ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2020.03.30 11:03

Доржийн Гармаа гуайгаа дурсахад

Нийтлэлч: Өдрийн сонин


Сайхан хүн гэдэг тийм ч амархан мартагдахгүй. Он жил улирах тусам улам л хүмүүний сэтгэлд ойр болж ирнэ. Зохиолчдын яриа хөөрөө, инээд наргиан дунд заавал ч үгүй нэр нь орж ирж, дүр байдал нь ургаж тодордог хүн бол яалт ч байхгүй Доржийн Гармаа гуай юм. Мань хүнийг яахав, өнөө тультраадуухан гэдгээр аваргууд нь дамшиглана. “Р” үсгийг “Л” үсгээр хэлдэг байсан юм гэдэг. Миний бие Гармаа гуайтай хэд хэд уулзаж ярилцаж байсан. Тэгж тультраа ярихыг нь анзаараагүй юм, бага балчир амьтан юугаа ч мэдрээ аж дээ. Өөрийгөө Должийн Галмаа (Доржийн Гармаа) гэж танилцуулаад цааш явна гээд л нөхөд нь инээдээ барж ядна. Хамгийн сонирхолтой нь мань хүн “Р” үсэг хэлж чадахгүй хэрнээ заавал ч үгүй “Р” орсон үгийг түүж ярьдаг байсан гэдэг. Сайн байна уу гээд мэндлэхийн оронд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг “Элхэм нөхлийн амлыг элье” гэж мэндчилдэг гэж байгаа. Дуу дуулахдаа Тангадын Галсан гуайн шүлэг, “Загийн алим” киноны дууг дуулах дуртай байсан гэх. “Ялуухан хавлын гулван салдаа

Ялгуйгаа дагаад сүлэг минь жалгалтай...” гэж дуулдаг хэмээн өнөө хэд нь дуурайн аялна. Гаажгай (Галсан гуай) энээ тэрээ л Гармаагаа дамшиглаж байгаа нь тэр. Энэ мэт нөхдийнх нь гэгээн сайхан наргиан дундаас Гармаа гуайгаа сэтгэлдээ бодож сууна, би.

Тэр жилийн хавар оюутан ахуйдаа Гармаа гуайн дурсамж дурдатгалын болов уу гэж санах, “Цэцэгсийн мөнгөн шүүдэр” номыг худалдаанд байхыг сонирхон харж, халаас нимгэн оюутан авчихаж чадалгүй ёстой нэг шүлсээ залгиад хоцорсон. Сүүлд аль чиг номын дэлгүүрээс “Цэцэгсийн мөнгөн шүүдэр”-ийн барааг олж хараагүй л явна. Хоёр мянга есөн оны нэгдүгээр сарын эхээр идэр есийн жавар гялганасан тэр нэг орой Гармаа гуайнд очиж билээ. Одоо санах нь ээ, “Хүүхдийн 100”-гийн тийшээ байранд нь очиж байсан. Отгон эгч хоол унд болоод Гармаа гуай бид хоёр дүүрэн номтой өрөөнд нь оройжин хөөрөлдөн суусан сан. Жавар алгадсан цагаар ороход өөдөөс халуу дүүгэж угтдаг сайхан айл байдаг, тийм л айл байж билээ. “Налайхаас холгүйхэн байх Шохой цагаан булаг, шохойн заводын ажилчдын дунд миний бие өсч торнисон. Ажилчин гэж ямар хүмүүс байдаг, үйлдвэр уурхай гэж юу болохыг багаасаа сэтгэлдээ шингээж авсан нь мэдээж. Тун зүггүй хүүхэд байлаа. Энэ зан маань хөгжөөнтэй наргиантай зохиол бичихэд нөлөөлсөн болов уу. Найман туужаас бүрдсэн “Хөгжөөнтэй туужууд” номоо далаад оноос эхэлж арваад жил бичсэн. Би чинь “Хөгжөөнтэй туужууд”-ынхаа зүггүй нөхөр Цэдэн нь шүү дээ. Үндсэндээ Цэдэнд тохиолдож байгаа хөгжөөнтэй явдлууд надад багад минь тохиолдсон юм” гэж яриагаа эхлээд пал пал инээж суув.

“Хөгжөөнтэй туужууд”-ын зүггүй барам Цэдэнгийн адармаатай явдлуудыг Гармаа гуай өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн нь үнэн юм. Тэр тухай Пунцагийн Бадарч ахын “Юм юмнаасаа” номонд байдаг. Бадарч ах шуудангийн “полу” тэргээр Эрдэнэ сумын долоон жилийн сургуульд очжээ. Тэнд Доржийн Гармаа сурч байсан.

“Сумын урд ууланд шөнө болохоор хөх гал сүүмэлзээд байдаг боллоо, лав чөтгөрийн гал байх гэж сургуулиар төдийгүй сумаар нэг шуугиан гарав. Хүүхэд бид чөтгөрийн тухай бодлоос бүрэн ангижраагүй тул айдастай болов. Тэгтэл нэг үдэш, хэсгийн төлөөлөгч Гонгоржав, сургуулийн захирал Жадамбаа, сумын намын үүрийн дарга Дамдин нар чөтгөрыг барихаар урд ууланд сэм авиралт хийж, галаар баримжаалсаар очихнээ Гармаа хадан хоргорхуу юм барьчихсан ном уншиж суусан гэж байгаа. Ингэж сургуулийн хүүхдүүдийг байтугай сумынхныг айдас хүйтэст автуулсан “чөтгөр” нь Гармаа болов” гэж бий. Монголын үе үеийн сурагчдын ширээн дээр хүүхэд багачуудтай шуугилдсан “Хөгжөөнтэй туужууд”-д нь чөтгөртэй хэсэг бий. Мөн нөхөр Гармаа долдугаар ангийн сурагч байхдаа нанчид хүртэж бас шуугиан дэгдээснийг Бадарч нь дэлгэчихсэн. “Нэг орой байрандаа байтал Гармааг нутгийнх нь хоёр хүүхэд Чойсүрэн, Насанбаяр нар сугадаж авчираад оронд нь оруулж хучиж орхив. Би өвдсөн биз гэж бодов. Маргааш өглөө нь эхний цагийн хичээлийн дараа сургуулийн талбайд бүх хүүхдийг дөрвөлжлөн жагсааж хойморт захирал тэргүүтэн зогсчээ. Нэг л сүртэй юм болох янзтай. Тэгтэл захирал өндөр дуугаар “Долдугаар ангийн сурагч Доржийн Гармаа жагсаалаас гар” гэв. Мань эр лагсхан биетэй тул муу гутлаа пар пар гишиглэн тоос босгох шахуу жагсаалаас гарч зогстол, захирал “сурагч Гармаа хэдийгээр онц сурлагатан, сурагчдын зөвлөлийн дарга боловч сурагчдын дүрмийг зөрчиж ноцтой хэрэг хийсэн байна. Архи уусан тул сургуулиас хөөхийг сануулж, сурагчдын зөвлөлийн даргаас халав” гэх зэргээр ярьж, тушаал уншиж билээ” гэж байдаг. Хэнтийн Цэнхэрмандалаас жонш зөөдөг орос жолооч нар Эрдэнэ суманд үдлэхдээ талх консеров архиар дайлсныг долдугаар ангийн сурагч хүртчихсэн нь тэр.

Хорь ч хүрээгүй хонгор насандаа “Морьтой ч болоосой” хэмээх кино бичиж монгол түмнийг гайхшируулсан хүн нь өнөө зүггүй барам Гармаа. Тэр тухайгаа зохиолч ийн өгүүлсэн юм. “Санхүү эдийн засгийн техникум төгсөөд 19 настай залуу Баянхонгор аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон очлоо. Хөдөө томилогддог нь надад их оносон. Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн ид бужигнаж малаа нийгэмчлэх гэж хөдөөгийнхөн юу болсон гэж санана. Унааны морь, саалийн үнээнээсээ салах нь гээд зарим малчид боож үхэхдээ тулж байсан.

Кино бичих санааг бас л өөрөөсөө олсон. Өнөө мал нийгэмчлэх ажлаар Баянхонгорын төвтэй ойрхон нэгэн сум руу машинтай давхиж явтал морьтой хэдэн хүүхэд замд таарав. Тэд машинтай уралдаж морьдынхоо шандсыг сорьж байна. Машинаас нэг хоцроод, нэг зуузай холбож ирээд л. Эндээс надад зохиол бичих санаа төрөхгүй юу. Гол нь инээдмийн байвал зүгээр гэж бодов. Тэр үед Ч.Ойдовын “Их жанжин Сүхбаатар танаа” буюу “Ардын элч” кино зохиол хэвлэгдсэн даруйд нь уншаад байсан маань кино бичихэд нөлөөлсөн. Машинтай уралдаж байсан хүүхдүүдээс ургуулаад Дондог, Янжмаа нарын дүрийг төвөггүй олсноор “Морьтой ч болоосой” киноны гол багана боссон” гэж билээ.

Кино зохиолоо мань хүн шарлаад эмнэлэгт хэвтэж байхдаа бичжээ. Тасагт нь гурван хүн хамт хэвтэж байв гэнэ. Сурагчийн нимгэн дэвтэр дээр бичсэн зохиолоо өглөө бүр өнөө гуравтаа уншиж өгнө. “Хүү минь наад хэсэг чинь тун аятайхан байна” гэх зэргээр зөвлөж байсан өвгөжөөр насны хүн нь Ардын уран зохиолч Лхагвасүрэнгийн аав Бавуу гуай байсан юм билээ. Төв аймгийн Лүн сумын нэгдлийн дарга байсан тэр хүн эмнэлгээс түрүүлж гарахдаа “За хүү минь наадах чинь тун хэрэгтэй зохиол шүү. Соёлын яамаар хөөцөлдөөд нэг юм болгоорой” гэж захижээ. Бавуу гуайн аминчлан захисныг бодон кино үйлдвэрийн жижүүрт хөөгдөн туугдан байж Ванган гуайтай уулзсанаар асуудал шийдэгдсэн гэдэг. Кино гарч багагүй шуугиан болсны дараа шохойн заводод хөдөө гэртээ очжээ. “Нэгдэлд элсэхээр боллоо, хүүгийнхээ хээр морийг нэгдэлд өгчих үү” гэж аав нь өмнө нь асууж байсан удаатай. Тэгтэл морийг минь өгөөгүй байна. Учрыг лавлавал хүүгээ “Морьтой ч болоосой” хэмээх кино бичсэнийг дуулаад нэгдэлд морио өгөх дургүй байгаа юм байна гэж бодоод хээр морийг нь өгөөгүй байсан тухай дурсаад ижий аав, ус нутаг, хөдөө гэрээ санагалзаж суусан сан. Аав нь Сайн ноён ханы хошуу одоогийн Өвөрхангайн хүн, гэвш цолтой лам байгаад хэлмэгдлийн үед хар болж Шохой цагаан булагт ажиллахаар очжээ. Ээж нь Оросын буриад байсан гэдэг. Тэрээр нэгэнтээ “Миний уран бүтээлд тавьдаг гол зорилго бол бусдын хөндөөгүй сэдвээр бүтээл туурвих” гэж байсан. Нэгдэлжих хөдөлгөөний тухай “Морьтой ч болоосой”, атар газрын тухай “Хөхөө гэрлэх дөхлөө”, үйлдвэржилтийн сэдвээр “Нарны унага” кинонууд туурвисан. “Кино урлагт гэхэд би зохиолчийнхоо ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн байгаа биз дээ” гээд бахтай нь аргагүй хэлсэн нь огтоос мартагддаггүй.

Зохиолчдын хорооноос гэр аваад Тавын халуун усны хойхно нэг хашаанд амьдарч байснаа хамгийн сайхан үе гэж тодотгосон нь бий. Мишигийн Цэдэндорж ирж мөнгөн хутга бэлэглэж байсныг, Цэдэнжав гуай “Ерөөгийн охин” романаа, Дашдооров “Айлын хүүхэн Алигэрмаа”, “Өндөр ээж” туужуудаа ирж уншиж байсныг зохиолч дурсдаг. “Хүн бүр л ингэж амьдралаа эхэлдэг юм. Чамайг хороо байртай болгож өгтөл чи ингээд нүүрсээ шигшиж, түлээгээ хөрөөдөөд амьдарч л бай. Чи хэдий гэрт ядруухан амьдарч байгаа боловч туужууд чинь айл болгоны гэрт хүмүүсийн сэтгэлд гал түлж дулаацуулах ёстой” хэмээн Чойжилын Чимид гуай халуун дулаан үг хэлж, ганц нэг юмны бөглөө мултлаад ганц орыг нь эзэгнэн унтахдаа шөнө орноосоо ойчиж сандаргасан инээдтэй дурсамжийг ч хуучилдаг сан. “Зохиолчдын хороо Геологийн яамны доод давхарт оршин тогтнож байх үед миний хамгийн жаргалтай он жилүүд өнгөрчээ” гэж бас сэтгэл хангалуун хэлж байсан. Ринчен, Дамдинсүрэн, Лодойдамба нарын аваргуудаас үг сонсч, хэнийх нь халаасанд тамхи байна, түүнийг нь ойртуулж өгч яриаг нь лавшруулдаг байсан нь гарцаагүй. Секцийн эрхлэгч нарын нэг, “Өргөн хангайн нутаг”-ийг бичсэн Жамсрангийн Лодой гуай буриад аялгаараар “Манай сексийнхэн” гэж хэлж шоолуулсан тэр өрөөнд Бямбын Ринчен гуай орж ирээд МАНЦАМЭ-гийн хэл гээд ярихаараа мөддөө дуусахгүй, өнөө хэд нь өдий төдий асуултаар өвгөнийг булаад явуулахгүй ийм л үед Ринчен гуайгаас айхавтар сануулга авснаа Гармаа гуай ярих дуртай сан. “Чи авьяастай шүү. Би харин чиний “Цог” сэтгүүлд гарсан “Наташа” өгүүллэгийг чинь уншаад нэг үг хэлье гэж бодлоо. Хэл найруулгаа засахгүй бол уншигчаа алдана шүү” палхийтэл хэлжээ. Гармаа гуай ёстой ухаан алдатлаа айсан нь мэдээж. “Уншигчаа алдах” гэсэн Ринчен гуайн үг цочролд оруулж Орост таван жил суралцахдаа орос хэл дээр олон ном уншиж орос өгүүлбэрийн хэлбэр маягийг өргөн хэрэглэдэг болсноор монгол хэл найруулга нь доголдож буйг Ринчен гуай анзааралгүй яав гэж. Тэгээд Гармаа нь ахмад зохиолчдынхоо бүтээлээс аваад өөрийн үе тэнгийн Эрдэнэ, Дооров нарыгаа уншиж хэл найруулгын тансаг сайхнаас суралцан, Цэндийн Дамдинсүрэн гуайн “Зуун билиг”-ийг судлан юм юм болсон тухайгаа дурсдаг юм.

Тэрээр Горькийн сургууль төгсөж ирээд зохиолчдын хороонд үргэлжилсэн үгийг зөвлөлийг хариуцаж байхдаа Зон-Па-Жин-гийн Баттулга гуайтай “Дөмөн” нэгдэл байгуулж тэрхүү нэгдлээс Дамдинсүрэнгийн Урианхай, Дарамын Батбаяр, Бавуугийн Лхагвасүрэн, Лувсандамбын Дашням, Жагдалын Лхагва нарын Монголын утга зохиолд өөр өөрсдийн төрөл жанраар шинэчлэн хийсэн нэрт зохиолчдыг төрүүлж гаргасан гавьяатан юм. Урианхай ах “Бид бол Дөмөнгийн хурга ишиг, унага дааганууд” гэж хэлдэг нь тийм учиртай. Мөн Гармаа гуай зохиолчдын хорооны орлогч даргаар ажиллаж байхдаа наяад оны гол төлөөлөгчид болох Пүрэвжавын Баярсайхан, Доржзовдын Энхболд нарыг өөрийн гараар утга зохиолын зам мөрийг нь хөөлгөсөн гэж бахархан хэлдэг сэн. Базарын Цэдэндамбааг радиогоос хөөгдөөд байхад нь өөрийнхөө үүдэнд суулгаж зохиолыг нь бичүүлж цалин цавагтай залгуулж байсан, Горькийн төгсөөд ирсэн Намбарын Энхбаяр, Хасбаатарын Мэргэн, Цэндийн Энхбат нарын залуусыг Улиастайн аманд хадлан хадаж байхад нь Цэдэв даргатайгаа учирлаж байгаад тэрхүү ажлаас нь болиулж орос хэлээр Монголын утга зохиолын 15 ботийг гаргах ажилд оруулж байсан гээд утга зохиолын түүхэнд Гармаа гуайн байгуулсан гавьяа хэмжээлшгүй. Мартагдах учиргүй гэж хэлээд буй минь ийм юм. Хоёр мянга есөн оны хавар, гуравдугаар сарын сүүлийн цас будагнасан хуйсгануур өглөө Монголын яруу найргийн оргил Дэндэвийн Пүрэвдорж гуайг сүүлчийн замд нь үдэхээр зохиолч нөхөд нь цугласан. Гармаа гуай гэргий Отгон эгчийн хамт ирж агуу их Пүрэвдоржийнхоо алтан шарилын өмнө мэхийж зогссон. Тэр цаг мөчид өчүүхэн би Гармаа гуайгаа сүүлчийн удаа харж буйгаа яахин мэдэх билээ. Түүнээс хойш уулзаагүй шиг санагдана. Харин өмнө нь хуучилж суухдаа Отгон эгчтэй хэрхэн танилцсаныг асуухад “Хүмүүсийн хувь заяаны төөрөг маш сонин байдаг л даа. Би Горькийн сургуулийн гуравдугаар ангийн оюутан. Өвлийн амралтаараа ирээд байх үед манай шохойн заводын дарга Дорж гуай зохиолчдыг урьж ажилчидтайгаа уулзууллаа. Хүүхдийн зохиолч Д.Содномдорж, Б.Сосорбарам бид очсон юм. Уулзалтын дараа үдэшлэг боллоо. Эрдэнэ сумын дунд сургуулийн хэдэн сурагч охин ирчихсэн байв. Тэр дунд Отгон маань байсан. Тэр чинь жаран гурван он. Манай хүн надаас ес дүү. Тэр цагаас хойш ханилж байна. Гурван охинтой. Хөгшин бид хоёр 2006 онд Америкт том охин Үнэнцэцэгийндээ гурван сар амьдарч байгаад ирсэн. Гэр бүлийнхээ хүнтэй холбоотой нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Далаад оны эхээр би Польш явсан. Хатуу дарсыг багагүй хүртсэн тал ч бий байх. Мөн замдаа ядарснаасаа болоод сар гаруй хугацаанд нойргүй тарчиллаа. Эм ууж, тариа хийлгээд нэмэр алга. Хань минь надтай нойргүй хононо. Нэг шөнө намайг өлгийтэй хүүхэд адил өвөр дээрээ хэвтүүлээд бүүвэйн дуу аялж байсан. Тэгж ханийгаа түр ч болов унтуулсан. Түүнийг нь бодохоор нүдний нулимс гардаг” гэв. Таныг чинь сүүлийн үед буруу өтөлж байна, дэмий юм бичих боллоо, арилжааны зохиолч боллоо гэцгээж байна гэж бас асуугаад авлаа. Тэгэхэд “Охин заяа”, “Нууцхан хайрын паян” гээд сүүл үед бичсэн гэр бүлийн цуврал романууд нийгэмд ихээхэн шуугиан тарьж, хүмүүс ч багагүй уншсан. Гэтэл манай уран бүтээлчдийн дотор зохиолыг маань бараг уншаагүй байж “Энэ Гармаа чинь нас ахисан хойноо эротик зохиол бичлээ” гэх зэргээр ярьж бичиж эхэлсэн. Яг үнэн чанартаа би эротик зохиол бичээгүй. Гэр бүлийн тухай бичиж байгаа юм чинь эр эм хүмүүсийн харьцааны тухай яалт ч үгүй бичиж таарна биз дээ” гэж учирласан сан. Ярьж хөөрч суухад сонин сонин зураг үзүүлнэ. Дооров бид хоёрын байж байгааг хар даа гээд инээд алдаж байна. Ар дээр нь 1967 он, Бөөрөлжүүтийн хөндий гэж тэмдэглэсэн тэр зурагт Гармаа гуай өнөө л тамхиа хөндлөн зуудгаараа зуучихсан, Дооров нь духайгаад инээчихсэн данагар эвэртэй хуцнуудын дэргэд авахуулжээ. Мань хоёр аварга төл бойжуулах ажилд явсан нь тэр юм гэнэ. Уг зургийг дарсан Гомбожав “Манай том зохиолчид хуц ухнуудын хамт” гэсэн тайлбар бичээд өөрсдөд нь өгсөн юм гэдэг. Уг зурагнаас үүдэн бас л онигоо сэлт гарч хуц, ухнаараа дуудуулсан удаатай.

Нэг удаа Долгорын Нямаа ах ажлаар ороод ирлээ. Богцондоо ганц нэг материалтай яваа бололтой. “Би чамд нэг юм өгье. Чи сониндоо даруйхан гаргаадахаач. Оюутан цагийн гэрэлт хонгор найз минь...” гэх сонстов. Аваад үзэх нь ээ “Шинэ хуучин хоёр оны (2017 оны 1 сар) бурантаг залгуулах уулзвар дээр бага залуугийн минь танил Москвагийн оюутны ширээний анд нөхөр зохиолч Доржийн Гармаа яах ийхийн зуургүй тэнгэрт хальчихлаа. Амьд сэрүүнд нь төдийлөн санаанд орж яваагүй хэрнээ эзгүй хойгуур нь оюутан үеийн гэрэл гэгээт өдрүүд минь сэтгэлд дахин дахин эргэлдээд амсхийлгэхгүй байх царайтай юм” гэх мөрүүд уншигдлаа. Гармаа гуайгаа бурхан болсныг тэгж л Нямаа ахаас сонсч билээ. Тэр хоёр бүр тавиад оны сүүлээр “Хөдөлмөр” сонины дэргэдэх утга зохиолын дугуйлан дээр анх нүүр учирсан гэдэг. Гармаа нь Санхүүгийн техникумд, Нямаа нь хүн эмнэлгийн техникумд суралцаж байсан үе. Сургууль төгсөөд хэдэн жил сураг алдарсан ч Москвагийн утга зохиолын дээд сургуульд мордох уяан дээр жаран нэгэн оны намар дахин уулзжээ. Горький төгсөөд дипломынхоо цайллагад Буриадын зохиолч Дондог Улзытуевыг урьсан байдаг. Дондог Улзытуев монгол найз нарынхаа урилгыг хүндэтгэн ээжийгээ дагуулж очин баяр хүргэжээ. Буриадын тэр сайхан зохиолчийг төрүүлсэн ээж Гармаа, Нямаа хоёрт хандан үг хэлэхдээ “Их мөнгө барьдаг хөвгүүд болоорой” гэсэн юм гэнэ лээ. “Миний бодоход өндөр настны ерөөлийн тэр үгийг манай Гармаа олон ном зохиол туурвиж шагнал хүртэж хэрэгжүүлсэн” хэмээн Нямаа нь хэлсэн.

Тийм ээ, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Доржийн Гармаа бол “Харуул Алтай”, “Цагаан булаг”, “Тайгын цэнхэр манан”, “Газар тэнгэр” гээд зохиолч хүний “там”-ыг идэж, чөмгийг нь дундалдаг амаргүй ажил романыг гэхэд хорь гаруйг туурвисан алдартай зохиолч. “Уран бүтээлч хүн үхдэггүй, үрэгддэггүй, үгүй болдоггүйн хамгийн тод жишээ хайрт ах Гармаа маань юм. “Харуул Алтай” хаачаа ч үгүй нь үнэн” гэж Төрбат ах нэгэнтээ дурссан. Үнэхээр Харуул Алтай хаачаа ч үгүй, харин ч хүмүүний сэтгэлд сүндэрлэсээр байна. “Хөхөө гэрлэх дөхлөө, “Морьтой ч болоосой”, “Нарны унага” бүтээлүүд нь Монголын ард түмний сэтгэлийг бүлээсгэн цэлмээсээр цагийн цагт оршном буюу.