрэг өгүүллэг, тууж, эсээ, роман, рубайн төрлөөр олон арван ном хэвлүүлжээ.


-Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд ямар ажил амжуулав?

-Монголын зохиолчдын эвлэл гэдэг жинхэнэ оюуны соёлын, авьяас билэгтнүүдийн өлгий их том айл. Маш сайхан түүх, уламжлалтай газар. Монголын хамгийн шилдэг сэхээтнүүд зохиолчдын байгууллагын алтан хаалгаар орж гардаг. Надад энэ байгууллагыг тэргүүлэх олон нийтийн их итгэл, эрхэм хүндтэй хүнд ачаа оногдлоо. 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Монголын зохиолчдын байгууллага гал голомтоо тулсан. Монголын зохиолчдын байгууллагыг мянга есөн зуун хорь гучаад оны их том сэхээтнүүд эвлэлдэн нэгдэж байгуулсан түүхтэй. КУТВ хэмээн алдаршсан Дунгарын Чимэд, Сономбалжирын Буяннэмэх, Цэндийн Дамдинсүрэн, Ринчен нар үүсгэн байгуулсан байгууллагын ерэн жилийн ойг тэмдэглэнэ гэдэг том асуудал. Зөвхөн нэг өдөр баярлаж хөөрөөд өнгөрөхгүй бүтэн жилийн хугацаанд тоймтой ажил зохион байгуулна. Ойг тохиолдуулан төр засгийн болон бусад байгууллагатай ойртож ажиллах ёстой. Зохиолчдын нэр хүндийг өргөж, зохиолчид маань нийгэмд хүчтэй дуу хоолойгоо гаргах учиртай жилийг угтаж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс томилогдлоо. Салбар комиссууд байгуулагдлаа. “Монголын их утга зохиол” үндэсний хөтөлбөрийг орчин үеийн нөхцөлтэй уялдуулан гаргалаа.

-Та хэдийгээр саяхан УЗ-ийн даргаар томилогдсон ч энэ байгууллагатай хувь заяагаа эртнээс холбосон биз?

-Монголын утга зохиолтой би хар багаасаа холбогдсон учраас сэтгэлийн их өртэй. Энэ байгууллагын төлөө зүтгэхээс өөр арга байхгүй. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн ойг Дорнод аймгийн Матад сумын Билүүт хэмээх газар сайхан тэмдэглэлээ. Завхан аймагт Баруун аймгуудын зохиолчдын салбар зөвлөлийн уулзалт зөвлөгөөнийг саяхан хийлээ. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Бадар хундага” яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Монголын утга зохиол бол “Монголын нууц товчоо”-ноос эхлээд бичгийн их суутнуудын уул овоо шиг их өвөөс эхтэй. Энэ их өв дотор хэрэгтэй, хэрэггүй зүйл байгаа л байх. Гэхдээ монгол эх хэлний, соёлын, түүхийн асар их баялаг байна. Монголын ухаантан мэргэдийн бүтээлийг олон түмэнд түгээхэд төрөөс харж үзэх хэрэгтэй байгаа юм. Төрийн гол бодлого бол их утга зохиолыг хөгжүүлэхэд орших ёстой. Тиймээс Монголын төртэй харилцах санаачилгыг бид гаргана. Төр их утга зохиолыг захдуу хаяад ирсэн байна. Үүнд Монголын зохиолчдын байгууллага, уран бүтээлчдийн нэр хүнд ч нөлөөлнө. Ерөнхий сайдын дэргэд Урлаг, соёлын зөвлөл гэж байгууллага байдаг юм билээ. Энэ байгууллагатай хамтраад ажиллая гэж бодож байгаа.

-Утга зохиолын ахмад, дунд, залуу гурван үеийн асуудал их чухал санагддаг даа?

-Гурван үеийг тэнцүү харах чухал. Надад аль нэг үеийг өмчлөх юм уу, арай илүү үзэх үзэл огт байхгүй. Аль нэг онол, аль нэг үеийг би илүү үзэхгүй. Эн тэнцүүхэн хөгжих ёстой. Миний гаргасан “Нүүдэлчний реализм” гэсэн онол байгаа. Нүүдэлчний реализм дээр тулгуурлаад нүүдэлчний модернизм ч бий болох ёстой. Тэгвэл Монголын утга зохиол дэлхийд танигдана. Гадаад харилцааны яамны соёл хариуцсан Х.Мандахцэцэг даргатай уулзлаа. Утга зохиолыг олон улсад таниулдаг орчуулагчдын уулзалт зөвлөгөөнийг хийе, Монголын утга зохиолыг орчуулдаг олон улсын эрдэмтэн мэргэдийн хурлыг Монгол Улсад зохион байгуулъя гэж тохиролцлоо. Гадаадын олон хэлнээс манайхан дур дураараа орчуулж байгаа. Монгол хэлэнд ямаршуухан байдалтай бууж байгаа хяналт байхгүй байна. Жинхэнэ орчуулга хийнэ гэдэг бол эх хэлээ төгс мэдэж байж орчуулдаг ажил. Орчуулга хийнэ гэдэг зохиолчоос илүү авьяастай байж орчуулахыг хэлдэг. Энэ гайхамшгийг үзүүлсэн хүн бол Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нар байсан. “Тарас Бульба” туужийг орчуулахдаа бараг л Гоголиос илүү бичсэн шүү дээ. Их гүүш Мишигийн Цэдэндорж гуай “Миний Дагестан”-ыг гайхалтай орчуулсан. Зарим хүн “Расул Гамзатовоос илүү сэтгэж орчуулсан” гэдэг шүү дээ. Тиймээс орчуулагчийн үүрэг маш их.

-Монголчууд номыг дээдэлдэг ард түмэн. Жаахан зөв залчихвал ч ном бүтээлийг цаашаа гэх хүн гарахгүй байх шүү?

-Сая есдүгээр сарын дундуур “Үндэсний номын баяр”-ыг Чингисийн талбай дээр өргөн дэлгэр хийлээ. БСШУЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл урлагийн газар, “Номын ертөнц” төрийн бус байгууллага, хэвлэлийн компаниуд, зохиолч, уран бүтээлчид хамтраад их сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Уран бүтээлчид шүлэг найргаа уншлаа. Ном бүтээлдээ гарын үсгээ зурлаа. Уншигч, зохиолчийн уулзалт боллоо. Төрийн засгийн толгой их утга зохиолын зүг хандмал байгаад би сэтгэл хангалуун байгаа. МЗЭ-ийн фондод түрүү зууны гуч дөчөөд оноос хадгалагдсан номын дээжийг авч үлдээд, 500-5000 төгрөгөөр хуучин ховор номын худалдаа явуулсан. Ардын уран зохиолч нартаа хүндэтгэл үзүүлэн, улаан хивсэн дээгүүр алхууллаа. Өнөөдөр Монголын эдийн засаг тааруухан л байгаа. Гэхдээ эрдэм номын сартваахиуддаа хүндэтгэл үзүүлнэ гэдэг сайхан. Дуурь бүжгийн эрдмийн театрынхан ч сайхан оролцлоо.

-Социалист реализмаар замнаж байсан Монголын утга зохиол ерээд оноос шинээр давалгаалсан гэлцдэг дээ?

-Монголын утга зохиол ерээд оноос хойш хаа явна, дэлхийн хаахна яваа юм бэ гэдэг талаар эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиол, шүүмж судлал, орчуулга ерээд оноос хойш хэрхэн хөгжив гэдгийг тодруулсан аятайхан ажил болно байх. Утга зохиолын амьд уулзалтууд их хэрэгтэй байна. Дээр үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан, С.Эрдэнэ нарын аваргуудтай уулзахад уншигчдын танхим пиг дүүрэн байдаг байлаа. Зохиолч зохиолоо яаж бүтээсэн юм, санаагаа хэрхэн олсон, бичихэд ямар бэрхшээл тохиосон, зохиолч гэж ер нь хэн юм, зохиолч хүн нийгмийн ямар үүрэгтэй юм гээд олон зүйлийг уншигчид мэдэж авдаг байлаа. Уран бүтээл нийгэмд нөлөөлөөд, төр засагт зусардах нэг ёсны үзэл суртлын зэвсэг байх үүрэгтэй биш л дээ. Зохиолчийн ур чадвар л хамгийн чухал.

-БНХАУ болон Казахстан улс утга зохиолоо төрийн бодлогоор дэмжиж, зохиолчдыг зэрэг дэвээр хөхиүлэн дэмжиж, цалинжуулан, орон байраар ч хангадаг гэж сонсож байсан. Манайд харин уран бүтээлчдийг нэг л нүд үзүүрлэнгүй байх шиг санагдах юм?

-Хятадын зохиолчдын ахуй хангамж тодорхой зэрэг дэвтэй. Уран зохиол төр засгийн яах аргагүй том бодлого болох ёстой. Би бодитой нэг юм ярья. Биеийн тамир, спортыг улсаас яаж дэмжиж байгаа билээ. Ингэж дэмжсэний хүчинд манай тамирчид дэлхийн хэмжээний амжилтыг долоо хоног бүр гаргаж байна. Урлагийг дэмжсэнээр дэлхийн тавцанд дуурийн том дуучид гараад ирлээ. Харин утга зохиолын бодлого манай төрд байхгүйгээс өнөө хэдэн зохиолч, яруу найрагчид хар тавхайгаараа, хар зүтгэлээрээ сүүлийн хорь гучаад жил газрын хөрсөн дээр хэвтэж, дөрвөн мөчөөрөө тийчилж ядан байж их утга зохиолын түүх уламжлалыг нуруундаа үүрч явна. Манай зохиолчид бараг гудамжинд байж байгаад зохиол бүтээлээ хийж байна. Монголын зохиолчид маш ядуу зүдүү, мөнгөгүй. Ганц ном гаргалаа, тэрийг нь төр худалдаад авчихдаггүй. Тэр номоо зарсан ч юм байхгүй зохиолчид маань сайхан сэтгэлтэй хүмүүс учраас гарын үсэг зураад л өгч байна. Яах вэ, гадаад, дотоод менежмэнт сайтай тасархай хэдэн зохиолч байгаа. Тэдний амьдрал бол сайжирсан.

-Зохиолчдын дийлэнх нь “Авьяастай төрсөн нь тэдний буруу юм уу” гэмээр пүүс компанийн үүдийг сахисан гуйврын маягийн улс л байх юм байна шүү дээ, зайлуул.?

-Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэргэд утга зохиолыг дэмжих зөвлөл байдаг. Жил бүр зохиолчдод бүтээлд нь дүйхүйц шагнал урамшил олгодог. Ахмад зохиолчид нь тэтгэлэгтэй, бусад зохиолчид цалинтай. Тиймээс төр засгаас манай Зохиолчдын эвлэлд цалин өгч байх хэрэгтэй. Улсын төсөвтөө суулгаад ядаж нэг зуун сая төгрөг өгчихөд юу нь болохгүй байх билээ. Холливуд яагаад дэлхийд гарч ирсэн гэхээр АНУ-ын тэр үеийн засаг төрөөс “Америкийн кино дэлхийн нэг номерыг үеийн үед алдахгүйн төлөө” гэж зуун сая америк доллар гаргаж өгсөн гэж би урлаг судлаач хүнээс сонссон. Төр зуун сая доллар гаргаж өгөөд хариу нэхэлгүй огт мартсан гэсэн. Одоо Холливудын кинонуудын өмнө хэн гишгэж байна. Хэн ч гишгэхгүй байгаа биз дээ. Их соёлыг, их утга зохиолыг төрөөс ингэж дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Манай төр засгаас дэмжиж Нобелийн шагналт зохиолч, яруу найрагчийг төрүүлэх ёстой байхгүй юу. Төр нэг үе “Шатрын их мастер төрүүлнэ” гэж ярьдаг байсан. Хөөрхөн дэмжээд явсны хүчинд их мастерууд олон төрсөн шүү дээ. Түүнтэй ялгаа байхгүй утга зохиолыг дэмжих учиртай. Назарбаев дээр хөгжмийн зохиолч, зураачид ороод “Та уран бүтээлчид биднийг алаг үзэж гомдоож байна. Зохиолчдыг дэмждэг шигээ биднийг дэмжээч” гэхэд “Та нар амаа татаарай. Энэ зохиолч, яруу найрагчид чинь агуу их Казахстаны хэл, түүх, соёл иргэншлийг бичиглэж үлдээдэг хамгийн гайхамшигтай мэргэд байгаа юм. Тийм учраас та нар ямар ч учраас заамдалцаж заргалдах эрхгүй шүү” гээд хөөгөөд гаргасан байгаа юм. Энэ бол бодит жишээ. Унгарын Засгийн газраас Зохиолчдын хороондоо улсаас төсөв өгч байдаг. Улсаас энэ мэтчилэн төсөв өгчихдөггүй юм аа гэхэд номыг нь худалдаад авчихдаг бол хичнээн сайхан байхав.

-Бусад оронд зохиолч болсон бол гэж харамсмаар юм ч их л дуулдах юм даа?

-Японы “Өвсний үндэс” хөтөлбөр нэг хэсэг зохиолчдын бүтээлийг авч байсан. Гэтэл Монголын төр харийн хүмүүсээс л элэг татуу байгаа нь үнэн.

-Манай төр засгаас ч зураач, хөгжмийн зохиолчдын бүтээлийг улсын сан хөмрөгт худалдаж авдаг. Харин зохиол бүтээл худалдаж авлаа гэж ер сонсогдоогүй л юм байна?

-Урлаг, соёлын зөвлөл ч бил үү нэг байгууллага байдаг. Тэд зохиолчдыг л хаячихсан. Бид одоо дуу хоолойтой байх ёстой юм байна. Зохиолчид их ноомой ч явж ирж. Зохиолч нийгмийн үүрэггүй гээд буруу үзэл онол гаргачихсан. Зохиолч хүн яахаараа нийгмийн үүрэггүй байх билээ. Эх орон, газар шороо минь идэгдэж дуусч байгаа, байгаль нь улаан хуй болж байгаа, авлига хээл хахууль хэтэрчихсэн байгаа, төр засаг барьж байгаа түшмэдүүд нь хаан эрхтэй, түмэн олон нь харц дордсын байдалтай байгаа нь зохиолч хүнд яагаад хамаагүй байх ёстой гэж. Энэ бүхэнд Монголын зохиолчдын дуу хоолой байх ёстой. Энэ дуу хоолойг сэтгүүлчид эзлээд авчихсан учраас бидний дуу хоолой бүдгэрсэн байна. Тийм учраас эх орныхоо сайхан бүхнийг Монголын зохиолчид бид мандуулъя, хоёрын хооронд үхширсэн асар муухайг зайлуулахад дуу хоолойгоо өргөх ёстой юм байна. МЗЭ-ийн салбар зөвлөл АНУ, БНСУ, Европ, Францт байгаа. Утга зохиол гэдэг их сайхан сэтгэлийн зүйл байдаг юм. Их сайхан сэтгэлийн юм учраас хил хязгааргүй орон зай, цаг хугацааг эзэгнэн оршдог. Үндэстний тусгаар оршин тогтнол ч уран зохиолд хадгалагддаг.

-Улс орон ганц уул уурхайгаар хөгжихгүй, оюун ухаанаар хөгжинө гэцгээх мөртлөө л газар эхээ гасалтал ухаж төнхөх юм?

-Улс уул уурхайгаар, эдийн засгийн өсөлтөөр хөгжихгүй. Оюунлаг түүхээр, боловсрол, танин мэдэхүй, хүмүүжлээр хөгжинө. Хүмүүжил гэж ярьсан хүнийг хоцрогдсон үзэлтэн гэж яриад байдаг. Утга зохиол хүмүүнжихэд яах аргагүй нөлөөлнө. Ч.Лодойдамбын “Алтайд” роман гарснаас хойш манай геологичдын тоо өссөн гэдэг. Зохиолч Дармын Батбаяр гэхэд л тэр романыг уншаад шууд геологич мэргэжлийг сонгосон гэж байгаа. Утга зохиолын нөлөө бол хязгааргүй. Энэ асар их нөлөөг төр засаг минь ашиглаач. Би одоо төрийн гурван өндөрлөгтэй гурвуулантай нь уулзана. Утга зохиолыг төр засгаас дэмжээч гэж хэлнэ. Энэ бол зөвхөн Цэнджавыг дэмжиж буй асуудал огт биш. Миний халаасанд нэг төгрөг ч орохгүй. Үүнийг би баттай хэлнэ.

-Зохиолчдынхоо төлөө та морь, нохой мэт зүтгэх юм байна. Уран бүтээлээ харин амжуулж байна уу?

-“Цэвдэг жаран” романаасаа хойш үзэг огт барьсангүй. Хоёр гурван ч роман эхэлсэн. Зохиолчдын эвлэлийн ажил, Монгол Улсын их сургуулийн багшийн алба гээд зав зай хомс байх юм даа. Нэгэнт ийм сонгуульт ажилд томилогдсон болохоор нэг хэсэг үзэг барих асуудал түвэгтэй болох нь. Халхын голын ялалтын ойд зориулсан кино зохиол, их торгоны замын тухай дуурийн цомнол зэрэг бүтээлүүд маань бэв бэлэн байж л байна.


Онцлох нийтлэлүүд