Нийгэм
2014.05.10 01:05

Долоо хоногт золгүй байдлаар 20 шахам хүн амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт золгүй байдлаар 20 шахам хүн амиа алджээ. Тодруулбал, амралтын өдрүүдэд 10 хүн, даваа­гаас мягмар гаригт гурав, мягмараас лхагва гаригт таван хүн амиа алдсан байна. Хохирогчдын олонхи нь архи ууснаас үүдэж амиа алдсан гэдгийг цагдаагийнхан хэлсэн.

Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой танхай, дээр­мийн хэрэг ихэсчээ. Амрал­тын өдрүүдэд танхайн 28, дээрмийн таван хэрэг бүрт­гэгдсэн бол даваа гаригт танхайн 14 дээрмийн нэг хэрэг гарчээ. Харин лхаг­ва гаригт танхайн ес, дээр­мийн дөрвөн хэргийг цаг­даа­гийн байгууллага бүрт­гэж авчээ. Өчигдөр гэхэд Цэцэг төвийн эсрэг талын дэл­гүү­рийг дээрэмдэх гэж бай­сан этгээдүүдийг цагдаа­гийнхан үйлдэл дээр нь барив­чилжээ.

Цас орж, цаг агаар мууд­са­наар зам тээврийн осол цөөнгүй гарчээ. Лхагва гаригт зам тээврийн хэрэг 17 бүртгэгдсэн байна. Энэ өдөр машин ачилтын компанийн ажилтан гарцаар гарч бай­сан хүүхдийг дайрч, хүнд гэмтээсэн. Ачилтын компанийн жолооч машин ачихаар яарч урсгал сөрж явахдаа ийм осол гаргасан. Өмнө нь машин ачдаг компанийн ажилтан мөнгөний төлөө хоёр сартай хүүхдийг машинтай нь “журамлачихсан”. Энэ удаад мөнгөний төлөө улайрч яваад хүний хүүхэд хөнөөх шахлаа.

Сүүлийн үед хүн амины ноцтой хэрэг гарах болсон. Залуучууд кинон дээр гар­даг шиг нэгнийгээ хөөж бууд­сан хэрэг орон нутагт гарсан талаар “Өдрийн сонин” сурвалжилсан. Өнгөр­сөн долоо хоногт хүний амь хөнөөгөөд, арван хүн барьцаалсан хэрэг гарлаа. Тодруулбал, лхагва гаригт  “Цэцэрлэгжилт” компанийн ажил­чин Биокомбинатын Мод үржүүлгийн газарт дад­лага хийж байсан 10 оюутныг барьцаалж, хүний амь бүрэлгэж. Сэжигтэн тус компанид ажилд ороод нэг жил гаруй болсон, талийгаач ажилд ороод удаагүй залуу байжээ. Цагдаагийнхан хоёр цаг шахам барьцаалагчтай ярилцаж байж хохирогчдыг эсэн мэнд суллаж авчээ.

Монголд сонсогдоод бай­даг­гүй буудалцсан, барь­цаалсан гэх хэрэг гарсан талаар цагдаагийн эх сурвалж “Залуучууд нийгэмшээгүйн үр дагавар. Хүмүүсийн дунд амьдарч, олонтой харьцаж төлөвшөөгүй байна. Ерөөсөө л киногоор амьдралаа төсөөл­дөг. Үзсэн кино дээр нь буудалцаад, хэн нэгнийг барьцаалаад санасандаа хүрч болдог байх. Харин амьдрал дээр өөр. Гэмт хэрэг үйлдсэн л бол баригддаг, ялаа эдэлдэг” гэв.

Дээрх хэргүүдээс гадна интерполоор монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл түгсэн. С.Энхчимэг нь бусдын эд хөрөнгийг хувьдаа завш­сан, шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа хилээр оргон зугтжээ. Тэрбээр 1972 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн нэгэн ажээ. Түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар Интерполын албан ёсны вэб сайтад байсан юм.

АНУ-ын иргэнийг хөнөөсөн гэх хэрэгт Ч.Баттуулд хоёр шатны шүүхээс 23 жил хорих ял оноосон. Уг хэргийг Дээд шүүх хянаад ялыг хэвээр үлдээлээ.

Үүнээс гадна найз бүс­гүй­гээ хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж байсан Г.Алтан­хүүд холбогдох хавтаст хэрэг­тэй Улсын ерөнхий проку­рор танилцжээ. Улмаар хэр­гийг олон талаас нь бодит байдлыг тогтооход анхаарч, шалгах үүргийг өгсөн байна. Г.Алтанхүүд холбогдох хэр­гийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэм­цэх хэлтэст шалгахаар болжээ.

 Ц.ӨРНӨХ

Онцлох нийтлэлүүд