ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2017.09.29 12:09

Долоон гавьяат, арван доктортой анги

МУИС-ийг төгссөний 45 жилийн ойгоор

1969 онд МУИС-ийн математикийн ангид арван жилээ алтан медальтай төгссөн онц сурлагатнууд, олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон гавлууд анх цугларч байжээ. Зүг бүрээс шилэгдэж ирсэн тэр 28 хүүхэд өдгөө ч нэг ангийнхан хэмээн дуудуулж явна. Тав зургаахан охинтой, хөвгүүд голдуу. Тиймээс сургуульдаа “Анги нураачих шахам” хөдөлгөөнтэй дэггүйчүүдийн тоонд багтдаг байлаа. Оюутнууд мөртлөө дунд сургуулийн зүггүй хөвгүүд шиг ширээн дээгүүр дүүлж үймүүлнэ.

Үүнээсээ болж багш нараас зэмлэл их хүртэнэ. Тухайн үед МУИС-ийн проректор байсан, хожмоо БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүн болсон Жамбын Батмөнх, профессор А.Дашдорж нарын багш нарт загнуулна.

Багш нарын чихийг халууцуулсан дэггүй оюутнууд байсан ч сурлагын тал дээр ярих юмгүй. Тиймдээ ч улс нийгэмд танигдсан олон алдартан, гавьяат төрөн гарчээ. Долоон гавьяат, арван доктор, нэг хурандаа төрнө гэдэг бол тэр бүр ангиудад тохиолдоод байдаг хувь заяа биш.

Тэгвэл эдний ангийнхны хувь төөрөг тийм л онцгой аж. Монгол Улсын Их хурлын дарга, Боловсролын сайд хожмоо төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж явсан, гавьяат багш С.Төмөр-Очир ангийн дарга нь байж. Нөхөд нь түүгээр бахархаж “Манай ангийн дарга чинь даргын одонд төрсөн хүн байхгүй юу. Их сургуульдаа ангийн дарга байлаа. Төгсөөд энд тэнд хурган даргаас эхлээд сайд болж, УИХ-ыг ч удирдаж явлаа” хэмээн магтана.

Ангийн бас нэг бахархалт анд нөхөр бол шинжлэх ухааны гавьяат ажилтан, нэрт зурхайч, эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат ажилтан Л.Тэрбиш. Түүнийг ангийнхан нь “хар ах” гэж хочилно. Учир нь тэр оюутан байхдаа бараан царайтай хүүхэд байж. Харин одоо түүнийг “ах лам” гэцгээх болжээ. Л.Тэрбиш зурхай судлалын том эрдэмтэн төдийгүй, төвд судлал, төвд хэлний ном сурах бичиг зохиож, Тэрбишийн хуанлигаараа олны танил болсон хүн. Олонд нэр төртэй зурхайч болсон учраас ангийнхандаа үргэлж түшиг болдог гэнэ. Үс сэвлэг үргээх, бэр гуйх, хурим найрын товоос эхлээд ангийнхныхаа асуусан бүхэнд хариулж, тусалж, “ангийн зурхайч”-ийн үүргийг одоо ч гүйцэтгэсээр байгаа юм байна.

Ангиас төрсөн өөр нэг доктор, байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимид. Ангидаа Л.Тэрбиш тэр хоёр дотно нөхөрлөдөг байж. Түүнийг Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 21 жил ажилласан гэхээр мэдэх хүн зөндөө. Тэтгэвэртээ суусан ч мод тарих ажлаа хийсээр, зөвлөсөөр гүйж яваа гэнэ.

Нийт таван гавьяат багш тодорсноос Далай, Ё.Вандансүрэн, Б.Бадарч, А.Рагчаа, С.Төмөр-Очир нарыг нэрлэж болно. Харин Л.Тэрбиш, С.Төмөр-Очир, В.Отгоннасан, О.Цэрэнбат, С.Батсүрэн, Ч.Даваадорж, Г.Баатарбилэг, Б.Чимид, Р.Дэнжин, Ж.Жамбалдорж нарын докторууд энэ ангиас мэндэлснийг энд дурдах хэрэгтэй.

Мөн гавьяатын энтэй Д.Цэрэндулам, Д.Гомбосүрэн, Ж.Даваажав нарын эрдэмтэн, багш нараараа тэд бахархдаг ажээ. Харин ангиас нэг хурандаа төрсөн нь С.Цэндбаатар. Тэрээр сургуулиа төгссөний дараа хойшоо КГБ-д явж мэргэжлийн тагнуулчаар төгсөж ирээд НАХЯ-д ажиллажээ. Одоо сэтгүүлчийн ангийн оюутнуудад мөшгих сэтгүүл зүй гэж юу байдаг тухай зааж, сургаж яваа юм байна.

Эдний ангийнхан 1974 онд сургуулиа төгсчээ. Ардын багш Л.Шагдар, доцент Ү.Санжмятав, Г.Доржготов, Д.Шагдар, Л.Өвгөн, Шар–Өвгөн, Г.Гүнжээ, Ц.Дашдорж, А.Мекей, Хашбаатар гээд Монголдоо зартай эрдэмтэд, эх орондоо орчин үеийн математикийн үндэс суурийг тавьсан алтан үеийн багш нараар хичээл заалгуулж явсныгаа тэд азтайд тооцдог. “Бид ийм мундаг багш нараар хичээл заалгадаг байсан болохоор манай ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ амжилт гаргаж, салбартаа ул мөрөө үлдээсэн юм” хэмээн өнөө хуучилна.

Тэднийг оюутан байхад “хүргэн голдуу ХААДС, хүүхэн голдуу Анагаах” гэдэг яриа байж. Бас МУИС-ийнхан “Стиль” голдуу хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг байсан гэлцэнэ. Бусад ангийнхныг бодвол хөвгүүд олонтой учраас хар бор ажилд их дайчлагдаж байжээ. Дундговь аймагт зоорийн ажил хийж, Хэнтийд очиж тоосгоны үйлдвэрт ажиллана. Очсон газар бүрт нь тэднийг магтаж, хүмүүжилтэй, ажил сайтай томоотойг нь шагшин дайлж, цайлдаг байсан гэнэ.

Ардын хувьсгалын 50 жилийн ой буюу 1971 оны зун эдний ангийнхны зарим нь зуны ажилд явж. Мөн гимнастик хийхээр арав гаруй нь үлджээ. Тэд баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд гимнастик хийхээр бэлтгэсэн нь тэр. Тухайн үед Зайсангийн хөшөөг дөнгөж барьж эхэлж байж. Тиймээс Туул голын дэргэд бассейн байгуулагдсан байна. Тэгтэл Х.Даваасамбуу тэргүүтэй хангай газрын хүүхдүүд бассейнд загас шиг сэлээд байхаар нь ус руу шумбаж ороод золтой л живчихээгүй тухайгаа доктор С.Батсүрэн ярьж, бусдыгаа хөгжөөнө. Мөн хоёрдугаар дамжаанд байхдаа ангиараа ойн шигүү хөвчид явцгаажээ. “Бид сангийн аж ахуйн айлуудад түлээ бэлтгэхээр явсан юм. Ангийн дарга С.Төмөр-очир маань биднийг удирдаж явлаа. Трактор хүрч чадах газар хүртлээ яваад зогсоно. С.Батсүрэн бид хоёр дөрвөн метр урт гуалинг мөрлөөд тракторт аваачиж өгнө. С.Батсүрэн маань говийн хүүхэд, харин би хотынх. Хоёулаа хөрөө барьж чадахгүй. Тэгээд л модоо мөрлөөд үүрдэг байлаа. Хэнтийн Ч.Нямдоо мод хөрөөднө. Бид хоёр мод хөрөөдвөл өөрсөд дээрээ унагачих гээд, эсвэл өнөө модоо унагаж чадахгүй ёстой хөглөдөг байж билээ” гэж хурандаа Цэндбаатар хууч хөөрнө. “Тариа хураахад ер ядрахгүй. Харин дайчилгааны төмс хураах гэж сангийн аж ахуйд сар орчим болно. Уг нь эхлээд л 14 хоногийн хугацаатай очдог ч долоо, долоон хоногоор сунгасаар сар болчихно. Үүрийн гэгээ ороогүй хяруу уначихсан, сэрүүнээр талбай руу явж,тэнд өглөөний цайтай золгоно” гэх мэтээр тэд сангийн аж ахуйд зун намрын ажлаар явж байхад тохиолдсон хөгтэй явдлуудаа дурслаа. “Одооны оюутнууд дурсах юмаар бага болжээ. Эдний хөдөлмөрийг улс ашиглаасай, насанд хүрсэн хүмүүс шүү дээ” гэсэн сургаал хэлэхээ ч тэд мартсангүй. Оюутан цагийн андууд хааяа уулзаж сайхан дурсамжуудаа сөхнө. Зурхайч Тэрбиш жил бүр нэг сургаал номыг хөрвүүлнэ. Эсвэл ангийнхандаа олж өгдөг байна. Энэ жишгээр О.Цэрэнбат, Д.Гомбосүрэн нар нэгэн сайхан бурхны номыг баринтаглан ангийнхандаа хүртээжээ. Зурхайч Л.Тэрбиш одоо тод үсгээр хэвлэсэн “Жарон хашорын суварга” буюу “Ам алдсан суварга” гэдэг цөвүүн цагийн онолын номын санскрит болон төвд үгэнд нь тайлбар хийж гаргахаар Чимидтэйгээ хамтран суугаа гэнэ. Ангийн багшийнхаа нэрийг тэд хамаагүй хэлдэггүй. Л.Тэрбишийн заавраар “донжий лад дү цаннай мой дэ” буюу “хэргийн тухайд алдрыг тань өгүүлмү” хэмээн эхэлж байж багшийнхаа алдрыг дуудацгаадаг гэнэ.

М.МӨНГӨЛДЭЙ

Онцлох нийтлэлүүд